Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ ажлаар хангадаггүй | News.MN

Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ ажлаар хангадаггүй

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ ажлаар хангадаггүй

Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ ажлаар хангадаггүй

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ талаар та хэр ихийг мэдэх вэ?.  Энэ асуултыг өөртөө нэг тавиад үзээрэй. Манай улсад нийт 120 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Энэ нь нийт хүн амын хоёроос гурван хувийг эзэлдэг гэсэн үг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дотор нь хараа, яриа, сонсгол, хөдөлгөөн, сэтгэцийн бэрхшээлтэй гэж ангилдаг. Монголд түгээмэл тохиолддог хэлбэр нь тулгуур эрхтний буюу хөдөлгөөний бэрхшээл  юм.

Улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарч байна гэх боловч энэ нь халамжийн мөнгө олгох төдийхнөөр хязгаарлагддаг. Гэтэл гадаад орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг төрсөн цагаас нь эхлэн эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйд нь анхаарч нийгэмд бусдын адил орчин нөхцөлд амьдарч, нийгэмших боломжоор нь хангадаг. Энэ нь зөвхөн мөнгөн халамж биш, төрийн бодлого, хууль тогтоомж гээд маш олон зүйл дээр нягт нарийн тусгаж өгсөн гэсэн үг.  Тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч нийгэмд энэ тэнцүү оролцоотой байж, эрүүл хүнээс дутахааргүй сэтгэл ханамжтай амьдарч чаддаг байна.

Хөгжлийн  бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг мөнгөөр шийдэх  гэж оролддог 

Төрөөс үзүүлдэг дэмжлэгт сэтгэл хангалуун байдаг эсэх талаар ‘Түгээмэл хөгжил’ ТББ –ын тэргүүн Ч.Ундрахбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

"Түгээмэл хөгжил" ТББ –ын тэргүүн Ч.Ундрахбаяр

Танай төрийн бус байгууллага хэзээ байгуулагдсан бэ?

-Манай төв албан ёсоор 2010 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан. Нийт 14 хүн ажилладаг. Үүний ес нь тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бусад төвүүдээс танай төв юугаараа давуу вэ?

-Сүүлийн арваад жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажиллаж, эрх ашгийг хамгаалдаг олон байгууллага бий болсон. Ямар хөгжлийн бэрхшээлтэйгээс хамаараад өөр өөр зорилго чиглэлийн байгууллагууд байгаа. Тухайлбал, хараагүй, сонсголгүй, тулгуур эрхтний бэрхшээлтэй зэрэг олон янз. Манай төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах, нийгэмд оролцох үүрэг хариуцлагатайгаар шийдвэр гарган амьдрах эрхийг нь дэмжин ажилладаг. Цаашид мэргэжлийн байгууллага болох зорилготой. Энэ талаараа ялгарах байх.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлэх дэмжлэг ямар түвшинд байна вэ?

Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өвчтэй, халамж хүртэгч гэсэн байр сууринаас хандаж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг мөнгөөр шийдэх гэж оролддог. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүнд төрөөс зөвхөн санхүүгийн туслалцааг үзүүлдэг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэхэд туслахгүй. Бэлэн зүйлээр аргацааж байгаа нэгэн хэлбэр юм. Үүнийг олон улсын хэллэгээр эмнэлгийн загвар гэдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол өвчтөн. Баялаг бүтээгч биш гэсэн хандлагаар ханддаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн иргэн байгаасай гэж хүсэж байна. Мэдээж төрийн дэмжлэг бидэнд хэрэгтэй гэхдээ өөр хэлбэрийн дэмжлэгийг хүсэж байна. Ажиллах орчин, сурах нөхцөлөөр хангагдаж нийгмийн бусад үйл ажиллагаанд оролцоход биднийг дэмжээсэй. Энэ талаасаа хүн гэдэг утгаараа үнэлэгдэх юм. Түүнээс биш эмзэг бүлгийн, хөөрхийлөлтэй хүмүүсийн байр сууринаас нийгмийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Халамжийн хууль бусад хуулиуд хангалттай байдаг ч бодит амьдрал дээр  хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал аваад, амьдралд хэрэгжих эсэх талаар асууж хууль баталж байгаагүй болохоор хичнээн хууль баталлаа гэд амьдралд хэрэгждэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн төрийн бодлого, хууль эрхзүйн орчныг сайжруулахад бид заавал оролцох ёстой, оролцохоос ч өөр аргагүй. Хараагаа алдаж, суумгай болж, сонсголоо алдаж үзээгүй хүмүүс яг ийм бэрхшээлтэй хүмүүст зориулсан бодлого, үйлчилгээг бий болгоход хэцүү шүү дээ.

Хуультайгаа зөрчилддөг  олон  заалтууд бий

"Тэгш нийгэм" холбоо ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, тулгардаг бэрхшээлийн талаар  ‘Тэгш нийгэм’ холбоо ТББ-ын тэргүүн Л.Энхбуянтай цөөн хором ярилцлаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх асуудал дээр  ямар төрлийн зөрчил давамгайлж байна вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг мөнгөөр шийдэх гэж оролддог. Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр заалтад 25 ба түүнээс дээш ажиллагсадтай албан байгууллагад  хөгжлийн бэрхшээлтэй нэг хүртэлх иргэнийг ажилд авдаг гэсэн заалт хаана  ч биелэгдэхгүй байна. Яагаад гэвэл хөдөө орон нутагт энэ хууль биелэх боломж алга. Учир нь орон нутагт ажиллах квот нь цөөн байдаг. 25-аас дээш ажиллагсадтай газар бол төрийн байгууллагууд л байна. Төрийн байгууллага нь өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах сонирхолгүй байна.

-Тохируулгатай ажлын байр гэх ойлголтыг ямар хүрээнд ойлгох уу?

-Хаалганы өргөн, босгоны өндөр, ариун цэврийн өрөө, ажлын хэрэглэгдэхүүн, гэрэл унтраалгыг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ойртуулаад өгчих ажлуудыг орхигдуулаад тусгай байр засах юм шиг бодоод байдаг. Ганцхан хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан ажлын байр гэж ойлгодог.  Ерөөсөө л юниверсиал дизайн гэдгийг бид авч үзэх ёстой.

-Энэхүү шаардлагыг хангадаг албан байгууллага байна уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг тусгай хэрэгцээтэй хүмүүс. Жишээ нь тэргэнцэртэй  хүнд тааруулсан зүйлсийг хийчих  юм бол тохируулгатай ажлын байр. Энэ талаас нь авч үзвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах боломж байна. Харин нөгөө талаасаа хувийн компаниуд ашиг олох гэж явдаг учир хөгжлийн бэрхшээлтэй хүнийг чадваргүй гэх буруу ойлголт яваад байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс  тусгай хэрэгцээ шаардлагатай боловч  өөрсдөө чадвартай хүмүүс гэдгийг нийгэм ойлгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  бусад хүмүүстэй адилхан гээд орхичихож бас болохгүй.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд  юунд илүү анхаарах шаардлагатай байна?

-Хөдөлмөрийн тухай хуульд бүх боломжуудыг олгодог. Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр заалтад  25 түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь 1  хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна гэсэн байдаг. Хуульдаа  25 ажиллагсадтай гээд заачихдаг харин хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийн чадамжийг тодорхойлохдоо хувиар тогтоодог. Энэ хоёрын хооронд зөрчил гараад байдаг. Бидний бодлоор хуульд заасан 25 гэх квотын хувийг нь өндөрсгөвөл зүгээр гэж бодож байгаа.

Мөн Хөдөлмөрийн хуультай зөрчилддөг нэг зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөрлөх чадвараа 50 хувь болон түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрлөх эрхгүй болчихож байгаа юм. Гэтэл амьдралыг нь бодоод тэдгээр хүмүүсийг ажилд авсан компаниуд нь хууль  зөрчсөн асуудалд ордог. Хуультайгаа зөрчилддөг  олон  заалтууд бий.

 -Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?

-Жишээ нь үйлдвэрлэл байгуулах юм уу, төрийн өмчит компани байгуулж болно шүү дээ. Өөрсдөө хувиараа хөдөлмөр эрхлэх эрхийг нь нээж өгөөд борлуулалтын систем, санхүүгийн асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй.

Өнөөдөр банкны  зээлд хамрагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүн бараг байхгүй. Яагаад гэвэл үндсэн хөрөнгө, барьцаанд тавих хөрөнгө байдаггүй. Санхүүгийн үйлчилгээг сайжруулах асуудал бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлж, санхүүгийн үйлчилгээ үзүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах хэрэгтэй болж байгаа юм.  Бүр нэг хэсгийг нь зохион байгуулалттай ажилтай болгох хэрэгтэй. Хогийн менежментийн хуулийн дагуу хог  дахин боловсруулах жижиг үйлдвэрүүдийг аймаг, дүүрэг бүрт яагаад байгуулж болохгүй гэж. Ажлын байрных нь 50 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 50 хувь нь энгийн хүмүүс авч ажиллуулах нь нийгмийн хамгаалал нөгөө талаасаа цалинтай ажилтай болгож байгаа зохион байгуулалттай ажил.

Дээр дурдсанчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалт /25 -аас дээш ажилтантай бол 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авна/ мөрдөөгүй тохиолдолд албан байгууллагууд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгууль  төлөх ёстой. Гэвч дээрх хуулийн заалт хэрэгжих нь тун ховор байдаг аж. Үүнд нөлөөлдөг зарим нэг шалтгаан байдаг бололтой. Тухайлбал, тэргэнцэртэй хүн ажилд орлоо гэхэд шат, ариун цэврийн өрөөнөөс эхлээд өөрчлөлт хийх шаардлага тулгардаг байна. Энэ нь эргээд мөнгө шаарддаг учраас албан байгууллагууд торгууль төлөөд  өнгөрөхийг илүүд үздэг гэх асуудал хөндөгдлөө. 

 

 

 

 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Anu 2018-03-29 67.81.182.161

Hogjliin berhsheeltei humuusiig ajilluuldag company uudiin tatvariig hongoldog baih ystoi

Avatar

ХБИ 2018-03-29 202.9.41.140

Yadaj hugjiliin berkhsheeltei huuhedtei ailiin huuhdiin mungiig ni yamar neg tsenzuurgui ugchihdug boloosoi. TV.geer l hudlaa goy yum bursan amldralgui shiidver gargadag ajil hiisen ner zuugchid. Eniigee zalruulj tedniig dahin dahin yalgavarldagaa bolioroi

Avatar

ЗОЧИН 2018-03-29 59.153.113.86

ДЭЭХЭН ТӨМРИЙН ЗАВОДАД МИЛРАГЧААГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР БАЙХ ҮЕД ХУВАНЦАРЫН ЦЕХЭД ХАРААГҮЙ ИРГЭДИЙГ ТОХИРОХ АЖИЛД НЬ ТОМИЛОН АЖИЛЛУУЛЖ , ЧАНАР СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ ТӨЛӨВЛӨГӨӨ НОРМОО ДАВУУЛАН БИЕЛҮҮЛДЭГ САЙЧУУДТАЙ ХАМТ ОЛОН БАЙСАН , БАС Ч ЭНЭРЭНГҮЙ БАЙЖДЭЭ .

Avatar

Зочин 2018-03-29 182.160.37.56

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД, ХОТ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ нэг өдөр ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН болгож тэргэнцэртэй, суга таягтай, нүдийг нь боож цагаан ТАЯГ бариулж албан газар, дэлгүүр автобус, үзвэрийн газруудаар явуулж өнжөөгөөд дараа нь ТВ ярилцлага хийх хэрэгтэй байгаа юм даа. ХБИргэдээ дарга нар даан ч мэдрэхийг хүсэхгүй байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж