“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч ЦаоШюэчиньийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гаднатуйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. ЦаоШюэчинийөвөө нь Манж Чин улсын КанСиДи буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цаоовогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандааЦаоШюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэжөнгөрүүлжээ. Өтлөх насандаа ЦаоШюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэгбичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг.ЦаоШюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн ЦаоШюэчинийзохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАОШЮЭЧИНЬ ГАО Э
Ерэн долдугаар бүлэг
ЛИНЬ ДАЙ ЮЙ ШУНАЛ ЮУГАА ТЭВЧИН ЭХ БИЧГИЙГ ШАТААЖ,ШЮЭБАОЧАЙ ГҮНГИЙН ГЭРЭЭС ГАРЧ ИХ ЁСЫГ БҮТЭЭВ
Өгүүлэх нь: хүрээлэнгийн үүдэнд Дай Юйг очиход нь ЗыЖюань нэг үг хэлсэнд зүрх нь түгшээд, гэнэт цусаар бөөлжин, савж унахыг шахсанд ЗыЖюань, ЧюВэнь хоёр амжин түшиж аваад гэрт нь оруулав. ТөдөлгүйЧюВэнь буцав. ЗыЖюань, ШюэЯнь хоёр сахиж байтал тэрбээр аажимдаа сэргээд: “Та нар хүн сахиж суугаад уйлах юу байна вэ” гэсэнд ухаан орсныг нь мэдээд дотор нь уужрав. ЗыЖюань: “Авхай та сая Лаотайтайгийн тэндээс бие чинь хариугүй ирсэн тул бид айж, арга алдраад уйлсан юмаа” гэв. Дай Юй инээж:
-Би юү гэж үхэхэд хүрэх вэ гэснээ амьсгал нь давхцав. Өнөөдрийн сонссон Бао Юй, БаоЧайн учир бол Дай Юйгийн хэдэн жилийн сэтгэлийн зовлон болох тул гэнэт сонсоод цухалдаж ой ухаан нь балартжээ. Гэртээ ирээд цусаар бөөлжсөний дараа дотор нь онгойж, саяын учрыг таг мартжээ. Одоо ЗыЖюаний уйлахыг хараад түрүүний тэнэг эгч хэмээх охины ярьсан бүрэг бараг бодогдоно.
Энэ хэр харин гашуудан зовохгүй болоод түргэхэн үхэж, өр төлөөсөө барахыг хүснэ. ЗыЖюань, ШюэЯнь хоёр энэ байдлыг дээдсүүдэд очиж хэлье гэж бодовч тэр нэг удаагийнх шиг ФөнЖед аймтгай, цочимтгой гэж хэлүүлэхээс айж арга буюу дэргэд нь сахин суув. ЧюВэнь ихэд айж цочсон янзтай харьтал Жя Мү үдийн нойрноос сэрээд байсан тул түүнийг хараад: “За яасан бэ” гэж асуув. ЧюВэнь айхдаа саяын явдлыг хэлэв. Жя Мү ихэд цочиж: “Энэ хэцүү шүү” гээд Ван Фүрэнь, ФөнЖе хоёрыг яаралтай дуудуулан авчраад, тэр хоёрт хэлж өгөв. ФөнЖе: “Би цөмд нь хатуу хэлсэн байтал ямар нь задруулав. Энэ чинь бэрхтэй юм болсон юм бишүү” гэсэнд Жя Мү: “Тэр мэтийг түр хойш тавиад урьдаар очиж үзтүгэй” гэсээр босож, Ван Фүрэнь, ФөнЖе нарыг дагуулан хүрч очвол Дай Юйгийн царайд өчүүхэн ч цусгүй цас мэт цайж, ухаан нь балартаж, амьсгал нь сулраад баахан удсаны дараа ханиав. Нулимуурын сав авчирч өгвөл булингартай цус гарав. Бүгдээр сандрав. Дай Юй гэнэт нүдээнээжЖя Мү дэргэдээ байхыг хараад: “Лао тайтай та намайг хэрэггүй л хайрлажээ” гэв. Жя Мү энэ үгийг сонсоод зүрх нь шимширч:
-Сайн охин минь, биеэ сайн сувил. Зүгээр болно гэсэнд цаадах нь инээхүйц болоод нүдээ анив. Гаднаас инж орж ирээд ФөнЖед: “Эмч ирлээ” гэсэнд бүгд зайлав. Ван эмч, ЖяЛяньтай цуг орж ирээд судсыг бариад: “Энэ бол багтарсан уур элгийг гэмтээж, элгэнд цус тогтохгүй болсон тул тамир тэнхээ буурчээ. Одоо билгийг хураан цус тогтоох эм уулгавал тэнхэрнэ” гэж хэлээд ЖяЛяньтай гарч жор бичиж, эм авахуулахаар явав. Жя Мү Дай Юйгийн царай муу байхыг хараад гарч ирүүтээ ФөнЖе нарт:
-Би энэ охины байдлыг харвал, түүнийг харааж байгаа юм биш, эдгэхэд хэцүү болсон байж мэднэ. Та нар энүүний хойтын буяныг бэлтгэж ёрлоод сайн болбол бүгдээр санаа амрах бишүү. Ийм тийм болоход хүрсэн ч тэр цагт тэвдэхгүй болой. Энэ хэдэн өдөр манай гэрт явдал давхарлаж магадгүй гэсэнд ФөнЖе: “За” гэж хүлээв. Жя Мү бас ЗыЖюаниагаас асуугаад чухам хэн хэлснийг мэдээгүй тул ихэд гайхаж:
-Хүүхэд багаасаа хамт тоглож наадсаар баахан найртай болох нь мөн байна. Одоо том болоод учир явдлыг мэдэх болсон тул баахан хэмжээтэй байвал сая охин хүний ёс болох бөгөөд би бас түүнийг хайрлана. Түүний дотор хэрэв өөр санаа үүсвэл түүнийг ямар хүн гэнэ вэ. Би харин түүнийг дэмий хайрлажээ. Та нарын хэлснийг дуулаад би харин баахан санаа амаргүй боллоо гээд явж хариад ШиРэнийг дуудан асуув. ШиРэнь тэр өдөр Ван Фүрэньд ярьсан үг, Дай Юйгийн одоогийн байдлыг тоочсонд Жя Мү:
-Сая би түүнийг харвал, арай ч бас балайрсан биш, Энэ ёсыг би ухаж чадахгүй юм. Манай мэтийн айлд өөр хэрэг ер үгүй байтал энэ сэтгэлийн өвчин гэгч ерөөсөө байж болохгүй. Линь охин хэрэв өөр өвчин олсон бол би хичнээн ч зоос зарж болно. Гагцхүү энэ өвчнийг засахад бэрх бөгөөд над бас засуулах санаа алга болжээ гэв. ФөнЖе:
-Линь охин дүүгийн учирт Лао тайтай биеэ зовоох хэрэггүй. Хоёрдугаар ах нь өдөр бүр эмч аваачаад үзүүлж байна. Харин авга эгчийн тэндэх явдал чухал болой. Өглөө сонсвол, бараг гэрийг засаж дуусчээ. Буурай эмээ, дайдаа хоёр авга эгчийн тэнд очиж зөвлөлдсүгэй. Би бас даган очиж, зөвлөе. Гэвч авга эгчийн гэрт Бао охин дүү байгаа тул ярилцахад хэцүү. Харин авга эгчийг орой энд залж авчраад нэг үдэш зөвлөн тогтвол сайнсан гэв. Жя Мү Ван Фүрэнь хоёр: “Чиний үг зөв, өнөөдөр оройтлоо, маргааш хоолны дараа бид хүрч очъё” гэж тохиров.
***
МаргаашньФөнЖе эрт гэрч нь хоолоо идээд ирж Бао Юйг тэнсэж үзье гээд гэрт орж “Бао Юй дүүд их баяр болжээ. Чи баярлах уу” гэж асуувал цаадах нь сонсоод ФөнЖегийн өөдөөс дэмий л инээж, үл мэдэг толгой дохив. ФөнЖе бас хариу инээж: “Чамд Линь охин дүүг буулгаж өгнө болох уу’ гэсэнд Бао Юй их чанга хөхрөв. ФөнЖе түүнийг хараад ухааныг нь ялгаж чадсангүй. “Лао е чамайг сайн болбол Линь охин дүүг буулгаж өгнө. Бас энэ мэт маанаг хэвээр байвал буулгахгүй гэнээ” гэв. Бао Юй гэнэт төв царайлж “Би маанаг биш, харин чи маанаг” гэсээр босож: “Би Линь охин дүүгийн тэнд хүрч түүний санааг амруулъя” гэсэнд ФөнЖе санд мэнд татан зогсоож, Линь охин дүү хэдийн мэджээ. Одоо тэр шинэ бэр болох гэж байх тул гэрэвшин ширвээдэж, чамтай уулзах дургүй байгаа гэв. Бао Юй: “Буулган аваачихаар надтай уулзахгүй хэрэг үү” гэсэнд ФөнЖе инээд нь хүрсэн чиг их сандарч, дотроо: “ШиРэний хэлсэн үнэн байна. Линь авхайг дурдахаар хэдий солио үг хэлэвч бас ойлгосон мэт байна. Хэрэв үнэнхүү ухаарвал хожим Линь охин дүү биш болж энэ оньсого тайлагдвал харин үнэхээр бэрх болно” гэж бодоод инээдээ барьж: “Чи зүгээр сайхан байвал даруй уулзана. Солиорон аашилбал чамтай уулзахгүй” гэсэнд Бао Юй:
-Би зүрхээ тэр өдөр Линь дүүд тушаасан. Тэр хүрч ирвэл лав миний цээжинд буцааж хийнээ гэв. ФөнЖег сонсоход цөм солио үг байсанд гарч ирээд Жя Мүг харж инээв. Жя Мү сонсоод инээсэн ч дотроо хайрлаад:
-Би хэдийн сонсчээ. Одоо түүнийг түр зуур тоох хэрэггүй. ШиРэнигээр сайн аргадуулаад Бид явъя… гэтэл Ван Фүрэнь хүрч ирэв. Бүгд ШюэИмагийн тэнд хүрээд: “Эндэх явдалд санаа алгасаад үзэхээр ирлээ” гэсэнд тэрбээр цаглашгүй баярлаж ШюэПаний тухай ярилцав. Цай уусны дараа Има “БаоЧайд хэлүүлэх үү” гэсэнд ФөнЖе хориглож:
-Авга эгч та Бао дүүд хэлэх хэрэггүй… гээд инээмсэглэн Лао тайтай энэ удаа авга эгчтэй ирж уулзахаас өмнө бас нэг чухал учир байгаа тул тусгайлан авга эгчийг тэнд залж аваачиж зөвлөнө гэсээн гэв. ШюэИма толгой дохив. Тэд энэ тэрийг ярилцан нилээд суугаад буцав.
Орой нь ШюэИма ирж ЖяМүтай уулзаад дараа нь Ван Фүрэнийд очиж Ван Зитэн дүүгийн нь тухай ярьж гашуудацгаав. ШюэИма: “Сая Би Лаотайтайгийн тэнд очлоо. Бао агь гарч ирж надтай мэндэлснийг харвал баахан турсан төдийгөөс биш, харин зүгээр байна. Та нар яагаад тийм их хүндрүүлж ярьсан бэ” гэсэнд ФөнЖе:
-Ганц Лао тайтай зовохоос биш, үнэндээ гайгүй байна. Одоо Лао е албанд мордоод хэдэн жил болж ирэхийг мэдэхгүй. Лаотайтайгийн санаа бол нэгд, Лао е Бао дүүгийн сайныг үзээд санаа амар явна. Хоёрт, Бао дүүг баярлуулан барцдыг нь арилгаад охин дүүгийн алтан оньсоор гаж сөргүүг дарвал сайн болж, мэднэ гэх бөлгөө гэв. ШюэИма дотроо дуртай боловч БаоЧайн нүүрт муухай болов уу гээд: “Энэ мөн болох боловч бид бүгдээр алс хэтийг нь бодолхийлбэл сайн болой” гэсэнд Ван Фүрэнь, ФөнЖегийн хэлсний дагуу ШюэИмад: “Энэ хэр И дайдаагийн гэрт хүнгүй тул алив засал зүйдлийн зүйлийг бэлтгэхгүйгээр Маргааш Кэ Элийг илгээж Пань элд хэлүүлээд, буулган авчрахын хамт түүний заргыг аргацаан тасалсугай” гээд БаоЮйгийн сэтгэлийн зовлонг ер дурдсангүй. Тэгэвч “И дайдаа нэгэнт бидэнтэй худ ураг болсон тул буулган авчраад сайн болбол бүгдээр эрт нэгэн өдөр сэтгэл амарна” гэж нэмж хэлэв.
Ийн ярилцаж байгаад Жя Мү мэдээ чимээ сонсохоор Юань Янг явуулав. ШюэИма хэдий БаоЧайн нэр нүүрт муухай гэж зовсон боловч татгалзаж чадсангүй. Бас энэ байдлыг үзээд арга буюу бардам хүлээжээ. Юань Ян энэ байдлыг Жя Мүд мэдүүлсэнд ихэд баярлан “Бао Чайг зовоолгүйгээр, учир шалтгааныг түүнд сайхан хэлж өг” гэж ШюэИмад хэлүүлсэнд цаадах нь зөвшөөрөн хүлээж авав. Тэгээд ФөнЖе нөхөр гэргий хоёроор зууч болгохоор зөвлөн тогтоод тарсаны дараа Ван Фүрэнь тэрхэндээ шөнө дөл болтол ярилцав.
Маргааш нь ШюэИма эндэх яриа хэлцлийг нэг бүрчлэн яриад: “Би нэгэнт хүлээсэн” гэв. БаоЧай эхэндээ тонгойгоод дуугарсангүй. Сүүлдэж ирээд нулимс унагав. ШюэИма сайхан үгээр ятгаж тайлбарлав. Бао Чайг өрөөндөө ороход нь Бао Чинь даган очиж хань болов. ШюэИма:
-Чи маргааш явж заргын учрыг нарийвчлан сураглахын хамт ахдаа мэдээ чимээ өгөөд ир… гэж ШюэКэд хэлэв. Тэрбээр яваад дөрөв хоноод буцаж ирэв.
Ахын заргыг дээд түшмэл нь эндүүрэн алснаар шийтгээд дахин нэг удаа мэдүүлбэл даруй шүүн талсах тул биднийг ялаа тайлах мөнгө бэлтгэ гэжээ. Охин дүүгийн явдлыг тэр: “Ээж мэдээд хийсэн нь сайн. Завдаж гүйцэтгэвэл мөн нилээд мөнгө арвилж чадна. Намайг хүлээх хэрэггүй. Зүй зохисыг үзэж гүйцэтгэтүгэй гэлээ” гэж ШюэКө мэдүүлэв.
Эх нь сонсоод, нэгд, ШюэПань гэртээ ирэх болж, хоёрт, БаоЧайн явдлыг дуусгах болсон тул дотор нь нилээд уужрав. Бао Чайг харвал дургүй мэт тул дотроо: “Хэдий тийм гэвчтэр бол охин хүн, бас ямагт элбэрэл журмыг гүйцэтгэн ёс номтой явж ирсэн тул миний зөвшөөрснийг мэдвэл тэр хэлэх үггүй болно” гэж бодоод даруй ШюэКөг дуудаж: “Алтан цаасан дээр нас жилийг бичүүлж, ЖяЛяньд түргэн хүргүүлээд, бас хадаг тавих өдрийг лавлаж ирвэл чиний бэлтгэхэд тустай болно. Бид ах дүү садангийнхандаа хэлэхгүй гэж тогтсон юм. Ах дүүсийн чинь нөхөр сэлт цөм бүтэлгүй улс гэж чи хэлсэн. Төрөл ураг гэвэл, даруй Жя, Ван хоёр айл байна. Одоо Жя овогтон бол хүргэний тал бөгөөд ван овогтны хүн одоо нийслэлд үгүй. Ши авхай сүй тогтоохдоо манийг залсангүй тул бид тэдэнд хэлэх хэрэггүй. Харин Жан Дө Хуйг залж авчраад түүгээр харгалзуулбал нас ахисан томоотой хүн учир явдлыг мэднэ” гэсэнд ШюэКө захиасыг хүлээн авч бичиг илгээв.
Маргааш нь Эр Лянь ирж ШюэИмагийн амрыг эрээд “Маргааш дээд сайн өдөр болох тул өнөөдөр ирж И дайдаад мэдүүлээд хадаг тавина. И дайдаа хүлээн авахыг гуйна” гээд хуримын өдрийн бичгийг барьсанд ШюэИма хэдэн ерийн үг хэлээд толгой дохин зөвшөөрөв. ЖяЛянь буцаж ирээд, ЖяЖэнд мэдүүлсэнд “Чи Лао тайтайд мэдүүлэгтүн. Нэгэнт төрөл саданд мэдэгдэхгүй гэсэн тул алив хэргийг дөхөмчилбөл зохино. Бэлэг сэлтийг Лао тайтай үзэж мэдтүгэй. Надад хэлэх хэрэггүй” гэсэн ёсоор Жя Мүд айлтгав.
Ван Фүрэнь, ФөнЖег дуудаж хүнээр бэлгийн зүйлийг Жя Мүд хүргүүлэн үзүүлээд бас ШиРэнигээрБао Юйд хэлүүлсэнд цаадах нь хадганан инээж: “Эндээс хүрээлэнд хүргээд хожим бас хүлээлэнгээс энд авчирна. Манай хүн өгөөд, манай хүн авч юү хийнэ” гэсэнд Жя Мү, Ван Фүрэнь нар сонсоод баярлаж: “Түүнийг эргүү гэвэл өнөөдөр яагаад ийм ухаантай болсон юм бэ” гэв. Юань Ян нар инээд алдан, Жя Мүд бүртгэн үзүүлээд: “Энэ бол алтан сондор, энэ бол алт сувдын зүүдэл, нийт наян зүйл. Энэ бол магнаг таж дөчин толгой, энэ бол өнгө бүрийн торго дурдан зуун хорин толгой, энэ бол дөрвөн цагийн хувцас нийт зуун хорин зах, шүүс архи бэлтгээгүй тул түүний үнэ мөнгө энэ юм” гэв. Жя Мү үзээд цөмийг үнэлж, ФөнЖед:
-Чи И тайтайд очиж хэл. Энэ бол ёс төдий, бэлэг биш тул Пань Эрийг гарч ирсэний дараа аажмаар охин дүүдээ хийлгэж өгвөл боллоо. Гэрлэх өдрийн хөнжил дэвсгэрийг мөн манай эндээс урлан бэлтгэнэ гэсэнд ФөнЖе: “За” гэж хэлж гарч ирээд ЖяЛянийг урьдаар явуулав. Төдий бас ЖөүРүй, Ван Эр нарыг дуудаж: “Гол хаалгаар явах хэрэггүй. Хүрээлэн доторх урьдын нээж байсан захын хаалгаар хүргэж очигтун. Би мөн удалгүй хүрнэ. Энэ хаалга ШяоШян Гуанаас зайтай, өөр газрын хүн таарвал тэдэнд хүрээлэнг битгий дурд” гэж захисанд бүгд ойлгож бэлгийг авч явав.
Бао Юй үнэмшээд ихэд баярлаж цог сүлд нь баахан засарсан боловч ярьж хэлэх нь бас л тэнэгдүү байв. Бэлэг хүргэсэн хүн буцаж ирээд нэр овгийг цөмийг дурдаагүй тул дээр доорх хүмүүс хэдий мэдэж байвч ФөнЖегийн захиас байх тул цөм айгаад чимээ гаргасангүй.
Энэ үед Дай Юй эм уувч өвчин нь улам хүндрэв. ЗыЖюань нар: “Байдал нэгэнт ийм байгаа болохоор хэлэхгүй байж болохгүй. Авхайн бодлыг бид цөм мэднэ. Өөрөө ийм тийм явдал огт үгүй. Авхай итгэхгүй байгаа бол БаоЮйгийн биеийг үзэгтүн, тийм хүнд өвчтэй хүн, яаж бэр буулгаж болох вэ. Авхай дэл сул үгийг итгэлгүйгээр санаа амар биеэ сувилагтун” гэж ятгасанд Дай Юй инээмсэглээд дуугарсангүй. Тэгж байгаад хэдэнтээ ханиаж цустай цэр гаргав. Төдөлгүй амьсгал нь суларч байгааг хараад ЗыЖюань нар дэмий л уйлав. Өдөрт гурав дөрвөн удаа Жя Мүд мэдүүлэвч, ойрноос Дай Юйг хайрлахгүй болсныг мэдээд Юань Ян тэр бүр хэлэхээ ч болив. Түүнээс гадна Жя Мүгийн сэтгэл, анхаарал энэ хэдэн өдөр БаоЧай, Бао Юй хоёр дээр байгаа тул түүнд Дай Юйгийн тухай хэлснээс эмч дуудаж үзүүлсэн дээр гэж бодох болов.
Анхны үед Дай Юй өвдвөл ЖяМүгаас эхлээд эгч дүүс цөмөөр эргэж тойрдог байлаа. Одоо Нин Рүн хоёр ордны дээр доорх хүмүүс цөм ирэхээ болиод ганцхан ЗыЖюань л нүдэнд нь харагддаг болжээ. Тэнхрэхгүйгээ мэдээд, шүд зуун өндийж ЗыЖюаньд:
-Охин дүү минь ээ, чи бол миний хамгийн дотно хүн. Хэдий Лао тайтай чамайг энд ирүүлж надад заруулсан боловч энэ хэдэн жил би чамайг төрсөн дүү шигээ л бодож… гэтэл амьсгал нь тасалдав. ЗиЖюаний хамар борхирч, үг дуугарч чадахгүй болж асгаруулан уйлав. Нилээд удсанаа, Дай Юй:
-ЗыЖюань дүү минь ээ, би хэвтсээр байгаад хамаг бие минь оршсон тул чи босгоод жаал түшиж суулгаач гэсэнд цаадах нь:
-Авхайн бие тийм сайнгүй тул босож болохгүй салхи авч ч мэднэ гэв. Дай Юй нүдээ аниад дуугүй болов. Төдөлгүй дахиад л босоё гэсэн тул ЗыЖюань, ШюэЯнь хоёр түүнийг түшин босгож, хоёр талаас нь зөөлөн дэрээр жийрэглэж тулж суув. Дай Юй яаж сууж чадах вэ! Доод бие нь нухагдан өвдөвч шүд зуун тэсвэрлэж байснаа ШюэЯнийг дуудаж: “Миний шүлгийн дэвтэр…” гэв.
Эртийд эмхэтгэж байсан шүлгийн дэвтрээ авъя гэж байгааг мэдээд авчирч Дай Юйгийн өмнө тавив. Тэрбээр толгой дохиод, тэртээх авдар руу харахад нь учрыг мэдэлгүй гайхсанд, цухалдаж нүдээ бүлтийлгээд, бас ханиалгав. ШюэЯнь сандран ус авчирвал амаа зайлаад нулимуурт нулимав. ЗыЖюань алчуураар уруулыг нь арчиж өгсөнд, авдрыг заагаад юм хэлэх гэтэл амьсгаа нь бөглөрч үг хэлж чадахаа болиод нүдээ анив. ЗыЖюань: “Авхай хажуулах уу” гэсэнд толгой сэгсрэв. Тэгэхээр нь алчуур авах гэж байгаа байх гэж бодоод ШюэЯниар авдар онгойлгуулж, цагаан дурдан алчуур гаргаж авчирсанд Дай Юй бариут нэг тийш шидээд “Үсэгтэйг нь” гэв. ЗыЖюань сая өнөө шүлэг бичсэн хуучин алчуурыг санаад, ШюэЯньд хэлж авахуулаад авчирч өгөв. ЗыЖюань:
-Авхай амарч хэвтээ. Сэтгэлээ чилээж юу хийнэ. Биеэ сайн болохоор үз гэсэнд Дай Юй алчуурыг чадлаараа урах гэж оролдоод чадсангүй. Дэмий л хоёр гар нь чичирхийлнэ. ЗыЖюань түүнийг Бао Юйд хорсох болсныг мэдсэн бөгөөдшууд хэлж чадалгүй
-Авхай битгий цухалд… гэсэнд Дай Юй:
-Дан асаа гэж хэлэв.
ШюэЯнь сандран дэн асааж авчрав. Дай Юй нүдээ анин сууж, хэсэг зуур амьсгаадаад “Хувинд гал хийгээд аваад ир” гэв. ЗыЖюань түүнийг даарсан юм байх гэж бодоод
-Авхай зузаалан хучаа. Тэр нүүрсний үнэр дэмий гэсэнд Дай Юй толгой сэгсрээд дахин шаардав. ШюэЯнь аргагүйдэн хувинд гал хийж авчран, тавиурт тавьсанд Дай Юй, ханзан дээр авчир гэж дохив. ШюэЯнь авчирч тавиад, ханзны тавиурыг авчрахаар гарав. Дай Юйг өндийх гэж оролдохоор нь ЗыЖюань хоёр гараараа түшив. Энэ зуур Дай Юй түрүүнд авчирсан алчуурыг галд хаясанд ЗыЖюань цочин ухасхийж авах гэтэл хоёр гар сулгүй, ядахад ШюэЯнь гарсан учир авч амжилгүй шатаалгачихав. ЗыЖюань: “Яаж байгаа юм бэ дээ” гэж арга таарсан дуугаар асуув.
Дай Юй сонсоогүй мэтээр шүлгийнхээ нооргийн дэвтрийг ойртуулахаар нь, бас шатаах нь гэж бодоод, нэг гараа суллан шүүрэн авах гэтэл Дай амжаад галд хийчихэв. Гаднаас орж ирсэн ШюэЯнь ч шүлгийн дэвтрийг галаас шүүрэх гээд чадсангүй. Тэрхэн зуур дэвтэр шажигнатал шатаад дуусав.
Дай Юй нүдээ аниад, ар тийшээ нэгэнт гулсаад ЗыЖюанийг дарж унах шахав. Тэр хоёр сандран Дай Юйг түшиж ханзан дээр хэвтүүлтэл зүрх нь цохилно. Хүн дуудах гэтэл нэгэнт орой болсон тул яаж ч чадахгүй хэдэн жижиг охидын хамт түгшүүрлэн сууна. Арай чамай нэг шөнийг өнгөрүүлээд, өглөө харвал Дай Юй гайгүй болжээ. Тэгсэн мөртөө өглөөний хоолны дараа ханиаж сандаргав. ЗыЖюань байдал муудсаныг мэдээд Жя Мүд очиж мэдүүлэхээр очив. Түүний дээд гэрт орвол хоёр гурван настай ээж, хар бор ажлын хэдэн охин гэр сахиад нам гүм байв. ЗыЖюань: “Лао тайтай хаачаав” гэсэнд тэд “Мэдэхгүй” гэцгээв. Гайхан гайхсаар БаоЮйгийн гэрт орвол бас хүнгүй. Охид бас мэдэхгүй гэнэ. Энэ байдлыг ЗыЖюань ихэвчлэн багцаалдаж: “Эд нар яагаад ийм хүйтэн зэврүүн байгаа юм бол” гэж бодоод, Энэ хэдэн хоногт Дай Юйг нэг ч хүн эргэж очоогүйг бас санагалзах тусам зовж бухимдсаар гарч явав. Тэрбээр цааш явахдаа, өнөөдөр Бао Юй ямар байгааг харах юмсан. Тэр намайг хараад яах бол. Тэр жил би нэг тоглоомын үг хэлсэн чинь цухалдан өвчилж байсан мөртөө өнөөдөр харин ийм хэргийг яаж үйлдэж чадаж байна. Үүгээр үзвэл, энэ дэлхийн эр хүний сэтгэл гэгч үнэхээр цөм мөс мэт хүйтэн байдаг юм биш байгаа. Тийм бол ч хорсолтой, заналтай ажээ гэж бодож явсаар И Хун Юаньд хүрч иржээ. Хүрээний үүдийг зүгээр л хаасан байх бөгөөд чимээ аниргүй байв. ЗыЖюаньд гэнэтхэн: “Тэр гэргийтэй болж байгаа бол шинэ гэрт орсон байхдаа. Харин тэр гэрийг хаана бариа юм бол” гэж бодов. Тэгээд тэнд эргэцэн ажиглаж байтал Мюэ Юй хажуугаар нь нисэх мэт өнгөрч байхаар дуудан зогсоов. Тэрбээр дөхөн ирээд инээж: “Эгч юү гэж явна вэ” гэсэнд ЗыЖюань: “Бао Эрд гэргий авч өгч байгаа гэж дуулаад тэр, наргианыг үзэхээр ирсэнд эд нар алга болчихож. Хэзээ бэр буулгах гэж байгаа юм бэ” гэж асуув. Мюэ Юй:
-Энэ үгийг би ганцхан эгч чамд л хэллээ шүү. Чи ШюэЯньд хэлж болохгүй. Дээрээс нь хэнд ч хэлж болохгүй гэж захисан юм. Өнөөдөр үдэш буулгана. Яаж энд байж болох вэ. Лао е, Лянь Эр Егээр өөр гэр бэлтгүүлж байгаа… гэснээ, эгч ямар хэрэгтэй явна вэ гэсэнд цаадах нь:
-Ямар ч хэрэггүй. Чи яв яв гэсэнд Мюэ Юй гүйн одов. Түүнийг явсны дараа ЗыЖюань нэг хэсэг бэгтэрээд, гэнэт Дай Юйг санаж, энэ хэр юу болж байгааг мэдэхгүй тул нулимсаа мэлтэгнүүлсээр шүдээ зууж: “Бао Юй! Тэр маргааш үхвэл, чи уулзахгүй өнгөрөн гарч чадах байхаа. Чи тэр таалалт сайхан явдлаа сэтгэлчлэн бүтсэн хойно ямар нүүрээр надтай уулзахыг чинь үзнээ” гэж занаж мэгшин шогшин уйлсаар харив. Яг ШяоШянГуаньд хүрэлцэн очтол үүдэнд гадагш толгойгоо бултайлгаж байсан охины нэг нь ЗыЖюанийг олж харуут “ЗыЖюань эгч ирлээ” гэж хашгирсанд, цаадах нь хэрэг бишидсэнийг мэдээд сандран, битгий хашгир гэж дохиод орж очвол Дай Юйгийн элэгний гал дээш хөөрч хоёр хацар нь ув улаан болжээ. ЗыЖюаний дотор эвгүй оргиж, Дай Юйгийн хөхүүл эх Ван ээжийг дуудсанд, тэрхараад л уйлан хайлав. Түүнийг нас ахисан хүн учир түшиг болох байх гэсэн чинь яах ч аргагүй хүн байсан тул ЗыЖюанийг балаг алдуулав. Гэнэт нэг хүнийг санаад нэг охиныг гүйлгэв. Тэр нь хэн бэ гэвэл, Ли Вань ажээ. Тэр бэлбэсэн эхнэр учир өнөөдрийн тэр бэр буулгах ёслолоос зайлна гэж ЗыЖюань бодсоноос гадна хүрээлэнгийн алив ажил явдлыг Ли Вань мэдэж байдаг тул хүн явуулж түүнийг залуулав. Тэрбээр ЖяЛаний шүлгийг засаж суутал нэг охин дээр дор гишгэн орж ирээд:
-Данайнай, Линь авхай болохоо байжээ. Тэд цөм уйлж байна гэж мэдүүлсэнд Ли Вань сандарч юм ч асуулгүй яаран босож явсанд хоёр зарц нь дагав. Тэрбээр явах зуураа нулимс унаган дотроо: “Эгч дүү нар удаан хугацаагаар хамт байсны дээр түүний ариун хээнцэр дүр, авъяас билиг нь ертөнцөд хосгүй саран дагина Цанэ-гээс өөр хэн ч түүнтэй тэнцэхгүй. Ийм залуу бага насандаа харь нутагт ясаа тавихад хүрчээ. ФөнЖе бас нэг зальхай арга хэрэглэсэн тул өөрөө ШяоШянГуаньд ирж, эгч дүүгийн найрыг гүйцэтгэж чадахгүй болжээ. Үнэхээр хөөрхий, үнэхээр харамсалтай юм гэж бодов. Явсаар хүрээлэнгийн үүдэнд хүрвэл, дотор нь чимээ аниргүй тул Ли Вань сандарч: “Бодвол өнгөрсөн байхаа даа. Цөм л уйлаад чимээгүй болжээ дээ. Дээл хувцас, дэр дэвсгэр зэргийг бэлтгээ болов уу” гэж бодоод л яаран дотогш оров. Дотор гэрийн үүдэнд нэг охин олж хараад: “Данайнай ирэв” гэсэнд ЗыЖюань тосон гараад үүдэнд таарав. Ли Вань “За ямар байна вэ” гэсэнд ЗиЖюаний хоолой зангираад нэг ч үг хэлж чадалгүй, нулимсаа асгаруулсаар арагшаа заав. Ли Вань сандран очиж харвал Дай Юй дуугарч чадахгүй болжээ. Ли Ваньхоёронтаа дуудсанд цаадах нь арай гэж нүдээ нээсэн боловч зовхи, уруул нь үл мэдэг хөдлөн дөнгөж л амьсгаатай, ганц ч үг үгүй, дусал нулимс ч үгүй болжээ. Ли Вань эргэж хараад: “ЗыЖюань хаачив” гэвэл ШюэЯнь “Гадаа гэрт байна” гэв. Очиж харвал, ЗыЖюань хоосон орон дээр уйлан хэвтэж байв. Дэвсгэрт аягын чинээ газар норгожээ. Ли Вань сандран дуудсанд, ЗыЖюань алгуур нүдээ нээж өндийв. Ли Вань,
-Тэнэг ч охин болдоо. Чи ямар үе гэж дэмий уйлна вэ. Линь авхайн дээл хувцсыг солихгүй, юү хүлээнэ вэ. Хүүхэн хүнийг чи, би махбодыг нь халхлах юмгүй нүцгэн шалдан явуулах нуу гэсэнд ЗыЖюань сонсоод тэсгэлгүй хахаж цацан уйлав. Ли Вань ч уйлж сандран нулимсаа арчаад ЗиЖюаний мөрийг түшиж “Охин минь, чи уйлж байж намайг уруу татчихлаа. Хурдан шиг юм хумыг нь бүртгэж гаргагтүн. Одоо оройтвол хэрэг биш болно шүү” гэв.
Яг ийн үймэлдэж байтал гаднаас нэг хүн гүйн орж ирсэнд Ли Ваньхэрдхийн цочоод харвал Пин Эр байв. Тэрбээр байдлыг үзээд дэмий л бэгтрэн уйлав. Ли Вань:
-Чи тэндээ байхгүй, энд ирж юу хийнэ вэ гэж хэлтэл ЛиньХэшиюагийн эхнэр бас орж ирэв. Пин Эр:
-Найнайгийн санаа зовоод намайг үзүүлэхээр явуулсан юм. Данайнай энд байгаа тул манай найнай тэндэх явдалд тэвдэж байна гэсэнд Ли Вань толгой дохив. Пин Эр: “Би Линь авхайтай нэг уулзъя” гээд нулимс унагасаар дотогш оров. Ли ВаньЛинь эхнэрт:
-Чиний ирсэн сайн боллоо. Хурдан явж мэдээчинд хэлж Линь авхайн хойтын явдалд бэлтгүүл. Бэлтгэж дуусаад надад ирж хэл. Тэнд очих хэрэггүй… гэсэнд мөнөөх эхнэр “За” гэсэн мөртөө зогссоор байв. Ли Вань:
-Яриа байна уу гэсэнд Линь эхнэр:
-Сая эл найнай, Лаотайтайтай зөвлөөд ЗыЖюань охиныг тэнд аваачиж хэрэглэнэ гэнээ гэв. Ли Ванийг хариу хэлэхийн хооронд ЗыЖюань:
-Линьнайнай та урьдаар морилтугай. Хүн нь үхэхээр бид аяндаа гарах болно, яаж энэ мэт… гээд хэлэхэд эвгүй санагдсан тул даруй үгээ өөрчилж, бид бас энд өвчтэй хүн сахиж байгаа тул бие бузар болой. Линь авхай хараахан амьсгал хураагаагүй байхад намайг дуудна гэнээ гэсэнд Ли Ваньхажуунаас нь:
-Үнэхээр Линь авхай, энэ охинтой урьд төрлийн барилдлагатай байх. ШюэЯнийг тэр өмнөөс дагуулж ирсэн мөртөө дэмий тоодоггүй. Ганц энэ ЗиЖюанийг харвал энэ хоёр энээхэн даруй салж чадахгүй байхаа гэж тайлбарлав.
ЛиньХишиюагийн эхнэр, ЗиЖюаний үгийг сонсоод тавгүй санагдсан боловч Ли Ваний хэдэн үгэнд бүр хэлэх юмгүй болов. ЗыЖюань уйлсаар нус нулимсандаа дэвтсэн тул арга буюу түүн рүү харж инээмсэглэсээр: “ЗыЖюань охины хэлсэн үг гайгүй боловч чиний хэлснийг би Лао тайтайд яаж мэдүүлнэ вэ? Үүгээр үл барам энэ үгийг эл найнайд сонсгож болох уу?” гэж хэлж байтал Пин Эр нулимсаа арчин гарч ирээд: “Эл найнайд ямар үг сонсгох нь вэ” гэж асуув. Линь эхнэр саяын үгийг тоочив. Пин Эр бодлого болсноо: “Ингэж болно. Одоо Шюэ охиныг очуул” гэв. Ли Вань: “Тэр болно уу” гэсэнд Пин Эр Ли Ваний чихэнд хэдэн үг шивнэв. Цаадах нь толгой дохиж: “За тийм бол ШюэЯнь очсон ч адил юмаа” гэв. Линь эхнэр:
-ШюэЯнь очиж болох юм уу гэж Пин Эрээс асуусанд:
-Болноо болно, адилхан гэж цаадах нь хэлэв.
-За тийм юм бол Шюэ охиныг надтай хамт явуул гэж Линь эхнэр хэлсэнээ, би урьдаар Лао тайтай, Эл найнайд мэдүүлнэ. Энэ бол Данайнай болон охины санаа шүү. Мөд охин өөрөө найнайд мэдүүлтүгэй гэж нэмж хэлэв. Ли Вань:
-Тийм ээ, чи өдий насалчихаад иймхэн бага явдлаас бас зайлна уу гэсэнд Линь эхнэр инээж:
-Зайлах бишээ. Нэгд, Лао тайтай Эл найнай хоёрын үйлдэж байгаа энэ явдлыг бид цөм ойлгож ядна. Хоёрт бол Данайнай, Пин охин хоёр байна гэв.
Тэднийг ийн ярилцаж байхад Пин Эр, ШюэЯнийг хэдийн дуудан ирүүлжээ. Энэ хэдэн өдөр Дай Юй ШюэЯнийг бага хүүхэд юү мэднэ хэмээн чамласнаар баахан хөндий байсны дээр бас Лао тайтай, Эл найнай хоёр дуудлаа гэхэд тэр очихгүй байж чадахгүй тул санд мэнд л үс гэзгээ самнав. Пин Эр түүнд шинэ хувцас өмсгөөд Линь эхнэрийг дагуулан явуулсны дараа Ли Ваньтай хэдэн үг солив. Ли Вань Пин Эрд: “Тэнд очоод Линь эхнэрийг шаардан түүний нөхрөөр хурдан бэлтгүүлээд шалавхан явуул” гэж захив. Пин Эр “За” гээд гарч нэг өнцөг тойртол, Линь эхнэр ШюэЯнийг дагуулан явж байхад нь дуудан зогсоогоод: “Би үүнийг дагууладочьё. Чи урьдаар Линьда е-д хэлж Линь авхайн юмыг бэлтгүүл. Би найнайд хэлчихье” гэв. Линь эхнэр: “За” гээд л цааш явав. Пин Эр ШюэЯнийг дагуулан шинэ гэрт очиж тодорхой мэдүүлээд гэр рүүгээ явав.
Энэ байдлыг үзээд ШюэЯнь авхайгаа санагалзан сэтгэл нь өвдсөн боловч, Жя Мү, ФөнЖе хоёроос айгаад мэдэгдсэнгүй. Дотроо: – намайг юунд хэрэглэх юм бол харж л байя. Бао Юй манай авхайтай уушигны гурван судас мэт дассан байтлаа одоо гэнэт харагдахгүй болжээ. Үнэн өвдсөн эсэхийг хэн мэдлээ. Бодвол манай авхайг уурлахаас айгаад хашаан гээж солиорсон хүн болоод авхайн сэтгэлийг цөхрүүлбэл, Бао авхайг буулгахад хялбар гэж санасан ч байж болзошгүй. Би шууд очиж уулзаад, намайг хараад солиорох нь уу, яах нь вэ үзье. Өнөөдөр бас солиорсон хүн болж болох уу гэхчилэн бодсоор дотор гэрийн үүдэнд очиж сэмхэн харав.
Энэ хэр Бао Юй хэдий хашаан гээж мунхран солиоровч, Дай Юйг буулгана гэж сонсоод үнэхээр эрт эдүгээ орон дэлхийн хосгүй их баяр болж, ой ухаан нь хэдий угийн адил нэвтэрхий сэргэлэн болоогүй боловч бие нь ихэд тамиржсан мэт болоод ФөнЖегийн малтаж зэхсэн нүхэнд нөгмөсөн орж, даруй түргэн Дай Юй лүгээ учирсугай гэж яарна. Хүсэж байсан хуримын өдөр нь энэ орой нэгэнт тулсан тул хэдий хэдэн солиу үг хэлэх боловч өвчтэй байснаас ангид өөр болж үнэхээр эр хүн мэт эрвэлзэн дэрвэлзжээ. ШюэЯнь, БаоЮйгийн сэтгэлийг яаж мэднэ. Хараад үнэхээр уурлах, зовних давхарлаж орхиод зайлан оджээ.
Энд Бао Юй санд мэнд ШиРэнийгээр хувцаслуулаад Ван Фүрэний гэрт сууж ФөнЖе, Ёу хатан хоёрын яаран гүйхийг харсаар өлзийт цагийг тэсэж ядан хүлээж, шивэгчнээсээ дэмий л: “Линь дүү хүрээлэнгээс ирэхэд яасан их уддаг юм бэ. Яагаад ирэхгүй байна вэ” гэж асууна. ШиРэнь инээдээ барьж ядан: “Сайн цагийг хүлээж байна” гэв. Энэ үед ФөнЖе Ван Фүрэньд: “Хэдий бэлэвсрэлтэй, гадаа хөгжим дуугарахгүй боловч манай гэрийн заншлаар тэнгэрт мөргөхөд чимээ аниргүй байж болохгүй. Би нэгэнт гэрт хөгжим сурч шийд тоглодог эмсийг ирүүлэн хөгжим үлээн баахан хөгжөөн үүсгүүлэхээр дуудуулсан” гэсэнд цаадах нь: “Болно” гэв.
Төдөлгүй их сүйх гол хаалганд тулж ирсэнд дотроос хуур лимбэ дуугарган угтаж, ордны арван хоёр хос дэнлүүг жагсаан барьж орж ирэх нь харин ч сонин сайхан байв. Мөргүүлэгч нь, шинэ бэрийг сүйхнээс буулгасанд Бао Юй харвал, улааныг нөмөрсөн инж нь хадгаар нүүрээ бүтээсэн шинэ бэрийг түшжээ. Шинэ бэрийг түшсэн нөгөө нэг нь хэн бэ гэвэл, сая ирсэн ШюэЯнь байв. Бао Юй, ШюэЯнийг хараад дотроо: “ЗыЖюань яагаад ирэлгүй, энэ ирсэн юм бол гэж бодоод, ШюэЯнь чинь, түүний өмнө газраас дагуулж ирсэн хүн шүү. ЗыЖюань бол манай гэрийн хүн учир авчрах хэрэггүй юм” гэж санав. Тэгээд ШюэЯнийг ирсэнд Дай Юйтэй уулзсан мэт баярлав.
Мөргүүлэгч нь удирдан тэнгэр газарт мөргүүлээд дараа нь Жя Мүг залж дөрвөнтөө мөргүүлээд танхимд орж ЖяЖөн, гэргий хоёрт ёслоод, шинэ гэрт хүргэв. Бас хөшигт орох мэтийн явдлыг цөм тус ордны заншил ёсоор гүйцэтгэв. Энэ бүхнийг Жя Мүгийн эз мэдэж үйлдэхийг хүү нь зөрчиж чадаагүй боловч баяр найраар барцдыг арилгана гэгчийг итгээгүй ажээ. Өнөөдөр Бао Юй эрүүл хүн шиг байхыг хараад эцэг нь их баярлав.
Шинэ бэр хөшигт орвол хадгаа авах ёстой тул ФөнЖе хэдийн сэрэмжилж, Жя Мү, Ван Фүрэнь нарыг залан оруулж харгалзуулав. Энэ хэр Бао Юй баахан солиотой тул даруй шинэ бэрийн дэргэд хүрч: “Охин дүүгийн бие сайн болов уу. Уулзсангүй нилээд удлаа. Энэ новшийн юмаар бүтээж яана” гээд хадгийг аван завдтал, Жя Мү сандарч, хамаг биеийн нь хүйтэн хөлс цутгав. Бао Юй дотроо: “Линь дүү амархан уурладаг хүн тул цүлс аашилж үл болно” гэж бодоод хүлгэлзэн сууснаа гэнэт ухасхийж, хадгийг сөхсөнд инж нь тосож авав. ШюэЯнь зайлан явсанд, Ин Эр ирэв. Бао Юй харсанд БаоЧай шиг санагдсан тул нүдэндээ итгэж ядан нэг гараараа дэн өргөж, нөгөө гараараа нүдээ арчаад лавлан харвал Бао авхай осолгүй мөн байв. Ажин харвал, мяраалаг тэгшхэн биетэй, мяндсан сайхан дээлтэй, сувд эрдэнийн чимэгтэй эрээн эрвээхэй гэзэгтэй, мэлмэрсэн алаг нүдтэй, халуун зөөлөн амьсгаатай, лянхуа цэцэг цоморлигоо дэлгэсэн мэт гоо хээнцэр агаад исвэлзэн жуумалзах нь гүйлсний цэцэг шүүдэрт угаагдсан адил ажээ.
Бао Юй нэг мэлрээд харвал Ин Эр хажууд байхад, ШюэЯнь алга байхаар арга алдарч зүүд зэрэглээ ч юм уу гэсэн шиг дув дуугүй гөлөрнө. Хүмүүс дэнг нь аваад түшин суулгасанд, хоёр нүд нь өөдөө болоод үг дуугарахгүй болов. Жя Мү өвчин нь хөдлүүзэй хэмээн болгоомжилж дэргэд нь байж аргацаана. ФөнЖе, Ёу хатан нар Бао Чайг дотор гэрт оруулж суулгасанд шинэ бэр бас дуугүй, хамраа харж сууна.
Бао Юй сэтгэлээ тогтоож үзвэл, Жя Мү, Ван Фүрэнь хоёр энд сууж байх тул ШиРэнийг сэмхэн дуудаж: “Би хаана байна вэ. Зүүдлээ юү” гэж асуусанд цаадах нь:
-Өнөөдөр сайн өдөр, юуны зүүд мүүд байх вэ гэснээ, Лао е гадаа байна гэв. Бао Юй сэмхэн дотогш зааж:
-Тэр сууж байгаа гоо хүн хэн бэ? гэсэнд ШиРэнь үг хэлэлгүй амаа дараад зөөлхөн хөхрөөд:
-Шинээр буулгасан Эл найнай байна гэв. Бүх хүн тэрхэндээ хөхрөв. Бао Юй:
-Яагаад эргүүтээд байгаа юм бэ? Чиний хэлээд байгаа Эр найнай гэдэг чинь чухам хэн юм бэ гэсэнд цаадах нь:
-Бао авхай байна гэв. Бао Юй:
-Линь авхай хаана байна вэ? гэсэнд ШиРэнь:
-Лао е мэдээд л Бао авхайг авч өгсөн байтал яаж Линь авхайг дэмий дурдна вэ гэв. Бао Юй:
-Би сая Линь авхайг олж үзлээ. ШюэЯнь ч байсан. Яагаад байхгүй гэж байгаа юм бэ. Та нар ер нь ямар наадам үүсгээд байна… гэтэл ФөнЖе хүрч ирээд:
-Бао авхай гэрт байна. Битгий дэмий өгүүл. Түүнийг уурлуулбал Лао тайтай хүлээхгүй ээ гэв.
Энэ үгийг сонсоод БаоЮйгийн дотор балартав. Угаас эргүүтэж байсны дээр энэ үдэш эх адаггүй мэхлэгдсэнээр тэр аргагүйдэн юу ч хайхрахгүйгээр: “Линь дүүгээ эрье” гэв. Жя Мү нар аргадсан ч тус болсонгүй. БаоЧай бас дотор байх тул ил тодорхой ярихын аргагүй сандрав. Энэ зуур БаоЮйгийн өвчин хөдөлсөн тулд амирлуулах хүж шатааж, дараа нь түшиж аваачин хэвтүүлэв. Бүгд таг дуугүй болсны дараа Бао Юй мансууран унтав. Жя Мүгийн дотор баахан уужран байснаа аргагүй өглөө болохыг хүлээн сууж, ФөнЖегээрБао Чайг амсхийлгэгтүн гэв. Цаадах нь сонсоогүй мэт байснаа бүхэл хэвтэв. ЖяЖөн гадаа байж, дотор юү болж байгааг мэдээгүй тул саяын олж үзсэн төдийгөөр дотор нь сайхан уужрав. Маргааш нь холын албанд мордох сайн өдөр тул түр зуур унтаж амарвал олон бүгдээр баярт нийлүүлэн үдэхээр ирцгээнэ. Жя Мү амрахаар харьж хэвтэв.
Маргааш өглөө нь ЖяЖөн дээдсийн сүмд мөргөөд, дараа нь ээждээ мөргөв. Тэгээд:
-Элбэрэлгүй хөвгүүн би, алсын аянд мордох тул Лао тайтай цагийг дагаж тайвшрахыг хүснэ. Хөвгүүн би, тушаалын газарт хүрмэгц захиа ирүүлэн амрыг айлтгана.Сэтгэлээ шаналгах хэрэггүй. БаоЮйгийн явдлыг Лаотайтайгийн санаагаар гүйцэтгэсэн тул цаашдаа сурган авч явахыг танаас гуйна… гэсэнд Жя Мү хүүгээ зам зууртаа сэтгэл нь зовно гэж бодоод БаоЮйгийн өвчин дахисныг хэлэлгүйгээр:
-Надад нэг хэлэх үг байна. Бао Юй өчигдөр үдэш хуримаа хийсэн боловч дэр нэгтгээгүй. Өнөөдөр чи явахдаа түүгээр үдүүлбэл зохих юм. Тэгж баяраар барцдыг нь арилгаад сая баахан гайгүй болсноос гадна өчигдөржингөө ядарсан тул гадаа гарвал бас салхи авахаас зовно. Тэгээд чамаас асууя. Түүгээр хүргүүлье гэвэл дуудъя. Чи түүнийг хайрлавал би түүнийг авчируулж чамтай уулзуулаад, чамд мөргүүлчихвэл боллоо гэсэнд ЖяЖөн:
-Түүгээр заавал үдүүлэх гээд яахав даа. Тэрбээр үүнээс хойш ном бичгээ л сайн сурвал, би өөрийгээ үдүүлснээс илүү баярлана даа гэв. Жя Мү сонсоод сэтгэл нь амарч ЖяЖөнг суулгаад Юань Янд: “Бао Юйг ШиРэний хамт аваад ир” гэж хэлэв.
ТөдөлгүйБао Юй ирээд: “Ёс хий” гэвэл, тэр даруй ёс хийж гүйцэтгэв. Энэ хэр Бао Юй эцгээ үзээд баахан хичээж, түр зуур ухаан орсон тул дэмий их алдаа гаргасангүй. ЖяЖөн: “Бао Юйг буцахаар хариад гэргийдээ “Хүүгээ чандлан сурга” гэж ахин дахин захиад: “Багынх шиг нь эрхлүүлж болохгүй. Хойт жилийн шалгалтад түүнийг оруулахыг бодоорой” гэсэнд Ван Фүрэнь үг дуугүй хүлээж аваад, өөр юм ярьсангүй. Дараа нь хүн явж Бао Чайг авчрав. Шинэ бэрээр үдэж мордуулах ёс хийлгээд гадагш гаргасангүй. Бүсгүйчүүд цөмөөр гарч ЖяЖэнг хоёрдугаар хаалга хүртэл үдээд буцав. ЖяЖэнь нар бас нэг зэрэг захиас сургаал сонсоод хундага өргөн үдэж мордуулав. Хэсэг хүүхэд, дүү нар болон доод үеийн хүмүүс арван газрын тэртээд үдэн мордуулав.
БаоЮйгийн өвчин дахиж ухаан нь улам мунхраад хэлэн дээр юм тавихаа болив. Амь нас нь хааш болохыг мэдэх аргагүй. Цаашид юу болохыг дараах бүлэгт үзтүгэй!
Холбоотой мэдээ