“Шинэ яармаг” хороолол байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

“Шинэ яармаг” хороолол байгуулна

УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд “100 мянган айл”-ын орон сууц  барихаар төлөвлөсөн. Үүний 75 мянга нь нийслэлд, үлдэж буй 25 мянгыг орон нутагт сүндэрлүүлэхээр заасан билээ. Харин энэ ажил хөрөнгө мөнгөгүйгээс урагшлахгүй байгаа. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг авч хэлэлцлээ. Энэ асуудлыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас сонирхсон юм.

-Засгийн газрын хуралдаанаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэлэлцэж байна гэж дуулдсан. Тодруулахгүй юу?

-Хөгжлийн банкны баталгаагаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төлөвлөгөөгөөр хот хөдөөд нийт 16 хороолол босно. Эхний хорооллыг “Шинэ яармаг” нэртэйгээр байгуулахаар төлөвлөөд байна.  Хөрөнгө мөнгийг нь Хятадын банкнаас авах зээлийн хүрээнд шийдвэрлэнэ. Ерөнхий сайд өнгөрсөн зургадугаар сард Хятад улсад айлчлахдаа энэ чиглэлээр санамж бичиг зурсныг санаж байгаа байх. Санамж бичгийн дараагийн алхам нь жилийн дөрвөн хувийн хүүтэй, 12 жилийн хугацаатай орон сууцны зээлийг бага, дунд орлоготой иргэддээ олгож, орон сууцжуулах асуудал. Өөрөөр хэлбэл, энэ зээлийг Хөгжлийн банк буцааж төлнө гэсэн баталгаа гаргаад өгөх юм бол нөхцөл нь их сайн учраас “Шинэ яармаг” гэсэн хороолол эхний ээлжинд баригдах болж байгаа. Энэ хороололд 15 мянган айлын орон сууц баригдана. Бидний тавьж байгаа гол нөхцөл бол Мэргэжлийн сургалтын төвийг эхэлж байна. Тэнд амьдрах 15 мянган иргэнд үйлчлэх эмнэлэг, бусад үйлчилгээний салбарыг мөн байгуулна гэсэн төлөвлөгөө гаргасан. Хөгжлийн банк баталгаа гаргачихвал энэ асуудал 2011 ондоо багтаад хэрэгжээд явах бололцоотой.

-Өнгөрсөн өвөл Засгийн газар иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгож, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэснээ таг болчихсон. Юу болж байгаа вэ? 

-Хөгжлийн банкнаас эх үүсвэр үнэтэй орж ирэх юм бол банк руу үнэтэй хүрэх  болж байгаа. Жишээлбэл, арилжааны банкууд иргэдэд сарын нэг хувийн хүүтэй  орон сууцны зээл олголоо гэхэд жилийн хүү нь 12 хувь болж байгаа. Ийм тохиолдолд иргэдийн хувьд нөхцөл байдал хүндэрнэ. Тиймээс 12 хувийн хүүний зургаан хувийг нь Засгийн газраас төлнө гэсэн санаа л даа. Одоогийн Хятадаас авах зээлийн нөхцөл их боломжийн учраас аль болох бага зөрүү гаргаж зөрүүг нь улсын нуруун дээр үүрүүлэх ажил хийхээр төлөвлөөд байна.

-Цаашид орон сууцны зээлийн хүү буурдаг болов уу?

-Эхлэлүүдээ зөв тавьчихвал орон сууцны зээлийн хүү буурна. Орлогын талдаа актив өндөрсөөд ирэхээр хүү багасах ёстой.

-Хүний хөгжлийн сангийн мөнгийг орон сууцтай болоход нь урьдчилгаа болгож өгөх тухай яриад л байдаг. Хэрэгжихгүй юм, хэзээ биеллээ олох вэ?

-Одоо бол эхлүүлэх гэж байна. Гэхдээ эцсийн шийдэл гараагүй, Засгийн газрын хурал дуусаагүй байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж