Хүүхдүүд хайр нэхэж, томчууд хүүхдээ хамгаалж жагслаа

Хуучирсан мэдээ: 2018.03.31-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд хайр нэхэж, томчууд хүүхдээ хамгаалж жагслаа

Хүүхдүүд хайр нэхэж, томчууд хүүхдээ хамгаалж жагслаа

 

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал Сүхбаатарын талбайд боллоо.  Сүхбаатарын талбайд олон иргэд хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн уриа лоозон барьсаар алхаж байв. Зарим залуус “хүчирхийллийн зогсоо, хүчирхийлэлгүй нийгэмд амьдрахыг хүсэж байна” хэмээн цагаан хоолойгоор ярьж байлаа.

Ингээд талбайн хойд хэсэгт тайз зассан байх агаад жагсаал зохион байгуулагчид, иргэд, урлаг соёлын төлөөллүүд хүрэлцэн ирж дуу хоолойгоо илэрхийлж байлаа. Тус жагсаалыг санаачлагч н.Одгэрэл бүсгүй жагсаалыг нээн үг хэлж цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаас товчхон дурдлаа.

Тэрбээр “Энэхүү тайван жагсаалд оролцохоор ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Бид энэ жагсаалаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгын хүрээнд жагсаж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус амар амгалан байж хүчирхийлэлгүй нийгэмд аж төрөөсэй”  хэмээн жагсаалыг эхлүүллээ.

Уг жагсаалд ойролцоогоор 30 мянга гаруй иргэд оролцож  байгаа аж. Ингээд жагсаалд оролцож буй иргэдийн санал бодлыг сонслоо.

Хүчирхийлэлгүй нийгмийг хүсэж байна

Г.Чинболор нийтийн дуучдын холбооны тэргүүн

Г.Чинболор нийтийн дуучдын холбооны тэргүүн ‘Өнөөдөр нийтийн дуучны холбооны уран бүтээлчид энэ жагсаалд албан ёсоор оролцож байна. Манай холбоо  нь нийгмийн сайн сайханд уриалсан жагсаал цуглаан, хандивын тоглолтод идэвхтэй оролцдог. Сүүлийн үед бидний сэтгэлийг сэрдхийлгэм, санаанд оромгүй бусармаг үйлдлүүд гарч байгаа учраас дуу хоолойгоо өргөх нь зүйтэй гэж бодогдсон. Энэ жагсаалд хүчирхийлэл тэр дундаа бага насны хүүхдийг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө тэмцэж байна. Энэхүү жагсаалыг хараад эрх баригчид, албан тушаалтнууд хуулийн хариуцлагаа эргэж харж үзээсэй гэж хүсмээр байна. Одоогоор манай холбооноос 20-д гаруй хүн цугласан. Монголын ард иргэд маш сайн цугларсан харагдаж байна’ гэв. 

Зохион байгуулагч н.Одгэрэл

Зохион байгуулагч н.Одгэрэл ‘Өнөөдрийн жагсаалыг зүрх сэтгэлээрээ нэгдсэн долоон ээж санаачилсан. Одоогийн байдлаар манай сошиал группт  400 мянга гаруй хүмүүс нэгдсэн байна. Бид төрийн болон төрийн бус байгууллагаас гаргасан олон судалгааг харлаа. Үүнээс ээжүүд бидний сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлж байгаа тоо баримтыг дурдъя. 2014-2016 онуудад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 80 орчим хувь нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хүчирхийлүүлсэн. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга буюу хүүхдийн эсрэг хүчирхийлэлд чиглэсэн олон хууль тогтоомж шинэчлэгдсэн хэдий ч хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо өнөөдрийг хүртэл буурахгүй байна. Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг ямар ч тохиолдолд өршөөдөг байж болохгүй юм. Энэ шаардлагыг холбогдох хүмүүст бид заавал хүргэх болно’ гэлээ. 

Өнөөдөр бид нар ардчилал гэх ийм аймшигтай нийгмийг хүсээгүй шүү дээ

УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ

УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ ‘Сүүлийн үед нийгэмд аймшигтай хэргүүд олон сонсогдож байна. Хамгийн чухал нь бидний үр хүүхдүүд хүчирхийлэлгүй нийгмийг хүсэж байгаа. Өнөөдөр бид нар ардчилал гэх ийм аймшигтай нийгмийг хүсээгүй шүү дээ. Жигшүүрт хэрэг үйлдсэн хүчирхийлэгчдэд ял шийтгэлийг хатуу оноох хэрэгтэй. Хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох тал дээр эрх баригчид анхаарч ажиллах цаг нь ирсэн. Тиймээс ирээдүй үе хойчийнхоо төлөө энэхүү жагсаалд оролцож дуу хоолойгоо нэгтгэж байна’ гэлээ. 

Баянгол дүүргийн иргэн Н.Нямдорж

Баянгол дүүргийн иргэн Н.Нямдорж ‘Өнөөдөр манай “Залуусын давалгаа” ТББ-ийн залуус санаа нэгдэн ирсэн байна. Жагсаалын үр дүнгээс хууль эрх зүйн орчныг сайжруулж, хүчирхийллийг нийгэм даяар таслан зогсоох хэрэгтэй гэж харж байна’. 

Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн сурагч Г.Сарангоо

Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн сурагч Г.Сарангоо ‘Өнөөдрийн жагсаал маш өргөн хүрээтэй болж байна. Хүчирхийллийн эсрэг манай “Улаан загалмай”-н хамт олон нэгдсэн байгаа. Нийгэмд маш олон хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байна. Үүнийг бид нар харж зогсолгүй тэмцэхээр энд хүрэлцэн ирсэн. Жагсаалын үр дүнгээс УИХ-н гишүүд, эрх баригчид ямар нэгэн хэлэлцүүлэг хийгээсэй, ямар нэгэн юм бодоосой гэж хүсэж байна’. 

Чингэлтэй дүүргийн иргэн А.Мөнхчимэг

Чингэлтэй дүүргийн иргэн А.Мөнхчимэг ‘Энэ жагсаалыг маш их дэмжиж байна. Нийгэмд хаана юу л байна хүүхэд хүчирхийлэлд автсан харагдаж байгаа. Хүүхэд гэр бүлийн орчин сургууль, цэцэрлэг гээд л бүхий л орчинд эрх нь зөрчигддөг. Өнөөдөр охиноо дагуулаад хүрээд ирсэн. Энэ олон хүмүүс цугласан байхыг эрх баригч нар хараасай гэж л найдаж байна. Энд ирсэн олон ээж аавуудын зүрх сэтгэлийг битгий уландаа гишгээсэй л гэж хэлмээр байна’ . 

Хүүхдийн хүчирхийлэл бол өнөөгийн нийгмийн хамгийн ноцтой асуудал болжээ

Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг

Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг ‘Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэж буй жагсаалд хүрэлцэн ирлээ. Залуу хүний хувьд дуу хоолойгоо нэгтгээд оролцож буйд их баяртай байна. Хүүхдийн хүчирхийлэл бол өнөөгийн нийгмийн хамгийн ноцтой асуудал болжээ. Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход олон  аав, ээж, залуус нэгдэн оролцож байна. Бидний зүгээс ард түмэн юу хүсэж байгааг төр засаг маань олж хараад шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаа’. 

“Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлагч Б.Баярсайхан

“Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлагч Б.Баярсайхан ‘Бид нар нэг удаа ч гэсэн удаа зорилгоо нэгтгээд тайван жагсаад дуу хоолойгоо илэрхийлж байгаад баяртай байна. Өнөөдөр хамгийн гол нь эцэг эхчүүдээс гадна залуус өргөнөөр оролцож байгаад баярлаж байна. Би “Үндэсний өгөх өдөр”, “Нүдээ нээ”, “Цахим гадуурхал цаашаа”, “Бид адилхан” зэрэг хөдөлгөөнийг зохион байгуулж хүчирхийллийн эсрэг гурван жил дуугарсан. Одоо цаг нь болсон хүмүүсийн тэсвэр тэвчээр барагдаж, хүн болгон зүрхэндээ хашхирч байна. Ирээдүйн үр хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл зовнисон, зүрх нь шархалсан хүмүүс цугларч байна. Үүнээс цаашлаад төр засаг маань анхаарлаа хандуулаад хууль эрх зүйн хувьд яавал хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох юм гэдэгт анхаарч ажиллах ёстой. Өнгөрсөн 11-р сард бид нар “Нүдээ нээ” хөдөлгөөнийг зохион байгуулж 30-аад улс оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд нэгдсэн. Бид нүдээ нээсэн, одоо амаа нээсэн гэж харж байна. Цаашлаад зүрх сэтгэлээ нээх юм бол ирээдүйн хойч Монгол орныхоо төлөө бид нар ихийг хийж чадна. Энэ жагсаал ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах түвшний хүмүүст хүрч үр дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна.  Бид нар одоо өөрчлөх цаг болсон. Энэ жагсаалын дараа өөрчлөлт гарахгүй бол хүмүүс илүү их бухимдах байх. Хууль эрх зүйн хүрээнд шинэчлэлийг хийх ёстой. Айл болгон үр хүүхдийнхээ төлөө нүдээ нээж бие биеийнхнээ төлөө хариуцлагатай байх ёстой гэж хэлмээр байна’ гэв. 

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүүхэд тэр чигээр харанхуй сүүдэр дунд амьдарч байдаг 

Их нигүүлсэхүй ТББ-ын тэргүүн С.Дэлгэр 

Их нигүүлсэхүй ТББ-ын тэргүүн С.Дэлгэр ‘Хүчирхийлэл бол өнөөдрийн нийгэмд аюулын харанга дэлдэж байна гэлтэй. Хананы цаадах хүчирхийлэл байсаар ирсэн. Одоо харин ил гаргаж тавьж байна. Үүний төлөө бүх ээж аавууд нийгмээрээ дуугарч хүчирхийллийг зогсоох ёстой. Өнөөдөр дан ганц хүүхдийн хүчирхийлэл ярих ёсгүй л дээ. Гэр бүлийн хүчирхийлэл цаашлаад олон асуудлыг ярилцах ёстой. Тиймээс ард иргэд нийтээрээ дуугарч хүчирхийллийг  байхгүй болгох ёстой’ гэлээ. 

Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Сарнай

Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Сарнай ‘Өнөөдөр би энэ цуглаанд хүүхдүүдийнхээ хамтаар ирлээ. Хүүхдүүд маань өнөөдөр нохойноос ч дор амьдарч байна. Үүнийг би мэдэрсэн хүний хувьд хэлж байгаа юм. Бид нарыг бага байхад тэмцээд зогсож байсан зүйл байдаггүй байсан. Хүчирхийлэлд гэдэг далд утгатай байдаг. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүүхэд тэр чигээр харанхуй сүүдэр дунд амьдарч байдаг. Тэдгээр хүүхдүүдийг хайрламаар байгаа юм. Хүүхэд гэдэг бурхнаас илгээгдсэн бэлэг юм чинь түүнийгээ яагаад хайрлаж болдоггүй юм. Ээжүүд бүгдээрээ хүүхдийнхээ төлөө дуугарч байх хэрэгтэй. Хүүхдүүд гэдэг чинь бид нарын аз жаргал учраас хайрлах хэрэгтэй гэж бодож байна’ гэж ярилаа. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж