Триполийг бүслэн хааж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Триполийг бүслэн хааж эхлэв

Ливийн босогчид таван сарын дотор анх удаагаа томоохон амжилт олов. Тэд энэ бямба гаригт Триполийн баруун талын стратегийн чухал хот Эз-Завияг эзлэн өмнөд хэсгээс нь Гарьян хотын зүг хөдлөн нийслэлийг бараг бүслэн хаах маягтай боллоо. Үүний зэрэгцээ босогчид ба Каддафийн элч төлөөлөгчид Тунист хэлэлцээр хийсэн мэдээлэл гарсан боловч дараа нь Триполи албан ёсоор үүнийг үгүйсгэн өдөөн хатгалга “мэдээллийн дайны” хэсэг  гэжээ.
Ливийн босогчид өнгөрсөн бямба гаригт иргэний дайны баруун фронтод шийдвэрлэх цөмрөлт хийлээ. Тэд Лийн нийслэлээс 50 км-ийн зайтай Эз-Завия хотыг эзэлжээ.

«Бид Эз-Завийг эзэллээ, маргааш Триполи руу хөдөлнө» гэж Al Jazeeraгийн камерт босогчдын нэг хэлж байв. Каддафийн дэглэмээс босогчдын сурталчилгааг хийдэг гэж ялладаг Катарын телевиз Засгийн газрын эсрэг отрядын баяр хөөр болсон дайчид хотын төвийн талбайг эзлэж байгаа зураглалыг эфирт дамжуулсан байна. Ням гаригийн оройн мэдээгээр Үндэсний шилжилтийн зөвлөлийн дайчид хотын дүүргүүдийн 70 хувийг, далайн эргийн дагуух баруун хэсгийн хэд хэдэн сууринг тэдний тоонд эртний Ромын үеийн түүхийн дурсгалт Сабрафыг эзэлсэн гэв. Үүнтэй зэрэгцээд гуравдугаар сарын дундуур Засгийн газрын эсрэг хүчнийг шахан гаргасан Гарьян хотын гүн рүү босогдын отрядууд нэвтэрчээ.

Триполи албан ёсоор мэдэгдэхдээ босогчдыг хотоос ухраасан гэв. «Эз-Завия бидний хяналтад бүрэн байгаа” гэж Каддафийн дэглэмийн төлөөлөгч Муса Ибрагим хэлж байв. Ийм зүйл болсон юм. Босогчдын зуугаад хүнтэй жижиг отряд Эз-Завийн өмнөд хэсгээс довтлохыг оролдсон. Дараа нь тэднийг манай зэвсэгт хүчин тогтоосон гэж тэрээр мэдэгджээ. Хотын хойд хэсгийн нефть боловсруулах үйлдвэрийг Засгийн газрын цэрэг хянаж байгаа бөгөөд босогчдын өөрсдийнх нь хэлснээр Каддафид үнэнч мэргэн буучид байшингуудын дээвэрт үлдсэн байна.

Эз-Завийг хяналтдаа авснаар босогчдын отрядууд Триполийг тус улсын баруун хэсэг болон Тунисаас шатахуун болон хүнсээр хангах сувгуудыг хааж байна. Засгийн газрын эсрэг хүчний командлагч Омара Обейдийн мэдээгээр босогчдын отрядууд Тунисийн хил дэх Рас-Ажирийн хянан нэвтрүүлэх боомтоос Ливийн нийслэлд хүрэх замыг хаажээ. Нафусын ууланд  үйл ажиллагаа явуулж байгаа босогчдын армийн төлөөлөгч хурандаа Жумма Ибрагимын мэдээлснээр түүний хүмүүс ойрын өдрүүдэд Триполи хүрдэг баруун чиглэлийн бүх замыг хааж хяналтаа тогтоох гэнэ. “Энэ нь Каддафийг тэвдүүлж байна. Түүнд зөвхөн далай л үлдсэн” гэж цэргийн тушаалтан хэлснийг “The Associated Press” дамжуулсан байна. Ливийн далайн боомтуудыг бүслэн хаасан НАТО-гийн хөлөг онгоцнууд хянаж байгаа билээ.

Хэрэв босогчид Сидрагийн булангийн өөр нэг стратегийн суурин Марса-эль-Брегийг (Эль-Бурайка) эзэлж чадвал НАТО-гийн дэмжлэгээр байлдаж байгаа таван сарын дотор тэдний үзүүлсэн хамгийн том  амжилт нь болох ёстой. Одоогоор зүүн фронтод онцын өөрчлөлтгүй байна. Босогчид хотыг эзэлсэн гэх бямба гаригийн мэдээ батлагдсангүй. “Бид удаан урагшилж байна. Бид хохирол амсахгүйн тулд ийм тактик барьж байгаа” хэмээн Бенгази дэх босогчдын хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Завауи хэлснийг Египетийн “Al-Masry Al-Youm” сонинд бичсэн байв.

Эз-Завийн төлөө байлдаан болж байх үед Тунист Каддафийн Засгийн газар болон босогчдын хооронд хэлэлцээр явагдсан байж магадгүй. Өөрийн эх сурвалжаас  авсан мэдээгээ “Al-Masry Al-Youm” сонин гаргажээ. Тэр зөвлөх уулзалт нь Ливийн хилээс холгүй Жерба арал дээр болсон байна. “Reuters” агентлагийн сурвалжлагч хэлэлцээр хийж байгаа гэх буудалд нэвтрэхийг оролдсон ажээ. Буудалд түүнийг оруулаагүй бөгөөд буудал бүхэл оройн турш үйлчлэхгүй гэж түүнд хэлснийг агентлаг дамжууллаа. Хэлэлцээр хийсэн эсэх болон ямар хүмүүс оролцож байна вэ гэдэг нь тодорхойгүй. Сөргөлдөгч талууд хэлэлцээр хийсэн гэж батлаагүй. Дараа нь Триполи уг мэдээлэлд маш ууртай хариу өгөв. Засгийн газрын төлөөлөгч  Муса Ибрагим “Энэ бол ямар ч баримжаагүй мэдээлэл. Бидний эсрэг хийж байгаа мэдээллийн дайны хэсэг. Тэдний зорилго нь бидний эр зоригийг мохоон сэтгэл санааг бусинуулах явдал юм” гэж мэдэгдсэн байна.

Иймэрхүү маягаар Каддафи ард түмэндээ ханджээ. Утсаар авсан бичлэгийн чанар муу байсан ч Ливийн телевизээр дамжууллаа. “Ливийн ард түмэн хаашаа ч алга болохгүй. Ливийн хувьсгал ч мөн ялгаагүй. Урагшаа. Зэр зэвсгээ өргөн Ливийг урвагчид ба НАТО-гаас метр метрээр чөлөөлөх тулалдаандаа гарцгаа” гэж Ливийн лидер уриалсан байна.

Каддафид үнэнч цэргийнхэнд тийм ч амар нөлөөлж чадахгүй гэдгээ босогчид хүртэл хүлээн зөвшөөрч байна. Завауи хэлснээр босогчдын фронт дээр гаргасан амжилт тэдний санаа сэтгэлд нөлөөлөхгүй гэнэ. Учир нь “Лидер нь тэдэнд радио, телевиз үзүүлэхгүй байгаа, тэд юу болж байгаа талаар огт мэдээлэлгүй байгаа” гэнэ. Каддафи өнгөрсөн баасан гаригт хүн амынхаа мэдээллийн хаалтын ээлжит арга хэмжээг аваад бүртгэлгүй хиймэл дагуулын утас ашиглавал түүнийг НАТО-гийн талд тагнуул хийсэн хэмээн үзэж цаазаар авах ялаар шийтгэх болсон байна. Хиймэл дагуулын утас нь олон ливичуудад гадаадертөнцтэй холбогдох цорын ганц хэрэгсэл нь болж байлаа. Каддафийн хяналттай нутагт утасгүй холбоо ба интернэтийг аль эрт хаасан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж