Ядуу орны өвчин хөгжингүй Монголыг дарласан хэвээр

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Ядуу орны өвчин хөгжингүй Монголыг дарласан хэвээр

“Аюулт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ” гэсэн гарчиг бүхий нийтлэл 1920-иод оны эхэн буюу их хямралын үеэр Америкийн нэгэн сонинд нийтлэгдэж байжээ. Тэр цаг үед АНУ-д халдварт шар өвчний дэгдэлт хамгийн дээд цэгтээ хүрч байж. Хямралын үеэр ажилгүйдэл, ядуурал дээд цэгтээ хүрч эрүүл ахуйн наад захын шаардлагыг ч хангах талаар бодох ч сөхөөгүй байсан болохоор шар өвчин ийнхүү ихээр тархаж байжээ. Энэ бол одоогоос 90 гаруй жилийн өмнө болсон явдал.

“Засгийн газрын ээлжит хуралдаанаар халдварт шарын эсрэг арга хэмжээ авахаар боллоо”, “Халдварт шарын дэгдэлт өндөр байна” гэх мэтийн мэдээлэл XXI зууны Монгол оронд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн голлох сэдвүүдийн нэг байсан хэвээр л… Саяхны мэдээллээс дурьдвал Төв аймгийн Борнуурт халдварт шарын дэгдэлт огцом нэмэгдэж  одоог хүртэл буураагүй байгаа юм. Өнгөрөгч гуравдугаар сараас эхэлсэн халдварт шарын дэгдэлт таван сарын дараа ч намжихгүйгээр барахгүй улам л даамжирсан гэх. Сүүлийн үеийн судалгаанаас харвал халдварт шарын тархалт нийт хүн амын дунд 25 хувийг эзэлж, нийт хүн амын нас баралтын шалтгаанаар хоёрдугаар байранд бичигдэж  байна. Гэвч бид энэ өвчинтэй хоцрогдсон аргаар тэмцэж байгаа гэх. Энэ өвчинтэй тэмцэх удирдамжийг одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1970 онд Эрүүлийг хамгаалах газраас гаргажээ. Харамсалтай нь, одоо болтол бид энэ удирдамжаасаа салж чадаагүй л байна. Дэлхийн эмнэлгийн практикт вируст гепатит буюу халдварт шар өвчнийг заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэж үздэг. Харин манайд энэ өвчнийг эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай өвчлөлүүдийн тоонд оруулсан байдаг аж. Чухамдаа 30-40 жилийн өмнө баталсан удирдамжинд ингэж заасан болохоор тэр. Гадны мэргэжилтний хэлж буйгаар бол эмнэлэгт хэвтсэнээр харин ч  вирусын дархлаа сайжирдаг төдийгүй антибиотикт дасал болдог байна.

Анх 1952 онд манай улс энэ өвчнийг тусгай бие даасан өвчин хэмээн бүртгэж авчээ. 1960 онд манай улсад халдварт шар өвчний тархалт дээд цэгтээ буюу 10 мянган хүн тутамд 200 хүн болж өсчээ. Энэ үед шар өвчин вирусээр үүсгэгддэг гэдгийг нь зөвхөн таамаглаж байжээ. Ийнхүү 1970-аад оны эхээр тусгай удирдамж гарган эмчлэх болжээ. 1991 онд манай улс анх удаа халдварт шарын эсрэг вакцин гарган авсан аж. Тухай үед нэг вакцин бүтэх зардал 100 гаруй ам.долларт хүрч байсан учир жирийн иргэд авч тэр бүр чаддаггүй байжээ. Тиймээс үр дүнгээ бүрэн өгч чадаагүй гэдэг. Энэ цаг үеэс хойш 20 гаруй жил өнгөрчихөөд байхад одоог хүртэл шинэ вакцин гаргаж аваагүй л байна.

Харин 2002 онд үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулж 2010 он гэхэд өвчлөлийг 10 мянган хүн тутамд 10-15 болгох зорилго дэвшүүлжээ. Гэтэл товлосон хугацаанаасаа даруй нэг жил өнгөрчихөөд байхад зорилтдоо хүрч чадсангүй. Одоо хүртэл нэг жилд 10 мянган хүн тутамд 20-25 хүн энэ өвчнөөр өвчилдөг. Хамгийн аюултай нь нийт халдвар авч байгаа хүмүүсийн дийлэнх хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа гэх. Эрдэмтдийн нотолж байгаагаар бага насандаа ийм халдвар авахад өвчин архагших боломж нь өндөрсдөг ажээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өвчин нэг хэсэг нуугдмал байдалтай байсан ч 30-40 насны үед элэгний хавдар болон элэгний церёз болон хүндрэх магадлал өндөрсдөг гэж ойлгож болно. 

Өндөр хөгжилтэй улс орнуудад халдварт шарын тохиолдол хэдэн жилийн өмнөөс алга болсон байдаг ч хэвлийд байхад нь шинжилгээ хийн дөнгөж төрмөгц нь вакцин хийдэг тогтолцоо үйлчилж байгаа аж. Харин тархалт нь дээрх өндөр хөгжилтэй улсуудаас хэд дахин илүү ч Монголд энэ дэвшилтэт тогтолцоо алга. Гадны орнуудын халдварт шарын дэгдэлтийг зогсоосон туршлага гэвэл юун түрүүнд иргэдэд мэдлэг, мэдээлэл олгож байсан явдал ажээ. Тухайлбал Англи улсад энэ өвчний тухай мэдээллийг иргэдэд өгөхийн тулд BBC радиогоор өдөр бүр 20-25 минутын мэдээлэл явуулдаг байсан түүхтэй. Түүнчлэн АНУ-д халдварт шарын тухай тусгай хичээлийг хүртэл дунд сургуулийн хөтөлбөрт нь оруулж байжээ. Одоо АНУ-д энэ өвчний тархалт нэгэнт зогссон ч эрүүл мэндийн хичээлд нь тусгай сэдэв болгон заадаг аж. Харин энэ өвчний дэгдэлт их байгаа орнуудын тоонд Африкийн ихэнх орон тухайлбал, Судан, Алжир, Лесото, Малави зэрэг бүгд ядуу буурай, эдийн засгийн хувьд сул, дорой орнууд байдаг ажээ. Гэтэл байгалийн асар их баялагтай хэмээн бүртгэгдэж, дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа манай улс тэдэнтэй зуузай холбон цохиж явна. Бүс нутагтаа хүртэл дэгдэлт өндөртэй орнуудын тоонд багтдаг гэх. Манайхаас хөгжлөөр тааруу Балбад хүртэл энэ өвчний эсрэг вакциныг гаргаж аван тархалтыг нь бууруулж чаджээ. Нэгэнт бодит байдал дээр ийм дүн зурайж байгаа учраас дэлхий нийтийн эрдэмтэд үүнийг “Ядуу орны өвчин” гэх тодотголыг өгөөд байгаа билээ.

Анагаах ухааны академийн ерөнхийлөгч Л.Нямдаваагийн хэлж буйгаар манайд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо ойрын 10 жилдээ буурахгүй гэнэ. Манайхаас өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн 50 жилд тохиолдол бараг бүртгэгдээгүй энэ өвчин манайд нас баралтын дийлэнх шалтгааныг эзэлсээр байна.

Моод монголоор дуусдаг гэх энэ тогтолцоог бид хэзээ арилгах бол….

Б.Болорсүх /сурвалжлагч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж