Нийтийн тээврийн салбарт Беларусь улстай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн салбарт Беларусь улстай хамтран ажиллана

Нийтийн тээврийн салбарт Беларусь улстай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Вовк Виталий Михайловичийг өнөөдөр /2018.03.30/ хүлээн авч  уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Хүнс хөдөө аж ахуйн  газрын дарга Д.Баянбат, Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чепурной Станислав Владимирович, Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн яамны Гадаад эдийн засгийн харилцааны ерөнхий газрын зөвлөх Павловский Павел Викторович, Гадаад хэргийн яамны Ази, Австрали, Африк, Латин Америкийн ерөнхий газрын  Ази, Африк, Номхон далайн улсуудын газрын ахлах зөвлөх Ожигало Ольга Владимировна, “МАЗ” ХХК-ийн Зүүн өмнөд Азийн орнууд руу автотехникийг нийлүүлэх хэлтсийн дарга Ивашко Валерий Ярославович болон бусад албаныхан оролцов. Тус албаныхан нийтийн тээврийн салбар тэр дундаа цахилгаан тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуй буюу хот тойрсон эрчимжсэн аж ахуйг сайжруулах, хот тохижилтын тоног төхөөрөмж, лифтны үйлдвэр бий болгох зэрэг асуудлаар хамтарч ажиллах талаар санал солилцсон  юм.

Бүгд Найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд Вовк Виталий Михайлович “Манай улсын зүгээс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Бид Улаанбаатар хотын нийтийн тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтарч ажиллахаас гадна танай хотод лифтны үйлдвэр бий болгох, хот тохижилтын техник тоног төхөөрөмж зэргийг нийлүүлэхдээ таатай байх болно. Мөн манай улсын Засгийн газрын зүгээс 50 сая еврогийн тусламж үзүүлэх болсон талаар дуулгахад таатай байна. Энэ хүрээнд хоёр тал олон салбарт өргөн хүрээнд хамтарч ажиллах бүрэн боломжтой” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бид бүхэн таны саналыг маш таатайгаар хүлээн авч байна. Улаанбаатар хотод танай улсын “МАЗ” ХХК-ийн үйлдвэрлэсэн 20 автобус үйлчилгээнд явдаг. Эдгээр нь ямар нэгэн эвдрэл гэмтэл, асуудалгүй одоог болтол үйлчилгээнд явж байгаа. Тиймээс нийтийн тээврийн салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна. Нийслэл хотод энэ салбарыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Лифт ашиглалтын асуудал Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлын нэг. Хуучны байруудад лифт ашиглах нь маш эрсдэлтэй болсон.  Олон жилийн эдэлгээнээс үүдэн  хуучирч, ашиглалтын шаардлага хангахаа больсон. Тиймээс шинэчлэх ажлыг шат дараалан хийж байна. Одоогоор урд хөршөөс үнэтэй лифт оруулж ирж ашиглаж байна. Иймд найдвартай, боломжийн өртөг бүхий бага хэмжээний лифтны үйлдвэртэй болох талд хамтарч ажиллахад таатай байх болно. Хөдөө аж ахуйн салбарын хувьд Улаанбаатар хотын сүүний аж ахуй , хот тойрсон эрчимжсэн аж ахуйг сайжруулах талд хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй.  Дээрх салбарт Бүгд Найрамдах Беларусь улстай хамтарч ажиллахад таатай байх болно. Хоёр улсын хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулж тус улстай хамтарч ажиллах төсөл хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтэд анхаархаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж