Энэтхэг цойлж, Хятадын өсөлт саарна | News.MN

Энэтхэг цойлж, Хятадын өсөлт саарна

Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

Энэтхэг цойлж, Хятадын өсөлт саарна

Энэтхэг цойлж, Хятадын өсөлт саарна

Бүсийн ДНБ-ий өсөлт 2018 онд 6.2 хувь байна

Ази тивийн эдийн засаг улам хүчирхэгжсээр байна. 2020 он хүртэлх хугацаанд энэ тивийн эдийн засаг огцом өсөхгүй ч суурь бааз нь сайтар бэхжих төлөвтэй. Зүүн Ази болон Номхон далайн орнуудын ДНБ-ий өсөлт 2016 онд 6.3 хувьтай байсан бол 2017 онд нэг хувиар өсөв. Харин энэ онд сүүлийн хоёр жилийн тогтвортой байдлаа хадгалах нь. Хятадыг эс тооцвол бүс нутгийн эдийн засаг 2018 онд 6.2, 2019-2020 онуудад дунджаар 6.1 хувь байх тооцоог ОУВС гаргажээ. Харин The Еconomy сэтгүүл нэг хувиар бага байх таамаг дэвшүүлсэн. Гэсэн ч ДНБ нь 2-3 хувийн хооронд хэлбэлзэж байгаа бусад тивийг эдийн засгийн өсөлтөөрөө хошуучилсан хэвээр байх юм. Өнгөрсөн онд энэ бүсийн худалдаа илт сэргэж, санхүүгийн зах зээл тогтвортой хэвээр үлдсэн. Улс төрийн зарим эрсдэлийг эс тооцвол санхүү, эдийн засгийн салбарт олон амжилт үзүүлэхээр байна. 2017 онд Ази хамгийн олон тэрбумтантай тивээр тодорсон. Түүнчлэн дөрвөн их наяд ам.доллар буюу дэлхийн гадаад валютын нөөцийн талаас илүү нь энэ бүс нутагт цугларсан гээд олон амжилтыг тоочиж болно.

ХЯТАДЫН ТӨР ӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА

Хятад, Энэтхэг гэсэн хоёр том гүрэн эдийн засгийн тоон үзүүлэлтээрээ тивээ чирж явна. Ялангуяа ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигдсэн Хятадын эдийн засаг хэрхэхээс бүс нутгийн ирээдүй шалтгаалж байгаа. Тус улсын ДНБ-ий өсөлт 2010 онд хоёр оронтой тоонд шилжиж цойлсон ч сүүлийн жилүүдэд зогсолтгүй уруудаж, 2017 онд 6.9 хувьд хүрсэн. Энэ өсөлт ирэх онуудад үргэлжлэх ч хурд нь саарахаар байгаа юм.

ОУВС тус улсын эдийн засаг энэ онд 6.6, 2019 онд 6.4 хувийн өсөлттэй байх таамаг гаргасан. Өнгөрсөн жилүүдэд Хятадын төр томоохон төсөл, хөтөлбөрүүдээ өрөөр санхүүжүүлсэн учраас үүнийг хязгаарлахын тулд зээлийн хэмжээг бууруулж, даатгалын салбар дахь хөшүүргүүдийг хазаарлаж эхэлсэн. Түүнчлэн, агаар болон орчны бохирдлыг бууруулахын тулд зарим үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосны эдийн засаг дахь бодит нөлөө мөн энэ онд гарахаар байна. Ийнхүү Хятадын төр хязгаарлах, саармагжуулах бодлого явуулж буй нь огцом уналтаас сэргийлж, улс орноо тогтворжуулах зорилготой. Хэрэв өрийн санхүүжилтийг хязгаарлахгүй бол “Бүс ба Зам” төслийн хөлд улсын эдийн засаг чирэгдэх магадлал бий. Гэхдээ төрийн өмчит компаниудаа илүү томруулж, эрх мэдэл өгч буй нь хувийн салбарыг сульдуулах эрсдэлтэйг шинжээчид онцолж байна.

ЭНЭТХЭГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ҮР ДҮН ХАРАГДАНА

Энэтхэг улам эрчтэй өснө. Ерөнхий сайд Н.Моди 2016 онд том мөнгөн тэмдэгтийг хэрэглээнээс хасаж, өнгөрсөн зун бараа, үйлчилгээний татварыг нэмсэн. Эдгээр шинэчлэл нь зөв алхам байсан эсэх нь 2018 онд харагдах аж. Уг шинэчлэлийн үр дүн 2019 онд болох тус улсын Ерөнхий сонгуульд голчлон нөлөөлөх тул Засгийн газар нь эрчимтэй ажиллаж байгаа юм. Өнгөрсөн оныг тус улс ДНБ- ий 7.2 хувийн өсөлтөөр үдсэн. Тэгвэл энэ жил эдийн засгийн өсөлт 7.4 2019 онд 7.8 хувь байх таамгийг ОУВС гаргажээ. Харин Дэлхийн банкнаас 2018-2019 болон 2022-2023 онуудад эдийн засгийн өсөлт нь дунджаар 7.3 хувьтай байна гэж төсөөлсөн.

Ийнхүү Энэтхэгийн эдийн засгийг тун өөдрөгөөр харж байгаа нь тус улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт ирэх жилүүдэд нэмэгдэх хандлага байгаатай холбоотой. Технологийн хөгжил, инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний экспорт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулахаар байгаа юм. Дэлхийн зах зээлд дээрх таваарын үнэ өсөж буй нь Азийн экспортлогч орнуудад ашгаа нэмэх боломж олгож буй. 2018 онд Малайзын үндэсний үйлдвэрлэлийн, Вьетнамын эрдэс чулуу болон газар тариалангийн, Тайландын аялал жуулчлалын экспорт өсөх төлөвтэй байгаа.

Харин Индонезид хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байна. Ер нь уг бүсийн Сингапураас бусад орны эдийн засаг аажим өсөх хандлагатай байгаа юм. Гэхдээ өсөж буй Ази тив энэ онд геополитик, улс төрийн орчноос хамаарсан цөөнгүй эрсдэлтэй тулгарах нь. Худалдааны гол түнш АНУ протекционизм шингэсэн бодлого явуулах болсон, Их Британи Европын холбооноос гарсан зэргээс шалтгаалж хөрөнгө оруулалт болон худалдааны хэмжээ буурах магадлалтай. Түүнчлэн Умард Солонгосын хурцадмал байдал тивийн тогтвортой байдалд ч нөлөөлж мэднэ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-30 66.87.143.212

Хятадууд дальжигнаж байж унах нүхээ өөрсдөө ухчихлаа даа.Өнөөдрийн Хятад улсыг АНУ тэргүүтэй барууныхан л босгож ирсэн,бас унагаачихая гэвэл чадна.stop made in china,yes made in india.

Avatar

Зочин 2018-03-30 202.70.38.18

За манай хэд одоо Энэтхэгээс айж бүх юм аа харамлах цаг ирж дээ. Манай тэнгэрлэг нүүрс зэсийг үнэгүй зөөгөөд биднийг боолчлох гэж байна. Монгол ялнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж