-Өчигдөр нээх ёстой байсан хоёр километр замын ажил ямар шалтгаанаар хойшилсон бэ?
-Өнгөрсөн долоо хоногт орсон хоёр хоногийн борооны улмаас зам засварын ажил зогсч, хугацаандаа амжсангүй. Бороо орж, чийг авсан замынхаа суурь хучилтыг хатаагүй цагт асфальтан хучилтыг тавьж болдоггүй онцлогтой ажил юм.
-Наймдугаар сарын хувьд бороо, хур элбэгтэй байх талаар холбогдох байгууллагаас удаа дараа мэдээлж байсан. Зам засварын ажлыг эртхэн эхлэх боломжгүй байсан гэж үү?
-Тухайн замын хувьд хоёр ч гүүрийг засварлах, инженерийн шугам сүлжээ, газар чөлөөлөх гээд асуудлуудыг шийдэх ажил удааширснаас хугацаа оройтсон тал бий. Гэхдээ ирэх сарын 1 гэхэд нийт замын зорчих хэсгийг нээх талаар нийслэлийн удирдлагууд ч хяналт тавьж, шаардаж байгаа. Нөгөө талаас гүйцэтгэгч компанийнхан ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа гэж ойлгож болно.
-Асфальтан хучилтаа хэдийнээс тавьж дуусгах вэ?
-Өнөөдрийн байдлаар хэсэгчилэн хаасан хоёр километр замын 780 метрийг асфальтаар хучсан, индүүдлэгийн ажил өрнөж байна. Энэ сарын 20-нд эхний хоёр километр замыг бүрэн нээхээр гүйцэтгэгч компани ажиллаж байгаа.