Улаан асрын зүүд (95-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (95-р бүлэг)

Улаан асрын зүүд (95-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Ерэн тавдугаар бүлэг

ХУДАЛ ҮГ ҮНЭН БОЛЖ, ЮАНЬ ФЭЙ ХАТАН ТААЛАЛ ТӨГСӨӨД, ХУУРМАГ ХАШ ҮНЭНИЙГ ОРЛОЖ, БАО ЮЙ УХААН БАЛАРТАВ

Өгүүлэх нь: хүрээний үүдэн дээр Бэй Мин “Бао Юйгийн хашийг олсон гэж охинд хэлмэгц гүйж ороод түүний үгийг дамжуулав. Бүгдээр Бао Юйг шаардаж асуулгахаар гаргаад саравчин доор чагнан зогсоцгоов. Бао Юй баахан санаа амарч үүд рүү очоод “Чи хаанаас олсон бэ. Хурдан авчраач дээ” гэсэнд Бэй Мин: “Би авчирч чадахгүй. Хүн олж батлуулна” гэв. Цаадах нь:

-За тийм бол чи яаж олсноо хурдан хэл. Би хүн явуулж авахуулъя.

-Намайг гадаа байхад Линь авгай төлгө үзүүлэхээр очихыг мэдээд би дагаад очсон юм. Наймаачнаас эрэгтүн гэхийг сонсоод би, тэднийг ярьж дуусахаас өмнө гарч ирээд хэдэн барьцаалан зээлдүүлэх пүүсээр очиж эрлээ. Би тэдэнд байдал дүрсийг нь хэлж өгсөнд нэг пүүс “Байна” гэлээ. Би “Надад өгчих” гэсэн чинь пүүсийн хүн: “Зоос авна” гэв. Би “Хэдийг авах вэ” гэсэнд тэр “Гурван зуун зоосных ч байна. Таван зуун зоосных ч байна. Уржигдар нэг хүн ийм нэг хэсэг хашийг барьцаанд тавихаар авчирсан” гэв… гээд цааш хэлэх гэтэл Бао Юй:

-Чи шалавхан яваад, тав гурван зуун зоос аваачиж өгөөд аваад ир. Бид мөн бишийг нь ялган үзье гэв. Тэнд Ши Рэнь түй хэмээн нулимаад: “Эр Е түүнийг ойшоох хэрэггүй. Зарим хүн тийм бяцхан хашийг худалдаж, зоосгүй боловч аваачиж барьцаанд тавина гэж ахын ярихыг би багадаа зөндөө сонссон юм. Бодвол пүүс бүхэнд тийм юм байдаг байх” гэв. Хүмүүс гайхан сонсож байснаа Ши Рэний үгийг сонсоод хөхрөлдөж: “Цаад Эр Егээ хурдан оруул. Тэр эргүү амьтны үгийг сонсох хэрэггүй. Түүний ярьж байгаа тэр хаш аягүй бол үнэн юм биш байх” гэцгээв. Бао Юйг хөхөрч байтал Шю Янь хүрч ирэв. Тэрбээр Лун Цүй Ань сүмд очоод шууд л Мяо Юйд сахиус урихыг гуйсанд цаадах нь хүйтнээр инээгээд:

-Охин эрх ашигт шунасан хүн биш тул би чамтай үерхжээ. Өнөөдөр яахин тэндэх цуу үгийг сонсоод ирж надтай зууралдав аа? Төдий бас “Сахиус урих” гэгч юү болохыг би мэдэхгүй гээд тоосонгүй. Шю Янь түүний занг мэдэх тул энд ирсэндээ гэмшсэн боловч “Нэгэнт хэлчихсэн юм чинь, хоосон буцаж болохгүй” гэж бодоод, бас түүний сахиус урьж чадахыг хэлж мэдэхгүй ч царайчлан инээмсэглэж, Ши Рэнь нарын амь настай холбогдохыг нэгэн зэрэг тоочив. Мяо Юй сонсох төлөвтэйг мэдээд босож хэдэнтээ ёсолсонд тэрбээр шүүрс алдаж: “Надад яршиг удаж юу хийнэ дээ. Нийслэлд ирснээс хойш намайг мэдэх хүн байхгүй. Чи ирээд ингэж өдөөвөл хожим хүмүүс шаваад байна шүү” гэв. Шю Янь:

-Би сонсоод сэтгэл төвдсөнгүй. Чиний лавтайяа энэрэн нигүүлсэхийг мэдсэн. Хожим хүн ирж гуйвал чиний л дурын хэрэг. Хэн аймшиггүй албадаж чадах вэ гэсэнд цаадах нь инээгээд:

-Нэгэн чавганцаар хүж шатаалган, авдраас элс давс мэтийг гаргаж, хаяг бичээд Шиү Яниар шившүүлж бариулсны дараа төлгөний савыг түшсэнд төдөлгүй хувилгаан үзэг бичсэн нь:

-Ай ирэхэд мөргүй, буцахад сүүдэргүй, хар далант оргилын доорх хөгшин нарсыг түшжээ. Эрж олъё гэвэл түмэн давхар уул, миний үүдэнд орвол инээмэгц учирна гэжээ.

Бичиж дууссаны дараа Шю Янь: “Ямар сахиус залсан юм бэ” гэж асуусанд цаадах нь: “Төмөр таягт сахиусыг залсан” гэв. Шю Янь тэмдэглэж аваад Мяо Юйгээр тайлуулах гэсэнд “Энэ харин болохгүй. Би мэдэхгүй. Хурдан аваад яв. Тэдний дотор юм мэддэг хүн олон бий” гэв. Шю Янь яаран буцаж хүрээн дотор ортол цаадуул нь: “За яав” гэж асуусанд тодорхой ярилгүй тэмдэглэж авсан төлгөний бичгийг Ли Ваньд өгөв. Эгч дүүс, Бао Юй булаалдан үзээд цөмөөр: “Дав дээр олдохгүй, тэр мөртөө бүрэн алга болохгүй. Хэзээ нэгэнт эрэхгүй байсан ч өөрөө гарч ирнэ. Харин тэр хар далант оргил гэдэг нь хаа байдгийг мэдэхгүй” гэцгээсэнд Ли Вань:

-Энэ бол хувилгаан сахиусны нууц үг болой. Манай гэрт яагаад хар далант оргил гарч ирнэ вэ? Хэн нэг нь баригдахаас айгаад нарс ургасан чулууны дор нууж хийсэн байж мэднэ. Ганцхан энэ “Миний үүдэнд орвоос” гэсэн нь чухам хэний үүд болов? гэж гайхав. Дай Юй: “Хэнийг залсныг мэдэв үү” гэсэнд Шю Янь: “Төмөр таягт сахиус” гэв. Тань Чүнь: “Сахиусны үүд бол харин орохуйяа бэрх болно” гэв. Ши Рэнь ихэд бачимдан энүүгээр тэнүүгээр дэмий л эрж чулуу болгоныг сөхөж үзсэн боловч олсонгүй. Хүрээлэнд буцаж ирвэл Бао Юй олсон, олоогүйг ч асуулгүй дэмий л мангартан инээнэ. Шө Юэ сандарч: “Өвөг эцэг минь, чи чухам хаана гээсэн юм бэ дээ. Тодорхой хэлбэл, бид хэдий ялд унавч хэлэх үгтэй биш үү” гэж уйлагнасанд Бао Юй инээж:

-Би гадаа гээсэн гэвэл та нар хүлээхгүй. Чи хичнээн асуувч би яаж мэднэ вэ гэв. Ли Вань, Тань Чүнь хоёр:

-Өглөө боссоноос хойш үймэлдсээр байгаад гурван жин хүрчихлээ. Линь охин дүү нэгэнт хатуужин суувч тэсэхгүй болоод явлаа. Одоо цөм унтаж амраад маргааш болъё гэж хэлснээр тарцгаав. Бао Юй ч унтав. Хөөрхий тэр Ши Рэнь нар уйлж, бодлогоширч янз бүр болсоор шөнө нүд аньсангүй.

Дай Юй гэртээ хариад “Алт”, “Чулуу” хэмээх хуучин үгийг бодож баярлаад: “Лам бумбын үгэнд үнэхээр итгэж болохгүй. Үнэхээр “Алт”, “Хашийн” барилдлага байдаг бол Бао Юй яалаа гэж энэ хашийг гээх вэ. Харин надаас болж тэдний алт хашийг салгасан ч байж болзошгүй… гэж бодоод санаа амарч, нэг өдрийн ядаргааг тоосон ч гүй.Харин Зы Жюань ядарна гэж үглэж байгаад унтуулав. Дай Юй хэдий хэвтсэн боловч бас хайтан цэцгийг санагалзаж: “Энэ хаш бол эхийн хэвлийгээс авч төрсөн тул ерийн эдтэй адилгүй. Ирж, очиход цөм шалтгаантай болой. Энэ цэцэг сайныг зөгнөсөн бол тэр хашийг гээх ёсгүй. Тэр цэцгийн дэлгэрсэн нь сайны тэмдэг биш. Түүнд өлзий бусын учрал тохиолдох болов уу” хэмээн бодтол сэтгэл нь шаналав. Бас сайн талаар ч бодох гэж оролдов. Энэ цэцэг дэлгэрвэл зохих мэт бөгөөд тэр хашийг ч гээвэл зохих мэт санагдан, ийнхүү гомдож, баярласаар үүр цайх үес унтав.

Маргааш нь Ван Фүрэнь хүн явуулж, барьцаалан зээлдэх пүүсээс асуулгаж, Фөн Же далдуур арга сүвэгчлүүлэн эрж сураад ч юм сонссонгүй. Энэ үед Жя Мү, Жя Жөн хоёр мэдээгүй л байгаа ажээ. Ши Рэнь нар өдөр болгон “Зүрхээ гартаа барьж” явна. Бао Юй бас хэдэн өдөр хичээлдээ очсонгүй. Үг яриа ч үгүй дэмий дүнсийн сууна. Ван Фүрэнь, түүнийг хашаа гээснээс болсон биз гэж бодоод анзаарсангүй. Дэмий л гайхан сууж байтал гэнэт Жя Лянь орж ирээд амар эрүүт баясан инээгээд: “Өнөөдөр Юй Цүнь хүн илгээж Эр Лао ед үг хэлүүлжээ. Нагац да е дотор зурганы ерөнхийлэн захирагч түшмэлд дэвшээд зарлигийн ёсоор нийслэлд ирнэ. Хойт жилийн цагаан сарын хоринд дэвшүүлэх зарлигийг зарлахаар тогтоод гурван зуун газрын албан бичгийг нэгэнт явуулжээ” гэсэн байна. Бодвол, нагац да е өдөр шөнөгүй аялах тул хагас сарын дараа ирнэ. Ач хөвгүүн би тусгайлан дайдаад мэдүүлэхээр ирлээ” гэж хэлэв.

Ван Фүрэнь сонсоод их баярлав. Яг төрхмийн хүн цөөрч, Шюэ Имагийн гэр хөрөнгө бас бууран доройтсоны хажуугаар дүү нь бас гадаад оронд алба хааснаар харгалзаж чадахгүй болсныг бодож байтал өнөөдөр гэнэт зэрэг дэвшиж нийслэлд ирэх болсныг сонсоод Ван овогтны үүд өрх бадран мандаж, хожим Бао Юй бас түших газартай болов хэмээн санаад хаш гээсэнд шаналж байсан сэтгэл ньжаахан тайвширч хэзээ мөдгүй дүүгээ ирэхийг хүлээн баярлан суув.

Нэг өдөр Жя Жөн гэнэт орж ирээд, нулимсаа гоожуулан “Хурдан очиж Лао тайтайд айлтгаад даруй түргэн ордонд аваад очигтун. Олон хүн хэрэггүй. Чи дагаж оч. Дээд хатан гэнэт түргэн өвчнөөр нэрвэгджээ. Одоо тайган гадаа хүлээж байна гээд эмчийг захирах яамнаас нэгэнт цэр бөглөрөх өвчин тул засаж болохгүй гэж тодолжээ” гэж нэмж хэлэв. Ван Фүрэнь сонсоод л уйлж эхлэв. Жя Жөн “Одоо уйлах цаг бишээ. Хурдан явж Лао тайтайг залах хэрэгтэй. Жаахан гайгүй маягаар хэлээрэй. Айчих нь шүү” гэж хэлээд гарч гэрийн хүмүүсийг бэлтгүүлэв. Ван Фүрэнь нулимсаа арчаад Жя Мүд очоод: – Юань Фэй хатан өвдсөн учир ордонд очиж амрыг айлтгана аа гэсэнд: “Бурхан минь ээ, бас яасан гэнээ. Тэр удаад намайг бас их айлгасан шүү. Хожим нь худал байсан нь сайхан. Энэ удаа бас худал байгаасай даа” гэв. Ван Фүрэнь, Жя Мүгийн өмсөх хувцсыг гаргуулав. Өөрөө ч гэсэн завдаж хариад өмсөх хувцсаа зэхүүлээд эргэж ирж Жя Мүд туслав. Төдөлгүй сүйхэнд сууцгаан ордонд очсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Юань Фэй хатан, Фэн Зао гүнд сонгогдон орсноос хойш богдын тааллыг үлэмж хүртэж бие лагшин мариалан бүдүүрээд хөдөлж барих нь удааширч, өдөр бүр босож суух гэж зүдэрсээр хоолойд нь байнга цэр ирэх болжээ. Урьд өдөр нь хуримд суугаад ордонд буцаж явахдаа гэнэт хүйтэн салхи залгиснаас хууч нь хөдөлжээ. Гэртээ ирээд улам хүндэрч, цэр бөглөж дөрвөн мөч нь хөрчээ. Тэр даруй хаанд айлтгаж, отчийг нь дуудан үзүүлэв. Эм тан орохгүй болсон тул цэр ховхлох эм хэдэнтээ цутгаад тус болсонгүй. Ордны түшмэл айн сандарч эзэнд айлтгаад хойтын явдлыг нь бэлтгүүлж эхлэв. Үүнээс өмнө Жя овогт хатдыг оруулж уулзуулсан ажээ. Жя Мү, Ван Фүрэнь нар зарлиг ёсоор ордонд орвол, Юань Фэй хатан, хоолойд нь цэр тээглээд үг дуугарч чадахгүй болсон байв. Жя Мү хараад мэгшсэн боловч нулимс гарсангүй. Дэмий л баахан тайтгаруулах үг хэлэв. Төдөлгүй Жя Жөн нарыг оруулсанд ордны охид, уламжлан мэдүүлбэл, Юань Фэй хатны мэлмий нэгэнт тогтож, царайн өнгө алгуур хувирчээ. Ордны түшмэл тайган даруй дээш айлтгавал, төрөл садныхныг гадаах ордонд хүлээлгэв. Жя Мү нар салж төвдөхгүй байвч арга буюу гүрэн төрийн ёсыг дагав. Тэд гадагш гарч ирээд ч уйлж чадахгүй дотроо гашуудна. Ордны хаалганы дотор түшмэд шийдвэр хүлээж байтал төдөлгүй тайган гарч ирээд, хааны зарлигийг зогсоогоор уламжлав. Жя Мү хэрэг муу болсныг мэдэвч аймшиггүй хөдөлж чадсангүй. Төдий удалгүй бяцхан тайган гарч ирээд:

-Жя хатан таалал төгсөв гэж бүхэнд уламжлав. Энэ жил хөх барс жил, арван хоёр сарын арван найманд хаврын уур орж Юань Фэй хатан мөн сарын арван есөнд таалал төгссөн тул туулай жилийн барс сараар бодно. Нийт дөчин гурван насан сүүдэр зоогложээ. Жя Мү гомдол өвөрлөж босож, арга буюу ордноос гарч сүйхэнд суугаад гэртээ харив. Жя Жөн нар ч уяран гашуудсаар буцав. Тэдний харихад Шин Фүрэнь, Ли Вань, Фөн Же, Бао Юй нар угтан авсанд бүгд бэгтрэн уйлалдсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Маргааш нь эрт босоцгоон, зэрэг цолтнууд, Юань Фэй хатны бэлэвсрэлийн ёсоор дотогш орж, амар айлтган уйлцгаажээ. Жя Жөн, барилгын зурганд албатай тул хэдий ёслолын тогтсон дүрмээр гүйцэтгэвч бэлэвсрэлийн танхимаар ирж лавлан асуусаар байв. Тэрбээр хоёр тийш татагдан, урьдын эх хатан болон Жоу хатны бэлэвсрэлтэй адилтгах аргагүй болжээ. Тийн боловч Юань Фэй хатан хүүхэдгүй учир түүнд мэргэн журамт хатны цол хайрласан ажээ. Энэ бол хааны ордны ёс юм.

Хоёр ордны хүмүүс өдөр бүр ордонд орж ихэд яарна. Фөн Же ойрд бие нь сайн байгаа учир гэрийн хэргийг харгалзахын хамтад Ван Зы Төнг нийслэлд ирсний дараа аяны тоосыг арилгах баяр найрт бэлтгэнэ. Фөн Жегийн ах Ван Рэн, авга нь дотор зурганд дэвшсэнийг мэдээд бас гэр хотлоороо нийслэлд иржээ. Фөн Же дотроо баярлавч санаа амаргүй байсан ч төрхмийн хүн олон болохоор жаахан уужрав. Бие нь ч дээрдэв. Тэрбээр угийн ёсоор гэрийн хэргийг шийтгэх болсон тул Ван Фүрэний хагас үүрэг хөнгөрөөд, энэ зэрэгцээ дүү нь нийслэлд ирэх гэж байгаа тул сэтгэл нь уужирчээ. Ганцхан Бао Юй л ажил үүрэггүй хүн юм. Бас бичиг ном үзэхгүй, Дай Рү багш ч гэрт нь ажил явдал гарсныг мэдээд хайхрахаа болив. Ядахдаа Жя Жөн их ажилд самгардаад түүнийг шүүж шалгах завгүй болжээ. Бодвол, тэрбээр энэ завшаанд эгч дүүстэйгээ баахан наадаж болох байв. Гэтэл хашгүй болсноос хойш өдөр турш хөдлөх дургүй болов. Үг яриа нь ч эргүү тэнэг юм шиг болов. Жя Мү нарын гадагш гараад буцаж ирэхэд, хүн очиж амар эрэгтүн гэвэл л явна. Дуудахгүй бол хөдлөхгүй сууна. Ши Рэнь нар түгшүүртэй байгаа тул түүнд үг хэлж уурлуулахаас айна. Цай хоол авчирч өгвөл иднэ. Авчрахгүй бол дуугүй сууна. Түүний байдал ууртай маяггүй өвчтэй янзтай байх тул Ши Рэнь, Зы Жюаньтай уулзаж “Эр Е ийм болсон тул авхай очиж түүнийг тайтгаруулж ургийн хэргийг холбогдуулж өгөөч” гэж гуйна. Дай Юй, ургийн хэргийг холбогдуулан бодож лав өөрийн бие мөн тул түүнтэй очиж уулзвал харин эвгүй. Хэрэв тэр ирвэл багаас нэг дор өссөн тул тоохгүй байж болохгүй. Би түүнийг эрж очвол болохгүй гэж бодоод явсангүй. Ши Рэнь бас Тань Чүньд сэм хэлэв. Тань Чүнь дотроо хайтан цэцэг дэлгэрснийг сэжиглэх атлаа, “Эрдэнийн хашийг” гээсний дээр бас хатан эгч нь хальж, гэрийн улирал буурсанд өдөр бүр бухимдан зовох тул бас юуны Бао Юйг хориглох сэтгэл байхав. Төдий бас ах, охин дүү, хөвгүүн охины ялгал бий тул арга буюу нэг хоёр удаа ирэхэд нь Бао Юй дуугарч ядан хойргоших тул дахиж олон ирсэнгүй.

Бао Чай түүнийг хашаа алга болгосныг мэдсэн ажээ. Тэр өдөр Шюэ Има, Бао Юйгийн ургийн учрыг хүлээгээд гэртээ харимагц Бао Чайд хэлэв. Шюэ Има: – Хэдий нагац эгч чинь хэлсэн боловч би ахыг чинь ирсэн хойно тогтъё гээд баттай үг хэлсэнгүй. Чи дуртай юү, үгүй юү гэж асуусанд Бао Чай төв царайлж:

-Ээжийн энэ үг ташаарчээ. Охин хүний учрыг эцэг эх нь эзэн мэднэ. Одоо миний эцэг үгүй болсон тул ээж эзэн мэдвэл зохино. Эсвэл ахаас асуувал зохино. Яагаад надаас асууж байгаа юм бэ гэсэнд Шюэ Има түүнийг улам ч хайрлав. Түүнийг хар багаас нь эрх танхи өсгөсөн гэлээ ч амарлингуй цэгц хүн юм. Тийнхүү түүний дэргэд Бао Юйг дурдахгүй болов. Бао Чай ч энэ үгийг сонссоноос хойш “Бао Юй” гэсэн үсгийг дурсахгүй болов. Одоо хэдий хаш гээснийг мэдээд дотроо хэрдхийн сэжиглэсэн боловч бусдын үгийг чагнаж, өөрийн биед огт холбогдолгүй мэт асууж чадахгүй болов. Харин Шюэ Има инжээ явуулж хэдэн удаа сураглуулав. Тэрбээр хүү Шюэ Паний хэрэгт сэтгэл амсхийн ахыг нь нийслэлд ирсэн хойно ялнаас хэлтрүүлэх болов уу гэж хүлээх бөгөөд бас Юань Фэй хатан хальж хоёр ордныхон тэвдэж байвч Фөн Же эдгээд хамаг хэргийг хариуцаж байгаа тул тэнд олон очихгүй байв. Тэнд ганцхан Ши Рэнь л зовлонд шаналж, Бао Юйг хичээн сувилж тайтгаруулавч ойлгохгүй тул арга буюу бачимдана.

Хэдэн өдрийн дараа Юань Фэй хатны шарилыг тахилгын сүмд тавьсанд Жя Мү нар яваад хэд хонов. Бао Юй өдрөөс өдөрт мангуурах мөртөө халуурах ч үгүй, өвдөх ч үгүй байвч нойр хоол нь татуурч эх адаггүй юм ярих болов. Шивэгчид нь балгардан сандарч Фөн Жед л хэлнэ. Тэрбээр хэд хэдэн удаа эргэж ирэв. Анхандаа хашаа олохгүй дээ бухимдаж байна гэж бодсон боловч сүүлдээ түүний сүнс зайлж, сүлд буурсан байдлыг хараад өдөр болгон эмч залж үзүүлнэ. Баахан эм чанаж өгсөн боловч өвчин хүндрэхээс буурсангүй. Хаана яагаад байна вэ гэж асуухаар Бао Юй хэлж чадахгүй.

Юань Фэй хатны бэлэвсрэл дууссаны дараа Жя Мү, Бао Юйг санагалзаж, эргэж ирэв. Ван Фүрэнь бас дагаж ирэв. Бао Юйг угтан гарч амар эр гэв. Тэрбээр хэдий өвчтэй боловч явж суух нь хэвийн тул гарч тэднийг угтан амар эрэхэд нь Ши Рэнь түшиж, зааж дохино. Жя Мү: “Хөвгүүн минь ээ, чиний бие ямар байгааг үзэхээр ирлээ шүү дээ. Одоо чи, угийн хэвээр байна. Миний сэтгэл амарлаа” гэв. Ван Фүрэний сэтгэл ч бас амсхийв. Бао Юй юм хэлэхгүй дэмий л гэдгэнэн хөхөрнө. Жя Мү гэрт ороод үг асуухад, Ши Рэнь үг хэлэхээр түүнийг давтаж урьдынхтай огт адилгүй яг л тэнэг хүн шиг байлаа. Жя Мү сэжиглэж “Намайг орж ирэхэд өвчингүй мэт байсан. Одоо нарийвчлан үзвэл, хөнгөн биш, сүнс нь зайлсан юм шиг байна. Чухамдаа яасан юм бэ” гэж асуув. Ван Фүрэнь нуухын аргагүй болсныг мэдээд, бас Ши Рэний хөөрхийлөлтэй байдлыг хараад, арга буюу Бао Юйгийн өөрийн хэлснээр “Линь Ань настаны ордонд ший үзэхээр очихдоо хашаа гээжээ…” гэж бараг шивнэх шахуу хэлснээ, Жя Мүг зовуузай гэж дотроо ихэд эмээж “Одоо хүн явуулж пүүсүүдээс эрүүлж байгаа. Төлгө буулгах бүрд барьцаалан зээлдэн пүүсээс эр гэж хэлдэг. Тэр олдох байхаа” гэж гэсэнд Жя Мү сандран босоод нулимс унаган “Тэр хашийг хаяж яаж болох вэ. Та нар даанч ухаангүй байна! Лао е чинь бас гараа ханцуйдаа хийчихээд тоохгүй байна уу” гэсэнд Ван Фүрэнь, их ахайтны хилэгнэж байгааг мэдүүт Ши Рэнь нарыг сөгтгөж, өөрөө хэнэггүй царайлан бөхийж “Бэр би Лао тайтай цухалдан Лао е хилэгнэхээс айгаад мэдүүлсэнгүй” гэв. Жя Мү:

-Хай, энэ бол Бао Юйгийн амь гол нь. Түүнийг гээгээд л сүнсгүй болжээ. Ингэж яаж болох вэ. Тэр хашийг хот да е р мэдэх тул хэн олсон хүн чамд гаргаад өгөх үү? Хурдан Лао егаа залуулагтун! Би түүнд хэлье гэв. Энэ хэр Ван Фүрэнь, Ши Рэнь нар ихэд эмээж, цөм гуйцгаав.

-Лао тайтай ийнхүү хилэгнэвэл, Лао ед мэдүүлэхэд нэн хэцүү болно. Одоо Бао Юй бүр өвчтэй байх тул бид чадал чинээгээрээ эрж олъё гэв. Жя Мү:

-Та нар Лао егаа ундууцахаас айвал би байна гээд Шө Юэд хэлж хүн явуулан залуулав. Төдөлгүй хүн ирж “Лао е зочдод талархахаар явжээ” гэж мэдүүлэв. Жя Мү:

-Тэр үгүй боловч мөн болно. Та нар миний үг гэж хэл.Доорх хүмүүсийг одоо яллах хэрэггүй. Би Лянь элээр шагналын мэдээ бичүүлж, тэр өдрийн явсан газарт нааж “Олж авчирсан хүнд, дуртайяа түмэн лан мөнгө өгч, баттай сураг хэлж өгсөн хүнд таван мянган лан мөнгө өгнө” гэе. Үнэхээр олдвол мөнгө хайрлаж болохгүй. Ингэж эрвэл лав олдоно. Манай гэрийн хэдэн хүн эрээд энэ насандаа олохгүй гэж хэлэв. Ван Фүрэнь айгаад дуугарсангүй. Жя Мү, Жя Лянийг хурдан явж гүйцэтгэ гэж хэлүүлэв.

Жя Мү бас хүн дуудаж: “Бао Юйгийн хэрэглэдэг юмыг цөмийг нь миний тэнд аваачаад Ши Рэнь, Чю Вэнь хоёр дагаж очтугай бусад нь хүрээлэндээ байж гэрээ сахь” гэсэнд Бао Юй дуугарсангүй, дэмий л инээнэ. Жя Мү Бао Юйг дагуулан бостол Ши Рэнь нар түшиж хүрээлэнгээс гаргаж өгөв. Тэрбээр өөрийн гэрт орсон хойноо Ван Фүрэнийг суулгаж, хүн дуудан дотор өрөөг цэвэрлүүлэх зуураа:

-Чи миний санааг мэдэв үү? Хүрээлэнд хүн цөөн. Эй Хүэн Юаний цэцэг гэнэт хатаад гэнэт дэлгэрч баахан сонин байна. Анхандаа тэр хашийн сүрээр гаж сөргүүг дарж байсан билээ. Одоо хашийг хаясан тул гажуу уурт амархан автаж мэднэ. Тийнхүү би түүнийг дагуулан аваачиж хамт сууя гэсэн юм. Энэ хэдэн өдөр түүнийг гаргах хэрэггүй. Эмч ирвэл энд үзүүлнэ гэсэнд Ван Фүрэнь:

-Таны санаа зөв өө. Одоо Бао Юй Лао тайтайтай хамт суувал, таны буян их болохоор юм бүхнийг дарж чадна… гэсэнд Жя Мү:

-Буян юу байхав. Миний энд их цэвэр, бас ном судар олон байх тул түүнийг уншиж, санаа сэтгэлээ тогтооход сайн болно. Чи Бао Юйгээс асууж үз л дээ гэв. Бао Юйгээс асуухаар дэмий л инээнэ. Ши Рэнь, түүнд сууна гэж хэл гэсэнд тэр мөн сууна гэв. Ван Фүрэнь нулимс унагасан боловч Жя Мүгийн дэргэд дуугарч чадсангүй. Цаадах нь Ван Фүрэний цухалдахыг үзээд “Чи харь. Энд би түүнийг эргэцүүлж байя. Орой Лао е чинь ирвэл надтай уулзуулах хэрэггүй гэж хэлээд өөр юм битгий хэлээрэй” гэж захив. Ван Фүрэнийг явсны дараа Жя МүЮань Янг дуудаж: “Санаа сэтгэл тогтоох эм” олуулж уулгасныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Орой Жя Жөнг харих гэж явахад, замын хүн: “Баяжихад хүрвэл маш хялбар болжээ” гэсэнд хажуугийн нь хүн: “Яаж баяжих юм бэ” гэж асуув. Цаад хүн нь “Өнөөдөр сонсвол Рүн Гуофүгийн нэг агь хаш гээгээд эрлийн тунхаг нааж, хашийн хэмжээ маяг, өнгө байдлыг бичээд олж өгсөн хүнд түмэн лан мөнгө өгч, сураг хүргэсэн хүнд таван мянган мөнгө өгнө гэжээ” гэв. Жя Жөн хэдийгээр сайн сонсоогүй боловч дотроо ихэд гайхан яарсаар хүрч ирээд үүдний хүнээс асуувал: “Боол би огт мэдэхгүй байлаа. Өнөөдөр үдийн өмнө Жя Лянь, Лао тайтайгийн захиаг уламжилж хүн илгээн зарлал наалгаснаар л мэдлээ” гэв. Жя Жөн сүүрс алдан: “Гэрийн улирал буурах цаг болжээ. Яг ийм нэг нүгэлт үр төржээ. Түүнийг төрөх үед хот дүүрэн цуу тархаж арваад жил болоод сая л намдсан боловч одоо бас орон дэлхийг түрхрүүлж хаш эрэх нь ямар ёс болж байна вэ” гэсээр яаран дотогш орж Ван Фүрэнигээс асуув. Цаадах нь нэгд нэгэнгүй ярив. Жя Жэн, Лао тайтай л санаачилсан гэхээр зөрчиж чадахгүй мөртөө Ван Фүрэнийг буруутгаж хэдэн үг хэлснээ гадагш гарч тэр зарлалыг авч хая. Лао тайтайд битгий дуулга” гэсэнд түүний хэлснээр болж зарлалыг хуулан авчрав.

Түүнээс нилээд хойно нэг хүн Рүн Гуофүгийн үүдэнд ирж: “Хаш авчирлаа” гэв. Гэрийн хүмүүс сонсоод ихэд баярлан: “Аль, би аваачиж мэдүүлье” гэсэнд тэр хүн өврөөсөө шагналын зарлалыг гарган үүдний хүмүүст үзүүлэн:

-Энэ танай ордны зарлал бишүү? Үүнд, хаш олж ирсэн хүнд түмэн лан өгнө гэж бичсэн байна. Эрхэм абугай та нар одоо намайг харахад ядуу боловч мөнгөө аваад л тэр дороо баяжна. Битгий ойшоож ядаад бай гэж хэгжүүрхэв. Үүдний хүн, түүний их үг хэлэхийг сонсоод: “Тийм бол чи надад үзүүл. Би аваачиж мэдүүлж өгье” гэсэнд тэр хүн эхэндээ дургүй байсан боловч сүүлдээ зүйтэй мэт гэж бодсон юм уу даруй хаш гаргаж алган дээрээ тавьж харуулаад: “Энэ мөн байхаа” гэв. Үүдний улс бол гадаа зарагддаг улс болохоор хаш байдаг л гэж мэдэхээс биш төдий л олон хараагүй ажээ. Сая энэ хашийн дүрс байдлыг хараад, шалгалтын мэдээ булаалдан хүргэх мэт дотогш гүйлдэн оров.

Энэ өдөр Жя Жэн, Жя Шө хоёр гадагш гараад гэрт ганцхан Жя Лянь байсан тул олны мэдүүлэхийг сонсоод: “Үнэхээр мөн үү” гэж асуусанд үүдний хүмүүс “Бид нүдээр үзлээ. Боол бидэнд өгөхгүй байна. Эзэнтэй уулзаад, мөнгө хашийг баруун зүүн гараар солино гэнээ’ гэв. Жя Лянь баярлаж, яаран Ван Фүрэньд хэлээд, тэр даруй Жя Мүд мэдүүлсэнд Ши Рэнь баярлаж: “Бурхан минь” гээд алга хавсран залбирав. Жя Мүүгээ буцахгүй, ахин дахин: “Жя Ляньд хурдан хэлээд, тэр хүнийг бичгийн гэрт залж суулган, хашийг авчирч үзүүлэгтүн! Мөн болбол мөнгийг одоо өгнөө” гэв. Жя Лянь хэлсэн ёсоор нөгөө хүнийг залж оруулаад зочны ёсоор хүндлэн сайхан үгээр талархаж: “Хашийг дотогш аваачиж эзэнд нь үзүүлье. Мөн бол мөнгийг сохор зоос ч дутаалгүй өгнөө” гэв.

 

Тэр хүн арга буюу нэг улаан дурданд боодолтой юм гаргаад Жя Ляньд өгснийг задалж үзвэл үнэхээр болор эрдэнэ мэт сайхан хаш нүдэнд нь тусав. Жя Лянь урьд нь сайн анхаараагүй тул одоо л харин лавлан үзье гээд нарийвчлан шинжвэл дээр нь “Гаж сөргүүг дарна” гэх мэтийн үсэг бүрэн баран танигдав. Жя Лянь үзээд ихэд баярлан, гэрийн хүмүүсээр дамжуулаад санд мэнд л Жя Мү болон Ван Фүрэньд аваачиж үзүүлэв.

Энэ үед гэр хотлоороо түрхрэн үймэлдэж бүгд л булаалдан үзэх гэнэ. Жя Лянийг ороод очтол Фөн Же шүүрэн аваад үзэж чадахгүй Жя Мүд гардуулав. Жя Лянь инээж: “Чи ийм өчүүхэн хэрэгт надаас гавьяа булаана уу” гэв. Жя Мү алчуурыг дэлгэн үзвэл, энэ хаш угийнхаас их бүдэг байсан тул гараар зүлгэж, Юань Янгаар нүдний шилээ авчруулж хараад: “Сонин юм. Энэ хаш үнэхээр мөн юм шиг боловч угийн эрдэнийн өнгө нь яагаад үгүй болсон хэрэг вэ” гэж гайхав. Ван Фүрэнь бас үзээд таньсангүй. Тэгээд Фөн Жег дуудан үзүүлбэл “Адил нь адил юмаа. Гэвч өнгө нь таарахгүй байна. Бао дүү өөрөө үзвэл мэднэ шүү дээ” гэв. Ши Рэнь хажуунаас нь хараад, энэ хаш арай биш мэт санагдсан боловч олоосой гэсэн хүсэл нь их тул биш гэж хэлж чадсангүй. Фөн Же, хашийг аваад Ши Рэньтэй хамт Бао Юйд аваачиж үзүүлэхээр гарав.

Энэ үед Бао Юй унтаад сэрж байсан тул “Чиний хашийг олжээ” гэж Фөн Жег хэлэхэд нойрмогоор тосон авснаа тийш нь шидээд: “Та нар бас намайг хуурна” гээд хүйтнээр инээв. Фөн Же бөхийж өнөөх хашийг аваад: “Энэ их сонин шүү. Чи үзээгүй байж яаж мэдэв ээ” гэсэнд юм хэлэлгүй инээнэ. Ван Фүрэнь бас ирж энэ байдлыг үзээд “Хэлэх хэрэггүй. Тэр хаш бол эхийн хэвлийгээс авч төрсөн этгээд эд тул энэ лав мэднэ. Энэ бол лавтайяа тэр зарлалыг үзсэн хүн дууриалгаж хийсэн хэрэг” гэхэд бүгдээр сая сэхэсхийн мэдэв. Жя Лянь, үүдний өрөөнд энэ үгийг сонсоод: “Биш бол алив нааш нь өгөөтөх. Би түүнээс очиж асууя. Ийм явдалд тэр яагаад аймшиггүй ирж мэхэлнэ вэ” гэсэнд Жя Мү хориглон зогсоож

-Лянь Эр чи түүнд аваачиж өгөөд л явуулчих. Тэр хүн бол ядуурахын туйлд хүрээд арга ядахдаа, манайхыг ийм зарлал гаргасныг мэдээд хэдэн зоос олъё гэсэн л хэрэг. Тэгтэл мөнгөө барж хийлгэсэн юм нь маньд танигдчихлаа. Одоо түүнийг битгий шахамдуул. Энэ юмыг нь түүнд өгөөд манай юм биш гэж хэлээд, хэдэн лан мөнгө өгөгтүн! Гадуур хүмүүс мэдвэл дуртайяа сураг чимээ гаргана. Энэ хүнийг шахамдуулбал, үнэн хашийг олсон хүн ч айгаад хүргэж ирэхгүй болно гэж захив. Жя Лянь “За” гэж хэлээд гарав.

Өнөөх хүн, удтал хүлээгээд хүн гарч ирэхгүй болохоор дотроо баахан зовонгуйрч байтал гэнэт Жя Лянь муухай царайлан хүрч ирэв. Яагаадыг үл мэднэ. Мэдэхийг хүсвээс удаах бүлэгт үзтүгэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж