”Петро чайна”-г шалгах ёсгүй юу?

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

”Петро чайна”-г шалгах ёсгүй юу?

Байгаль орчин уул уурхайн олборлолт,
хууль бус үйл ажиллагаанаас болж сүйдсэн гэх дүгнэлтийг хийж, зогсоох
шийдвэр гаргасныхаа төлөөсөнд улсын байцаагчийнхаа эрх үүргийг
хязгаарлуулахдаа тулчихаж. Өнгөрсөн хавар Дорнод аймгийн Матад сумын
нутаг дэвсгэрт газрын тос олборлож буй “Петро Чайна Дачин Тамсаг”
компанийн тээвэрлэлтийг тодорхой шалтгаанаар зогсоох шийдвэр гаргасан
Авто тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, авто тээврийн
хяналтын улсын ахлах байцаагч Д.Батбаатар, Хяналт шалгалтын хэлтсийн
дарга, авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч С.Батболд, авто
тээврийн хяналтын улсын байцаагч Д.Батсайхан, Н.Баяраа, Дорнод аймгийн
Авто тээврийн хэлтсийн байцаагч нарын таван ажилтны эрх үүргийг
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хязгаарлажээ. Ямар шалтгаан
үндэслэлээр дээрх ажилтнуудын шийдвэрийг үгүйсгэж, ажил үүргээс нь
чөлөөлж байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын
орлогч дарга С.Заяадэлгэрээс тодруулахад “Эрх үүргээ хэтрүүлсэн гэх
үндэслэлээр акт тогтоосон байгаа. Гэхдээ одоогоор халах шийдвэр
гаргаагүй байгаа. Манай байгууллагаас томилогдсон орон тооны бус
байцаагч нар нь ихэнх тохиолдолд зам тээврийн асуудлыг шалгах эрх
үүрэгтэй байлаа гэхэд давхар байгаль орчин, уул уурхай гэх мэт байдалд
эрх үүргээ хэтрүүлэх байдал цөөнгүй удаа гардаг. Энэ удаад дээрх байдал
давтагдсан учраас акт тогтоогоод байгаа. Улсын ерөнхий байцаагч одоогоор
амралттай байгаа болохоор даргын зөвлөлийн хурлын шийдвэр эцэслэн
гараагүй байна” гэсэн хариулт өглөө.

Эрх үүргээ хэтрүүлсэн ч гэлээ дээрх байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий
газраас ийм шийдвэр гаргана гэдэг бас л учир дутагдалтай мэт. Тамсагийн
талыг там болтол хөрс шороог нь эргүүлж, олон салаа зам гарган дураар
давхилдах хүнд даацын автомашины хөлд онгон дагшин, дэлхийд ховорхон тал
нутаг сүйдэх дээрээ тулаад байгааг нүдээр харсан, чихээр сонссон хэн
бүхэн хэлээд, яриад байхад чихгүй адил суусан атлаа шалгаж, зөрчлийг
тогтоосон нэгэнд ингэж хатуурхана гэдэг Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрынхны хувьд үнэхээр зөв шийдвэр мөн үү. Эсвэл шалгах нэрийдлээр
тухайн компанийн ажилтнуудыг шантаажилж, авлига хээл хахууль авсан бол
тэдгээр байцаагчдын мэдээж буруу. Тийм бол шулуухан авсан, өгснийг нь ил
тод зарлаад өгөөч.  Хэн хэндээ хар санахгүй амар байхсан.

Энэ сардаа багтаагаад “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйл
ажиллагаанд “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг Байгаль
орчин, аялал жуулчлалын яамтай хамтраад нэгдсэн шалгалт хийх юм гэнэ.
Бишгүй олон зөрчилтэй үйл ажиллагаа эрхэлдэг талаар тус компанийг
тойрсон элдэв муу бүхэн яригдсаар атал анх удаагаа улсын хэмжээний
хяналт шалгалтыг одоо л хийх гэж байна гэж юу гэсэн үг вэ. Өөрсдөөс
шалтгаалах хяналт шалгалтыг хийгээгүйгээс хойш бишгүй зөрчилтэй “Петро
Чайна Дачин Тамсаг” компанийг өмгөөлж, хамгаалаад байгаагийн цаад учир,
начир хэнд байна.

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хувьд ачаа тээвэрлэлт хийж буй
хятад, монгол жолооч нар бичиг баримт дутуу, Монгол Улсад тээвэрлэлт
хийх тусгай зөвшөөрөл байхгүй, тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн биш,
зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл оруулж ирсэн,  мэргэшсэн жолооч байхгүй,
тээвэрлэлтийн зам маш их муудсан зэрэг алдаа дутагдлуудтай  байсан.
Хятадаас Монгол руу орж тээвэрлэлт хийдэг 22 машинд шалгалт хийхэд л 20
нь ямар нэгэн байдлаар зөрчилтэй байсан гэсэн.  Үнэндээ тэд Монголын
зэлүүд талыг эзгүйчлэн ямар ч хараа хяналтгүй дураараа дургиж байгаа
гэдгийг орон нутгийн иргэд байтугай дайраад өнгөрсөн нэгэн ч хэлээд өгнө
байх.  Тээвэрлэлтийн зам гэж авах юм байхгүй.   Хорин хэдэн салаа зам
гаргаж газрын хөрсийг гэмтээж, тоосжилт маш ихээр үүсгэсэн. Өмнө нь
шалгалтаар ирэхдээ өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй, тээврийн
хэрэгслүүд нь зөрчилтэй, газрын тосны тээвэрлэлтийн гэрээгээ сунгаагүй
зэрэг дутагдлаасаа болж тус компанийн тээвэрлэлтийг нь тодорхой
хугацаагүйгээр зөрчлөө арилгаж дуустал нь зогсоосон.  Гэтэл энэ бүхэн
манай  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хувьд бол байх л ёстой
зүйл юм шиг байна. Р.Содхүү дарга тэгээд иймэрхүү зүйлүүдийг зөв гэж
өөхшүүлээд байх юм бол өөр хийх ажил МХЕГ-ын байцаагчдад олдох уу.

Өнгөрсөн зургадугаар сарын 20-ноос тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох
шийдвэр гаргаж, зориулалт бүхий авто зам тавиагүй тохиолдолд дээрх
шийдвэр хүчин төгөлдөр байна гэсэн Авто тээврийн газрын шийдвэрийг тус
компани хэрхэн хүлээж авч байсан билээ. Бараг л Засгийн газартай чинь
байгуулсан гэрээний дагуу бүтээгдэхүүний хуваах гэрээний дагуух тодорхой
хувь нь улсын төсвөөс хасагдана, техник тоног төхөөрөмж нэг л өдөр
зогсоход хэчнээн төгрөгний алдагдал гарна гэх зэргээр “том дуугарч”
байсан толгой томтой компанийн нэг гэдгээ  харуулж, тун удалгүй
тээвэрлэлтээ хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргуулж чадсан. Орон нутгийн
удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн даргын зөвшөөрөлгүй хэзээ ч тус
компанийн нутаг дэвсгэрт нэвтрэх эрхгүй. Тэрхүү зөвшөөрлийг авсан
эрхтэн, дархтан өдгөө ч алга. Ерөнхийдөө л Монгол доторх Хятадын вант
улс үүсчихээд байна гэж хэлж болмоор. Хяналт шалгалт хийснийхээ
төлөөсөнд албан тушаалаасаа хагацна гэдэг “Петро Чайна Дачин Тамсаг ”
компаниар хэр баргийн хүн оролдвол яадгийг харуулж байгаагийн нэг тод
жишээ. Ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой шөргөөвөл хормойгүй
гэгчийн үлгэр болох шив дээ.

Д.ДОЛГОРСҮРЭН

Зургийн "www.INET.mn"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж