Дарь-Эхийн замыг энэ сарын 20-нд нээнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Дарь-Эхийн замыг энэ сарын 20-нд нээнэ гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Сансарын шатахуун түгээх станцын уулзвараас Дамбадаржаа хүртэлх 6.7 километр авто замын засвар, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Тус замын ажлын гүйцэтгэгчээр “НКВ интернэшнл холдинг” ХХК ажиллаж байгаа бөгөөд зам засварын ажилд нийтдээ эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 6.8 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Энэ сарын 6-наас арав хоногийн хугацаатайгаар хоёр колометрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг эхлүүлсэн хэдий ч өчигдөр нээх байсан хоёр километр замын хучилт дуусаагүйгээс хугацаа сунган ажиллаж байгаа гэнэ. Товлосон хугацаагаар хэсэгчилсэн зам засварын ажлыг энэ сарын 17-нд бүрэн дуусгах ёстой. Зам засварын ажил ямар шалтгаанаар хойшилсон талаар нийслэлийн Авто замын газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Д.Төрбилэгээс тодруулаа.

-Өчигдөр нээх ёстой байсан хоёр километр замын ажил ямар шалтгаанаар хойшилсон бэ?

-Өнгөрсөн долоо хоногт орсон хоёр хоногийн борооны улмаас зам засварын ажил зогсч, хугацаандаа амжсангүй. Бороо орж, чийг авсан замынхаа суурь хучилтыг хатаагүй цагт асфальтан хучилтыг тавьж болдоггүй онцлогтой ажил юм.

-Наймдугаар сарын хувьд бо­роо,  хур элбэгтэй байх талаар холбогдох байгууллагаас удаа дараа мэдээлж байсан. Зам засварын ажлыг эртхэн эхлэх боломжгүй байсан гэж үү?

-Тухайн замын хувьд хоёр ч гүүрийг засварлах, инженерийн шугам сүлжээ, газар чөлөөлөх гээд асуудлуудыг шийдэх ажил удааширснаас хугацаа оройтсон тал бий. Гэхдээ ирэх сарын 1 гэхэд нийт замын зорчих хэсгийг нээх талаар нийслэлийн удирдлагууд ч хяналт тавьж, шаардаж байгаа. Нөгөө талаас гүйцэтгэгч компанийнхан ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа гэж ойлгож болно.

-Асфальтан хучилтаа хэдий­нээс тавьж дуусгах вэ?

-Өнөөдрийн байдлаар хэсэг­чилэн хаасан хоёр километр замын 780 метрийг асфальтаар хучсан, индүүдлэгийн ажил өрнөж байна. Энэ сарын 20-нд эхний хоёр километр замыг бүрэн нээхээр гүйцэтгэгч компани ажиллаж байгаа.

Д.ДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж