Сангийн яамны экспортыг дэмжих төсөл таван төрлийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Сангийн яамны экспортыг дэмжих төсөл таван төрлийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Сангийн яамны экспортыг дэмжих төсөл таван төрлийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Сангийн яамны экспортыг дэмжих төслийн талаар Бизнес хөгжлийн шинжээч Б.Нямсүрэнтэй ярилцлаа


-Сангийн яамны Экспортыг дэмжих төслөөс уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгох шаардлага нь юу вэ? Ямар үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Экспортлогч болон экспортлогч болохоор зорьж буй аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урт хугацаанд тогтвортой, үр ашигтай ажиллахад туслах нь төслийн хамгийн гол зорилго юм. Экспортын бизнесийн онцлогоос шалтгаалан дотоодын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хоёр үндсэн хэрэгцээ байгаа юм. Үүнд: 

  • Экспортын зах зээл нь дотоодын зах зээлтэй харьцуулахад илүү өрсөлдөөнтэй учраас экспортын бизнес эрхлэх хүсэлтэй ААН нь маш сайн судалгаатай, төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай энэ бизнесийг эхлүүлэх нь тулгарч болох аливаа эрсдэлийг даван туулж урт хугацаанд ашигтай ажиллах боломж бүрдэх юм. 

  • 2017 онд Монгол Банкны хийсэн Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, санхүүжилтийн байдал судалгааны тайланд арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагууд ЖДҮ эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө, машин тоног төхөөрөмж худалдан авах, барилга өргөжүүлэх, шинэ барилга худалдан авахад нь зээл олгож, санхүүжилт хийж байгааг дурдсан байна. Энэ судалгаанаас бизнесийн төлөвлөгөө, судалгаа, аж ахуйн нэгжийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн хүртээмж өнөөдөр манайд тийм ч хангалттай биш байгааг харж болно. Дэлхийн Банк болон МУ-ын Сангийн яамны хамтран хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэг нь энэ дутагдсан орон зайг нөхөж урт хугацаанд тогтвортой экспорт эрхлэхэд шаардлагатай мэдээлэл, мэдлэг, туршлагыг хуримтлуулахад нь туслах юм. 

Дээр дурдсан зорилго, шаардлагын хүрээнд тухайн аж ахуйн нэгжийн экспортын бизнесийг дэмжиж 1) Бизнес стратеги, төлөвлөгөө боловсруулах, 2) Үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэл хийх, 3) Бүтээгдэхүүний чанарын туршилт хийх, ОУ-ын гэрчилгээ авах, 4) Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортод нэвтрүүлэх 5) Экспортын яармаг, үзэсгэлэн худалдаа, сургалтад оролцох зэрэг өөр хоорондоо уялдаа холбоо бүхий 5 төрлийн үйл ажиллагаанд төслөөс нөхөн олговор буюу буцалтгүй тусламж олгож байна.

-Эдгээр үйл ажиллагааг тус бүрд нь товчхон танилцуулах уу? Бизнесийн стратеги, төлөвлөгөө боловсруулах ач холбогдол, үр дүн юу вэ?

Бизнесийн стратеги, төлөвлөлт нь тухайн аж ахуйн нэгжийн бодит нөхцөл болон зах зээлийн боломжийг үндэслэн тодорхой хугацаанд хүрэх зорилгоо дэвшүүлж, түүнд хүрэхэд шаардлагатай гол нөөцийг хэрхэн хамгийн үр ашигтай удирдах арга замыг тодорхойлсон баримт бичиг юм.  Бизнесийн стратеги, төлөвлөлтийг боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг нэн чухал бөгөөд дараах дарааллаар боловсруулдаг. Үүнд:

  • Тухайн ААН нь бизнесийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж одоогийн бизнесийн ашигт ажиллагаанд эерэг болон сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлно.

  • Сөрөг хүчин зүйлсийг бууруулах, эерэг зүйлийг нэмэгдүүлэх төрөл бүрийн бизнесийн сонголтуудыг үнэлж, цэгнэн одоогийн бодит нөхцөл байдлаас ирээдүйд хүрэхээр зорьж буй үр дүн, амжилтыг тодорхойлох буюу урт хугацааны зорилго, ирээдүйн чиг хандлагаа бодитоор тогтоох боломжийг бүрдүүлнэ.

  • Бизнесийн одоогийн нөхцөл байдал болон ирээдүйд хүрэхээр зорьж буй үр дүнгийн хоорондын зөрүү нь цаашид ямар үйл ажиллагааг, хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх гол чиглэлийг тодорхойлно. 

Бизнес стратеги төлөвлөлтийг мэргэжлийн зөвлөхүүд, шинжээчид, судлаачид гүйцэтгэх бөгөөд зөвлөгөө, судалгаа шинжилгээ, төлөвлөлттэй холбоотой гарсан зардлын 50 хувийг төсөл нөхөн олгоно.

Бизнесийн стратеги төлөвлөлтийг боловсруулснаар мэдлэгт суурилсан шийдэл, арга барилаар ажил хэргээ удирдаж  үйлдвэрлэл, маркетинг, борлуулалт, менежмент, санхүүгийн үйл ажиллагааг гол зорилгод чиглүүлэн оновчтой хөтлөх, түүнчлэн эрсдэлийг урьдчилан харах, хариу арга хэмжээг тооцох боломжийг ААН-д олгоно. 

-Үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэлийн талаар товч танилцуулах уу?

Үйлдвэрлэлийн ерөнхий төлөвлөлт, тоног төхөөрөмжийн байршил, материалын тээвэрлэлт, бүтээгдэхүүний загвар, хөгжүүлэлт, технологи ажиллагаа, үйл ажиллагааны загварчлал, үйлдвэрлэл төлөвлөлтийн хяналт, чанарын хяналт, материалын сонголт, судалгаа, удирдлага, засвар үйлчилгээний удирдлагыг сайжруулах зэрэг хийх ажлуудыг сайжруулан өөрчлөх үйл ажиллагааг үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэл гэж ойлгож болно. Үйлдвэрлэлийн менежментийг  шинэчлэн сайжруулах процессыг дараах байдлаар авч үзэж болно.

  • Байгууллагын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь экспортын зах зээлд өрсөлдөхүйц загвар, чанар, давуу тал, хэрэглэгчийг татах үнэ цэнийг агуулж байгаа эсэхийг тодруулдаг

  • Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулах шийдэл, хувилбаруудыг боловсруулах, төсөл, төлөвлөгөө боловсруулах, бүтээмж, чанар сайжруулах чиглэлээр судалгаа хийнэ.  Тухайлбал түүхий эд бэлтгэх, татах, түүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах, чанарыг баталгаажуулах, тээвэрлэх, түгээж хуваарилах, хадгалах зэрэг үйлдвэрлэлийн бүхий л явцыг иж бүрнээр эсвэл хэсэгчлэн агуулсан дүн шинжилгээ, түүний үр ашгийг сайжруулах загварчлал, шийдлийг боловсруулна.

  • Харин дараагийн алхам бол үйлдвэрлэлийн менежментийг шинэчлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, хамт олны харилцааг зөв удирдах, манлайлах зэрэг чадавхыг бэхжүүлэх зорилтыг давхар хэрэгжүүлэх нь үр дүнтэй байдаг.

Тухайн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн шинжээч, зөвлөхөөр судалгаа, үнэлгээ хийлгэх, сайжруулах зөвлөмж, арга зүйн дэмжлэг авахад дэмжлэг үзүүлэх боломжийг манай санхүүгийн дэмжлэг олгож байгаа юм. 

Аж ахуйн нэгж зорьсон үр дүндээ хүрэхэд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, бүтээмж, үр ашиг тул үйлдвэрлэлийн менежментийг сайжруулах нь аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлэх, зардлыг багасгах, чанарыг баталгаажуулах амин гол хэсэг гэж ойлгож болно. 

-Олон улсын чанарын баталгаа экспортын бизнест чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ талаар төслөөс ямар дэмжлэг байгаа вэ? 

-Өмнө танд ААН нь бизнесийн стратеги төлөвлөгөө боловсруулах, үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэлийн ач холбогдлыг танилцуулсан. Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд нэвтрүүлбэл зах зээлд удаан оршин тогтнож ашигтай ажиллаж чадахгүй, хэрэглэгчид тухайн ААН-ийн өрсөлдөгч компанийг сонгох болно.

Бүтээгдэхүүн үйлчилгээний эдэлгээ, найдвартай байдал, хэмжээ, багтаамж, бүтээмж, материал, түүхий эдийн найрлага, тээвэрлэлт, бүтэц, бат бэх байдал, ангилан ялгах шинж тэмдэгт сайжруулалт хийж экспортын зах зээл, хэрэглэгчийн шаардлагыг хангах эсэхийг шалгаж байгааг бүтээгдэхүүний чанарын туршилт гэнэ.  Бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанарын туршилт, стандартын шаардлагыг хангасан бол эрх бүхий зохих байгууллага албан ёсоор баталгаажуулж нотлохыг ОУ-ын гэрчилгээ авах үйл ажиллагаа гэнэ. Олон улсын гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүний чанар, үнэ цэнийг харуулах нэрийн хуудас болж экспортын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлдэг.

Энэ ажлын хүрээнд зөрүүний шинжилгээ хийлгэх, аудит хийлгэх, зөвлөхийн үйлчилгээ авах, бүтээгдэхүүний дээжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид илгээх, сургалтад хамрагдах, баталгаажуулалт хийлгэх зэрэг үйл ажиллагааны зардлыг төслөөс нөхөн буцалтгүй тусламж олгоно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь чанарын туршилтыг давж олон улсын чанарын гэрчилгээг авснаар тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортын зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нээх, зорилтот зах зээлд хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж бүрдэх юм. 

-Экспортын зах зээлд бүтээгдэхүүнээ хэрхэн нэвтрүүлэх  вэ?

Экспортлох бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор тухайн сонгосон зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгч, өрсөлдөөн, хууль эрх зүйн орчин судлан, экспортын зах зээлд нэвтрэх стратеги зөв тодорхойлж, экспортод зориулж бүтээгдэхүүний өөрчлөн сайжруулж, маркетингийн стратегийн дагуу бүтээгдэхүүнээ байршуулах, борлуулалтын сувгийг бий болгох зэрэг дараалалтай, хоорондоо уялдаа холбоо бүхий үйл ажиллагааг бүтээгдэхүүн нэвтрүүлэх үйл ажиллагаа гэж ойлгож болно.

Экспортын зах зээлд нэвтрэх олон стратеги байна. Тухайлбал шууд болон шууд бус экспорт, мэдлэг буюу оюуны өмчийг шилжүүлэх, франчайзинг, аутсорсинг, үйлдвэрлэх гэрээ, хамтын эзэмшлийн үйлдвэр байгуулах, экспортын сүлжээнд нэгдэх гэх мэт. Эдгээр олон хувилбараас тухайн аж ахуйн нэгжид аль нь хамгийн тохиромжтой болохыг тогтоохын тулд экспортын зорилтот зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн зан төлөв, өрсөлдөгчийн судалгаа, орчны шинжилгээг хийнэ.  Мөн эдгээр судалгаанд үндэслэн бүтээгдэхүүнээ өөрчлөн сайжруулах, бүтээгдэхүүнээ байршуулах, борлуулах маркетингийн стратегийг оновчтой тодорхойлох боломжтой болох юм.

Эдгээр бүх судалгаа хийх, стратеги боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийн хүссэн бүтээгдэхүүн үйлчилгээг, тохирох үнээр оновчтой газар борлуулах, бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулах арга хэрэгсэл, тэдгээрийн загвар, чиг хандлагыг боловсруулахад шаардлагатай зардлын 50 хувийг төслөөс санхүүжүүлнэ.

Судалгааны үр дүн, мэдлэгт суурилан бүтээгдэхүүнээ өөрчлөн сайжруулах, зах зээлд нэвтрэх стратегиа зөв сонгох нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, итгэлцэл бий болгох, борлуулалтыг өсгөх, тухайн зах зээлд өөрийн байр суурийг эзлэх таатай боломжийг бүрдүүлнэ.

-Та ярилцлагын эхэнд санхүүгийн дэмжлэг олгох зөвшөөрөгдсөн  5 үйл ажиллагаа байдаг тухай дурдаж байсан. Бид эхний 4-ийн ярилцлаа. Тав дахь үйл ажиллагаа буюу экспортын яармаг, үзэсгэлэн худалдаанд оролцох арга хэмжээг танилцуулах уу? 

Экспортын яармаг, үзэсгэлэн худалдаа нь тодорхой нэг салбарын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн танилцуулах, үйлдвэрлэгч болон хэрэглэгч, зуучлагчдыг холбох, сүүлийн үеийн зах зээл, хэрэглээний чиг хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн олон улсын маркетингийн арга хэмжээ юм. Энэ арга хэмжээнд амжилттай оролцохын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлдэг. Үүнд: 

  • Мэдээлэл, судалгаанд үндэслэн оролцох шаардлагатай үзэсгэлэн, яармагийг сонгоно. Хэзээ, хаана, ямар давтамжаар олон улсын үзэсгэлэн худалдааг хэн зохион байгуулж байгааг судлан өөрийн зорилтот зах зээл, хэрэглэгч, зуучлагчтай холбох боломжтой, ач холбогдол өндөртэй хувилбарыг сонгоно.

  • Сонголтоо хийсний дараа тухайн арга хэмжээнд оролцох нарийвчилсан төлөвлөгөө, төсөв, зураг, загварын чиг хандлагыг тодорхойлно. Бүтээгдэхүүнээ бид хэрхэн сурталчлах вэ? Оролцогчдын анхаарал, сонирхлыг хэрхэн татах вэ гэдгээ нэг бүрчлэн тооцож нарийвчилсан зураглал гаргана.

  • Бэлтгэл ажлуудыг хангаж байх явцад зэрэг авч явах шаардлагатай чухал нэг зүйл байдаг. Энэ бол харилцаа, холбоо тогтоох, өргөжүүлэх явдал юм. Үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчийн зүгээс оролцогчдын тоо, холбогдох статистик мэдээллийг бэлтгэж өгдөг. Тэгвэл тэдгээр мэдээллийг ангилан бидний хувьд хамгийн гол зорилтот оролцогчдыг тодорхойлон жагсаалт гаргадаг. Жагсаалтад багтсан оролцогчдод байгууллагын танилцуулга болон уулзах цаг товлож арга хэмжээний үеэр хийх бизнес ярилцлагад урьдчилан бэлтгэдэг.

  • Олон улсын үзэсгэлэн яармагт тухайн аж ахуйн нэгжийг төлөөлөх үзэсгэлэнгийн хөтчийг томилох, сургах ажлыг дараагийн шатанд хийдэг. Хөтөч нь үзэсгэлэнгийн бүхий л явцыг удирдан чиглүүлэх, зохицуулах, холбох үүргийг гүйцэтгэдэг. 

  • Үзэсгэлэн арга хэмжээний дараа эргэх холбоог хангах буюу тогтоосон харилцаа холбоогоо өргөжүүлэх, ажил хэрэг болгох зэрэг маркетингийн дараагийн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдэг. 

Олон улсын үзэсгэлэн яармагтай холбоотой мэргэжлийн зөвлөх, дизайнер хөлслөх, видео танилцуулга хийлгэх, мэргэжлийн зураг авалт хийлгэх, сургалтад хамрагдах үйл ажиллагаанд төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.

Ихэнх хүмүүс үзэсгэлэн яармагийг нэг л удаагийн арга хэмжээ гэж боддог бол үнэн хэрэгтээ энэ нь тухайн аж ахуйн нэгжийг зорилтот зах зээлтэй холбох гүүр болж харьцангуй удаан хугацаанд үр дүнгээ өгдөг. 

-Экспортыг дэмжих төслөөс санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй ААН-д зориулж Экспортын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах гарын авлага боловсруулсан байсан. Энэ гарын авлагын талаар товч танилцуулна уу?

-Дэлхийн банкны баталсан Санхүүгийн дэмжлэг хүсэгч ААН-д тавих шаардлагын нэг нь тухайн ААН шаардлага хангасан Экспортын хөгжлийн төлөвлөгөөтэй байх ёстой юм.  ААН-ийн санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдлийг хараат бус хувийн хэвшлийн төлөөлөл давамгайлсан Үнэлгээний зөвлөл үнэлэхдээ тухайн ААН-ийн ЭХТ нь шаардлагын түвшинд боловсруулагдсан эсэх, энэ төлөвлөгөө хэрэгжих боломжтой эсэхийг гол харгалзан үзэж шийдвэрээ гаргаж байна. Иймд төслөөс ААН-д тусламж болгон ЭХТ боловсруулах гарын авлага боловсруулж хэвлүүлэн үнэгүй тарааж байна. Мөн төслийн цахим хуудсаас татаж авч ашиглаж болно.

ЭХТ гэдэг нь хэн, ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэзээ, хаашаа, хэрхэн экспортлохоор зорьж байгааг харуулсан тухайн байгууллагын зорилтот зах зээлд нэвтрэх, өөрийн байр сууриа эзлэх, бүтээгдэхүүнээ байршуулах, борлуулах, санхүү нөөцөө удирдах стратеги, арга хэрэгслийг тодорхойлсон баримт бичиг юм.  Төслөөс боловсруулсан ЭХТ-ий загвар нь үндсэн 6 бүлгээс бүрддэг. ААН-ийн танилцуулга, зах зээлийн судалгаа, экспортын бүтээгдэхүүн, маркетингийн стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын дараалал, төсөв, санхүүгийн тогтвортой байдал гэх мэт. Гарын авлагын бүлэг бүр нь суурь мэдлэг олгох үндсэн ойлголт, ЭХТ боловсруулах алхам, үе шатыг нэг бүрчлэн тайлбарласан арга зүй, санаа авах, харьцуулалт хийх жишээ, агуулга, дэс дараалал, бүрэн байдлыг хянах шалгах хүснэгт гэсэн хэсгээс бүрддэг. 

-Та шаардлага хангасан ЭХТ гэж хэллээ. Яг ямар тохиолдолд шаардлага хангасан гэж үзэх вэ?

ЭХТ нь агуулгыг бүрэн хамарсан, үнэн бодитой мэдээлэл, тооцоонд суурилсан, тухайн аж ахуйн нэгжид өсөлт авчрах стратеги, шийдлийг агуулсан байх шаардлагатай. Бид даяаршлын эрэн зуунд амьдарч байна. Дотооддоо хийж байгаа бизнесээ өргөжүүлж олон улсын түвшинд гарах нь жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд томоохон аж ахуйн нэгж болж хөгжлийн дараагийн шатанд гарахад нөлөөлөх гол хүчин зүйл юм. Тэгвэл экспортын хөгжлийн төлөвлөгөөтэй болсноор та хэтдээ хүрэх амжилтаа тодорхойлж, түүнд хүрэх алхмуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зураглалтай болох юм. Бид байгууллагуудаас ирсэн ЭХТ-г хооронд нь харьцуулж, уралдуулдаггүй. ААН бүр өөрийн онцлогтой. Хамгийн гол тухайн ЭХТ нь хэрэгжих боломжтой, цаашид тухайн ААН-д бизнесийн ашиг авчрах, тогтвортой экспортлогч болж чадвал төслийн зорилго биелнэ.

ЭХТ-г боловсруулахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх үү? Олон Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд ЭХТ боловсруулах туршлага дутмаг байж болох юм.

ЭХТ-г боловсруулахтай холбоотой гурван төрлийн дэмжлэгийг бид үзүүлдэг. ЭХТ боловсруулах аргачлалын талаар хүсэлт гаргасан ААН-д зориулсан сургалтыг сард нэг удаа зохион байгуулдаг. Энэ сургалтаар бодит жишээ, амжилтын түүх, практик зөвлөгөөг өгч ЭХТ боловсруулж байгаа туршлагаасаа хуваалцах боломжийг оролцогчдод бүрдүүлдэг.  Мөн ЭХТ боловсруулахад зориулж гарын авлага, брошур, танилцуулга үнэгүй өгдөг. Энэхүү гарын авлага нь тухайн ААН ЭХТ-г бие даан боловсруулахад дэмжлэг үзүүлэх жишээ, энгийн үг хэллэг, тайлбар, зөвлөмжийг агуулсан шууд хэрэглээнд зориулсан арга зүйн тусламж гэж ойлгож болно Эцэст нь санхүүгийн дэмжлэг хүсэж өргөдөл гаргасан ААН бүрийг хариуцан ажиллах Бизнес хөгжлийн шинжээчийг төслөөс томилдог бөгөөд тухайн бизнес хөгжлийн шинжээч тухайн аж ахуйн нэгжид ганцаарчилсан зөвлөгөө өгч ЭХТ-г шаардлага хангаж Үнэлгээний зөвлөлд танилцуулахад бэлэн болтол хамтран ажиллаж байна. Гарын авлагын дагуу ЭХТ-г боловсруулах явцдаа манай төслийн бизнес хөгжлийн шинжээчдээс зөвлөгөө, мэдээлэл авах боломж бүх ААН, хувь хүнд нээлттэй байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж