“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ
ГАО Э
Ерэн зургадугаар бүлэг
МЭДЭЭ ЧИМЭЭГ ДАРАН ФӨН ЖЕ ГАЙХАМШИГ АРГА ЗОХИОЖ,
МЭРГЭНИЙ НУУЦ ЗАДАРЧ ДАЙ ЮЙГИЙН ОЙ УХААН БАЛАРТЖЭЭ
Тэгээд Жя Лянь энэ хуурамч хашийг авч гарч ирээд ууртайгаар бичгийн гэрт оров. Нөгөө хүн, Жя Ляний царайн төлөв муухайг хараад дотор нь эвгүйрхэж яаран босож угтан аваад үг хэлэхийг завдтал цаадах нь хүйтнээр инээж:
-Муу золбин амьтан чи үнэхээр том зүрхтэй юмаа. Энэ газрыг чи ямар газар гэж бодоод аймшиггүйгээр бачилж байна вэ… гээд гэдрэг эргэж: “Зарц нар хаана байна вэ” гэж ширүүн асуусанд гадаа байсан хэдэн зарц аянгын дуу сонссон мэт сандран орж ирэв. Жя Лянь:
-Үүнийг дээс авчирч хүлэгтүн. Лао ег ирсний дараа мэдүүлээд яаманд хүргүүлнэ… гэсэнд зарц нар: “Бэлэн байна” гэж хэлэв.
Өнөөх хүн, яах аргаа олохгүй балгардан сандарч, энэ сүртэй байдлыг хараад мултарч гарах аргагүй болсноо мэдээд Жя Ляньд сөгдөн мөргөв.
-Дээд Лао е минь, битгий уурла! Би гэгч ядуурахын туйлд тулж арга ядахдаа, ийм нэг явуургүй арга бодсон билээ. Энэ хашийг би зоос зээлж хийлгэсэн юм. Би одоо үүнийг авахгүй. Эрхэм ордны агьд өргөж наадуулсугай гэж дахин мөргөж гуйв. Жя Лянь түй гэж хий нулимаад:
-Үхлээ эрсэн муу адгуус чи сонс. Энэ ордонд чиний энэ муу новш шиг юм хөлөөр хөглөрч байгаа… гэтэл Лай Да орж ирээд Жя Лянийг харж инээмсэглээд:
-Эр Е битгий уурла. Үүнийг ямар амьтан гэх вэ. Уучлаад хөөж явуул… гэсэнд Жя Лянь “Үнэхээр хорсолтой шүү” гэв. Лай Да, Жя Лянь хоёр энд сайн муугаар ярилцаж байтал гаднаас: “Мунаг толгой! Хурдхан шиг Лай Да, Жя Лянь хоёрт мөргөөд тонилохгүй, үнхэлцгээ хагалуулахыг хүлээж байгаа юм уу” гэсэнд өнөө хүн санд мэнд хоёр мөргөөд, толгойгоо дарсаар шурдхийн зугтав. Үүнээс хойш хот да е “Жя Бао Юй хуурамч хаштай учирчээ” гэж шуугилдав.
***
Жя Жөн тэр өдөр зочидтой уулзаад гарч ирсэнд цагаан сарын арван таван ойртсон тул түүнийг цухалдуузай хэмээн болгоомжилж нэгэнт өнгөрсөн хэргийг хэн ч очиж мэдүүлсэнгүй. Юань Фэй хатны ажил явдлаар олон өдөр мунгинаж хэдий хуучин зуршлаар гэрийн найр хийсэн боловч бүгдээр дур урамшлаар дульхан тул тэмдэглэлтэй явдал гарсангүй.
Цагаан сарын арван долооны өдөр Ван Фүрэнь, Ван Зытөнгийн ирэхийг хүсэн сууж байтал гэнэт Фөн Же орж ирээд: “Өнөөдөр Эр Е гаднаас, манай төрхмийн Да Лао е нийслэлд ирэх замын гудас, хотоос хоёрхон зуун газрын цаана үгүй болов гэж дам үг сонсож ирлээ. Дайдаа та юм сонсов уу” гэсэнд цаадах нь хэрдхийн цочиж:
-Би ч юу сонсох вэ. Өчигдөр орой Лао е юм яриагүй. Чухам хаанаас сонсоо юм бол гэсэнд Фөн Же:
-Цэргийн зурганы сайд Зан Лао егийн тэндээс сонссон гэнээ… гэсэнд Ван Фүрэнь удтал мэлэрч урссан нулимсаа арчаад:
-За чи Лянь элийг явуулж дахин тодорхой асуулгаад ирж хэл гэсэнд Фөн Же толгой дохиод гарч одов.
Ван Фүрэнь охин ба дүүгээ бодоод уяран уйлж бас Бао Юйгийн төлөө зовнин, сэтгэлийн зовлон ийнхүү дээр дээрээс давхарласныг яахин тэсвэрлэх вэ. Даруй зүрх нь өвдөж эхлэв. Энэ үед Жя Лянь лавтай чимээ сонсоод ирж:
-Нагац да е алс замын аянд алжаан зүдэрсээр гэнэт салхи авч хямарчээ. Шы Ли Түнь хэмээх газар хүрээд эмч эрж эмнүүлэх гэсэнд тэр газар нь сайн эмчгүй тул буруу эм уугаад бие баржээ. Гэр хотлоороо тэнд ирсэн эсэхийг мэдсэнгүй гэж мэдүүлэв. Ван Фүрэнь үүнийг сонсоод хамар нь бохирон зүрх нь тэсэхүйеэ өвдөж Цай Юнь нараар түшүүлэн ханзан дээр гараад, хатуужин шүд зууж, Жя Ляньд:
-Жя Жэнд очиж мэдүүлээд, даруй түргэн унаа хөсөг бэлтгүүлж тэр газар нь очоод хойтын явдлыг хамжилцан гүйцэтгэж дуусгаад маньд ирж хэлбэл бидний сэтгэл амрах болно гэсэнд Жя Лянь яаж зөрчих вэ. Арга буюу Жя Жөньд хэлчихээд цааш аяны замыг хөөв.
Бао Юй хаш гээснээс хойш ухаан мэдрэл нь балайраад эмнэн засавч тус болохгүй байхын дээр, Ван Фүрэний зүрх өвдсөнд Жя Жөн их л зовж байлаа. Яг тэр жилийн нийслэлийн шалгалтад Барилгын зурагнаас Жя Жэнийг тэргүүн зэргээр батлан өргөж, хоёр сард түшмэлийн зурагнаас хаанд бараалхуулсанд хаан эзэн, Жя Жөнг хаа байсан газраа болгоомж сайтай гэж үзээд Жиян Сигийн амуу хүнсний түшмэл болгов. Тэр даруйд нь хишигт мөргөсөнд, мордох өдрийг нэгэнт айлтгажээ. Төрөл ураг, нөхөр сэлт нь хэдий баяр найр өргөж нийлүүлсэн боловч Жя Жөн гэр хотлынхоо амар жимрийг санааширсаар тэр бүгдэд ёс гүйцэтгэж чадсангүй. Бас гэртээ хоргодон ухарч ч чадсангүй. Яг арга алдран сууж байтал Жя Мүгийн тэндээс “Лао ег залж байна” гэж дуудсанд Жя Жөн яаран очив. Ван Фүрэнь ч өвчнөө тэсвэрлэн тэнд байв. Жя Жөн оруут ээжийнхээ амрыг эрэв. Жя Мүтүүнийг суулгаад:
-Чи удахгүй шинэ ажилдаа очихоор явах тул би чамд олон үг хэлмээр байна. Чиний сонсох, үгүйг мэдэхгүй гэсээр нулимс унагав. Жя Жөн яаран босож:
-Лао тайтай үгээ айлдтугай! Хөвгүүн яаж аймшиггүй зөрчих вэ гэсэнд Жя Мү хоолойгоо зангируулаад:
-Би энэ жил наян нэгэн нас насалтал чи бас гадны албанд мордох болжээ. Ах чинь гэртээ байх тул чи бас настны чөлөө айлтгаж болохгүй. Чи одоо явбал би ганцхан Бао Юйгийн төлөө зовно. Тэр одоо өвчлөн эргүүтээд хааш болохыг би мэдэхгүй. Өчигдөр би Лай Шэньгийн бэрийг явуулж Бао Юйгийн заяаг бодуулбал, тэрхүү үнэн бодсон шиг байна. Тэр “Төмөр махбодтой хүнтэй холбож баяр найраар барцдыг нь тайлж өгвөл сайн болно. Үгүй бол тэнхрэхэд хэцүү” гэж хэлжээ. Энэ үгийг чи итгэх эсэхийг мэдэхгүй учраас чамтай зөвлөе гэсэн юм. Гэргий чинь бас энд байгаа тул Бао Юйг аварч авна уу эсвэл аяыг дагуулна уу? Та хоёр зөвлөж үз дээ гэж хэлэв. Жя Жөн царайчлан инээмсэглэж:
-Лао тайтай хөвгүүн намайг мөн энэ мэт санасаар ирсэн байтал хүү би чинь хүүхдээ хайрлахгүй ёсон байх уу? Би бол Бао Юйг шимтэн сурахгүйд л уурладаг юм. Лао тайтай түүний бие бүтэх явдлыг бодолхийлж байгаа нь мөн зүйтэй. Яахин Лао тайтайгаас зөрүүлэн түүнийг санахгүй байж болох вэ. Одоо Бао Юй өвчтэй байхад миний сэтгэл хэцүү байгаа. Лао тайтай түүнийг надтай уулзуулахгүй гэсэн тул хүү чинь дуугарч чадахгүй байгаа шүү. Бао Юй чухам ямар өвчтэй болсныг би үзье гэж санаж байна гэв.
Жя Жөн ийнхүү ярихдаа, нүдний нь зовхи баахан улайж ирсэн тул дотроо санаж байгааг мэдээд Ван Фүрэнь Ши Рэнь хоёр Бао Юйг сугадан авчрав. Бао Юй эцэгтэйгээ уулзахад Ши Рэнь: “Амар эр” гэнгүүт амар эрэв. Жя Жэн, түүний царай гундаж нүдний нь гал унтраад солиорсон шинж орсныг үзээд дотроо: “Өөрийн бие нэгэнт санчигны үс цайж жаран нас шахаад, одоо бас гадагш албанд мордох болсон тул хэзээ буцаж ирэхийг мэдэхгүй. Энэ хүү үнэхээр иймээ тиймээ болбол нэгд, нас агширсан тул үр хүүхэдгүй. Хэдий ач хөвгүүн байвч үе хол зайтай. Хоёрт Лао тайтай Бао Юйг сүрхий их санах тул хэрэв эндэл болбол миний алдал нүгэл нэн их болох бишүү” гэж бодов.
Тэгээд нүүр дүүрэн нулимс болсон Ван Фүрэнийг хараад бас түүнийгээ бодож, дахин босоод:
-Лао тайтай өдий их насан сүүдэртэй болоод ач хөвгүүнээ санаж байтал хөвгүүн би аймшиггүй зөрчиж чадах уу. Лао тайтай яа л гэвэл тэр ёсоор болсугай.И дайдаа чухам баттай дуугарсан, үгүйг мэдэхгүй байна гэсэнд Ван Фүрэнь:
-И дайдаа хэдийн хүлээжээ. Ганцхан Пань Эрийн хэрэг бас шийдэгдээгүй байх тул энэ ойрд ер дурдсангүй гэв. Жя Жэн:
-Энэ бол даруй эн тэргүүний бэрхтэй явдлаа. Ах нь шоронд байх тул охин дүү нь яалаа гэж харьд мордож болох вэ. Юань Фэй хатны явдал найр хуримыг хорихгүй боловч Бао Юй эгчдээ есөн сарын бэлэвсрэл хийх ёстой тул энэ хооронд бас бэр буулгахад хэцүү. Үүнээс гадна миний явах өдрийг нэгэнт айлдсан тул хойшлуулж болохгүй. Энэ хэдхэн хоногт яаж завдах вэ гэж хэлэв. Жя Мү дотроо: – энэ зөв л ярьж байна. Энэ хэдэн явдлыг өнгөрөхийг хүлээвэл, энэ хооронд эцэг нь эзгүй, өвчин нь хүндэрвэл яана вэ? Элдэв ёслол заншлыг дөхөмчилж бүтээвэл зүгээр юм гэж бодоод:
-Чи түүнийг бүтээсүгэй гэвэл, надад нэг арга байна… Лав аль алинд харш болохгүй. Би Ван Фүрэньтэй хамт тэднийд очиж И дайдаагаас гуйя. Пань Эр рүү Кө дүүг нь гуйж явуулаад Бао Юйгийн амийг аврахын тулд алив явдлыг аргацаан эвлүүлсүгэй гэж хэлбэл лав дагана. Бэлэвсрэлийн хугацаанд ураг холбоно гэвэл үнэхээр болохгүй. Бао Юй бас өвчтэй байгаа тул барцдыг арилгах төдийгээс биш, дэр нэгтгэж болохгүй. Манай хоёр гэр дуртайгаас гадна хүүхэд бас “Алт хашийн” барилдлагатай гэх тул тал өнгийг нь үзүүлэх хэрэггүй. Даруй сайн өдрийг сонгож, сааль бэлгээ солилцож, самбай хадаг тавихын дашрамд бэр буулгах өдрийг сонгож дуу хөгжим үүсгэлгүй, ордны ёсоор арван хоёр дэнлүү бариулж, найман хүний сүйхээр дамнан авчраад өмнө газрын зуршлаар гал бурхандаа мөргүүлж орон ширээнд суулган бэлгийг цацвал даруй ураг холбосон болох бишүү? Бао охин дотроо тодорхой мэдэж байх тул зовох явдалгүй. Бас Ши Рэнь гэгч хавтай сайн охин байхаас гадна дахин нэг ухаантай хүнээр үргэлж ятгуулбал нэн сайн болно. Тэр бас Бао охинтой сайн таарна. Жич бас И тайтай, “Бао охины алтан оньсыг нэг хуушаан үзээд хаштай тохиолдвоос даруй заяаны учрал мөн” гэсээн гэдэг. Бао охин хүрч ирвэл, алтан оньсны барилдлагаар тэр хашийг хурайлан авчрах ч болзошгүй. Үүнээс хойш өдөр ирэх тутам тэнхээжвэл бүгдийн буян бишүү? Одоо даруй гэр байшин цэвэрлэж засан дэвсгэрлэсүгэй. Гэрийг нь чи тогтоогтүн! Ах дүү төрөл ургийг цөмийг залахгүй. Хуримын ширээ ч засахгүй. Бао Юйг сайн болж, бэлэвсрэл төгссөн хойно сая хурим зарлаж хүн зална. Ингэвэл цөм амжиж чи ч хоёр хүүхдийнхээ сайн сайхныг үзэж санаа амар явна гэж хэлэв.
Энэ яриаг сонсоод Жя Жөн дотроо дургүй байвч эхийн санааг зөрчиж чадахгүй тул албаар инээмсэглэж: “Лао тайдай үнэхээр хавтай сайхан боджээ. Гэрийн хүмүүст сайн захиж гадагш их дуу чимээ гаргахгүй нь дээр. Тэгэхгүй бол таныг буруутгана шүү. И дайдаа дургүйлхэж мэднэ. Хэрэв үнэхээр дагавал Лао тайтайгийн санаагаар болсугай” гэсэнд Жя Мү: “И дайдаагийн тэндхийг би мэдье. Чи явтугай” гэв. Жя Жөн: “За” гээд гарсан ч санаа зовж байлаа. Тэр ажилд очихоос өмнө амжуулах юм их байв. Зургаан яамнаас гэрч бичиг авахаас гадна ойр төрлийн нь хүн батлах мэтийн зүйл зүйлийн явдал тасралтгүй үргэлжилж, зав муутай тул Бао Юйгийн явдлыг Жя Мүгийн захисан ёсоор Ван Фүрэнь, Фөн Же нарт хариуцуулаад, Рун Ши Тан танхимын ар талын Ван Фүрэний дотоод гэрийн хажууд залгасан хүрээний хорин хэдэн тасалгаатай байрыг Бао Юйд зааж өгөөд, бусдыг цөм хамааралгүй орхижээ. Жя Мү бүх зүйлийг нягтлан бодоод хүүдээ хэлүүлсэнд цаадах нь: “Маш сайн” гэснээс өөр үг хэлсэнгүй. Энэ бол хойчийн явдал болой.
Эцэгтэйгээ уулзсаны дараа Бао Юй Ши Рэнигээр түшүүлж дотор гэрийн ханзан дээр гарав. Жя Жөн гадаах өрөөнд байх тул Бао Юйтэй энэ тэрийг ярих хүн гарсангүй. Бао Юй ч нойрмоглон унтсан тул Жя Мү, Жя Жөн нарын ярьсан ярианаас ганцыг ч сонссонгүй.
Харин Ши Рэнь нар сэм чагнасаар тов тодорхой сонсчээ. Урьд битүү хатуу чимээ сонссон боловч дам сураг төдий бөгөөд ганцхан Бао Чай ирэхгүй болсонд баахан үнэмшсэн ажээ.
Өнөөдөр тэр яриаг сонсоод сая үнэн байдлыг тодорхой мэдэж, харин баахан баярлаад дотроо: “Дээрхийн нүд үнэхээр гярхай ажгуу. Энэ сая хавтай таарчээ. Мөн миний буян болой. Тэр ирвэл миний үүргийг нилээд хөнгөлнө. Гэвч энэ хүний дотор Линь авхайгаас өөр хүн үгүй. Тэр золоор, олж сонссонгүй, мэдвэл хичнээн их үймээн болохыг мэдэхгүй” гэж бодоод баяр нь гуниг болов. Тэгээд: “Одоо яана. Лао тайтай, тайтай хоёр эдний сэтгэлийг яаж мэдэх вэ. Түүний биеийг сайн болгоё” гэж бодоод баярласан цагт түүнд хэлж өгмөгц тэр бас Линь авхай лугаа анх учраад хашаан шидсэнтэй адил аашлахад хүрнэ. Бас тэр зун, хүрээлэнд намайг Линь авхай хэмээн эндүүрээд сэтгэлийн үгээ баахан тоочсон. Хожим бас Зы Жюань тоглоомын хэдэн үг хэлсэнд үхтлээ уйлсан. Одоо Линь авхайг орхиулаад Бао авхайг буулгаж өгнө гэвэл тэр мэдээ сэхээгүй байвал гайгүй л байх. Харин ухаан мэдээтэй болбол барцдыг арилгах байтугай үхлийг нь түргэтгэхэд хүрнэ. Би үүнийг хэлэхгүй бол нэгмөсөн гурван хүнийг хорлоход хүрэх биш үү” гэж бодов.
Ши Рэнь ийнхүү бодоод Жя Жөнг гарсан хойно Чю Вэнийг дуудав. Бао Юйг сахиулаад, Ван Фүрэнийд очиж түүнийг Жя Мүгийн хойт гэрт очиж ярилцъя гэж сэмхэн залав. Жя Мү, Бао Юй үг хэлүүлсэн байх гэж бодоод ойшоолгүй, мөн бэлэг солилцон бэр буулгах тухай эргэцүүлэн бодож суув.
Ши Рэнь хойт гэрт Ван Фүрэний хамт ороод сөгдөн уйлсанд учрыг нь ололгүй, гараас нь барьж “Зүв зүгээр байж яаж байна. Ямар нэг гомдол байвал босоод хэл” гэв. Ши Рэнь:
-Боол би энэ үгийг хэлэх ёсгүй билээ. Одоо аргагүй боллоо гэсэнд Ван Фүрэнь: “Чи тайван байж байгаад хэл” гэв. Цаадах нь:
-Бао Юйгийн ургийн учирт Лао тайтай, дайдаа нэгэнт Бао авхайг тогтсон нь үнэнхүү маш сайн явдал болой. Боол миний бодолд, дайдаагийн үзэхээр Бао Юй, Бао авхайтай сайн уу. Линь авхайтай сайн уу? гэж асуув. Ван Фүрэнь:
-Хар багаасаа хамт өссөн тул Бао Юй, Линь авхайтай их сайн мэтээ гэсэнд Ши Рэнь:
-Их сайн мэт төдий бишээ… гээд Бао Юй, Дай Юй хоёрын ерийн үеийн байдлыг нэгд нэгэнгүй тоочоод, эдгээр учрыг дайдаа цөмийг нүдээр үзсэн бөлгөө. Ганцхан тэр зуны хэлсэн үгийг би ер айгаад өөр хүнд хэлээгүй ээ гэв. Ван Фүрэнь, Ши Рэний гараас барьсаар:
-Гадаах байдлаас нь би нэгэнт хэдэн хувь төсөөлсөн. Одоо чиний хэлэхийг сонсоод улам тодорхой мэдлээ. Түрүүнд Лао егийн хэлсэн үгийг тэр цөмийг сонссон уу. Түүний царайны өнгө ямар байсан бэ гэж асуусанд, Ши Рэнь:
-Одоо хүн, Бао Юйтэй юм ярьвал инээнэ. Ярихгүй бол унтана. Тэр харин та нарын ярьсныг сонсоогүй шүү гэв.
-Чи тэгээд, энэ явдлыг яавал дээр гэж бодож байгаа юм бэ гэж Ван Фүрэнийг асуусанд цаадах нь:
-Боол би хэлэхээрээ хэлсэн боловч дайдаа, Лао тайтайд хэлээд нэг бүрэн төгс арга бодвол сайн байхаа… гэсэнд Ван Фүрэнь:
-За ингэе. Чи явж хийх юмаа хийж бай. Одоо гэр дүүрэн хүн байгаа тул энэ талаар ярихыг больё. Би чөлөө зав олоод Лао тайтайд мэдүүлэе. Тэгж байгаад л болъё гээд Жя Мүгийн дэргэд очив. Энэ үед Фөн Жетэй хэрэг зөвлөж байсан Жя Мү Ван Фүрэнийг хараад: “Ши Рэнь охин нууж хавчаад юу яриад байна” гэж асуув. Далим гарсан дээр Ван Фүрэнь, хүүгийнхээ сэтгэлийн үгийг Жя Мүд ний нуугүй хэлж орхив. Жя Мү удтал дуугарсангүй. Тэгснээ гэнэт шүүрс алдаад:
-Бусад нь цөм хялбар. Линь охин ч бас хамаагүй. Бао Юй үнэхээр тийм бол тун чиг хялбар явдал биш гэв.
Фөн Же баахан бодоод: “Энэ тийм бэрх биш. Би нэг арга бодлоо. Авга эгчийн тааллыг мэдэхгүй” гэсэнд Ван Фүрэнь:
-Чи тэр аргаа Лао тайтайд хэлээч дээ. Тэгээд бид өөр зуураа зөвлөж үзье гэсэнд Фөн Же,
-Би бодвол, энэ явдалд “Боодол солихоос” өөр аргагүй шүү гэсэнд Жя Мү: “Яаж боодол солих юм бэ” гэж асуув.
-Одоо Бао дүүгийн мэдэх мэдэхгүйг бодохгүй. Бүгдээр Лао е Линь авхайг түүнд буулгаж өгөх гэсэн үг гаргаад түүний царай ямар болохыг үзье. Хэрэв тэр огт ойшоохгүй бол энэ “Боодлыг солих” хэрэггүй. Харин баярлах төлөвтэй болбол энэ явдлыг ихэд ухаалан үйлдэх хэрэгтэй болно гэсэнд Ван Фүрэнь: “Гэнэтхэн баярлая гэж бодъё. Тэгвэл чамд ямар арга байна вэ” гэж асуув. Фөн Же босож түүний чихэнд хэдэн үг шивнэсэнд цаадах нь инээн толгой дохиод: “Энэ мөн болноо” гэв. Жя Мү:
-Эх охин хоёр ямар башир арга гаргаж байна вэ? Надад хэлэхгүй юм байхдаа гэсэнд Фөн Же, Жя Мүгийн учрыг олохоос урьд нууц задрахаас болгоомжилж очоод чихэнд нь шивнэв. Жя Мү учрыг олохгүй гайхав. Фөн Же дахин хэдэн үг хэлтэл Жя Мү инээж: “Ингэвэл болноо. Ганцхан Бао охиныг хэтэрхий зовооход хүрнэ. Төдий бас цуу тарчихвал Линь охин бас яах юм бэ” гэсэнд Фөн Же: “Энэ үгийг ганцхан Бао Юйд хэлээд, үг гарахгүй бол хэн олж сонсох вэ” гэв.
Тэднийг ийн ярилцаж суутал охин орж ирээд: “Лянь эл гэртээ ирлээ” гэж мэдүүлсэнд Ван Фүрэнь, Жя Мүгийн асуухаас болгоомжилж Фөн Же өөд нүд ирмэв. Фөн Же гарч ирээд Жя Лянийг угтаж оруулах дохио өгөөд Ван Фүрэний гэрт очиж хүлээхээр явав. Ван Фүрэнийг орж очиход Фөн Же нүдээ улайтал уйлжээ. Жя Лянь мэнд мэдээд Ши Ли Түнд хүрч Ван Зи тэнгийн хойтын явдлыг гүйцэтгэснийг тов тодорхой яриад:
-Эзний зарлигаар дотор зурганы түшмэлийн зэрэг хайрлаж, чармайлт мэргэн гүн хэмээн цоллоод, овог төрлийн хүмүүсийн чандрыг авч нутагтаа буцагтүн. Замын зуур газар орны ноёд харгалзан явуулагтүн гэж захижээ. Өчигдөр мордож гэр хотлоороо урагш буцлаа. Нагац дайдаа надаар амар мэндийг асуулган бас “Нийслэлд хүрч чадахгүй болохоо мэдсэнгүй. Хичнээн олон үгээ хэлж чадахгүй болов” гэжээ. Хадам ахыг нийслэлд ирнэ хэмээн сонсоод замд учирвал түүнийг нааш ирүүлж нарийн хэлэлцсүгэй гэсэн бөлгөө гэв. Ван Фүрэнь сонсоод хичнээн уяран зовнисныг тоочихуйяа бэрх. Фөн Же түүнийг тайтгаруулж “Дайдаа баахан амраад, орой дахин уулзаж Бао Юйгийн тухай зөвлөлдөе” гээд Жя Ляний хамт гэртээ ирээд, шинэ орон гэр засах ажил эхэлснийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Нэг өдөр Дай Юй өглөөний хоолны дараа Жя Мүгийн амрыг айлтгаж уйтгараа сэргээхээр Зы Жюанийг дагуулан гарч ирэв. Шяо Шян Гуаниас гараад төдий л хол явалгүй алчуураа мартсанаа санаад, Зы Жюанийг буцаав. Тэр хооронд нь хүлгэлзэн аажуухан гэлдэрч байв. Чинь Фан Чяо гүүрийн тэртээ хадны ард урьд Бао Юйтэй цэцэг булж байсан газарт хүртэл гэнэт нэг хүн тэнд мэгшин шогшин уйлах сонсдов. Дай Юй зог тусан чагнавал, хэний дуу нь танигдахгүй бас уйлах зуураа ямар нэг юм дүдэгнэх нь мэдэгдэхгүй тул дотроо ихэд гайхан алгуур алхсаар ойртон очвол харин нэг их өтгөн хөмсөгтэй, том нүдтэй охин уйлж байв. Дай Юй түүнийг харахын өмнө энэ ордны доторх аль нэгэн их инжид хэлж болшгүй сэтгэлийн зовлонгоо энд ирж тоочиж байгаа байх гэж бодсон ажээ. Харин тэр охиныг хараад инээдтэй санагдаж дотроо: “Ийм тэнэг амьтанд бас ямар дур шунал байна! Лав аль нэгэн гэрийн хар ажилд зарагддаг охин их инжид үглүүлээд гомдсон байх” гэж бодоод ажигласан боловч таньсангүй. Тэгтэл Дай Юйг хараад тэр охин уйлахаа болиод зогсон нулимсаа арчив. Дай Юй дөхөн очоод “Чи зүв зүгээр байж, яагаад энд ирж гашуудаж байгаа юм бэ” гэж асуусанд охин дахин уйлж
-Линь авхай чи, учрыг тунгаан мэдэгтүн. Тэдний ярьсан үгийг би мэдсэн ч үгүй. Намайг нэг буруу үг хэлсэн төдийд эгч маань намайг зодлоо гэв. Дай Юй, ойлголгүй инээж: “Хэн чиний эгч юм бэ” гэсэнд охин, “Жэнь Зү эгчийг хэлж байна” гэв. Дай Юй сая түүнийг Жя Мүгийн дэргэдийн хүн болохыг таниад “Чиний нэр хэн юм бэ” гэсэнд охин, “Миний нэрийг тэнэг эгч гэнэ” гэв. Дай Юй инээмсэглээд “Эгч чинь чамайг яагаад зодсон юм бэ. Чи ямар буруу үг хэлсэн бэ” гэж асуув. Охин
-Ямар учирсах юмгүй ээ. Манай Бао Эр Е, Бао авхайг буулган авах учраас л юм гэж хэлэв.
Дай Юй догшин аянгын дуу сонссон мэт болж зүрх нь булгилан түгшив. Жаахан тайтгараад охиныг дуудаж: “Нааш ир” гээд явсанд тэрбээр дагаж цэцэг булдаг хэрмийн өнцөгт хүрэв. Тэнд далд сэлүүн ажээ. Дай Юй: “Бао Эр Е, Бао авхайг буулгах гэсний төлөө тэр эгч чинь яахаараа чамайг зоддог юм бэ” гэж асуув. Тэнэг эгч,
-Манай Лао тайтай, дайдаа болон эл найнай нар зөвлөлдөөд, манай Лао ег явахаас наана И дайдаатай зөвлөөд Бао авхайг хурдан буулгаж авчир гэсэн юм. Нэгд, Бао Эр Ег баярлуулан барцадыг нь арилгах, хоёрт… гээд Дай Юйг харж инээн: “Завдаж буулгаад, Линь авхайг харьд мордуулна гэнээ” гэв.
Энэ яриаг сонсоод Дай Юй ухаан мэдрэл алдах шахав. Мөнөөх охин залгаад “Тэгэхдээ, би тэдний яаж зөвлөлдсөнийг мэдэхгүй. Бао авхай сонсоод ичиж ширвэгдэхээс болгоомжилж, гадагш чимээ гаргахгүй гэжээ. Би санаандгүй, Бао Эр Егийн гэрийн Ши Рэнь эгчид “Маргааш бид Бао авхай гэтэл Бао Эл найнай хэмээн хар инээдэм болно. Чухам яаж дуудна вэ?” гэж хэлсэн юм. Линь авхай чи, бодож үзээч. Миний энэ үг Жэнь Зү эгчид ямар хор болно вэ? Тэр хүрч ирээд намайг нэгэнтээ шанаадаад, намайг дээрхийн үгийг дагахгүй дураар чалчив. Хөөж явуулна гэлээ. Дээрээс юуны учирт хэлэлцүүлэхгүйг би мэдэх үү? Надад хэлээгүй байтлаа ирж зоддог нь юү билээ гэсээр дахин уйлав.
Энэ үед Дай Юйгийн дотор давс, цагаа, тос, бурмыг холиод цутгасан мэт болж, гашуун нясуун, амттай, шорвог нь ялгагдахаа болив. Баахан зогсоод хоолойгоо чичрүүлсээр “Чи битгий дураар ярь. Дахиад дураар ярьсныг чинь хүн сонсвол чамайг зодно. Яв, Яв” гээд Шиюа Шиян Гуаний зүг буцав. Түүний бие мянган жин хүнд болж, хоёр хөл нь хөвөн дээр гишгэсэн мэт сулраад, арга буюу хөлөө нэг нэгээр алгуурхан зөөнө. Баахан сажлаад, Чинь Бан Чиюа гүүрний тэнд хүрч чадсангүй. Өвдөг нь суларч алхах нь удаан болсны дээр бас дотор нь харанхуйлан хөлийн аяар сажилсаар хоёр нумны газар тойруу явжээ. Гүүрний дэргэд хүрээд хашлага даган буцаж явав. Зы Жюань алчуурыг нь аваад эргэн иртэл Дай Юй алга байв. Ийш тийш харвал, тэнд Дай Юйгийн царай нь цас мэт цайж, нүд нь гөлийгөөд, тэнтэр тунтар алхах аядан эргэцэж харагдав. Бас нэг охин дэргэд нь очих харагдсан ч хол учраас хэнийг нь таньсангүй. Зы Жюань хэрдхийн цочиж гүйн очоод
-Авхай яагаад буцаж ирэв? Хаашаа явав? гэж зугуухан асуусанд Дай Юй муухан ангалзаад
-Би Бао Юйгээс очиж асуунаа гэв. Зы Жюань учир ухааныг нь олсонгүй. Тэгээд түүнийг сугадаад Жя Мүгийнхаад явав.
Дай Юй, Жя Мүгийн үүдэнд очоод дотор нь баахан онгойсон мэт болж эргэж харвал Зы Жюань түшиж байх тул зогсож “Чи юунд ирэв” гэж асуув. Цаадах нь инээж: “Би алчуурыг олж ирэв. Сая авхайг гүүрний цаана байхад би очоод асуухад авхай ойшоосонгүй” гэв. Дай Юй инээн:
-Би чамайг Бао Эр Етэй уулзахаар ирлээ гэж бодсон. Үгүй юм бол юү гэж наашаа ирсэн юм бэ гэж асуув. Зы Жюань түүний ухаан ээдий буудай байгааг хараад тэр охиноос ямар нэг юм сонссоныг мэдээд, арга буюу толгой дохин инээмсэглэж, дотроо энэ Бао Юйтэй уулзвал тэр нь элий балай, энэ нь ээдий буудай болсон тул гэнэт баахан муухай үг хэлбэл, одоо яах вэ? гэж бодсон ч яаж ч чадалгүй, сугадаад дотогш оров.
Дай Юй харин бас сонин. Одоо гэнэт сэргээд, Зы Жюаниар орхиулыг ч сөхүүлсэнгүй өөрөө сөхөөд л орчихов. Гэрт чимээ аниргүй, Жя Мү үдийн нойр авч, тэр дашрамд охидын зарим нь наадахаар яваад, зарим нь үүрэглэн сууж, нэг хоёр нь их ахайтныг сахиж байв. Харин Ши Рэнь, орхиулын чимээгээр гарч ирж Дай Юйг хараад: “Авхай дотогш орж суугтун” гэж найр тавьсанд цаадах нь: “Бао Эр Е гэртээ байна уу” гэж асуув. Ши Рэнь учир явдлыг мэдэхгүй учир хариу дуугарахыг завдтал Зы Жюань, уруулаар дохио өгч гараар сэжив. Ши Рэнь учрыг ойлгоогүй учир дуугарч чадсангүй. Дай Юй шууд дотогш оров. Бао Юй найр тавин суулгасан ч гүй. Өөдөөс нь хараад хи хи гэж дэмий хөхөрнө. Дай Юй дөхөн очиж суугаад цаадахийгаа хараад бас инээнэ. Хоёул амар мэндээ асуулцах ч үгүй, үг дуугарах ч үгүй, харилцан найр тавих ч үгүй, өөд өөдөөсөө хараад марсайн инээцгээнэ.
Ши Рэнь энэ байдлыг хараад арга алдран сандарч байтал гэнэт Дай Юй: “Бао Юй чи юуны учир өвдсөн юм бэ” гэж асуув. Цаадах нь инээж: “Би Линь авхайн учирт өвдсөн” гэв. Ши Рэнь, Зы Жюань хоёр их айж яаран тэдний яриаг өөр тийш эргүүлсэн боловч тэр хоёр амаа хамхисан ч марсайн инээлцэнэ. Ши Рэнь, энэ байдлыг хараад Дай Юй бас дэмийрсэнийг мэдээд, Зы Жюаньд сэм “Авхайн бие сайхан засарсан тул Чю Вэнь та хоёр авхайг аваачиж амсхийлгэ” гээд эргэж “Чи Зи Жюаний хамт явж Линь авхайг хүргэж өг. Элдэв юм битгий яриарай” гэж сануулав. Цаадах нь үг дуугүй хүрч ирээд, Дай Юйг түшин босгосонд тэрбээр Бао Юйг харж дэмий л инээж дэмий л дохилзоно. Зы Жюань:
-Авхай, харьж амаръя гэсэнд Дай Юй:
-Нээрэн, миний харих цаг болжээ гэсээр эргэж инээн гарч ирээд, охидоор ч түшүүлэлгүй түргэн алхсанд шивэгчид араас нь яаран дагав.
Дай Юй хүрээнээс гараад шууд алхсанд Зы Жюань сугадан авч “Авхай энүүгээр явъя” гэв. Дай Юй инээсээр хүрээлэндээ очив. Үүдэнд ирээд Зы Жюань: “Бурхан минь, гэртээ ирлээ” гэтэл Дай Юй гэнэт урагш бөхийн хүчтэй огиод цусаар бөөлжив.
Амь нас нь хааш болсныг үл мэднэ. Дараах бүлэгт үзэгтүн!
Холбоотой мэдээ