Гэрээ яндангүй байшингаар солих хүсэлтэй иргэдэд ногоон санхүүжилт олгоно

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Гэрээ яндангүй байшингаар солих хүсэлтэй иргэдэд ногоон санхүүжилт олгоно

Гэрээ яндангүй байшингаар солих хүсэлтэй иргэдэд ногоон санхүүжилт олгоно

3000 өрх амины орон сууцны зээл авах боломжтой

Гэр хорооллын утааг бууруулах, амьдрах орчныг сайжруулахад Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангаас 30 сая ам.долларын санхүүжилт татах ажил шувтарч байна. Энэ тухай “Ногоон зээлийн сан” төслийн ахлагч Б.Найдалаатай ярилцлаа. Уг санхүүжилт нь агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгохоос гадна Монгол Улсад ногоон бизнесийг дэмжих тогтолцооны эхлэл гэдгийг тэрбээр онцлов.

-“Утаагүй Улаанбаатар 2” форумын үеэр та Дэлхийн уур амьсгалын ногоон сангаас утааг бууруулах шийдэлд зориулсан санхүүжилт татах гэж байгаа тухай ярьсан. Энэ ажил хэр урагштай явж байгаа вэ?

-Уур амьсгалын ногоон санд энэ сард багтаад өргөдлөө өгөхөөр ажиллаж байна. Тэгвэл зургадугаар сард захирлуудын зөвлөлийн хурлаар орно. Энэ бүхэн амжилттай болвол энэ оны сүүлээр санхүүжилт орж ирнэ. Наана нь холбогдох журам, бичиг цаасны ажил олон байна. “Ногоон зээлийн сан” төслийг анх санаачилсан нь л Банкны холбооны дэргэдэх Тогтвортой санхүүжилт хөтөлбөр болохоос биш БОАЖЯ, СЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, СЗХ, нийслэлийн удирдлагын хамтын оролцоотой төсөл. Бид гурван жил бэлдсэн. Төр засаг, хувийн хэвшил, олон нийтийн болон олон улсын байгууллага гээд тал талын оролцоотой Монгол Улсын төсөл учраас Ногоон уур амьсгалын сан дэмжиж байгаа юм.

-Утааг бууруулах ямар шийдлүүдийг санхүүжүүлэх вэ?

-Нийгэмд тулгамдсан асуудлуудаас цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг нь сонгож авсан. Юуны өмнө гэр хорооллын оршин суугчдад зориулан байшингаа дулаалахад нь зээл олгоно. 220 гаруй мянган өрхийн тал нь хашаа байшинд амьдарч байна. Байшин нь ихэвчлэн стандартын бус, дулааны алдагдал ихтэй тул даардаг, тохь тухгүй байдаг. Тиймээс илүү их нүүрс түлж байна. Харин уг санхүүжилт орж ирснээр хашаандаа тухтай амьдрахыг хүссэн иргэд бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдаж болно. Мөн дэд бүтцэд холбогдсон эсэхээс үл хамааран 25-40 сая төгрөгийн үнэтэй амины орон сууцны санхүүжилтийг найман хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай олгохоор төлөвлөж байна. Хашаандаа утаа гаргахгүй, тохитой амьдрах боломж иргэдэд олгож, хот төлөвлөлтийн маш том асуудлыг шийдэж буйгаараа уг хөтөлбөр ач холбогдолтой юм. Улаанбаатарын бүх өрхийг орон сууцанд оруулах боломжгүй. Тэгээд ч иргэдийн дийлэнх нь хашаандаа тав тухтай амьдрах хүсэлтэйгээ илэрхийлсэн судалгаа бий.

-Хаанаас, хэзээ хийсэн судалгаа вэ?

-Дэлхийн уур амьсгалын сангаас санхүүжилт босгохын тулд холбогдох бүхий л тооцоо, судалгаа хийж, энэ хүрээнд гарсан дүгнэлт. Бид энэ тооцоог 2-3 жил ажиллаж байж гаргасан.

-Өөр ямар төрлийн зээл олгох вэ?

-Манай улс Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуультай. Томоохон байгууллага, үйлдвэрүүд, бизнесийнхний эрчим хүчний их алдагдал нь эрчим хүчний кабель, чийдэн зэрэг нь үр ашиг муутай байдагтай холбоотой. Энэ бүхнийг сольж, шинэчилбэл эрчим хүчний маш их хэмнэлт бий болно гэсэн тооцоог Азийн хөгжлийн банкнаас хийсэн байдаг. Эрчим хүчээ хэмнэхэд зах зээл дээр 100 орчим сая ам.доллар эргэлдэж байна. Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авсан зээлээ эргээд эрчим хүчний зардлын хэмнэлтээсээ төлчих бүрэн боломжтой. Энэ үйл ажиллагааг дэмжсэнээр нүүрсний хэрэглээг бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарал бодитоор багасаж байгаа тул Дэлхийн уур амьсгалын сангаас санхүүжилт татах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, бид санхүүжилт авахын тулд хүлэмжийн хийг бууруулахын зэрэгцээ нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдсэн байх ёстой.

-Эрчим хүчээ хэмнэх зээлийг заавал байгаль орчны ISO 14000 стандарт нэвтрүүлсэн байгууллагад олгох уу?

-Шалгуурыг нарийвчилж гаргаагүй байгаа. Гэхдээ заавал байгаль орчны стандарт нэвтрүүл гэдэг шаардлага тавихгүй. Эрчим хүчний аудитын дүгнэлтийг үндэслэн олгоно. Тухайлбал, Багануурын уурхай гэхэд эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмжтэй болсноор өртгийг нь хэдхэн сарын дотор хэмнэлтээсээ олсон байдаг. Ийм хэмнэлт хийх боломж бидэнд маш их байгаа. Оффисын гэрлүүдээ LED болгоход л цахилгааны төлбөрт маш их хэмнэлт үүснэ.

-Цаашид зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэх үү?

-Зөвхөн энэ гурван бүтээгдэхүүнд зориулж сан байгуулж байгаа юм биш. Иймэрхүү байдлаар Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлыг шийдэж, ногоон бизнес, иргэдийн ногоон төслийг дэмжихийн тулд ямар ч бүтээгдэхүүнийг хөгжүүлээд, тооцоог нь хийгээд санхүүжилт татах боломжтой. Хамгийн гол нь эхний байдлаар бид тогтолцоогоо маш амжилттай бүрдүүлчихвэл цаашид хэдэн ч бүтээгдэхүүн гаргаж болно. -Хүү болон хугацааны хувьд хэд байх бол. Та бүхэн тодорхой болгосон уу? -Амины орон сууцны хувьд одоо байгаа найман хувийнхаараа явна. Дулаалгыг жилийн 12 хувьтай байхаар тооцоо хийж байна. Аль болох бага байлгахад анхаарч байгаа.

-Амины орон сууцны зээлийг зөвхөн нийслэлийн утааг бууруулах төлөвлөгөөний хүрээнд тогтоосон бүсүүдэд олгох уу. Эсвэл утаа үйлдвэрлэхгүй л бол байрлал хамаарахгүй олгох уу?

-Зарчмын хувьд бүгдэд нээлттэй байна. Гэхдээ одоо байгаа нөхцөлөө сайжруулах хэрэгтэй болохоор гэрээ яндангүй байшингаар солих хүсэлтэй иргэдэд түлхүү олгоно. Илүү үр дүнтэй байлгах үүднээс нийслэлтэй хамтран ажиллаж байгаа. “Сервис центр” болон төвийн бүсэд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй нь уялдуулж ажиллана. -Хэчнээн өрх энэ зээлд хамрагдах боломжтой бол? -3000 орчим айлд ногоон санхүүжилт олгох боломжтой гэдэг тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, 3000 яндан багасна гэсэн үг. Дулаалгын зээл илүү олон айлд хүрнэ. Байшингаа дулаалбал нэг айлын түлж байгаа нүүрсний хэмжээ 30-40 хувь буурах тул яах аргагүй утааг бууруулах бодит шийдлийн нэг юм.

-Өрхийн орлоготой нь уялдуулбал нийт гэр хорооллын өрхийн хэчнээн нь ногоон зээлд хамрагдах бололцоотой вэ?

-Бидэнд зөвхөн гэр хорооллын өрхийн орлогын мэдээлэл л байгаа. Харин тухайн хүн зээлтэй эсэх тухай мэдээлэл харилцдаг банк дээр нь байдаг тул банкууд л эцэслэнэ гэсэн үг. -Орон сууцны ипотекийн зээлийн дээд хязгаарыг 100 сая төгрөг гэж тогтоосон. Тэгвэл ногоон зээлийн дээд хэмжээ хэд байх бол? -Журмаа нэг бүрчлэн гаргаагүй болохоор одоохондоо яг таг хэлэх боломжгүй. Гэхдээ зээлийн хэмжээг хязгаарлахаас илүүтэй яндангүй, эрчим хүчний хэмнэлттэй гэх мэт утаагүй шийдлийг хангасан байх ёстой. Мөн бид амьдралын нөхцөлийг нь сайжруулах шалгуур тавина. Дор хаяж мод тарьсан, дээврийн усаа тосоод авчихдаг, хөрсний бохирдол тулгамдаж байгаа тул ариун цэврийн байгууламжаа байгальд ээлтэй шийдсэн байх гэх мэт цогц шаардлага тавина. Тэгвэл гэр хорооллын өрхүүдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, орон сууцанд амьдрахаас илүү тохитой аж төрөх дүр зураг бууж байгаа биз.

-Ногоон санхүүжилтийн жишиг болох тогтолцоо ер нь аль улсад байдаг вэ?

-Ногоон санхүүжилт бол дэлхийд шинэ зүйл. Энд тэнд олон сан байгуулагдаж байгаа ч яг үлгэр жишээ болохуйц загвар олон улсад байхгүй. Харин ч Монгол Улс энэ чиглэлээрээ бусдад үлгэрлэхүйц хэмжээнд байж мэдэх юм. Тогтвортой санхүүжилт хөтөлбөр, МЗДТГ, Засгийн газар нь оролцоод амжилттай ажиллах тогтолцоо бий болгочихвол ногоон эдийн засаг, ногоон бизнес жинхэнэ утгаараа хөгжинө шүү дээ. Монгол Улс жижиг ч харьцангуй чадварлаг хүний нөөцтэй, хурдан шуурхай учраас энэ тогтолцоог бий болгож чадна гэдэгт би итгэлтэй байгаа.

-Уур амьсгалын сангаас 30 сая ам.доллар авах юм байна. Ногоон зээлийн санд хэдий хэмжээний эх үүсвэр цуглах вэ?

-Ногоон уур амьсгалын сангаас 30 сая ам.доллар татна. Бас өөрсдөө ийм хэмжээний мөнгө гаргана. Цаанаас тавьсан шаардлага. Яагаад гэвэл Монгол Улс өөрсдийнхөө асуудлыг шийдэх гэж байгаа тул зүй ёсны шаардлага. Засгийн газар, банкууд хамтарсан эх үүсвэрээс гарч байгаа бөгөөд нийт 60 орчим сая ам.доллараар ногоон зээлийн санхүүжилтийн тогтолцооны эхлэлийг тавьж байна. Амжилттай болбол цаашид олон улсын өөр ногоон сангуудаас санхүүжилт босгох боломж бүрдэнэ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж