Хуучирсан мэдээ: 2018.03.30-нд нийтлэгдсэн

“Хүйтэн дайн-2”

ОРОС ба БУСАД. Олон улсын дипломат харилцаа яг одоо ийм л байдалтай байна. Европын холбооны 20-иод улс, дээр нь АНУ, Канад, Австрали гээд нөлөө бүхий 27 улс Оросын эсрэг дипломат хориг авч эхэллээ.

Английн Салисбюрид гуравдугаар сарын 4-нд Оросын экс-тагнуул Сергей Скрипалыг охин Юлиягийнх нь хамт химийн хорт бодисоор хордуулж, хөнөөхийг завдсан хэргээс улбаалан Оросын эсрэг нэгдэн хөдөлсөн нь энэ юм. Цаашид ч Оросын эсрэг энэ “бойкот”-д нэгдэх орнуудын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Үзэл суртлын ялгаагаар дэлхийг хуваасан “Хүйтэн дайн”-аас хойш анх удаа ийм хэмжээний дипломат “дайн” дэгдэж байгаа юм. Одоогоор эх орноо төлөөлөн гадаад оронд ажиллаж байсан Оросын 151 дипломатч нутаг буцах болоод байна.

Европт гэхэд л олон улсын тавцанд Оростой түншилж, нөхөрсөг харилцаатай байхыг эрхэмлэдэг Унгар, Итали зэрэг орнууд ч Британитай хүсэл зорилго нэг гэдгээ илэрхийлж, энэ акцид нэгдсэн. Британи экс-тагнуулчийг хордуулсан хэрэгт Оросын эрх баригчдыг шууд буруутгаж байгаа билээ.Оросын дипломатчидыг нутгаасаа хөөсөн дийлэнх улсуудын хувьд тагнуулын гүйцэтгэх ажиллагаа явуулсан, түүнийгээ өнгөлөн далдалсан гэдэгт ихээхэн ач холбогдол өгч байна.

ОХУ-ын эсрэг арга хэмжээ авахаар нэгдсэн орнуудын жагсаалтад сүүлд Бельги, Ирланд, Молдав, Австрали зэрэг орнууд нэгдсэн. Мөн НАТО мөн Оросын долоон дипломатчийг энэ эвслээс хасаж буйгаа мэдэгдсэн юм.

23 дипломатчийг нутгаасаа хөөсөн Британиас гадна АНУ 60 дипломатчийг хөөн гаргахаа зарласан. Харин бусад улсуудын хувьд дийлэнх нь нэг ба хоёр, энэ нь Оросын үйлдлийг буруушааж, эсэргүүцсэн бэлгэдлийн чанартай үйлдэл юм.

Москва харин Британийн шийдвэрийн хариуд тус улсын мөн төдий тооны дипломатчийг Оросын нутаг дэвсгэрээс гарахыг шаардаж, ОХУ дахь Британийн соёлын институтийн үүдийг барьсан юм. Түүнчлэн Орост суугаа АНУ-ын 60 дипломатчийг долоо хоногийн дараа нутгаасаа гарахыг шаардаж, Санкт-Петербург дэх АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрыг хаахаар шийдсэнийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр /2018.03.29/ мэдэгдэв. 

Үүнээс гадна Скрипалыг хордуулсан хэргийн талаар “шударгаар хэлэлцэх” үүднээс ирэх дөрөвдүгээр сарын 2-нд олон улсын Химийн зэвсгийг хориглох байгууллага (OPWC)-ын гишүүдийг хуралдуулах саналаа Сергей Лавров илэрхийлжээ. Түүний хэлснээр Британи Скрипалын хэргийн үнэн мөнийг тогтоох сонирхолгүй гэнэ. Москвагийн байр суурь ийм байна. 

АЛЬ УЛС ОРОСЫН ХЭДЭН ДИПЛОМАТЧИЙГ ГАРГАХ ВЭ?

  • АНУ: 60
  • Их Британи: 23
  • Украин: 13
  • НАТО: 7
  • Канад, Франц, Герман, Польш: тус тус 4
  • Чех, Литва, Молдав: тус тус 3
  • Албани, Австрали, Дани, Итали, Нидерланд, Испани: тус тус 1
  • Бельги, Хорват, Эстони, Унгар, Ирланд, Финлянд, Латви, Македон, Норвег, Румын, Швед: тус тус 1
 

 
С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж