Ө.Мөнхсайхан: Grill Studio Dining & Lounge бол Номадсын сүлжээ ресторануудын цоо шинэ дүр төрх

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Ө.Мөнхсайхан: Grill Studio Dining & Lounge бол Номадсын сүлжээ ресторануудын цоо шинэ дүр төрх

Ө.Мөнхсайхан: Grill Studio Dining & Lounge бол Номадсын сүлжээ ресторануудын цоо шинэ дүр төрх

“Ил гал дээр Студид урласан өвөрмөц Сайхан Стейкийг “Grill Studio” Dining & Lounge-д зоогло”  Зорин ирсэн үйлчлүүлэгчдэдээ ийм дотно, сайхан сэтгэгдлийг төрүүлэх дээд зэрэглэлийн ресторан Богдхан уулын хормойд орших “Будда виста”-д үүд хаалгаа нээлээ.


Энэ рестораныг яагаад “Студи” гэж тодотгох болов, хүмүүсийн сэтгэлийг урлагийн бүтээл адил баясгах амтат хоолнуудынх нь гайхамшиг юунд оршино вэ, анхны сэтгэгдлээс үүдэлтэй олон “Яагаад”-ынхаа хариултыг авахаар “Номадс Хоспиталити” ХХК-ийн Технологи, үйлдвэрлэлийн албаны дарга Ө.Мөнхсайхантай ярилцсан юм. 

– Grill Studio…Танай рестораны нэр тун содон сонсогдож байна. Энэ нэрийг зоог бүтээх, зоог хүртэх урлан гэж ойлгож болох уу?

– Тийм ээ, “Үйлчлүүлэгч бол хаан” гэдэг шүү дээ. Тэгэхээр бидний чин хүсэл Grill Studio-г зорин ирсэн үйлчлүүлэгчид буюу “хаад”-даа зоог бүтээхүйн урлагийг мэдрүүлэхийг зорьсон. Үхрийн дээд зэрэглэлийн зөөлөн махан стэйк хоолоор үйлчилдэг газар Улаанбаатар хотод маш цөөн. Харин манай ресторан нь олон үндэстний төрөл бүрийн хоолыг өвөрмөц онцлог жор, технологиор нь бэлтгэн, боловсруулж Ил гал дээр урлан үйлчлэх онцлогтой.

Тиймээс бид төрөл бүрийн амт, чанартай махан хоолыг зочдынхоо хүссэн сонголтоор нь Европ стандартын дагуу дунд зэргийн – medium,  бараг гүйцэд-medium well, бүрэн гүйцэд шарсан- well done байдлаар ил гал дээр шарж урлах ГРИЛЛ болон уух зүйлсийн БАР гэсэн хосолсон хэлбэрээр зочдодоо үйлчилгээгээ барьж байна. Тухайлбал, нэг сантиметр (1см) зузаан мах тутамд шарсан махаа хоёр минут орчим амрааж, махныхаа шим шүүсийг бүрэн хэмжээнд тарааж, жигд болгодог.

Мөн рестораны маань өөр нэгэн онцлог нь хотын төвөөс зайдуу, дуу чимээнээс хол, орчин үеийн лофт өвөрмөц хэв маягийн тав тухтай орчинг бүрдүүлж чадсан хоолны урлан бүхий Grill Studio юм аа.

– Махыг урлагийн хэмжээнд шарахын тул шинэ технологи, төхөөрөмж оруулж ирж байгаа гэж сонссон?

Манайх дээд зэрэглэлийн premium махыг 3 төрлөөр урлан шарж байна. Нэгдүгээрт ил галаар буюу хус модны нүүрсийг цогшуулж мах болон хүнсний ногооны өвөрмөц амт үнэрийг өөртөө шингээж илүү амтлаг болгодог аргентин грилл аргачлалаар, хоёрдугаарт жоспер грилл төхөөрөмжөөр битүү аргаар шарсанаар махыг илүү зөөлөн, шүүслэг болгодог. Гуравт утах аргаар жимсний модыг цогшуулж үүссэн үнэр болон амтыг боловсруулж байгаа бүтээгдэхүүндээ шингээж өгдөг онцлогтой арга юм. Энэхүү төхөөрөмийг анх удаа бид монголд оруулж ирэн үхэр болон тахианы мах, бяслаг зэргийг утаж үйлчэхэд бэлэн болсон. 

– Нэг зүйлийг тодотгох нь зүйтэй байх. Grill studio Dining & Lounge-ийн хувьд Номадсын сүлжээ рестораны дэргэдэх олон үндэстний хоолны салбар нь. Шинээр байгуулагдсан болоод ч тэр үү хаалгаар орж ирмэгц бүх зүйл нь шинэ, шинэлэг, хүмүүст сайхан орчин, хоолны урлагийг мэдрүүлэх гэсэн чин сэтгэл мэдрэгдэж байна. Рестораны меню буюу цэсийг хэн зохиосон бэ?

– Бид “Ил гал дээр стейк хоол урлах Grill Studio рестораны концепци ямар байх, олон үндэстний зоог, амттанг хэрхэн урлах, үйлчлэх вэ” зэргээр манай багийнхан маш олон судалгаа, туршилтыг дотооддоо болон гадаад улс оронд хийж, нэлээд ажилласан бөгөөд ил гал дээр урлах стейк хоолны тал дээр ОХУ-н Санкт Петрбург хотоос мэргэжлийн грилл тогооч, мэргэжилтнүүдээс туслалцаа, зөвлөгөө авч хамтран ажилласан юм.

– Зочиддоо хоол, амттаны урлагийг мэдрүүлэхийн тулд би өөрөө болон манай төслийн багийнхан, тэр дундаа Номадсын сүлжээний ерөнхий захирал М.Есөнмөнх гээд бид бүгд хамтран хоолны цэсээ гаргасан юм.  Хэрэв та бүхэн анзаарсан бол манай меню орчин үеийн шийдэл, агуулгатай. Тэр дундаа “Ази юм уу Европ хоолных” гэсэн аль нэгэн төрөлд баригдахгүйгээр хоолны цэсээ зохиосноороо онцлог юм.  Мөн манай хамт олон төрөл бүрийн цай, кофе, дарсны соёлыг хол, ойроос зорин ирсэн хүмүүст мэдрүүлж, амттан буюу десерт урлахуйн гайхамшиг гэж чухам юу байдгийг харуулахдаа баяртай байх болно.

– Амттан бэлтгэх нууц жороосоо танилцуулж болох уу?

– Махан хоолноос гадна амттанд дурлагсад манай рестораныг зорин ирж “Аз жаргалын амт”-ыг мэдрээсэй гэж хүсч байна. Бид “Bake&Cake Factory” гэсэн амттан, нарийн боов бэлтгэдэг үйлдвэртэй учраас өдөр бүр шинэхэн бэлтгэсэн талх, амттаныг  Grill Studio Dining & Lounge болон Double Shot Coffee & Cocktail зэрэг сүлжээ ресторанууддаа нийлүүлэн үйлчилдэг онцлогтой. Зочид, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл, сонирхолд нийцсэн орчин үеийн сонгодог амттанууд болох төрөл бүрийн мусс кэйкүүд, крем бруле, тарт, чизкэйк, брауни зэргийг урлаж байгаа.

– Үйлчлүүлэгчид олон янз шүү дээ. Зарим нь нэг газраар тогтмол үйлчлүүлээд хэвшчихсэн байдаг бол сониуч хэсэг нь өдөр бүр өөр амт, өөр орчныг эрэлхийлдэг. Танай ресторан хүмүүсийг ямар амтаар татах вэ?

Жилийн дөрвөн улирлын туршид буюу өдөр бүр зочиндоо шинэ, аманд ороод уусах мэт зөөлөн, сайн чанарын махыг ил гал дээр шарж урлах, өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэх нь бидний гол концепци буюу хүсэл байх болно. Монгол Улс мал аж ахуйн орон. Монголчууд маань таван хошуу малынхаа махыг олон зууны туршид хоол ундандаа хэрэглэсээр ирсэн. Тиймээс нэгэнт уламжлал болсон энэхүү хэрэглээнд нь шинэ өнгө төрх, шинэлэг амт нэмэхийг бид зорьж байна. Үндэсний бусад үйлдвэрлэгч ч гэсэн гадаадаас өндөр зэрэглэлийн технологиудыг нэвтрүүлж үр дүнг нь хэрэглэгчидтэйгээ хуваалцаад эхэллээ шүү дээ. Тухайлбал, монгол махыг япон аргачлалаар боловсруулж, маш зөөлөн, үелсэн, ширхэглэг нь өөхлөг давхаргатай бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэн манай ресторанд нийлүүлж байна. Үүнээс гадна бид импортоор орж ирж байгаа дээд зэрэглэлийн махны чиглэл болох Black Angus үүлдрийн үхрийн махыг түүхий эдээрээ сонгон авсан байгаа. Тийм болохоор манай Grill Studio-д хамгийн сайн чанарын махтай, шинэхэн, зөөлөн, шүүслэг стейк хоолыг зооглох боломжтой болж байгаа юм.

– Хүмүүс эрүүл амьдралыг эрхэмлэж, хоол хүнсэндээ ч ихээхэн анхаардаг болсон цаг. Тэр хэрээр тэд өндөр шаардлагатай болж байна. Бүр зарим нь нэг нэгэндээ “Махнаас татгалз” гэж зөвлөж байгаа харагдах юм. Таны хувьд, энэ талаар юу гэж хэлэх вэ?

Харьцангуй ойлголт л доо. Махан хоолны урлагийн талаар та бүхэнд бүрэн дүүрэн хариулт өгөхийн тулд олон сэдвийг хамруулж ярих хэрэгтэй болно. Монгол орон маань далайн түвшнээс дээш өндөрлөг газарт оршдог, эрс тэс уур амьсгалтай. Тиймээс монголчууд байгаль, цаг уурын онцлогоосоо шалтгаалж махан хоолыг түлхүү хэрэглэж ирсэн уламжлалтай юм. Харин махан хоолны тухайд “Хэр хэмжээнд хэрэглэх вэ” гэдэг нь л гол асуудал. Олон улсын, тэр дундаа Европ стандартаар бол “Хүн өдөрт дунджаар 175-200 орчим грамм мах хэрэглэх нь тохиромжтой” гэж зөвлөсөн байдаг. Энэ нь нас биед хүрсэн хүмүүст тохиромжтой хэмжээ юм. Хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудын хувьд дээр дурдсанаас арай бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Түүнээс биш “Мах битгий хэрэглэ” гэж туйлшрах нь өрөөсгөл хандлага. Онцолж хэлэхэд, мах бол хүнсний бүтээгдэхүүнүүд дотроо уураг, төмөр, төрөл бүрийн шимт бодисоор баялаг. Тэр дундаа хүний тархийг шим тэжээлээр тэтгэдэг нь мах. Grill Studio Dining&Lounge рестораны зүгээс зочдодоо зөвхөн эрүүл, шинэ махан хоолны урлагийг мэдрүүлэхийн зэрэгцээ энэ төрлийн хоолны зөв зохистой хэрэглээ, соёлыг бодитоор харуулахыг зорьж буйгаа онцолмоор  байна.

– Номадсын сүлжээ ресторанууд өөрийн гэсэн түүхий эд, материалын бэлдцийн үйлдвэртэйгээрээ давуу талтай юм байна. Тухайлбал, танай ресторан энэ үйлдвэрээс ямар бүтээгдэхүүнийг нэн шинээр нь авч хэрэглэдэг вэ?

– Ямар ч ресторанд хагас боловсруулсан бэлдэц гэдэг маш чухал бүтээгдэхүүн. Хоол хүнсний амт, чанарыг алдагдуулахгүй байх, нэгэн жигд өнгө төрх, хэлбэр, хэмжээтэй байлгахад тэр шүү дээ. Бэлдцийн үйлдвэр маань Grill Studio Dining&Lounge ресторанд нарийн ангилж бэлтгэсэн төрөл бүрийн махан бэлдцүүд, амттанууд, туслах түүхий эд  зэргийг нийлүүлдэг. Нэг ёсондоо, бид тухайн өдөр бэлтгэсэн, шив шинэхэн, дээд зэрэглэлийн махыг үйлдвэрээсээ авч, хөргүүрт хадгалаад үйлчлүүлэгчдийнхээ сонголтоор ил гал дээр шардаг юм. Мэдээж хэрэг, үйлчлүүлэгчид маань төрөл бүрийн хачир, сүмсийг хүссэнээрээ сонгох боломжтой.   

– Та бүхэн Grill Studio Dining & Lounge-оо Монголын №1 стейк ресторан болгох том зорилготой. Тийм учраас махан хоолны соёлоос гадна дэлхийд алдартай төрөл бүрийн дарсны амт, соёлыг мэдрүүлэхэд чиглэж байгаа байхаа?

– Манай рестораны бартендерүүд зочдынхоо сонгосон стейк мах, хоолонд тохирох хамгийн сайн чанарын дарснуудыг санал болгож, бас зөвлөгөө өгөх туршлагатай баг байгаа.  Европ стандартаар бол уургаар баялаг махан хоол зооглосны дараа дарсыг зохистой хэмжээнд хүртэхэд хоолны шингэцэд сайнаар нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд маш сайн. Үхрийн махан зоогонд улаан дарс илүү тохиромжтой. Харин цагаан мах буюу гахай, тахиа, загасны махан хоол зооглох үед цагаан дарсыг санал болгодог.

Бид төрөл бүрийн дарс импортлогч World Wine, Занаду Wine, Макс Эксим, Бета Стар гэсэн үндэсний компаниудтай нягт хамтран ажилладаг. Тиймээс эдгээр компаниудын нийлүүлж буй Америк, Австрали, Итали, Испани, Францад трэнд болж буй амтат дарснуудаас гадна Газар дундын тэнгис орчмын орнууд, Дундад Ази, тэр дундаа дэлхийд алдартай Армян, Гүрж дарсаар зочдоо дайлж байна.

Үүнээс гадна үндэсний брэнд болох “Шигүдэри” шимийн архийг шар тостой халааж өгөх үйлчилгээ маань монголчууд төдийгүй гадаадынхны таашаалд ихэд нийцэж байгаа. Идээний дээж болсон энэхүү ундаагаар дамжуулж Монголынхоо хооллох урлаг, идээ ундаа хүртэх соёлыг сурталчилж байна гэсэн үг шүү дээ.   

– “Уран зураг уу даа” гэж гайхмаар өвөрмөц сонин дүрслэл, шийдэл бүхий амттанууд сонирхол татлаа. Нүд баясгам энэ бүтээлүүдийг тавган дээр хэн урладаг вэ?

– Хүн аливаа зоогийг хүртэхдээ эхлээд нүдээрээ хүртдэг. Энэ нь хоол боловсруулахад маш эерэг нөлөөтэй. Яагаад гэвэл, хүний бие организм нүдээр дамжуулж тухайн хоолыг хүлээж авахад өөрийгөө бэлтгэж эхэлдэг юм. Та ч гэсэн манай рестораны интерьер дизайн, орчин ямар тав тухтай, өнгөлөг болохыг мэдэрсэн байх. Хооллох орчныг ийнхүү бүрдүүлснээр тухайн хүний сэтгэл зүйг юун түрүүнд анхаарч, дараа нь хоолныхоо таваглалт, зураг чимэглэл тэргүүтнээр нүдийг нь баясгаснаар бие организмыг нь бэлтгэнэ гэсэн үг. Тав тухтай орчинд нүд, сэтгэлээ баясган байж хүртсэн зоог хүний биед шим тэжээл болно.

Манай компанийн хувьд, “Хүн чадахгүй, мэдэхгүй байж болно. Гэхдээ ажилд хандах хандлага, үнэнч шударга байдал, хичээл зүтгэл, сэтгэл зүй нь ямар вэ” гэдгийг харгалзан үзэж, бүх үйлчилгээний ажилтнуудаа гадаад, дотоодод сургалтад хамруулан сурч мэдэх ёстой зүйлсийг нь нүдээр үзүүлж, сэтгэлээр  мэдрүүлэх тал дээр онцгой анхаардаг. Хүмүүстэйгээ ингэж тулж ажиллахад асар хурдан өсч дэвждэг, ажил нь гартаа ордог, энэ хэрээр үйлчлүүлэгчдэдээ чанартай үйлчилгээг хүргэдэг юм. Тогооч нар маань таваас дээш жил ажилласан туршлагатай. Тэдний хувьд, ямар хоолны төрөл дээр дагнан ажиллаж туршлагажсан бэ гэдэг нь бас нэг чухал үзүүлэлт.

Тухайлбал, ил грилл дээр мах шарах үйлчилгээг хариуцдаг тогооч маань яг энэ чиглэлээр түлхүү ажилласан байх жишээтэй. Салат, зууш бэлтгэдэг тогооч гэхэд л эмэгтэй хүн. Тийм учраас хүмүүсийн нүд, сэтгэлийг баясгахуйц нарийн, чимхлүүр ажлуудыг хийдэг. Гэхдээ тухайн төрөлдөө илүү туршлагатай, чадварлаг байлаа гээд бусад төрлийн хоолыг орхигдуулна гэсэн үг биш. Бүх л төрөлд хөрвөж чаддаг нь манай рестораны тогооч нарын давуу тал юм. 

– Номадсын сүлжээ ресторанууд нь дотроо 30 гаруй салбартай. Grill Studio Dining & Lounge бусад салбараас юугаараа өөр вэ?

Манай сүлжээ ресторанууд 10-аад төрлийн концепцийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг ёсондоо, бүгд өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй. Grill Studio Dining & Lounge бол ил гал дээр мах шарах СтейкХаус болон Коктейл Лаунж стилийг хослуулсан тохилог Loft стилийн ресторан юм. Энэ өнгө төрхийг гаргахад Есөнмөнх захирал их үүрэг гүйцэтгэсэн. Үйлчлүүлэгчдэдээ хаалгаар орж ирэхээс нь эхлээд гарч явах хүртэл “Энэ ресторанаар дахиад заавал үйлчлүүлнэ дээ” гэх сэтгэл ханамжийг мэдрүүлэхэд аз жаргалтай ажлын маань утга учир оршино. Амттай хоолоор зочноо дайлах урлагийг “Аз жаргалын бизнес” гэдэг шүү дээ. Номадсын сүлжээ ресторан байгуулагдсаны 15 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд бидний хувьд цоо шинэ, өвөрмөц дүр төрх үйлчилгээ бүхий Ил гал дээр хоол урлах Grill Studio ресторанаа нээж эрхэм зочиддоо бэлэг барьж байгаадаа баяртай байна.

– Аялал жуулчлалын улирал эхэллээ. Алс холоос Монгол орныг зорин ирсэн гадаадын жуулчдад ямар дурсамж бэлэглэх бол. Магадгүй, тэд Grill Studio Dining & Lounge-ийн хоолны амт, үйлчилгээний соёлд татагдаж Монголд дахиад ирж болно шүү дээ?  

Манай улсад ложистиктой холбоотой нэг зүйл бий. Ресторанууд зочдодоо зориулж маш сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэе гэхэд орон зай, тээвэрлэлтийн хугацаа зэрэг олон хүндрэлтэй тулгардаг. Харин манай ресторан Улаанбаатар хотод байрладаг ч ОХУ, Европ ч юм уу дэлхийн олон орны бүтээгдэхүүнүүдээр нэг дор цогцоор нь үйлчилж чаддагаараа давуу талтай гэж боддог. Өөрөөр хэлбэл, дэлхийд алдартай Black Angus үүлдрийн үхрийн мах, төрөл бүрийн дарсны амтыг Grill Studio Dining & Lounge-оор үйлчлүүлэхдээ мэдэрч болно. Ажил хэргийн үүднээс тодорхой судалгаа, ажиглалт хийдгийн хувьд төрсөн сэтгэгдлээ хуваалцахад ийм байна. Ер нь бид түүхий эдийн шинэлэг байдалд маш их анхаардаг. Манай компанийн хангамж, ложистикийн албаныхан маань ч мэргэжлийн, мэдрэмжтэй баг ажиллаж байгаа.

Зөвхөн манай сүлжээ ресторан гэлтгүй бусад салбар ресторанууд ч гэсэн Монгол орны хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог хэрэглэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих тал дээр идэвхтэй ажилладаг. Жишээ нь махтай дүйцэхүйц уурагтай хясаан мөөгийг Монголд ургуулж байна. “МонголHD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт 2017 онд оролцож, энэхүү бизнесийг танилцуулсан чадварлаг бүсгүйн компанитай хамтран ажиллаж байна. Монгол үнээний сүүгээр төрөл бүрийн бяслаг үйлдвэрлэдэг “Fine Cheese” компани, манай ресторанд маш олон төрлийн нарийн ногооны нахианууд, соёолжуудыг нийлүүлдэг “Urban Farm” компани, олон янзын тансаг цайны амтыг мэдрүүлдэг “Tea Garden Brand” компани гэх мэтчилэн хамтран ажилладаг байгууллагуудаа дурдвал уртаас урт жагсаалт болно.

– Өдөрт хэчнээн хүнд хэдэн төрлийн хоолоор үйлчлэх хүчин чадалтай вэ?

Нэгэн зэрэг 100 хүнд үйлчилнэ. Салат, зууш, ил грилл дээр шарсан мах гэх мэтчилэн 70 орчим нэр төрлийн хоолтой. Уух зүйлс, амттан зэргийг оруулбал олон нэр төрөл байгаа гэсэн үг.

– Нээлтээ тохиолдуулан үйлчлүүлэгч нартаа ямар урамшууллыг бэлдсэн байгаа вэ?

Манай ресторан 03-р сарын 31 нээс албан ёсны нээлтээ хийж байна. Нээлт маань 14 хоногийн туршид үргэлжлэнэ. Энэ хугацаанд ил гал дээр шарсан бүх стейк 15%, уух зүйлсдээ 20%-ийн хямдралыг зарласан байгаа. Мөн манай рестораныг гэр бүлээрээ амралтын өдрөөр зорин ирвэл 20%-ийн хямдралтай үйлчилгээг санал болгож байна. За тэгээд 50.000₮-өөс дээш үйлчлүүлсэн хүн бүрт азаа үзэх боломжийг олгож байна. Аз нь шовойсон нэг үйлчлүүлэгч маань Хөл бөмбөгийн ДАШТ 2018 үзэх аяллын эрх хожно гээд л олон сонирхолтой бэлгүүдийг нээлтийн өдрүүддээ бэлдсэн байгаа тул эрхэм та бүхнийг манайд ирээрэй гэж урьж байна.

– Баярлалаа. Grill Studio Dining & Lounge рестораны хамт олонд амжилт хүсэж, удахгүй болох Номадсын хамт олондоо 15 жилийн ойн мэнд хүргэе!

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж