Цөмийн асуудлаар тайлбар гаргахыг даалгажээ

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Цөмийн асуудлаар тайлбар гаргахыг даалгажээ

Энэ сарын 22-нд АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байден Монгол Улсад айлчлах болно. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Хенри Уоллес 1944 онд Монголд айлчилж байсан ба дэд ерөнхийлөгчийн хувиар 67 жилийн дараа болж буй айлчлал тул ач холбогдол өгсөн гэнэ. Том улсын өндөр албан тушаалтнуудыг ирэхэд баярын жагсаалаар угтдаг бол энэ удаад түүнийг иргэний нийгмийн байгууллагынхан жагсаал, тэмцлээр угтах бололтой. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд түүнийг урьсан, “АНУ-ын Монгол Улсын хувьд гуравдагч хөрш гэж тооцогддог. Үүнтэй холбоотойгоор ч хоёр улс харилцаагаа иж бүрэн түншлэлийн хүрээнд хүргэхийг зорьж байгаа. Айлчлалын үеэр улс төр, эдийн засгийн харилцан ашигтай асуудлуудыг хөндөж ярилцах болно” хэмээн албаныхан тайлбарлаж байгаа. Гэвч Ногоон эвсэл зэрэг иргэний нийгмийнхэн энэ эрхмийг “цөмийн хаягдлыг булшлах гэрээг үзэглэх гэж ирсэн” хэмээн хардаж байна.

Харин ийнхүү хардаж буйтай холбоотойгоор Гадаад харилцааны яаманд өчигдөр албан ёсоор тайлбар гаргах үүргийг өгсөн аж. Энэ талаар албаны эх сурвалж “Ийм асуудлаар ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй болохыг ард түмэн, хэвлэл мэдээллийн салбарынханд тайлбарлах үүргийг дөнгөж сая өгсөн. Ингэхээр энэ асуудлаар өнөө маргаашгүй албан ёсны тайлбар гарна. Мэдээж цөмийн хаягдлыг булшлах тухай асуудал байхгүй тухай тайлбар хийх байх” гэж мэдээллээ.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж