Аравдугаар цэцэрлэг ирэх онд байртай болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Аравдугаар цэцэрлэг ирэх онд байртай болох уу?

Аравдугаар цэцэрлэг ирэх онд байртай болох уу?

Нийслэлийн аравдугаар цэцэрлэг өөрийн байргүй болоод таван жилийн нүүр үзэж байгаа. Одоогоор тус цэцэрлэг 58 дугаар цэцэрлэгийн дөрвөн өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай өнөөдөр /2018.3.29/ /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт/БСШУС/-ын сайд Ц.Цогзолмаа,  БСШУС-ын сайдын орон тооны бус зөвлөх Г.Атармаа нар  танилцлаа.

Тус цэцэрлэг нь тархины саажилттай, даун, аутизм, хавсарсан бэрхшээл, тулгуур эрхтний согогтой зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургалт, эмчилгээ, нийгмийн асрамж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор цэцэрлэгт 1.6-6 хүртэлх насны 120 хүүхэд хүмүүжиж байна.  

Биднийг очиход зургаан настай хүүхдийг багш нь тэвэрсээр шатаар өгсөж байлаа. Уг нь, ийм цэцэрлэг лифттэй, тэргэнцэртэй хүн явахад тохиромжтой налуу шаттай байх ёстой. Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдийн дунд үндсэн нэг багш, эмчилгээ сувилгаа хариуцсан нэг ажилтан, туслах багш гэсэн гурван хүн ажилладаг. Харин Монголд 40 хүүхдийн дунд үндсэн нэг багш, нөхөн сэргээх ажилтан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын стандартаас хоёр дахин хүнд нөхцөлд ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан Монгол Улсын ганц цэцэрлэг болох аравдугаар цэцэрлэг нь 1964 онд баригдсан. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр 2013 онд тус цэцэрлэгийн барилгыг ашиглах боломжгүй болж улмаар барилгыг нураасан. Түүнээс хойш тус цэцэрлэг “Өнөр бүл” төвийн 58 дугаар цэцэрлэгийн хажууд байрлах болсон юм.

Ц.Цогзолмаа: ОХУ-д дохионы ангид таван оюутан сургана

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цэцэрлэгийн талаар тодруулаа.

-Аравдугаар цэцэрлэг таван жил өөрийн байргүй явлаа. Барилгын ажилд ямар саад байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олон болж байгаагийн үндэс нь архи, амьдралын буруу хэвшил, тэжээлийн дутагдал. Үүний үндэс нь иргэдийг орлоготой болгож, амьжиргааг сайжруулах. Нэгэнт ийм хүүхэд олширч байгаа тохиолдолд төр энэ асуудалд анхаарч асуудлыг шийдвэрлэх ёстой. Ямар нэгэн байдлаар энэ асуудал хөндөгдөж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай төлөвлөлттэй цэцэрлэгийг 120 хүүхдийн багтаамжтайгаар барих асуудал өнгөрсөн жилийн төсвөөр хэлэлцэгдсэн. Гэвч  яамныхан Баянзүрх дүүргийн аравдугаар цэцэрлэг гэдэг тодотголоор 2.5 тэрбум төгрөгөөр буюу энгийн цэцэрлэгийн төсвөөр хөрөнгийг төсөвлөсөн байна. Уг нь, тус цэцэрлэгт зориулсан барилгын төсөв нь 5.3 тэрбум төгрөг. Ийм мөнгөөр тусгай хэрэгцээт хүүхдэд зориулагдсан цэцэрлэг барих юм.

-Барилгыг яаралтай ашиглалтад оруулах ямар арга байна вэ?

-Батлагдсан төсвийн хүрээнд ажлыг эхлүүлээд ирэх жилд төсөвт тодотгол хийхэд нь үлдсэн мөнгийг суулгах ажлыг хийхээр яам ажиллаж байна. Энэ асуудлыг Сангийн яаманд ойлгуулсан. Сангийн яам “Энэ алдаагаа засаад дараагийн төлөвлөлтөө хийгээрэй” гэсэн хариу өгсөн.

-Цэцэрлэгийн барилга хэзээ ашиглалтад орох бол?

-Үүргийнхээ хүрээнд хууль зөрчихгүйгээр, тендерийн сонгон шалгаруулалтын компаниудад дараа жилийн төсвөөр хэлэлцэгдэн батлагдах үлдэгдэл мөнгийг хүлээлгүйгээр өөрсдөө шаардлагатай хөрөнгийг түр гаргаад барилга бариад өгөх хүсэлт тавина. Ингэсэн тохиолдолд ирэх жилийн /2019/ есдүгээр сард цэцэрлэгийн барилгаа хүлээж авах боломжтой.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өсч, хүмүүжих орчныг сайжруулах ямар ажил хийх вэ?

-Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах олон улсын стандартад хүрэхгүй юм аа гэхэд түүнд дөхөх зорилтыг салбарын төвшинд тавих хэрэгтэй. Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдийн дунд үндсэн нэг багш, эмчилгээ сувилгаа хариуцсан нэг ажилтан, туслах багш гэсэн гурван хүн ажилладаг. Өнөөдөр манайд 40 хүүхдийн дунд үндсэн нэг багш, нөхөн сэргээх ажилтан ажиллаж байна. Мөн эмчийн орон тоо байдаггүй. Тиймээс зөвхөн барилгын асуудлыг ярих биш, сургалт, сургалтын хөтөлбөр, ажиллах хүний асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй байна.

-Мөн ийм төрлийн хүүхэдтэй ажиллах хүний нөөцийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Монгол Улсын түүхэнд энэ жил анх удаа МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын тэнхим нээсэн. Тэнхимд дөрвөн жил суралцуулан бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх юм. Нэг ангиас 20-30 хүн төгсөхөд, дөрвөн жилийн дараа 20-30 мэргэжилтэнтэй болох юм. Мөн 1992 онд улсын төлөвлөгөөгөөр энэ чиглэлийн мэргэжилтнийг гадаадад сургадаг байсан. Одоо дохионы хэлний багш олдохгүй байна.  Ирэх жилд ОХУ-д дохионы ангид таван оюутан сургах захиалга өгсөн. Асуудлыг цогцоор нь шийдэж байж хүүхдүүд нийгэмд орж, бусадтай ижил тэгш орших боломж нээгдэх юм. Таван сар яаманд ажиллах хугацаанд манайхан барилга төлөвлөлтийг сайн хийдгийг анзаарлаа. Харин байшин дотор өрнөх үйл ажиллагаа, ажиллах хүний цалин нь орхигддог. Тиймээс төлөвлөлтийг иж бүрэн хийж хэрэгтэй байна. Цэцэрлэгийн эрхлэгч “Барилга маань ашиглалтад ордог л юм бол хоосон барилга байсан ч хүүхдүүдээ аваад орно” гэж байна. Тиймээс ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгаа зэрэг барилгын доторх зүйлийг ирэх жилээс төлөвлөлтөд оруулж байна. Эмчилгээ, сувилгаа, урсгал зардал зэргийг иж бүрнээр тооцох хэрэгтэй байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа ажилчдын цалинг хэзээ нэмэх вэ?

 -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн талаар УИХ-ын тогтоол гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа иргэдийн орон тоог нэмэгдүүлж чадахгүй бол цалинг 50 хувиар нэмэгдүүлэх саналыг Сангийн яаманд тавьсан байгаа. Батлуулахаар эцсээ хүртэл ажиллана.  

2019 оны есдүгээр сард барилгын ажлыг дуусгах амлалт өглөө

Аравдугаар  цэцэрлэгийн арга зүйч Д.Энхмөнх “Манай цэцэрлэг “Өнөр бүл төв”-ийн 58 дугаар цэцэрлэгийн хажууд ирээд таван жил болж байна. 40 ам метр өрөөнд 40 хүүхэдтэй 2 бүлгийн багш, дөрвөн туслах багш ажиллаж байгаа. Хүүхдүүд маань бүгд хөгжлийн бэрхшээлтэй тул тэргэнцрээс эхлээд тоног төхөөрөмж, түүнийг дагаад орон зай шаардлагатай байдаг. Сайдын яриаг сонсоод тун их баяртай байна. Сайд 2019 оны есдүгээр сар гэхэд цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгах амлалт өглөө” гэсэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж