ОХУ-ын уран гулгагч А.Загитова, Хойд солонгосын хөгжөөн дэмжигчид, хоккейн шилдэг тамирчид болон тэшүүр, гүйлтийн цана, уран гулгалтын торгон агшинг дахин харуулах “”Өвлийн олимпийн XXIII наадам” гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Mon Center”ийн арт галейрейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгийн эзэд бол Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гэрэл зургийн сурвалжлагч Ч.Ганбат, Э.Харцага нар юм. Тэд өнгөрөгч хоёрдугаар сард БНСУ-ын Пёнчан хотод болсон өвлийн олимпийн наадамд ажилласан ажлын тайлангаа дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэнд 200 гаруй бүтээл багтсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл болох аж.
Ч.Ганбат “Хэцүү зураг авах гэж хичээлээ. Мэдээж өмнө нь хоёр зуны наадамд ажилласан болохоор энэ удаа багаар ажиллах нь үр дүнтэй гэдгийг мэдэрсэн. Хамтрагч маань сайн байлаа. Пёнчаны олимпийн наадмыг гэрэл зургаар ойлгуулах гэж хичээсэндээ баяртай байна.” гэсэн юм.
Анх удаа олимпийн наадмыг сурвалжилсан Э.Харцага “Анх удаа олимп сурвалжиллаа. Тэр тусмаа өвлийн олимп. Өөрийгөө боломжийн зураг дарчих байх гэж бодсон чинь үгүй юм байна. Спортын гэрэл зурагчид дахин хэзээ ч давтагдахгүй түүхэн агшныг дурандаа буулгадагаараа онцлогтой. Тийм ч болохоор спортын төрлүүдийг мэддэг, мэдэрдэг байх ёстой. Спортын ямар төрлийн зургийг хурдан, удаан эсвэл өргөн бүрэлдэхүүнтэй болгон гоцолж авах ёстойгоо мэдэх хэрэгтэй. Мөн маш сайн техниктэй байх хэрэгтэй юм байна. Пёнчаны наадмын турш сэтгэл гэгэлзүүлсэн агшнуудыг буулгах гэж хичээсэн юм. Туршлагатай хүнтэй явсан учраас өнөөдөр үзэсгэлэнгээ гаргах хэдэн зурагтай үлдлээ. Намайг дэмжсэн бүгдэд талархал илэрхийлье” гэлээ.
Гэрэл зурагчин Ч.Ганбат өвөл, зуны тус бүр хоёр олимп, мөн Азийн хоёр наадамд гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан. Тэгвэл Э.Харцага анхны цагаан олимпоо сурвалжласнаас гадна Азийн хоёр ч наадамд фото сэтгүүлчийн үүргийг гүйцэтгэжээ.
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо анх 2012 оны Лондонгийн зуны олимпийн тайлан үзэсгэлэн гаргаж байв. Тэр цагаас хойш 2014 оны Сочигийн өвлийн олимп, мөн Инчеоны Азийн наадам, 2016 оны Риогийн зуны олимп, 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо.