Аялал жуулчлалаас 404 сая ам.долларын ашиг олжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалаас 404 сая ам.долларын ашиг олжээ

Аялал жуулчлалаас 404 сая ам.долларын ашиг олжээ

“ITM-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр /2018.3.30/ нээгдлээ. 19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгийн энэ жилийн түншлэгч аймгаар Завхан аймаг ажиллаж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар оролцов.

 

Н.Цэрэнбат: Энэ онд 470 гаруй мянган жуулчин хүлээн авна

-Аялал жуулчлалын салбараас жилд хэдэн төгрөгийн орлого ордог вэ?

-Богино хугацааны ажлын байр бий болгож, экспортыг дэмжиж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн нэгэн тулгуур болж байгаа салбар бол аялал жуулчлал юм. Тухайлбал, Монгол Улс 2017 онд 470 мянган жуулчин хүлээн авч, 404 сая ам.долларын ашиг олсон гэсэн судалгаа бий. Тиймээс БОАЖЯ-наас аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон. Энэ чиглэлийн дагуу дэд бүтцийн бүтээн байгуулалтаас эхлээд хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Ингэснээр жуулчид зөвхөн байгалийн тогтоц, уул нуруу үзээд буцахаас гадна монголчуудын түүх, өв соёл, ёс заншилтай танилцах боломж бүрдэнэ.

-Монголд аялах таатай орчныг бий болгохын тулд дэд бүтцийн асуудлыг шийднэ гэж байна. Жуулчид Монголд ирэхэд бие засах газар нэлээд хүнд байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Шинэ технологиуд дээр сонгон шалгаруулалт хийгээд явж байна. Хувийн хэвшлийг нүхэн жорлон ашиглахаа болихыг шаардаж, шинэ технологи ашиглахыг шаардана. Энэ онд хоёр газарт албан ёсоор ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажил явж байгаа. Эндээс шалгарсан Монголын хөрсөнд тохирсон, өртөг багатай ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын бүс нутгийн байгууллагуудад санал болгоно.

-Энэ онд аялал жуулчлалын салбарт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Яам аялал жуулчлалд зориулан олон улсын үзэсгэлэн зэргийг бүгдийг нь оруулаад нэг тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн.

Дотоодын 250 гаруй байгууллага оролцож байна

Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр

Үзэсгэлэнгээр олон улсын аялал жуулчлалыг олон нийтэд танилцуулах бус аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдлүүдийг хамтдаа гаргаж байгаа. Хоёрт, шинээр аялал жуулчлалын газар байгуулж байгаа бол Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран эхнээсээ зөв алхмаар явж байгаа. Гуравт, олон улсын олон компани үзэсгэлэнд оролцож байгаа. Энэ нь маш том ач холбогдолтой. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын аялал жуулчлалын тур оператор, агаарын тээврийн компани тэргүүтэй дотоодын 250 гаруй байгууллага, БНХАУ, Турк, Япон, БНСУ, ОХУ-ын Буриад, Тувагийн аялал жуулчлалын төр ба хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож байна. “ITM-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь бизнесийн томоохон цугларалт төдийгүй, салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх уулзалт бүхий Монголын аялал жуулчлалын нэгдсэн арга хэмжээ. 2018 оныг бид хариуцлагатай, мэргэжлийн хамтын ажиллагааг дэмжсэн жил байх болно.  

“Нүүдэлчдийн соёлын наадам” долдугаар сарын 4, 6-нд болно

Түнш аймгийг шалгаруулж үзэсгэлэнг хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил түншээр Завхан аймаг сонгогдож орон нутгаа сурталчиллаа. Үзэсгэлэнгийн үеэр тус аймгийн Засаг дарга Д.Батсайханаас жуулчлалыг хөгжүүлэхээр хийсэн зүйл, хийх ажлыг тодрууллаа. Тэрбээр “Завхан аймаг нь хутагт хувилгаадын өлгий нутаг. Мөн байгалийн унаган төрхөө өнөөг хүртэл хадгалсаар ирсэн. Өвөрмөц тогтоц бүхий газрууд, түүх, соёлын биет болон биет бус өвүүдээ эко аялал жуулчлал, нүүдлийн соёлтой хослуулан хөгжүүлсэн. Түүнчлэн нүүдэлчин ардын ахуй соёлыг дэлгэрүүлэх зорилгоор 2017 онд Монголдоо төдийгүй дэлхийд гайхуулах “Нүүдэлчдийн соёлын наадам” арга хэмжээг анх удаа амжилттай зохион байгуулсан.  Цаашид аймгийн онцлогт тохируулан жуулчдын сонирхлыг татахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэх зорилго тавьж байна. Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран “Нүүдэлчдийн соёлын наадам-2018” арга хэмжээг Улаагчны хар нуурын эрэгт долдугаар сарын 4, 6-нд зохион байгуулна.

Үзэсгэлэнд анх удааг Япон, БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл оролцлоо. Өнгөрсөн жил 18 аймгийн жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, музей зэрэг дотоодын 289 аж ахуйн нэгж оролцож байсан юм.

“ITM-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Мишээл экспо” төвд дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн Шилдэг оролцогч, Өвөрмөц оролцогч, Санаачлагатай оролцогч зэргийг шалгаруулах ажээ.

 
 

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж