Хаврын халуурал ба хаврын чуулган

Хуучирсан мэдээ: 2018.03.31-нд нийтлэгдсэн

Хаврын халуурал ба хаврын чуулган

Хаврын халуурал ба хаврын чуулган

Сар шинийн баяраас хойш унтаа байдалтай байсан Монголын улс төр Оюутолгойн чимээнээр идэвхжиж эхэллээ. Баасан гаригт Монголын гуравдагч намууд хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ гэрээг цуцлахыг шаардаж байгаагаа мэдэгдэв. Оюутолгойн гэрээг эргэж харах шаардлагагүй гэдгээ Уул уурхайн сайд Д.Сумъяабазар өмнө нь мэдэгдсэн. Гэсэн хэдий ч энэ хаврын улс төрийн гол сэдэв Оюутолгой байх бололтой.

Оюутолгойн асуудлыг улстөржүүлэх тусам Монголд огт ашиггүй гэдгийг эдийн засагчид анхааруулч байгаа. Гэвч, Монголын улстөрчдөд улсын эрх ашгаас илүү хувийн эрх ашиг нь нэгд эрэмбэлэгддэг. Тиймээс Оюутолгойг тойрон эргэлдэх нь тодорхой.

Мөн хүчингийн гэх дуулианд холбогдсон МАН-ын залуу улстөрч Д.Гантулгыг эргүүлэн татах асуудал УИХ-аар орж болзошгүй. АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Гантулгад хандаж, 18 удаа ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ч ирэхгүй байгаа тухай мэдээлэл өгсөн. Түүнийг эргүүлэн татах эсэх асуудал ч энэ хаврын улс төрийн нэг дуулиан хэвээр байх нь ээ.

Түүнчлэн засгийн асуудал ч эмзэг хэвээр байна. Хаврын чуулганаар хэд, хэдэн сайдыг сольж, хольж магадгүй гэсэн ховын ч гэмээр зарын ч гэмээр мэдээлэл сошиал болон хэвлэлээр явах болсон.  Хэрэв У.Хүрэлсүх танхимаасаа шүд сугалуулбал бүхэлдээ огцорч магадгүй.  Сөрөг хүчний зүгээс У.Хүрэлсүхийн засаг юу ч хийхгүй байна гэх буруутгаж байгаа. Ерөнхийлөгчтэй нийлж улс төр хийх болсон Ерөнхий сайдад өөрийн эрх мэдэл алга гэх шүүмжлэл ч гарч байна.  Гэхдээ Ардын засгийг огцруулах нь мөн л ард түмэнд ашиггүй. Яагаад гэвэл төр засаг тогтвортой, бодлого нь тодорхой, улс төр хийж дэвэхгүй л бол эдийн засагт хэрэгтэй. Ж.Эрдэнэбатыг У.Хүрэлсүхээр солид нийлбэр дүн өөрчлөгдөөгүй шиг У.Хүрэлсүхийг өөр нэгнээр солиод зөвхөн нэмэгдэхүүний байрлал л солигдоно, гуравдугаар ээлж хоолондоо орно.

 Хаврын чуулганы хамгийн халуухан сэдэв нь Үндсэн хуулийн өөрчлөлт байх нь дамжиггүй.  Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад орсон. Үнэмлэхүй олонх Үндсэн хуулийг шинэчлэх үүрэг авсан.  Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийг өөрчлөлттэй зэрэгцээд өөрийнхөө акцыг хийх нь тодорхой. Үүний төлөө тэрбээр үндсэн үүргээ умартаад өвөлжин хөдөөгүүр явж улс төр хийсэн. Ардчилсан нам  Үндсэн хуулийн өөрчлөлт дээр эсрэг акц гаргаж буй нь үнэн. Гэхдээ засаглалын эх захгүй хэрүүлийг засъя гэвэл парламентад суудалтай, суудалгүй бүх намууд энэ асуудалд анхааралтай хандаж, хамтрах хэрэгтэй болов уу.

 Үндсэн хуулийг өөрчлөлтийг дагаад парламентын үйл ажиллагааг харлуулах үйл явц идэвхжих нь мэдээж. Зарим нам, зарим эрх мэдэлтнүүдийн зүгээс парламентын тараах асуудлыг ч хөндөх болсон сэтгэлийн хөөрлөөр хэлсэн асуудал биш. Дайрин дээр давс үрнэ гэгчээр УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын үйлдэл ч парламентыг багагүй харуулахад хүргэх биз. Гэвч, далайд гарцгүй, хоёр ир гүрний дунд орших Монголын хувьд парламентын сонгодог тогтолцоо руу шилжсэн нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын үндэс гэж олон хүн тайлбарладаг.

УИХ-ын хаврын чуулганаар татварын багц хуулиудад өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэг эхэлсэн. Эдийн засгийн хүрээнийхэнд эдгээр хуулийг шинэчлэн батлах эсэх нь чухал байгаа. У.Хүрэлсүхийн засгийн эдийн засагт хийх реформ бол энэ. Ардчилсан намын эхлүүлсэн ажлыг дуусгах даалгавар Ардын намд ногдсон. Татварын багц хуулиудыг шинэчилснээр эдийн засагт том дэмжлэг болно гэж ОУВС үзэж байгаагаа суурин төлөөлөгч Нэйл Сакер тодотгосон.

УИХ-ын хаврын чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ. Хэрэв ээлжит чуулганыг нээ ж хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж хаана хэмээн тусгасан. Тэгвэл энэ хаврын чуулган ирэх Пүрэв гаригт тохиож байна.

Хаврын ээлжит чуулганаар:

1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

2/”Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

4/”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

5/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

6/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

7/УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8/УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

9/УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

10/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11/Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12/Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

13/Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

14/Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

15/”Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл,

16/Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл,

17/Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

18/Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

19/Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

20/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,

21/Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

22/Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл,

23/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24/Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр жагсаажээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж