Плэй-оффын байрлалын төлөө өрсөлдөж буй Лос-Анжелес Кингс баг өнөө өглөө талбайдаа Аризона Койотис багийг хүлээн авч 4-2 харьцаатай буулгаж авлаа. Тус тоглолтонд багийн дэд ахлагч 33 настай Ж.Картер 3 гоол оруулж багийнхаа ялалтанд голлох үүрэг гүйцэтгэлээ. Ж.Картер өнгөрсөн 1 сард бэртэл авч 2 сарын сүүлээр эргэн ирээд байсан. Энэ улиралд ердөө 20 хүрэхгүй тоглолтонд оролцоод байгаа ч өнөөдөр улирлын шилдэг тоглолтоо үзүүлж багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Ийнхүү Лос-Анжелес Кингс баг талбайдаа хожил байгуулж улирлын 78 тоглолтоос 43 хожил байгуулж 93 оноотой болж байна. Дивизиондоо 3-р байраа баталгаалжуулж байгаа бөгөөд плэй-оффын байрлалаа хадгалж чадсан. Тэдний дараагийн учраа нь нэг бүсийн, нэг дивизионы, плэй-оффын төлөө гол өрсөлдөөн үзүүлж буй Анахайм Дакс байх юм. Анахайм Дакс багтай хийх тоглолт хоёр багийн хувьд маш чухал бөгөөд хожил байгуулж чадсан нь байрлалаа баталгаажуулах боломжтой болно.
Б.БЯМБАБАЯР