Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ‘Тайшир Алтай ус хангамж’ төслийг 14 сая еврогийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр /2018.03.30/ Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар уг төслийн гүйцэтгэгч компанитай хамтын ажиллагааны гарын үсэг зурлаа. Энэ үеэр Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан “Барилгын салбарын хувьд өнөөдөр нэгэн шинэ төсөл хэрэгжихээр болж байна.
Говь-Алтай аймгийн төвд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 14 сая еврогийн зээлийн хөрөнгөөр барихаар болж байна. Уг төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжиж, Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52 км шугам хоолойгоор дамжуулан тус аймгийн төвд Есөнбулаг суманд хүргэж хүн амын ундны усны стандартад нийцсэн усаар хангах юм.
Говь-Алтай аймгийн төв 20 мянган хүн амтай. Иргэдийн ундны усны асуудал маш хүнд байгаа. Өнөөдрийн байдлаар 30 км-ийн цаанаас машинаар ус зөөж хэрэглэдэг. Энэ төсөл хэрэгжсэнээр гадаргын усыг 52 км газраас хоолойгоор татаад аймгийн төвийн иргэдэд хүргэх юм.
Уг төслийн тендерт Австрийн “Тиролер Рооре” компани шалгарсан. Тиймээс бид гэрээ байгуулан, энэ ажлыг эхлэхээр болж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сум нь зургаан багтай, 5600 айл өрх айлтай. Нийт хүн амын 32.1 хувь нь буюу 20 мянган хүн ам ажиллаж амьдарч байна. Энэ төсөл нь Монгол Улсад гадаргын усны эх үүсвэрийг хүн амын ундны усны хангамжид хэрэглэж эхлэх анхны шийдэл болох юм. Өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймгийн иргэд 52 км-ийн цаанаас ундны усыг зөөж уудаг байсан. Энэ гэрээнд гарын үсэг зурснаар ард иргэдэд стандартын шаардлага хангасан ундны усыг авах боломж бүрдэж байна. Миний хувьд гарын үсэг зурах гэж байгаад маш их баяртай байна. Хоёр жилийн хугацаанд хийж дуусгах төлөвтэй байгаа” гэв.
Мөн ус хангамжийн хүртээмж нэмэгдсэнээр алслагдсан бүс нутагт мал сүргийг цэвэр усаар хангах, нүүдлийн амьдралын хэв маягийг хагас суурин хэв маягт оруулж ажлын байр, хүн амын боловсролын ерөнхий түвшин дээшлэх зэрэг олон ач холбогдолтой аж.
Э.Ариун