Израил-Палестины зөрчил дахин сэдэрч, хил дээр мөргөлдөөн гарсны улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаан зарлажээ. Мөргөлдөөний үеэр Палестины 16 иргэн амиа алдсан энэ хэргийг мөрдөн шалгахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриалсан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес мэдэгдэл гаргаж, “Газын зурваст болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан хохирогчдын ар гэрийнхэнтэй сэтгэл зүрхээрээ хамт” гэдгээ илэрхийлжээ.
Өчигдөр Газын зурваст Израилийн армийн цэргүүдийн өдүүлсэн эмх замбараагүй байдал, мөргөлдөөн үүсгэсэнд Исламын шашинт орнууд дургүйцлээ илэрхийлж, Кувэйт, Турк, Египет, Иордан зэрэг орнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг яаралтай хуралдуулахыг уриалсан байна.
Яаралтай хуралдааныг хаалттай хуралдуулах тухай эхлээд мэдээлж байсан боловч нээлттэй явуулахаар болсон гэнэ.
Газын зурвас дахь Израил-Палестины хил дээр Палестины олон зуун жагсагчдын эсрэг Израилийн цэргүүд гал нээж, нулимс асгаруулагч хэрэглэснээс мөргөлдөөн үүсчээ.
НҮБ Израилаас Хүний эрхийн олон улсын болон хүмүүнлэгийн конвенцээр хүлээсэн үүргийнхээ дагуу жагсагчдын эсрэг гал нээж, арав гаруй хүний амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахыг шаардсан байна.
Баасан гаригт Газын зурваст болсон мөргөлдөөний улмаас 16 хүн амиа алдаж, 1416 хүн шархадсан гэнэ.
Эх сурвалж: Russia Today