Би эх орны хишгээ авмаар байна

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Би эх орны хишгээ авмаар байна

Би оюутан биш. Гэхдээ Монгол Улсын иргэн. Монгол Улсын олон мянган ажилчин албан хаагчийн нэг. Татвар төлөгч, бас сонгогч.  Энэ бүхнийг дурдахын учир нь эрх баригч намуудаас амалсан амлалтыг  асууж тодруулахыг хүссэн юм. Би “Амлалт нэхэх өрд түмний хөдөлгөөн”-ийн гишүүн бус. Гэхдээ л амалсан амлалтаа биелүүлэхийг өнөөгийн эрх баригч намуудаас шаардах ёстой бүрэн эрхтэй иргэн.

Миний адил мянга мянган иргэн /оюутан биш/, миний хүүхдүүд, миний хүүхдүүдийн адил хүүхдүүд эх орны хишиг, эрдэнийн хувиа хэзээ, ямар хэлбэрээр авах вэ гэдгээ хэн нэгэн даргаас асуумаар л байгаа. Оюутнууд эх орныхоо хишгийг авчихлаа, одоо иргэд нь яах вэ.  Оюутан биш нөхдүүдийн асуудал огтоос сонин биш гэж үү. Би сонгогч. Сонгогч хэмээн сануулах, тодруулахын учир нь би оюутнуудын адил санал өгдөг, сонгууль өгөх эрхтэй. Өөрийнхөө болон үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, ирээдүйн төлөө, амьдралынхаа төлөө сонгууль оролцож, иргэн хүнийхээ үүргийг биелүүлдэг. Энэ үүргээ ч ирэх жил бас хүлээх байх. Үүнийг сүрдүүлэг гэж ойлгох хэрэггүй гэдгийг эрхэм улстөрч, энэ парламентийнхэнд сануулахыг хүснэм. “Хүний хөгжил сан”-гаас  1.5 сая төгрөгийг  бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгох журмыг Засгийн газар баталсан.  Уг журмаар “Иргэд 500 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэнийг нь эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцны зээл болон даатгалдаа нэмэрлэх хэлбэрээр бэлэн бусаар авч болно” гэж заасан. Сургалтын төлбөрөөс бусад хэлбэрээр эх орны хишиг, эрдэнийн хувиа хүртсэн иргэд энэ улсад байхгүй.

Өнөөгийн эрх баригч намууд өнгөрсөн сонгуулийн үеэр ихээхэн том амлалтыг иргэдэд өгсөн. Энэ нь эх орны хишиг, эрдэнийн хувь гэх иргэдэд өгөх нэг сая 500 мянган төгрөг.  Энэ мөнгөө би авмаар байна. Эх орны хишиг, эрдэнийн хувиа хэрэгтэй  зүйл, хэрэгцээтэй бараандаа зарцуулмаар байна.

Өнгөрсөн 2008 оны сонгуулиар эрх баригч намууд иргэдэд өгсөн амлалт бол эх орны хишиг болоод эрдэнийн хувь. Эх орны хишиг, эрдэнийн хувийг иргэдэд тараалаа гэхэд Монгол Улсад 4.8 их наяд төгрөг хэрэгтэй гэх. Энэ бол Монгол Улсын хоёр жилийн  хуримтлал. УИХ-ын 2008 оны сонгуулиар Оюутолгойн төслөөс олз олно хэмээн тооцсон ч, тэдний тооцоолол талаар өнгөрсөн. Тиймээс өнөөдөр эх орны, хишиг, эрдэний хувиа авсан хүн оюутнуудаас өөр байхгүй. Оюутнууд сар бүр хүртэж байгаа 21 мянга, дээрээс сургалтын төлбөр хэлбэрээр авч байгаа 500 мянгыг нэмээд  тооцвол эх орны хишиг, эрдэнийн хувиа аваад дуусч байгаа гэнэ. Учир нь өчигдрийн засгийн газрын хуралдаанаар оюутнуудад ирэх хичээлийн жилд дахиад 500 мянган төгрөгийг сургалтын хэлбэрээрх олгох болсноо Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Оюутнууд эрхбаригч намуудын амласан амлалтыг хүртсэн бол оюутан биш нь яах вэ.

Тиймээс иргэд хэзээ эх орны хишгээ хүртэх талаар Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ХХҮГ-ын хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодруулсан юм. Түүний хэлснээр бол оюутан биш хүмүүс эх орны хишиг эрдэнийн хувиа хэрхэн хүртэл талаар ирэх намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж магадгүй нь бололтой. Сар болгон банкны өмнө оочерлож, бөөн дараалал, ачаалал болж байж мөнгөө авдаг 21 мянга маань эх орны хишиг, эрдэнийн хувийн нэгээхэн хэсэг шүү гэдгийг ч иргэдэд сануулахыг тэрбээр хүссэн. Тэгэхээр иргэд ерөнхийдөө нэг сая төгрөг авах л үлдээд байгаа бололтой. Оюутнууд тухайд сар бүр авдаг 21 мянга, өнгөрсөн жил сургалтын төлбөрт зориулагдсан 500 мянга, өнөө жил хүртэх 500 мянга гээд ерөнхийдөө нэг сая 500 мянган төгрөгөө авчихаад байгаа гэнэ.  Харин эрхэм даргын хэлнээс оюутан биш хүмүүс, хүүхдүүд хэзээ, хэрхэн авахыг ирэх намрын чуулганаар шийдэх бололтой. Гэхдээ үүнийг эхлээд төсөвт суулгах ёстой гэдгийг ч тэрбээр онцолсон.Тэгэхээр энэ жилдээ л лав хүртэхгүй нь дэг.

Би дахиад сурлаа гэхэд эчнээ бо­лон төгсөх ангийн оюутнууд хүртэж чадахгүй энэ мөнгөнөөс амталж ба­рах­гүй нь тодорхой. Тэгэхээр орон байрны зээлдээ эх орны хиш­гээ суутгаж болохгүй гэж үү. Зээл­гүй бол хүссэн зүйлээ эрдэнийн хувиа­раа авч болохгүйм болов уу. Эх орны хишиг, эрдэнийн хувийг өгөхөөр амалсан эрхбаригчид “Эр­дэнэс Тавантолгой”-н хувьцааг энэ мөн­­­­гөндөө шингээчих юм биш биз дээ. Энэ хувьцааг эх орны хишиг, эрдэнийн хувиа хүртэж байгаа оюут­нууд, оюутан биш хүмүүс, хүүхдүүд, хөгшчүүд адилхан хүртэнэ. Газрын баялгаа ижил тэгш хүртээх буй төрийн хишиг болохоос Эх орны хи­шиг, эрдэнийн хувь хэмээн эндүүрэх хэрэггүй биз. Эсвэл оюутан биш хүмүүс ондоо хууль үйлчилдэг юм уу. Би оюутнуудад “харшилгүй”. Гэх­дээ би тэдний адил эх орны хиш­гээ өөртөө болон үр хүүхдэддээ ав­маар байна. Үнэндээ эрх баригч намуу­дын амалсан эрдэнийн хувь, эх ор­ны хишгийг оюутнуудаас он­доо хүмүүс төдийлөн хүртээгүй бай­­­­гааг төр өөрөө ч мэдэж байгаа байх. Орон сууцны зээл, эмчилгээ үйлчилгээндээ авч болохгүй юм бол эх орны хишиг, эрдэнийн хувь иргэдэд ялгавартайгаар үйлчилнэ гэдгээ эрх баригч намууд хэлэх хэ­рэг­тэй байх. Иргэдийн хулхин дээр цэцэг ургуулж, хуурч, хулхидсаар ирэх оны сонгуультай золгох дэг. Оюу­тан залуусаас гадна, оюутан биш хөгшид, хүмүүм сонгууль өгч, сон­гох эрхтэй гэдгийг сонгуульд орол­­­­­цож байгаа эрх баригч намууд, эр­­­­­хэм гишүүд эрхбиш гадарлаж бай­гаа биз. Ямарч байсан би эх орны хиш­гээ авмаар байна. Яаж өгөх нь ха­­­­рин та нарын хэрэг эрхбаригчид аа.

Ж.Нямсүрэн /тоймч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж