Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг баривчилсан хэргийн тухайд хамгийн ихээр маргаан тарьж байсан зүйл нь түүний халдашгүй эрхийн асуудал болон ийм эрх дархыг түүнд олгох учиртай байсан тусгай үүргийн тухай асуудал байсан юм. Английн шүүхийн протоколд энэ асуудлыг дурьдахдаа Б.Хурц нь олон улсын гаалийн эрх зүйн зохицуулалтаар бол халдашгүй эрхтэй байх тухай ойлголт байгаа боловч Их Британийн эрх зүйн зохицуулалтад тэр болгон нь хамаардаггүй гэсэн агуулгыг онцолсон байна.
Тиймээс Монгол болоод Их Британийн хооронд тусгай үүрэг хүлээн айлчилж буй этгээдэд халдашгүй эрх өгөх тухай хүчинтэй эрх зүйн зохицуулалт байхгүй учир Б.Хурцын онцгой эрх ямбыг Их Британи улсын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тодотгожээ. Шүүх хурлын протоколд тусгай үүрэг гүйцэтгэгчийн талаархи олон улсын Конвенци гэх зүйлийн талаар дурдсан нь 1985 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа, одоогоор 38 орон хамрагддаг Нью-Йоркийн Конвенци бөгөөд хэдийгээр Их Британи энэ Конвенцийн баримт бичигт гарын үсэг зурсан ч нэгдэн ороогүй гэж тодорхойлжээ.
Нөгөө талаар өнөө цагт олон улсын харилцааны гол зохицуулагч эрх зүйн баримт бичиг болох Венийн Конвенцид тусгай үүрэг гүйцэтгэгчийн талаар тусгасан заалтыг Их Британийн тал хэрхэн ойлгож байгаагаа шүүхийн протоколд тайлбарлан оруулсан байна. Тэдний үзэж байгаагаар бол Тусгай үүрэг гүйцэтгэгч нь илгээж байгаа улс болон хүлээн авч байгаа улсын аль алиных нь зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд түүнийгээ тодорхой илтгэсэн тохиолдолд хамаарагдах халдашгүй байдлыг эдлэх учиртай гэнэ. Өөрөөр хэлбэл энэ тухай ойлголцсон агуулга бүхий урилгыг хүлээн авч байгаа талаас илгээж, түүнийг нь Тусгай үүрэг гүйцэтгэгчийг илгээж байгаа тал нь хүлээн авч, мөн уулзалт хэлэлцээр, зохион байгуулагдах ажлын талаар харилцан тохирсон гэдгээ илтгэх бичиг харилцаа солилцсон зэрэг Тусгай үүрэг гүйцэтгэгч хүлээж авах асуудлаар талууд тохиролцосноо тодорхой илэрхийлсэн баримт байх ёстой хэмээн Их Британийн тал үзжээ.
Харин Б.Хурцын айлчлалын тухайд Британийн гадаад бодлого хариуцсан алба үзэхдээ түүнийг Тусгай үүрэг гүйцэтгэгч хэмээн үзэх үндэслэл огт байгаагүй гэж шүүхэд тодорхойлж өгсөн аж. Шалтгаанаа тайлбарлахдаа тус албанаас Б.Хурцыг тусгай үүрэг гүйцэтгэгчтийн хувиар зочлох зөвшөөрөл олгоогүй бөгөөд энэ талаар тодорхойлсон урилга болон төлөвлөгдсөн уулзалт, харилцан тохирч бэлтгэсэн ажил хэргийн талаар мэдээлэл байгаагүй гэж үндэслэсэн байна.
Мэдээж энэ тал дээр Монголын талын байр суурь өөр байсан талаар хэвлэл мэдээллээр олонтаа гарч байсан тул давтан бичих шаардлагагүй гэж үзээд харин Английн шүүхийн протоколд Монголын эрх бүхий байгууллага болон албан тушаалтнууд Б.Хурцын Их Британид очих асуудлыг хэрхэн нөгөө талдаа тавьж байсан тухай дурдсан мэдээллийг нь сонирхоё. Б.Хурцын айлчлалаас 20 орчим хоногийн өмнө буюу 2010 оны наймдугаар сарын 31-нд Их Британийн гадаад харилцаа хариуцсан албаны Монголын асуудал хариуцагч албанаас Монгол дахь өөрийн элчин сайддаа мэдээ хүргүүлжээ. Түүнд тус албаны ажилтан Их Британи дахь Монгол улсын Элчин сайдтай уулзаж дугуй ширээний уулзалт хийх тухай ярилцсан гэж дурдсан байна. Энэ уулзалтад оролцох төлөөлөгчдийн нэрсийг Монголын Элчин сайд эцэслэсэн байдлаар гаргаж дуусч байгаа гэж Их Британийн гадаад хэргийн ажилтанд дуулгасан аж. Гэхдээ тэдгээр төлөөлөгчдийн дотор Б.Хурц багтаж байгаа талаар юу ч хэлээгүй гэнэ. Мөн энэ талаар илгээсэн цахим шуудангийн илгээлтдээ тэдгээр төлөөлөгчид Лондонд 2010 оны есдүгээр сарын 25-д очно гэж мэдэгдсэн байна.
Үүний дараа Их Британийн гадаад харилцаа хариуцсан албанаас SOCA байгууллагын ажилтан Кюфэд мэдээлэхдээ Б.Хурц нь 2010 оны есдүгээр сарын 13-17-нд Лондонд очих бололтой гэж мэдэгдэж байжээ. Мөн энэ үеэр Их Британи дахь Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Их Британийн гадаад харилцаа хариуцсан албаны ажилтан руу залгаж тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх ноён Петер Рикетстэй уулзах талаар хүсэлт тавьж байгаагаа уламжилсан байна.
Энэ хүсэлтийг Монголын талаас хэд хэдэн удаа тавьсан бололтой бөгөөд Их Британийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх ноён Петер Рикетстэй Б.Хурцыг уулзуулна гэж байсан боловч энэ ноёнтон болон түүний орлогч нь Б.Хурцын айлчлах үеэр цаг гаргахад төвөгтэй байна гэсэн хариу өгч байжээ. Дараа нь Б.Хурцыг Англид очихоос дөрөв хоногийн өмнө Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Их Британийн гадаад харилцааны албаны Монголыг хариуцсан ажилтан Хопкинс руу холбоо барьж Б.Хурцын Англид очих тов өөрчлөгдөж есдүгээр сарын 24-д болсон гэж хэлсэн байна. Гэтэл Б.Хурц есдүгээр сарын 17-д буюу өмнө нь товлогдож байссан тэр цагтаа Лондоны Хитроу нисэх буудалд буусан бөгөөд тэндээ саатуулагдан баригдсан билээ.
Энэ мэтээр Б.Хурцын айлчлалтай холбоотой мэдээллүүд Английн шүүхийн протоколд тэмдэглэгдсэнээр бол бас л сонин зүйлс ихтэй аж. Тухайлбал, Их Британийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх хүлээн авч уулзах бололцоогүй гэдгээ мэдэгдсээр байтал манай талаас байн байн хүсэлт тавьсаар байсан болоод Б.Хурц ийм нөхцөлтэй байхад яагаад очив гэдэг сонин. Бас Их Британи дахь Монголын элчин сайдын яамнаас Б.Хурцын энэ улсад очих тов өөрчлөгдсөн гэж хэлсэн атал тэрээр өмнө нь товлосон өдрөө ямар учраас очсон нь бас л сонирхолтой байжээ. Энэ мэт үндэслэлүүдийг Английн тал баримталж Б.Хурцын айлчлан очсоныг халдашгүй эрхтэй байхаар хийсэн томилолт биш гэж үзэхэд хүргэсэн бололтой.
Дашрамд дурдахад Их Британийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй Монголын талаас хамтарч ажиллах ямар шаардлага байсан тухай Английн шүүхийн протоколд өгүүсэн баримт бас л сонирхол татахаар байгаа юм. Тэнд дурдсанаар бол Монголын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Их Британийн Элчин сайдыг уулзалтад урьж ярилцах үедээ хоёр орны ижил чиг үүрэгтэй байгууллагуудын хооронд хамтарч ажиллах, харилцаа холбоо тогтоох үндэслэл хэд хэд байгааг онцолж хэлж байсан гэнэ. Энэ тухай Их Британийн Элчин сайд ноён Диксоноос харъяалах төвдөө илгээсэн цахим илгээмждээ дурдсан байжээ.
Тэнд бичсэнээр бол Монголын ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Монголын баруун нутгаар буюу 150 мянган муслим шашинт казах үндэстэн амьдарч байгаа хэсэгт исламын суурь үзэл өсөн нэмэгдэж байгаа” тухай дурьдаж байсан гэжээ. Элчин сайд Диксон үүнийг сонсоод Монголын ҮАБЗ-ийн дээд тушаалтны ярьсан энэ зүйл терроризмын эсрэг болон хэт даврагч үзлийг үл дэлгэрүүлэх үзэл санааны хувьд Их Британийн зүгээс анхаарч үзэх шаардлагатай сэдэв мэт санагдсан гэдгээ энэ илгээлтдээ онцлон илэрхийлсэн байсан нь анхаарал татаж байгаа юм. Хэрэв Их Британи болон Монголын дээр дурдагдсан чиг үүрэг бүхий байгууллагын төлөөлөгчид уулзсан бол энэ сэдэв яригдах байсан нь маргаангүй юм.
Энэ мэдээллийг Английн шүүхийн протоколоос олж үзэх тэр үед өөр бас нэгэн сонирхолтой мэдээлэл манай “Ардын эрх” сонинд нийтлэгдэж байсныг эргэн санав. Энэ бол энэ оны эхээр Египетийн нийслэлд гарсан хувьсгалт тэмцлийн үеэр Каир хотод байсан Монгол улсын Элчин сайд Д.Баярхүүгийн бичиж манай сонинд ирүүлж байсан “Тахрирын хувьсгал” гэдэг нэртэй тэмдэглэл-нийтлэл байсан юм. Тэнд бичсэнээр бол казах иргэдээс тус улсад цөөнгүй оюутан очихын зэрэгцээ тэднийг гэр бүлээр нь аваачдаг болсон тухай дурдсан байдаг.
Тэдгээр Монгол Улсын иргэдийг Египетийн хувьсгалт тэмцлийн үеэр дүрвүүлэн гаргах хэрэгтэй болж Элчин сайд Д.Баярхүү тэдэнд хандаж энэ асуудлаа тавьсан байдаг. Монгол Улсын иргэдддээ санаа тавьсан тэр саналын хариуд манай зарим казах иргэд юу гэж хариулсныг уншихад бас л сонин бодол төрж байлаа. Тэд Элчин сайдынхаа саналд “Би багшаасаа асууя” гэж хариулсан байдаг юм. Элчин сайд Д.Баярхүү ч энэ талаар бичихдээ иргэд маань тэнд очоод өөрийн гэсэн молла буюу багш нартай болдог бололтой гэж бичжээ. Мэдээж бүхэл бүтэн бүрэн эрхэт улсын Элчин сайд иргэнээ гэж бодсон хүмүүсийг аюул заналаас зайлуулахыг хүсэж хандахад нь, “ Би багшаасаа асууя “ гэж хариулт өгөөд утсаа таслахад ямар мэдрэмж төрж байсныг тэр нийтлэлээс ойлгоход төвөггүй байлаа. Энэ өнцгөөс харвал Монголын талаас Их Британид санал тавьсан хэлэлцэх асуудлын учгийг ойлгож болмоор ч юм шиг.
PS: Английн шүүхийн протоколыг олж унших зуураа хөрвүүлж хүргэсэн энэ орчуулга болон эргэцүүлэл нь зөвхөн нийтлэгчид хамаатай асуудал юм. Гэхдээ хүн бүрт хүрээд байдаггүй мэдээллийг чадах чинээгээрээ олон түмэнд хүргэе гэсэн чин эрмэлзэл байгаа гэдгийг ойлгоно биз ээ. Энэ бол бас зөвхөн надад ч хамаарах асуудал бас биш билээ. Нөгөө талаар хэн нэгнийг өмгөөлөх тухай ч яригдаагүй болно. Хожим ухаарлын төлөө хийсэн болно.