Онцгой албан татварыг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Онцгой албан татварыг сэргээнэ

-Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа-

Онцгой албан татварыг сэргээнэ
Оюутны сургалтын төлбөрийн 491960 төгрөгийг “Хүний хөгжил” сангаас олгохоор Засгийн газар шийдвэрлэлээ

2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрт зориулан 491960 төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас үргэлжлүүлэн олгохоор Засгийн газрын 2011-08-17-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн  хуралдаанаас 2012 оны 1 дүгээр сараас эхлэн сургалтын төлбөрийн зохих хэсгийг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Энэ хичээлийн жилд их, дээд сургууль, колежид суралцах 170 мянга шахам оюутан, суралцагчдын сургалтын төлбөрт зориулж 2012 оны эхний хагас жилд 500 мянган төгрөг олгоход 85 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Хүний хөгжил сан”-гаас олгох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Мөн Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо 2011 оны 9-12 дугаар сараар тооцохыг салбарын сайдад даалгалаа. Үүнд зарцуулагдах 9,9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр нь энэ оны төсөвт тусгагдсан тул нэмэлт эх үүсвэр шаардагдахгүй юм байна.

Иргэдээ орон сууцжуулах ажлыг Засгийн газар  эрчимжүүлж байна

Засгийн газар  өнөөдрийн хуралдаанаараа “Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкинд  БНХАУ-ын Эксим  банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авах асуудлыг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжин  Засгийн газрын тогтоол гаргахаар болов. Тус тогтоолоор “ Шинэ яармаг” орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийн  300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг 12 жилийн хугацаатай гаргахыг Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд зөвшөөрлөө. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт орших Яармаг гэр хорооллын замын урд хэсэгт байрлах 970 га газарт “ Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих хот байгуулалтын цогц үйл ажиллагааны бэлтгэл үе шат болох хайгуул судалгааны ажлыг хийгээд байгаа юм байна. Үүний үр дүнд 23900 айл, өрх оршин суух орчинг барьж байгуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл хямд эх үүсвэрээр иргэдээ орон сууцжуулах арга хэмжээг  Засгийн газар эрчимтэй авч эхэллээ. Уг шинэ хорооллыг 3 хэсэгт хуваан тус бүр хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо

Мөн өдрийн хуралдаанаар  Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. УИХ-ын 2011 оны 14 дүгээр тогтоол, Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолоор Монгол улсын Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 800 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах болсон билээ.

Засгийн газрын тогтоолын дагуу МУХБ үнэт цаасыг гаргах талаар ажиллаж байгаа юм байна. Танилцуулгыг сонссоны дараа  томоохон төслүүдийг санхүүжүүлэх ажлаа эрчимжүүлж, хурдтай ажиллахыг Хөгжлийн банкны удирдлагуудад Засгийн газрын гишүүд сануулаад,  Ерөнхий сайдын зүгээс тодорхой хугацаатай үүрэг өглөө. Ирэх лхагва гаригийн хуралдаанд санхүүжилтын асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.

Дизелийн түлшний татварыг нэмнэ

Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар  Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж буй дизелийн түлшинд 0 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 100.000 төгрөг болгож, 2011 оны наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр, бусад алслагдсан боомтоор орж ирж буй автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр боллоо. Энэ оны наймдугаар сараас эхлэн “Роснефть” компаниас Монгол улсад нийлүүлж байгаа дизелийн түлшний хангамж хэвийн байдалдаа эргэн орсон тул урьд өмнө тэглэсэн татвараа ийнхүү сэргээх шийдвэрийг  Засгийн газраас гаргалаа.

Хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар
бэлтгэх, худалдаалах, тээвэрлэхийг хориглолоо

Хуралдаанаар хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд борлуулах, бэлтгэн тээвэрлэхийг 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хориглох тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. Тогтоолоор цаашид хуш модны самрын ургацын байдалд урьдчилсан үнэлгээ хийж ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн бодлого тодорхойлох, ойн санд самар бэлтгэлийн хамгаалалттай бүсүүдийг байгуулах,зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг 2011 оны дөрөвдүгээр улиралд багтаан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ шаардагдах санхүүжилтыг Монгол улсын эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болголоо. Энэ тогтоолын нэгдүгээр заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир, Ойн газрын дарга  М.Тунгалагболон холбогдох аймаг,нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд буюу 2000 онтой харьцуулахад өнөөдөр хуш модоор бүрхэгдсэн талбай 184.7 га-гаар, нөөц 23.7 сая шоо метрээр багасаад байгаа аж. Дэлхийн цаг уурын дулааралтай холбоотойгоор хуш модны үр буюу самрын гарцын хэмжээ багасах, улмаар самрын их ургацын жилийн давтагдах хугацаа удаашрах хандлагатай, боргоцойн хөгжилд 2 дахь жилийн хаврын гэнэтийн хүйтрэлт нөлөөлж байгаа гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан байна. Байгальд сибирийн болон солонгос гэсэн хоёр зүйл хуш мод байдаг бөгөөд эдгээр нь зөвхөн ОХУ, Монгол улсын нутагт байршин ургадаг юм байна.  Экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод ажээ.

Шүлхий өвчнөөр бүсүүдийг тогтоолоо

“Шүлхий өвчнөөр эрүүл, хяналтын болон тайван бүс тогтоох, уг бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”-ыг  батлах тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоолоор Баян-Өлгий, Баянхонгор, Говь-алтай, Завхан, Хөвсгөл, Увс, Ховд аймгийг шүлхий өвчнөөр эрүүл, вакцин хэрэглэдэггүй, Архангай, Булган, өвөрхангай, Орхон аймгууд, Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Баяндалай, сумдыг хяналтын, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ, Дархан- Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Төв аймаг, Улаанбаатар хотыг шүлхий өвчнөөр тайван, вакцин хэрэглэдэг бүсэд тус тус хамруулахаар болов. Бусад бүсээс мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хяналт, хамгаалалтын дор нэвтрүүлэх зорилгоор Завхан, Архангай аймгийн зааг “Солонготын даваа” Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын төв, Булган аймгийн Хутаг- Өндөр сумын “Гуртын гүүр”, Төв аймгийн Лүн сумын “Гүүрний ам”-нд тус тус хяналтын цэгүүд байгуулахыг Булган, Өвөрхангай, Завхан, Төв аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Хяналтын цэг байгуулахтай холбогдон гарах зардлыг 2011 оны төсвийн хязгаарт багтаан зохицуулалт хийж санхүүжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд даалгалаа. Цаашид хяналтын цэг болон бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналь тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болголоо.

Гадаадад гаргах идлэг шонхорын тоо хэмжээг тогтоолоо

Гадаадад гаргах идлэг шонхорын тоо хэмжээг тогтоох тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, тогтоол гаргахаар боллоо. Тус тогтоолоор 2011 онд гадаад оронд амьдаар нь гаргах идлэг шонхор шувуу 240 толгой байхаар тогтоож, гадаад оронд амьдаар нь идлэг шонхор гаргах ажлыг хуулийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгалаа.

ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа шаардагдах зардлыг гаргана

Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа (UNMISS)-нд  850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцуулах тухай асуудлыг хэлэлцээд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгалаа. Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа (UNMISS)-нд дээр дурьдсан хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцуулах асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхэд шаардагдах зардлын асуудлаар Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Дотоод хэргийн их сургуулийн дэргэд Дотоодын цэргийн анги байгуулна

Хууль зүй, дотоод хэргийн салбарын боловсон хүчин бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд Цагдаагийн академи, Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Дотоод хэргийн их сургууль байгуулахаар Засгийн газрын энэ оны долдугаар сарын 06-ны хуралдаанаас шийдвэрлэсэн. Өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг татан буулгаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг орон тоо, төсвийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэхээр тогтлоо. Мөн Цагдаагийн академи болон Хилийн цэргийн дэргэдэх цэргийн ангийг татан буулгаж, Дотоод хэргийн их сургуулийн дэргэд Дотоодын цэргийн анги байгуулахаар тогтов.

Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийн төгсөгчид Зэвсэгт хүчний болон Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаасанд тооцогддог бөгөөд энэ төрлийн мэргэжлийн тэнхмүүд бүрэлдэхүүнд нь үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн багшлах бүрэлдэхүүн, бусад албан хаагчдын 90 орчим хувь нь цэрэг, цагдаагийн албан хаагчид байдаг. Цэргийн сургуулийн бас нэг онцлог бол аливаа үйл ажиллагаа, нэгдсэн бусад арга хэмжээнүүд цэргийн дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаа үед бие бүрэлдэхүүн “Байлдааны туг”-нд хүндэтгэл илэрхийлдэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын даргын бэлтгэл хүчийг энэхүү сургуулийн бие бүрэлдэхүүн бүрдүүлдэг зэрэг нь тус их сургуулийн дэргэд Дотоодын цэргийн анги байгуулах хэрэгцээ, шаардлага үндэслэл болж байна.


Монголын бүх ард түмний спортын их наадам болно

Монголын бүх ард түмний спортын XIII их наадам 2012 оны эхний зургаан сарын хугацаанд спортын 27 төрлөөр орон даяар дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь Засгийн газрын 2011 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах, Олимп, дэлхийн түвшинд өрсөлдөх тамирчдыг тодруулан спортын амжилтыг нь ахиулах зорилготой. Түүнчлэн Лондонгийн Олимпийн жил зохион байгуулагдаж байгаа тул манай тамирчдын сорил тэмцээн болно гэж үзэж байна.

Их наадамд аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, “Алдар”, “Хүч”, “Хилчин”, “Сүлд”, “Эрч”, “Замчин” зэрэг биеийн тамир спортын хороод бие дааж оролцоно. Клуб, их, дээд сургууль болон бусад сургуулийн тамирчид засаг захиргааны нэгжийн дагуу аймаг, дүүргийн спортын газарт харьяалагдан оролцох юм байна.

БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Далайжаргалыг томиллоо

БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Доржбалын Далайжаргалыг томиллоо. Д.Далайжаргал 1976 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн. Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт атташе, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга, БНФУ дахь Монголын Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга, БСШУ-ны сайдын зөвлөх, Швейцарийн хөгжлийн агентлагт төслийн менежер, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

Товч мэдээлэл
  • Энэ оны долдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Улаан-Үд хотноо хуралдсан худалдаа эдийн засаг, хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XV хуралдааны дүнгийн тухай танилцуулгыг сонсч, сайшаалаа. Хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан,хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол улсын Тэргүүн шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Н.Алтанхуягт даалгав.
  • УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан “Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцээд төслийг дэмжих боломжгүй гэв.
  • УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нарын санаачлан боловсруулсан “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хууль санаачлагчдад уламжлахаар боллоо. Тус хуралдаанаас хэрэв санал асуулга явуулах бол зардлын тооцоог гаргаж, ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх саналаа хамтад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Украин улсад хийсэн төрийн айлчлал, АНУ-д хийсэн албан ёсны айчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав.
  • Монгол Улсын Засгийн газрын урилгаар Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Улс төр, хуулийн хорооны дарга Жоу Юнкан энэ сарын 23-26-нд манай улсад айлчилна. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд айлчлалтай холбогдсон хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
  • БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чун-ы 2011 оны 7 дугаар сарын 17-20-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг сайшааж, уг айлчлалын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж