НИТХ-ын ээлжит бус III хуралдаан Хангарьд ордны 14 давхарын хурлын танхимд эхэллээ. Хуралдаанд 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 31 төлөөлөгч хүрэлцэн ирснээр, хурлын ирц 69 хувьтайгаар үргэлжилж байна.
Энэ удаагийн хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны нэгдүгээр улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсоно. Түүнчлэн Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, ажлын хэсгийн танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Өөр нэгэн анхаарал татсан асуудал нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулгыг сонсох аж. Дээр нь, НИТХ-ын бүтцийг өөрчлөх, ‘Хуралдааны дэг’-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтож, хэлэлцэх асуудлын жагсаалтыг НИТХ-ын дарга С.Амарсайхан танилцуулж, төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлыг баталж, хэлэлцэхээр тогтлоо.
Л.ХАЛИУ