Монголын хөдөө аж ахуйн бирж нь ирэх дөрөвдүгээр сарын дундаас БНХАУ-ын ‘Бохай’ биржтэй хамтран ноолуурын хил дамнасан арилжааг эхлүүлэх гэж байна. Хил дамнасан арилжааг цахимаар дамжуулан хийх юм.
Энэ талаар Монголын хөдөө аж ахуйн биржээс өнөөдөр /2018.03.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Засгийн газар ноолуурын боловсруулалтын төвшинг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ‘Ноолуур’ хөтөлбөрийг баталсан байдаг аж. Үүнд Монголын хөдөө аж ахуйн бирж голлох үүрэгтэй оролцох бөгөөд дээрх ажлын эхлэл болж, энэхүү хил дамнасан арилжааг хийх болжээ.
Дэлхийн ноолуурын зах зээлийн түүхий эдийн гол бэлтгэн нийлүүлэгч нь Монгол, БНХАУ, Иран, Афганистан, ОХУ зэрэг орнууд аж. Монгол Улс дэлхийн ноолуурын 40 орчим хувийг бэлтгэдэг. Чанарын хувьд Монгол, Хятадын ноолуур дэлхийд дээгүүрт үнэлэгддэг байна. Иймээс эрэлт байна гэж тодорхойлж болох аж.
Иймд бид Монголын хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатараас дараах тодруулгыг хийлээ.
-‘Бохай’ биржтэй хамтарч ажилласнаар ноолуурын бизнест өөрчлөлт гарах уу. Одоо бол малчдаас шууд ченжүүд авдаг тогтолцоо үйлчилж байна?
-Нэлээн том өөрчлөлт гарна. Хэдийгээр арилжаа эхлээгүй байгаа ч ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон үйлдвэрүүд ‘Бохай’ биржээр дамжуулан түүхий эдээ арилжаална гэдэг дээр санал нэгдсэн, хамтарч ажиллахаар бэлтгэлээ хангаж байна.
Ийм тогтолцоонд шилжихээр үйлдвэрүүд манай биржид захиалгаа өгөөд түүнийг нь ‘Бохай’ бирж дээр тавиад хоорондоо арилжаа явуулах бололцоо нээгдэж байгаа.
Манай биржийн үйл ажиллагаа ажлын таван өдөрт нээлттэй. Өдөр болгон арилжаа явагдана.
-Малчдыг биржтэйгээ яаж холбох вэ?
-Бид малчин хоршоогоороо дамжуулаад арилжааг хийх бодлого барьж байна. Ингэхгүй бол малчин бүр 10, 20 кг ноолуур арилжаална гээд захиалга өгвөл их төвөгтэй. Хоршоо нь захиалга аваад өгөхөд ноолуур нь тонноор яригдана, үнийн хувьд ч өсөх бололцоотой.
Ийм бололцоо нээгдэж байгаа учраас хоршоод мөн хамтран ажиллахаар захиалгаа өгч байна. Замд бас дамжлага байхгүй, шууд эцсийн хэрэглэгчдэд хүргэнэ.
Нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Үндэсний үйлдвэрлэгчид чармайлттай ажиллах хэрэгтэй. Бидний зорилго бол 3-4 жилийн дараа угаасан ноолуур экспортолдог орон биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орон болох ёстой юм.
-Ноолуурын арилжаа хэзээнээс эхлэх вэ?
-Ирэх дөрөвдүгээр сарын 15-аас эхэлнэ. Одоо мэдээлэл технологийн чиглэлээр арилжааны журмын талаас тохиролцох ажил бий.
-Олон улсын бирж дээр үндсэндээ гарах болохоор үнэ өсөх бололцоотой гэж ойлгож болох уу. Зах зээл дээр ноолуурын үнэ ямар байгаа бол?
-Олон улсын зах зээл дээр угаасан болон самнасан ноолуур ямар үнэтэй байна, түүгээр л арилжаална. Өөрөөр хэлбэл, Хятадын зах зээлийн үнэ түүнийг дагаад явж байгаа. Өнгөрсөн онд бид мэдээлэл авахад угаасан ноолуурын үнэ 1 кг нь 500 юань гарсан. Төгрөг шилжүүлбэл энэ нь 200-гаад мянган төгрөг. 20 хувийн ашиг байгаа л гэсэн үг.
Ер нь бол ноолуурын зах зээлд хятадууд өргөн хүрээтэй ажилладаг. Ноолуурыг боловсруулаад ээрсэн утсаа Монгол, Япон, Италид борлуулдаг. Тэгэхээр манайхан ноолуураа угаагаад экспортлох бус ээрсэн утас хийдэг болж, орлогоо өндөр болгох бололцоо байгаа. Энэнд л ноолуурын ач холбогдол оршино.
-Монголын хөдөө аж ахуйн бирж дээр ноолуурын үнэ хэд байна вэ?
-Зах зээл дээр энэ жил нэг кг ноолуур 101-102 мянган төгрөг байх шиг байна. Ноолуурын чанар бас гайгүй байна. Бирж дээр нэг кг ноолуур 100 мянган төгрөг байгаа. Удахгүй үнэ тогтоно.
Г.ДАРЬ