Халаа сэлгээтэй, цол хураасан долоо хоног

Хуучирсан мэдээ: 2018.04.01-нд нийтлэгдсэн

Халаа сэлгээтэй, цол хураасан долоо хоног

Халаа сэлгээтэй, цол хураасан долоо хоног

Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар арвин байна. Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг зарласан, Ерөнхий сайд хоёр хүнээ албан тушаалаас нь чөлөөлсөн, Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бригадын генерал Х.Жекейн цолыг хураасан, хүчирхийллийн эсрэг жагсаал, урлаг соёлынхныг хамран өргөн хүрээнд болсон, “Хүчээ нэгтгэе” уриан дор төр, хувийн хэвшлийг холбосон эдийн засгийн форум зохион байгуулагдсан гээд тоочвол үйл явдал их байлаа. Энэ тухай тоймлон хүргэе.

Р.Содхүү, З.Энхтөр нарыг чөлөөлөв

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт (2018.03.30)тэднийг чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүг тэтгэврийн насанд хүрсэн тул чөлөөлөх үндэслэл болсон бололтой.

Харин Засаг дарга З.Энхтөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас огцруулах шийдвэр гаргаж, Р.Энхтөрийг Засаг даргаараа батламжлуулахаар Ерөнхий сайдад саналаа хүргүүлээд байсныг хүлээн авав.  

Засаг дарга асан З.Энхтөрийг хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас огцруулах шийдвэр гаргасан байсан юм. Гэхдээ З.Энхтөрийг огцруулж, Р.Энхтөрийг аймгийнхаа Засаг даргаар томилсноор сүхбаатарчуудын дундах эрх мэдлийн төлөөх тулаан зогсоно гэж итгэхэд бэрх тухай яриа бий. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан нам, МАН-ын суудал нэг тооны зөрүүтэй байгаа нь хоёр намын төлөөлөгчид хоорондоо үгсэн хуйвалдахад л Засаг даргаа огцруулах боломжтой аж.

бригадын генерал х.жекейн цолыг хураав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 28-нд Дээд цол хураан авах тухай зарлиг гаргасан юм. Энэ нь Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсан тухай байлаа.

МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа Х.Жекей Казахстан улсыг зорьж, тус улсын Хилийн албанд дээгүүр алба хаших болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн юм.

Монгол Улсын хилийн албанд дээгүүр алба хашиж, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан хугацаандаа Хууль зүйн байнгын хороог даргалж байсан Х.Жекей улсын нууцыг алдахгүй гэх баталгаа байна уу гэдгийг тухайн үед хэвлэлүүд хөндөж байсан юм.

Харин Ерөнхийлөгч Х.Жекейн Монгол Улсын харьяатаас гарсныг иш үндэс болгон бригадын генерал цолыг нь хураах шийдвэр гаргалаа.

 Төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийг зарлав

Авлигатай тэмцэх газар жил бүр төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдээлдэг. Энэ мэдээллийг өнгөрч буй долоо хоногт дэлгэлээ.

Хөрөнгө орлогын задаргааг сонирхвол Ерөнхийлөгч Х.Баттулга жилийн орлогоо 19 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 24 сая төгрөг хэмээн мэдүүлсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлт аж. Өнгөрсөн жилийн өөрийн орлого нь 130 сая, гэр бүлийн орлого 31 сая хэмээн мэдүүлж байжээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболдын өөрийн орлого нь өмнөх жилийнхээс 27 сая төгрөгөөр өссөн бол гэр бүлийн орлого нь 50 сая төгрөгөөр буурсан. Хадгаламжиндаа 597 сая 44 мянган төгрөгийн үлдэгдэлтэй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1 тэрбум 756 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээрээ төрийн гурван өндөрлөгийг өнгөлж байна. Засгийн газрын танхимын гишүүд дотроо ч тэргүүлэх байр суурь эзлэх болж буй юм.

Харин энэ мэдээллийг нь харсан хүмүүс Монголд зээлийн хүү буурдаггүй шалтгааныг өндөр хадгаламжтай хүмүүстэй холбон хардаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг xacxom.iaac.mn хуудас руу орж үзэх боломжтой.

263 мянган ажлын байр бий болгох амлалт өгөв

Найм дахь жилдээ энэ сарын 28-нд “Хүчээ нэгтгэе” уриан дор эдийн засгийн чуулган болж өндөрлөлөө.

Төр, хувийн хэвшлийн хүчийг нэгтгэх зорилго дор болсон энэхүү чуулганд 900 гаруй төлөөлөгч оролцов. Засгийн газар хөгжлийн гурван тулгуурт бодлогоо танилцуулж, мөн ирэх хоёр жилд багтаан 263 мянган ажлын байр шинээр бий болгох амлалт өгсөн нь олон нийтийн анхаарлыг татав.

Эдийн засагт өсөлт гарч эхэлсэн нь Засгийн газрын хувьд Татварын хуулиудаа шинэчлэх суурь нөхцлийг бүрдүүлсэн бололтой. Татварын хуульд оруулах шинэчлэлээ уг чуулганаар танилцуулсан нь бусад хуулиудыг мөн эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлдэг болох хэрэгтэй гэсэн саналыг бизнес эрхлэгчид дэвшүүлж байлаа.

Засгийн газрын зүгээс энэ хуулиар дамжуулж бизнес эрхлэгчдэд хамгийн таатай боломж бүрдүүлэхийг зорьж байна.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсав

“Дахин тэвчихгүй” хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.  Жагсаалд иргэд болон урлаг соёлын салбарынхан олноор цуглаж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэв.

Жагсаалыг зохион байгуулагчид хүүхэд хүчирхийлсэн гэмт этгээдэд хамгийн хатуу ялыг оноодог байх, мөн энэ төрлийн хэргээр ял эдэлж байгаа ялтнуудад өршөөл үзүүлэхгүй байхыг энэ үеэр анхаарууллаа. Төр хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулиуддаа өөрчлөлт оруулж, хатуу хууль батлахыг ч шаардлаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж