Алтанширээгийн талд “төөрсөн” Газрын тосны үйлдвэр | News.MN

Алтанширээгийн талд “төөрсөн” Газрын тосны үйлдвэр

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Алтанширээгийн талд “төөрсөн” Газрын тосны үйлдвэр

Алтанширээгийн талд “төөрсөн” Газрын тосны үйлдвэр

Бичих зүйлдээ яг л ийм гарчиг тавихаас өөрцгүй санагдлаа. Яагаад гэхээр өнгөрсөн оны сүүлчээр өмнөхөө халж гарч ирсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар эхний үеийн амлалтдаа “Энэтхэгээс авах тэрбум ам.долларын зээлээр газрын тосны үйлдвэр барина. ТЭЗҮ нь бэлэн болж байгаа. Жилдээ 1.5 сая тонн газрын тос нэрж 90.4 сая ам.долларын ашигтай байх үйлдвэр барих ажил 2018 оны гуравдугаар сард эхэлнэ. Уг үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулна” гээд л барин тавин амласан юм. Гэтэл үйлдвэр барих ажил эхэлнэ гэсэн хугацаа нь өнгөрлөө. Тийм ээ ажил эхлэх нь битгий хэл энэ тухай ярьж байгаа ч юм алга байна одоо.

Монгол Улсын хувьд амин чухал олон асуудлын тэргүүнд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох санал санаачилга олон гарч чамгүй олон төсөл яригдаж үйлдвэрийн шав хэд хэдэн газар тавигдаж байсан. Гэвч тэр бүгд биелэл болсонгүй 30-аад жил боллоо. Тэгвэл одоо шинэ үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар товлосон гэж байна. Тэнд барих нь зөв үү, буруу юу гэсэн санаа ч гарч байх юм. Энэ нь өөрийн үйлдвэртэй болж шатахуунаа гаргачихдаг болоосой гэж санаа зовсон, мөрөөдсөн хүмүүсийн яарсан сэтгэлийн үг байх л даа. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуайн төрийн гурван өндөрлөгт хандаж бичсэн захидлыг үзлээ. Уг захидалд техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад Засгийн газар яаран сандран үйлдвэр барих шийдвэр гаргасан нь буруу юм. Нэг тэрбум ам.доллар их мөнгө. Үүнийг бид буцааж төлж таарна шүү дээ. Тиймээс баригдах үйлдвэр маань хөрөнгө оруулалтаа нөхөх чадвартай байх учиртай юм. Бас нөгөө талаар товлосон газар нь үйлдвэр барихад хэр тохиромжтой юм бол гэсэн бодол төрөөд байна гэжээ. Д.Содном гуай энэ захидлынхаа хариуг хүлээж л суугаа гэнэ.

Энэ мэт эдийн засагч, газрын тосны талын мэргэжилтнүүдийн санал бодлыг судалж үзэхэд Алтан ширээд барих үйлдвэрийн зөвхөн дэд бүтцэд хөрөнгө оруулалт тун их шаардах юм шиг. Магадгүй дэд бүтцэд зарцуулах хөрөнгө үйлдвэр барихаас давж ч мэднэ гэж хэлэх хүн тааралдлаа. Наад зах нь цахилгааны эх үүсвэр бий болгох шугам сүлжээ барих, тосоо татах 600-гаад км хоолойг тавих, цаашлаад авто болон төмөр зам баригдаж таарна. Гэтэл энэ бүхэнд зарцуулах хөрөнгийг тооцож чадаагүй байж үйлдвэр барина гэж амласан нь бодлогын төөрөгдөл болж байна уу даа. Яахаараа тийм нэг зэлүүд газрыг сонгож үйлдвэр барих болов гэх хүн олон байна. Төмөр зам, цахилгааны эх үүсвэрээс хол Алтанширээд үйлдвэртэй болно гэж өнөөгийн улстөрчид зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй л болов уу. Заавал нэгийг бодсон байх гэсэн хардлага төрөөд байгаа. Наад зах нь өндөр зардалтай ажил төлөвлөөд Монголын талаас гарах мөнгөнөөс шомбодох арга заль нуугдаж байх вий дээ. Өнгөрсөн хэдэн жилд улстөрчдийн үйлдсэн  одоо шалгагдаж байгаа гэмт явдлууд биднийг ийм хашир бас хардамтгай болгочихож.

Өөр нэг учирлал нь манай төр, засгийн удирдах хүмүүс үндэснийхээ мэргэжилтнүүдийн үгийг тоож үздэггүй хэрнээ гадны нэг нөхөр нэг юм хэлбэл түүнийг дагаж далдаганадаг нэг муу зуршил бий. Газрын тос боловсруулах үйлдвэр барих олон удаагийн оролдогод ч тэр нь нөлөөлөөгүй гэх нь алдас болох биз. За яахав. Үйлдвэрээ байгуулчихъя гэж бодъё. Түүхий эд бэлэн үү гэсэн асуудал тулгарна. Одоо дотооддоо олборлож буй газрын тосоо 100 хувь Хятад руу зөөлгөж байгаа. Өдөрт олборлодог 10 мянган баррель нефть хил даваад л Хятадын өмч болдог нь үнэн. Түүнийг манайх өөрийн үйлдвэртэй болчихлоо гээд буцааж авъя гэвэл дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авч таарах нь. Ингэхээр үйлдвэр байгуулсны ашиг гарах уу. Гарахгүй л юм шиг. Өнөөдөр Монгол Улс шатахууны хувьд гадны хараат байгаатай адил нөхцөл хойшид үргэлжлэх юм биш үү гэсэн бодол төрж байна. Боловсруулах үйлдвэрийн ашгийн 84 хувьд түүхий тосны үнэ шингэсэн байдаг гэдэг. Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханш нэг баррель тосыг 84 ам.доллараар худалдаж аваад учиргүй хямд шатахуун үйлдвэрлэчихнэ гэдэг туйлын эргэлзээтэй хэрэг.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг газрын тосны газар Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хооронд 1993 онд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж бий. Уг гэрээнд хөрөнгө оруулсан компани олборлосон тосныхоо 40 хувийг үйлдвэрлэлд зарцуулсан хөрөнгийнхөө өртгийг нөхөх журмаар шууд авна. Үлдсэн хувийн ашгийг талууд хувааж авна гэсэн заалт байдаг. Үүгээр бол олборлосон тосны 80-аад хувь Хятадынх, маш бага хэсэг нь манай улсын мэдлийнх болох юм.

Ер нь манайхан газрын баялгаа ашиглахдаа ийм алдаатай ханддаг. Оюутолгойн гэрээ ч тэр. Өөрт ашиггүй гэрээ хийж бусдын идэш болоод байгаа жишээ олон. Гэтэл гэрээг засч залруулахыг урьдал болгодоггүй нь үе үеийн Засгийн газрынханд өөр нэг ашиг сонирхол явдаг гэсэн үг юм. “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай байгуулсан гэрээг бол эргэж харах нь битгий хэл бараг нууцын зэрэглэлтэй мэт өдий хүрсэн шүү дээ. Гэхдээ тэр гэрээг олж үзсэн. Нэг л их ойлгомжгүй политэконом буюу улс төр–эдийн засгийн ухааны сурах бичиг шиг тайлбар давамгайлсан олон хуудас бүхий 25 зүйлтэй дээр нь том хавсралттай гэрээ байналээ. Гэрээгээр бол хятадууд нөөц ашигласны төлбөр гэж жаахан юм манайд өгдөг. Үүнээс өөр ашиг бараг алга. Орд газар нь оршдог орон нутагт ч наалдсан юм, олигтой нэмэр бага. Тээр жил гэрээнд заасан замаа ч барьсангүй тэд.

Харин олборлосноо бүгдийг өдөр, шөнөгүй экспорт нэрээр гадагш зөөж байна. Манай талын авах ёстой бүтээгдэхүүний хэсэг ч гадагш урссан хэвээр. Гэтэл тэрний төлбөр яаж орж ирдэг нь тодорхойгүй. Энэ талаар Газрын тосны газрынхан ямар ч тайлбар хэлдэггүй юм билээ. Нөгөө талаар дотоодын газрын тосны олборлолт хэзээ сая тоннд хүрэх нь тодорхой биш бас чанар нь хэр билээ гэсэн асуудлууд үйлдвэртэй болох бодлын замд хөндөлсөх юм. Дорнодын Тамсагаас авч байгаа нефть +23 градуст царцдаг онцлогтой. Тэгэхээр түүнийг олон зуун км–ээс төмөр хоолойгоор татаж авна гэхэд нэмэлт технологи буюу хүчтэй олон шахуургууд шаардагдах юм байна лээ. Иймэрхүү техник эдийн засгийн олон учир шалтгааны гадна манайхыг шатахуунаар тэжээж байгаа хоёр том хөршийн хандлага, манай улстөрчдийн алдаатай бодлогын хамаарлаас үүдэлтэйгээр нефть боловсруулах үйлдвэр барих ажил дахиад амлалт төдий үлдэж мэдэх нь гэсэн бодол төрж байна. Тэрбум ам.долларын зээл ав гэж байгаа Энэтхэгийн тал хүртэл манай Засгийн газрын амлалтад эргэлзэж байгаа сураг байна. Тэднийх “Бид амласан зээлээ өгнө өө. Гэхдээ уг зээлийн 15 хувиас доошгүй нэмэлт хөрөнгө оруулалтыг Монголын Засгийн газар гаргахгүй бол үйлдвэрт зориулсан дэд бүтэц босоход хэцүү юм шүү. Үйлдвэр барих амлалт гоомойдож мэднэ” гэсэн санааг илэрхийлж байгаа гэнэ.

Бас үйлдвэр барьж гэмээнэ түүхий эдийн асуудлыг яаж шийдэх юм бэ гэдгийг ч хөндсөн байгаа юм. Энэ бүхнийг бодож тунгаавал өөрийн үйлдвэртэй болоод шатахуунаа гаргаж аваад өмнө нь гадагш урсгаж байсан валютыг дотооддоо шингээдэг болох тэр цаг үе тун хол байх шиг бодогдож байна л даа. Нөгөө гэвэл хоёр талын бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг далдлах хөшигний цаана “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн хятадуудын ноёрхол нуугдаж байдаг гэж болно. Уг нь нуугдаж байгаа биш ил давруун байдал юм шүү дээ. Холоос ирээд хот минийх, хотонд ирээд хуц минийх гэдэг шиг занг хятадууд гаргаж байгаа. Гэтэл үүнд өөрчлөлт гаргах санал санаачилга ер байдаггүй юм. Харин саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Ашигт малтмал, газрын тосны газрынхны хэн нь улсынхаа төлөө, хэн нь ашиг сонирхлын зөрчилтэй ажилладгийг илчилж халаа, сэлгээ өөрчлөлт хийхгүй бол болохгүй нээ” гэж хэлсэн байна лээ. Тэдгээр байгууллагад яг газрын тосны талын мэргэжилтэй хүн бараг байхгүй байгааг олж харсан юм болов уу ч гэмээр санагдсан. Сайд хүн байна хэлсэндээ хүрч өөрчлөлт хийгээсэй л билээ.

Тамсагт ажиллаж байгаа хятадуудын дураараа авирладаг тухайг өмнөх нийтлэлдээ олон жишээг эш татсан болохоор дахин нурших илүүц юм. Харин хамгийн сүүлийн үеийн нэг баримтыг энд хэлье. Хоёр талын гэрээнд манай улсад зарлаж буй тендерүүдэд дотоодын давуу эрхийг тооцно гэсэн заалт бий. Энэ заалтыг огт хайхардаггүй тендерт зарладаг ч хятадынхаа компаниудад эрхийг нь өгчихөж байна. Монгол компани тендерт нь ялаад гэрээ байгуулсан ч “нөөцийн” гэдэг ангилалд багтаад хүлээж байдаг болсон.

Энэ мэтээр Монгол Улсын хууль тогтоомж руу нулимж байна шүү дээ тэд. Бас нэгийг хэлэхэд Засгийн газрын шийдвэрийн дагуу үйлдвэр байгуулснаар олон зуун ажлын байр нэмэгдэнэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн бий. Үнэхээр тийм гэж үү. Газрын тосны талын мэргэжилт­нүү­дийн хэлж байгаагас үзвэл орчин үеийн үйлд­вэр дийлэнхдээ бүрэн авто­матжсан тохируулгатай учир тийм олон ажиллагсад шаардлагагүй бололтой юм. Одоо барих нефтийн үйлдвэр улсын мэдлийнх байна гэсэн үг бас эргэлзээ төрүүлдэг. Уг нь хувийн хэвшлийнхний хөрөнгө хүчтэй хамтрах нь ашигтай баймаар санагддаг.

Нэг эдийн засагч хэлж байна л даа. Өнгөрсөн жилүүдэд нефть боловсруулах үйлдвэр барих гэж техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийлгэлээ. Бэлэн боллоо л гэдэг. Удалгүй энэ яриа алдардаг. Энэнд учир бий. ТЭЗҮ хийлгэнэ гэдэг бөөн мөнгө. Тэр нь үе үеийн засгийн газрынханд олз болоод өнгөрдөг гэж… Нээрээ ТЭЗҮ гэдэг бизнес юм гэж үү. Тийм бол ашиг сонирхлын уламжлал болсон “хар туршлага” Алтанширээд үйлдвэр барих амлалтад дайгдаж байж ч мэдэх нээ дээ. Газрын тосны үйлдвэр барих тухай сэдэвт үлгэр хэзээ төгсөж амар сайхандаа жаргах бол. Бурхан л мэдтүгэй.

Д.ЦЭРЭННАДМИД

Эх сурвалж: Зууны мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-03-30 27.123.214.118

БАРИХ НЬ ЗӨВ,ГЭХДЭЭ БАЙРЛАЛ НЬ БУРУУ, ЯГ ЭНЭ ГАЗАРТ УСНЫ ХАГАЛБАРТАЙ,ҮЕР БОЛБОЛ АЙМШИГТАЙ БОЛДОГ ГЭЖ ЭНЭ НУТАГТ НАСААРАА АМЬДАРСАН ӨВГӨН ЯРЬЖ БАЙНА,ТЭР: 1979 ОНД 1 ЦАГИЙН ДОТОР АЙХТАР ҮЕР БУУСАН АЖ, ЯГ ТЭР ТАЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ НУУР БОЛСОН ГЭНЭ, ОЙР УТАСНЫ МОДНЫ ДЭЭРХ ЛОНХОНД, УТСАНД ӨВС ДҮҮЖЛЭЭСТЭЙ БАЙСАН,ТИЙМ ГҮН УЕРИЙН УС УРССАН, НУУР ТОГТСОН ҮЕР БУУСАН АЖ, ДЭД БҮТЦЭД ИХ ХӨРӨНГӨ ГАРНА,ҮҮНИЙГ МУ ГАРГАХ ЁСТОЙ АЖ, ЕРНӨ ӨМНӨ НЬ СОНГОСОН УС,ГЕОЛОГИЙН ХАЙГУУЛ ХИЙЧИХСЭН,ОДООГИЙН ӨВӨР ШАНДААС ЗҮҮН УРАГШХАН ТАЛБАЙД БАРИХ НЬ ЗҮЙТЭЙ МЭТ,СШ-Д, АЖИЛЛАХ ХҮЧИНДЭЭ ОЙР СУУРЬШЛЫН БҮСТЭЙ, ГҮНИЙ УСНЫ БАТАЛГААТ НӨӨЦТЭЙ, ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМ, ЦАХИЛГААНЫ ЭХ ҮҮСВЭРТ ОЙР, ТЭДГЭЭРИЙГ ХӨНДЛӨН ОГТЛОЖ ГАРАХГҮЙ,ЗҮҮНБАЯНД БАС ОЙР ГЭХ МЭТ ДАВУУ ТАЛТАЙ, ОДОО БАРИХ ГАЗАРТ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ ХИЙГДЭЭГҮЙ, ҮЙЛДВЭР,ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМ,ЦАХИЛГААНЫ ЗУРАГ ТӨСӨЛ ЮУ Ч БАЙХГҮЙ,ТЭДГЭЭРИЙН ТРАСС,ТАЛБАЙН ГЕОДЕЗИ,ГЕОЛОГИЙН,БАЙГАЛЬ ОРЧНЫ СУДАЛГАА ХАЙГУУЛ ХИЙГДЭЭГҮЙ БАЙГАА АЖ, ГЭТЭЛ ЗГ-ЫН ТОГТООЛ,САЙДУУДЫН ТУШААЛ ШИЙДВЭРҮҮД ГАРЧ ТӨМӨР ЗАМ,АВТОЗАМ,ЦАХИЛГАН ДАМЖУУЛАХ ШУГАМЫН АЖЛЫГ ЭНЭ ЗУН ЭХЛҮҮЛЭХ АЖ,ГЭТЭЛ ЗУРАГ ТӨСӨЛ НЬ БАЙХГҮЙ,САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭР НЬ Ч ШИЙДЭГДЭЭГҮЙ БУЙ АЖ, БҮР ЗАМ БАРИЛГЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕР НЬ ЗАРЛАГДААД ӨНӨӨ МАРГААШГҮЙ ШАЛГАРУУЛЖ ЗАРЛАХ АЖ, ХИЙХ АЖИЛ НЬ ЦААСАН ДЭЭР Ч БУУГААГҮЙ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД ТЕХНИКИЙН ХЯНАЛТ ТАВИНА ГЭХ ТОЛГОЙД БАГТАМГҮЙ ӨНДӨР ХӨЛСТЭЙ АЖЛЫН ТЕНДР ЯМАР ЗОРИЛГОТОЙ ЮМ БОЛОО, ЭНЭ ТЕНДЕРТ, ЕРНӨ ЭНЭ ТӨСӨЛД ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН АСАР ИХ АШИГ СОНИРХОЛ ОРЧИХСОН ЮМ БИШ БИЗ,ЭНЭ ТЕНДЕРЭЭ ТӨБЗГ ХУГАЦААГҮЙГЭЭР ХОЙШЛУУЛБАЛ ДЭЭР ЮМ БИШҮҮ, ЯААРВАЛ ДААРНА,БУШУУ ТУУЛАЙ БОРВИНДОО БААСТАЙ ГЭГЧЭЭР ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ЭНЭ ТӨСӨЛ БҮР ЭХНЭЭСЭЭ ЭРХ МЭДЭЛТНҮҮД, УЛС ТӨР, БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН АШИГ СОНИРХОЛ ХЭТ ОРЧИХСОН, БУРУУ ЗАМААР ОРЧИХВУУ ДАА ГЭХ СЭТГЭГДЭЛ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ТӨРӨХ ЮМ.

Avatar

Zochin 2018-03-30 66.181.161.49

Ene tserennadmid tootsoo sudalgaagaa sain medehgui bna shu de heden tovchluur daraad tsuuhun hun ajilllana gh uym 20 garui turliin uildver dagaj baiguulagdah bolno shu de mazut tsahilgaan stantsad bitum zamiin gol tuuhii ed bolno jaahan tootsoo sudalgaag n ediin zasagt ashigtaig n batlaad ene hudlaa hiirhsen novshnuudad salaavch uguh uymsaan

Avatar

Зочин 2018-03-30 27.123.214.104

БАРЬ Л ГЭХИЙН БОЛЬ АШИГГҮЙ Л ГЭХИЙН ТГД ЭНЭ ӨДӨРӨӨС ӨДӨРТ ӨСӨӨД БАЙГАА ШАТАХУУНАА ЯАХ ВЭ ГАРГАЛГААГ НЬ ХЭЛЭЭД ӨГЧИХ УХААНТАН БАЙНА УУ

Avatar

Зочин 2018-03-30 203.169.49.93

Өөрийн мэдлийн түүхий нефть байхгүй байж их хэмжээний зээлийг хүүтэй нь төлөх болбол энэ үйлдвэр хямд бензин үйлдвэрлэж чадахгүй, удахгүй дампуурна. Дараа нь хэнийг [Хориотой Үг] хийнэ гэж эцэс төгсгөлгүй хэрүүл болох юм бэ. Ашигтай бол хэн ч дэмжинэ шүүдээ. Дэлхийд газрын тосны илүүдэл болсноос сүүлийн 5 жилд үнэ нь унасан. Цаашдаа ч ирээдүй харагдахгүй байна. Харин тэр зээлээрээ Таван Толгойд ТЭЦ баривал олон жил ашигаа өгсөөр байх болно.

Avatar

Зочин 2018-03-30 66.181.160.77

Хувийн хэвшлийн үйлдвэр баривал зүгээр байх. Манай төрийнхөн орондоо орох завгүй олзлолдон булаалдаад ард иргэдээ бодох завгүй л байгаа байх.

Avatar

Зочин 2018-03-30 202.21.106.161

ЭНЭ СОДНОМ БОЛ ХУЖАД ЭЛЭГТЭЙ ЗӨНӨГ ОДОО БОЛЬ НЯМТАЙШИРТАЙ ХАМТАРЧ ХАМАГ БАЯЛАГАА ХЯТАДАД ӨГЧ БАЙГАА ХҮН БАС ТАМСАГИЙН ХУЖА НАРТАЙ ОЧИРБАТТАЙ ХОЛБРРТОЙ ТӨГЦӨГ ШҮҮ

Avatar

Зочин 2018-03-30 202.180.220.35

Алтанширээтийн шийдвэр бол маш гоймой бодлогогүй ((ухаангүй)) шийд юм. Асуудалд том зургаар, далайцтай, нухацтай хардаг туршлагатай хүмүүс болон манай урдаа барьдаг эрдэмтэд энэ шийдвэр явуургүй шийдвэр гэдгийг нэг амтай хэлдэг. Цаг хугацаа харуулна. Одоо бол илжигний чихэнд ус хийсэн … хийсэнч адил гэхээр байна

Avatar

зочин 2018-03-30 66.181.160.57

Одоо цагын техникууд маш нарийн ажиллагаатай шдээ . Баахан амьтны машаан эвдээд өрөнд орох вий дээ .

Avatar

mongol 2018-03-30 202.70.33.242

Olon sanaat orgoj bosohgui gedeg zuir ug baidag TEZU gedeg bol buh sudalgaa shinjilgeeg hiisen barimt bichig baidag tegeed ch bid bish enethegchuud turshlagatai chadaltai uls uursdiin mungu zeeleer barij baiguulah gej baigaa uls goomoi yam hiihgui biz bid medehgui baij dund ni orj uimuuleed yaah ve ahiad l unagahiin nemer tuunii oron bugd niilj baigaad demjeed bosgood irvel bidend l heregtei yam harin HUrelsuh hudlaa yariad hiihgui bol estoi temtsel urnuuleed ogtsruulah heregtei

Avatar

зочин 2018-03-30 66.181.169.106

Газрын тос нэрэх үйлдвэр маш их элэгдэлтэй үйлдвэр гэж сонссон. хэрвээ үнэн бол 5 жил тутам шинэ үйлдвэр барих ёстой гэсэн үг. Ашиг гарах уу. Хятадууд гэж муулахаа боливол яасан юм вэ? Хаанахынх ч бай бизнес бол бизнес. Манай өөрийн бизнесүүд ч дээрдээд байгаа нь хаана байна. Энэ чинь ашгийн төлөө яваа бизнесменүүд тэдэнтэйгээ ярилцаж чадахгүй мөртлөө байнга муулах нь ёс зүйгүй хэрэг

Avatar

Зочин 2018-03-30 202.9.43.226

Газрын тосны тээвэр хийдэг компаниудыг зөрчил гаргавал Хятадууд бөөн асуудал гаргаж, торгууль тавьж, гэрээ цуцална гэж айлгадаг. Үйлчилгээний хөлсөө хугацаандаа хийхгүй уддаг, хамгийн муу шороон замаар Монгол жолоочоор бариулдаг. Байгаль орчны дойтол сүүлийн хэдэн жил эрс нэмэгдэж, ган болсон гээд маш их асуудал бий.

Avatar

Зочин 2018-03-30 202.9.43.226

Газрын тосны үйлдвэр гэхээсээ өмнө энэ Петро Чайна Дайчин Тамсагын гэрээг эргэж нэг харах хэрэгтэй. Газар дээр очоод үзвэл үнэхээр хятадуудад давуу тал их олгосон Монгол улсын баялагыг өдөр, шөнөгүй зөөсөн, нөхөн сэргээлт, хяналт шалгалт байхгүй, нутгийн хүмүүс газар цөмрөөд байна гэж ярьдаг юм байна лэ

Avatar

aa 2018-03-30

1 тэрбум доллар ч их л мөнгө дөө. Ямар ч ашиггүй үйлдвэр барих хэрэг байгаа ч юм уу. Дэлхий нийтээрээ бүгд цахилгаан автомашинд шилжиж байна. Тэгэхээр ирээдүйд нэфтийн үнэ буурах л байлгүй дээ. Тэрний оронд гадаадаас өндөр үнэтэй аваад байгаа цахилгаанаа нөхөхөөр цахилгаан станц барьж тэр хятадаас өндөр үнэтэй аваад байгаа Оюу толгойн цахилгааныг хангахаар Тавантолгойн ЦС-ыг баривал ашигтай өртгөө ч нөхөж зээлсэн мөнгөө ч төлөхөд амар байх даа.

Avatar

зочин 2018-03-30 202.55.191.130

Зүүнбаянгаас бас Хятадын компани газрын тос олборлож Хятад улсруу гаргаж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай. Бүтээн байгуулалт явагдаж байх хооронд нөөцийн хуваарилалтаа зөв зохицуулах боломж байна. Хэн нэгний бизнес сонирхол, шантаажаар энэ төсөл зогсох ёсгүй. Бид аливаа хөдлөж байгаа бүхнийг зогсоохдоо гоц авьяастай. ЕС гаргасан шийдвэртээ туйлбартай байна байх гэж итгэж байна. Улс орны эрх ашиг үүнийг түүнээс шаардаж байна.

Avatar

Зочин 2018-03-30 202.179.30.194

барих л хэрэгтэй шүү дээ тэр Содном гэж Монгол газрын зөвлөх өвгөн юу мэддэг юм бэ бараг оюунгэрэл анандбазар нараас мөнгө авчаад солиорч байж ч мэднэ

Avatar

Зочин 2018-03-30 202.21.100.210

Зууны мэдээ, ТВ9, С1 зэрэг мэдээллийн сувгуудыг хаагаачээ. Хонзогногчдын дуу ямар ч хүчтэй байдаг юм бэ.

Avatar

Зочин 2018-03-30 112.72.14.172

Барихал хэрэгтэй Матадад байсан чболно шуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж