Дугаарын хязгаарлалтын төлөө худалдаачид өдрийн орлогоосоо татгалзах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Дугаарын хязгаарлалтын төлөө худалдаачид өдрийн орлогоосоо татгалзах уу?

Дугаарын хязгаарлалтын төлөө худалдаачид өдрийн орлогоосоо татгалзах уу?

Замын түгжрэл, дээр нь “Нарантуул”-ын гол хаалга хүртэлх хүний хөл, шахаж тавьсан машин тэрэгний хооронд сүл­жих шахам явсаар зах руу орлоо. Хаалгаар оронгуут сүрчиг үнэртэх нь таатай. Харвал, төрөл бүрийн үнэртэн өрчихсөн явуулын бяцхан лангууны дэргэдээс “Брэндийн усаа граммаар аваарай” хэмээн нэгэн эмэгтэй хашгирч харагдана.

Хэдий 17.00 цаг өнгөрсөн боловч ‘Нарантуул’ захын хашаанд  машин  ирэх нь улам ихсэж байв. Хот, хөдөөнийх гэлтгүй бүгд л үнэ хямдыг нь бодож тус захаар үйлчлүүлдэг. “Нарантуул” захад арван мянган хүн өвлийн хүйтнийг, зуны аагим халууныг үл ажран, амьдралаа залгуулахын тулд лангуу түрээслэн ажилладаг.

Тус захыг зорих болсон шалтгаан бидэнд бий. Учир нь, нийслэлийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн шинэчлэлтэй холбогдуулаад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын замыг 1.6 жил буюу 2020 он хүртэл хаахаар болсон

Мөн нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор: 

  • Сондгой буюу Даваа, Лхагва гаригт 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, тэгш буюу Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, харин Баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй амраах саналыг гаргасан

  • Харин хоёрдугаар хувилбар нь,Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст Даваа, Лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, Мягмар, Пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, Баасан гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах саналтай байгаа юм.

Дээрх саналыг иргэдийн санал асуулгаар шийдэх юм. Эдгээр саналын дэмжигдсэн хувилбар дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Харин манай агентлагийн зүгээс баасан гарагт томоохон худалдааны төв, захуудыг амраах саналыг дэмжиж байгаа эсэх талаар лавлахаар  “Нарантуул” захын худалдаачдыг зорьсон нь энэ.  

“Нарантуул” захын хяналт зохион байгуулалтын албаны зохион байгуулагч Г.Ууганцэцэг “Захын хөл хөдөлгөөн урд урьдын жилүүдийг бодвол багассан. Нүдэн баримжаагаар харахад Баасан,Бямба,Ням гаригт хүмүүс илүү ихээр үйлчлүүлж зах хөдөлгөөнд ордог. Бусад үед урсгалаараа шахуу л байж байдаг. Манай ажилчид баасан гарагт амарна гэхээр дургүй л байгаа. Ихэнх худалдаачид мягмар гаригт  амраад сурчихсан” гэв.

Энд худалдаа, наймаа эрхэлж буй иргэд “Хүнд нөхцөлд ажилладаг. Банкны өрийн сүлжээнд орж, амьдралаа авч явахад хэцүү байна” гэцгээж байв.

Ихэнх худалдаачид баасан гаригт амардаг болно гэх санал таалагдахгүй байгаа талаар ам уралдан ярьцгааж байлаа.

Энэ үеэр арав гаруй жил  гутал зарж буй худалдаачин Ж.Цэвэгсүрэн  ийн ярилаа.

Ж.Цэвэгсүрэн

Тэрбээр “Ихэнх захын худалдаачид дээрх саналыг эсэргүүцэх нь тодорхой шүү дээ.  Бүгд л өртэй зээлтэй байна. Ийм байхад гайгүй орлого олдог баасан гаригт амраачихаар алдагдалтай. Хөдөөгөөс нааш зорьж ирэх хүмүүс ч олон байдаг” гэв.

Н.Цэрэнханд

Н.Цэрэнханд “Уг нь мягмар гаригт амрахад зах ч ачаалал багатай сийрэг байдаг болохоор амар байдаг юм. Харин баасан гаригт амарна гэхээр улсууд их дургүй байна лээ. Баасан гаригт ажиллаж байвал хэдэн төгрөг ч гэсэн хэрэгтэй л юм даа. Дэмжигдээд гараад ирэх юм бол журмыг нь дагахаас өөр яах вэ дээ” гэв.

н.Энхтуяа

н.Энхтуяа “Би гэхэд байрны лизинтэй. Хамгийн наад захын  зовлон гэхэд энд зээлгүй хүн нэг ч байхгүй. Сарын эхэнд авдар тээшний мөнгө,сарын дунд болохоор байрны лизин, сарын 15 дөхөөд ирэхээр байрныхаа мөнгийг өгнө. Эргээд сарын 20 болохоор лангууны түрээс нэхэгдэнэ.Ерөөсөө өрнөөс өрийн хооронд л амьдарч байна. Бид нар өвөл орлого муутай болохоор  зүгээр түрээсээ төлөөд  л явдаг. Дулаараад худалдан авалт овоо  сайжрах байх гэж бодтол  баасан гаригт амраана гэх санал гараад байх юм” гэлээ.

Бухимдсан худалдаачид “Төрийн түшээд  дөрвөн жилдээ ганц сонгууль дөхөхөөр л ирж царайгаа харуулдаг. Сайхан сайхан амлалт өгч чихэн дээр цэцэг ургуулдаг. Тэгсэн хэрнээ усанд хаясан чулуу шиг алга болно. Амласан амлалтаа ч биелүүлдэггүй.Бид нарыг энд хүйтэнд хөрж, халуунд халж яаж таван төгрөг олж байгааг тэд мэдэхгүй. Тэнгэрийн юм ярьсан улс байх юм” гэцгээж байв.

Захын худалдаачдыг ажиглаад байхад ихэнх худалдаачид 40 наснаас дээш  насныхан байх аж. Тэдний дунд баасан гаригт томоохон худалдааны төв, захуудыг ажиллуулахгүй амраах саналын талаар огт мэдээгүй хүмүүс байхад, долоо хоногт хоёр удаа амарна хэмээн буруу ойлголттой хүмүүс ч олон байсныг нуух юун. Тиймээс ч энэ удаагийн саналыг худалдаачид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хүчтэй илэрхийлсээр байсан юм. Харин иргэдийн зүгээс захуудын амралтын хуваарьт өөрчлөлт орсон ч ямар ч ялгаа байхгүй гэв. 

Хэрэв энэ санал дэмжигдвэл хоёр өдөр машин унахыг хязгаарласны шанд баасан гарагт нийслэлд байгаа бүх машин хөдөлгөөнд оролцоно. Харин тэдний төлөө томоохон захын худалдаачид өдрийн орлогоосоо татгалзаж амарч олгох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж