Д.Сумъяабазар сайд Казахстаны алт, мөнгө цэвэршүүлэх "Тау-Кен" үйлдвэртэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар сайд Казахстаны алт, мөнгө цэвэршүүлэх "Тау-Кен" үйлдвэртэй танилцлаа

Д.Сумъяабазар сайд Казахстаны алт, мөнгө цэвэршүүлэх "Тау-Кен" үйлдвэртэй танилцлаа

ЗГХК-ын хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Казахстаны Үндэсний Сангийн ‘Самрук-Казына’-ийн дарга А.Есимовтай уулзлаа. Уулзалтаар талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Казахстан Улсын сайн жишгүүдийг салбарын бодлогод зохистойгоор ашиглах зэрэг асуудлаар санал солилцож, байр сууриа нэгтгэсэн юм.

Мөн энэ үеэрээ Казахстаны алт, мөнгө цэвэршүүлэх ‘Тау-Кен’ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. ‘Тау-Кен’ үйлдвэр нь өнгөрсөн жил 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлсэн байна. Тус үйлдвэр ирэх наймдугаар сад олон улсын зах зээлд металл борлуулах эрхээ авах аж.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ЗГХК-ын хуралдааны протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр ‘Манай хоёр улсад ижил төстэй олон салбарууд бий. Тухайлбал, уул уурхайн салбар дахь алт, уран, зэс, газрын тосны үйлдвэрлэлийн чиглэлд бид хамтран ажиллахад нэн тохиромжтой. Энэ талаар бид ярилцаж, тодорхой салбарууд дээр хамтарч ажиллах асуудлаар санал солилцож, байр сууриа нэгтгэлээ. Жишээ нь, алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах асуудлыг ЗГХК-ын тогтоолд оруулж байна. Бид Казахстаны алт цэвэршүүлэх үйлдвэрлэлийн туршлага, холбогдох мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үүний дагуу хөрөнгө, санхүү, байршил зэрэг олон асуудлаа шийдэн ажиллах юм. 

Казахстан Улс алт цэвэршүүлэлтийн өндөр технологийг нэвтрүүлж, улсынхаа бүх алтыг Төв банкиндаа хадгалж буй нь үндэстнээ бодсон, эх оронч шийдвэрүүд гаргажээ гэж дүгнэгдэж байна. Энэ жишгийг Монгол Улсад хэрэгжүүлэх, зөв явж буй дэвшилттэй салбаруудын туршлагыг нэвтрүүлэх чиглэлийг бид барьж ажиллана’ гэсэн байр суурийг илэрхийлэв. 

Мөн тэрбээр ‘Бид ураны салбарт явуулж буй Казахстан Улсын туршлага, хөрш орнуудын оролцоог хэрхэн хангаж ажиллаж байгаа хэлбэрээс их зүйл сурч болохоор байна. Ер нь аливаа оронд гуравдагч хөршийн оролцоог тухайлсан салбарууд дээр ханган ажиллах нь ихээхэн чухал байдаг’ хэмээн тодотгосон юм. 

 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж