Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа З.Энхболд 30 гэр бүл гэх нэр усгүй, эзэн биегүй томъёоллыг гаргаж ирсэн. Өөрийнх нь тайлбарласнаар гурван сая хүнийг 100 мянгад хуваагаад гаргаж ирсэн тоо бөгөөд уг 30-д хэн хэн багтаж байгааг лавласан гишүүдийн асуултад “Өөрсдөө бодож ол’ гэсэн товчхон хариултыг чуулганы танхимд өгч байсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саяхнаас 22 шүүгчтэй холбоотой асуудлыг дэлгэсэн бөгөөд мөн л 30 гэр бүлийн адил “Тэгвэл тэд хэн бэ” гэсэн асуулт тавигдаж байна. Х.Нямбаатар гишүүний өөрийнх нь хэлснээр тэдгээр шүүгчид “2010-2012 оны хоронд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг эргээж сэргээх шийдвэр гаргасан” бололтой. Тэдний болон тэдэнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгуулах, нийтдээ 36 аж ахуйн нэгжтэй холбоотой лицензийн асуудал хөндөгдөж байгааг өнгөрсөн Мягмар гаригт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр тэрбээр мэдэгдсэн юм. Үүнээс өмнө, Х.Нямбаатар гишүүн хадгаламжиндаа тэрбумтай шүүгч байгааг телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр зарласан нь, олон нийтийн амыг ангайлгаад зогсохгүй араас нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ‘…Ярилцлагадаа дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчийн нэр, хууль зөрчсөн бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож, хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага, прокурорт уг баримтаа өгч шалгуулах’-ыг түүнээс шаардсан билээ. Зөв л дөө, гишүүн хүн гүтгэсэн үү, эсвэл шүүгчид үнэхээр цалингаасаа гадуур орлоготой юу гэдгийг олон нийт мэдэх эрхтэй. Магадгүй энэ шуугианаар шүүгчид хэдэн байртай, хэчнээн төгрөгийн хадгаламжтай, хэдэн машинтай болохыг ядаж мэдэж авлаа шүү дээ.
Чухамдаа түүний гаргаж ирсэн таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая, өөрийнх нь дансанд нэг тэрбум хадгаламжтай тэр баян шүүгч хаанахын хэн бэ гэсэн асуултаас үүдээд шүүгчид яагаад ийм баян бэ гэсэн хэлэлцүүлэг улс төр, нийгмийн сүлжээнд идэвхтэй өрнөж байгаа нь ч зөв. Ингэж олон нийтийн анхаарлыг энэ салбар руу хандуулж байгаа нь шүүх засаглалын тогтолцоог өөрчлөх шүгэл ч байж мэднэ.
Насаараа бизнес эрхэлсэн жирийн бизнесменээс илүү баян тарган шүүгчид Монголд байгаа болоод л “тавхан настай хүүхдийнхээ дансанд 500 саяын хадгаламжтай” шүүгчийн талаар парламентын гишүүн ор үндэсгүй цуурхал тараагаагүй байлгүй. Шүүгчдийн хувьд төрийн албан хаагчдыг бодвол Монголдоо л өндөрт тооцогдох цалинтай. Ямар сайндаа л Ц.Нямдорж чуулганы хуралдаан дээр “Анхан шатны шүүхийн шүүгч бараг гурван сая төгрөгийн цалинтай. Прокурор нь 900 мянган хүрэхгүй төгрөгийн цалинтай. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нь зургаа, долоон зуун төгрөгийн цалинтай л байгаа. Яг ижилхэн ажил хийж байгаа. Эрүүгийн хэрэг дээр мөрдөгч нь хэрэг бүрдүүлдэг, прокурор нь хянадаг, шүүгч нь тасалдаг ийм л эд” гэж хэгжүүрхэж суусан нь УИХ-ын чуулганы протоколд тэмдэглэгдэн үлджээ.
Олон нийтийн сүлжээнд жирийн иргэн А,Б, В-гийн бичсэнчлэн хэдий өндөр цалинтай байлаа гээд “Шүүгчид авлига аваагүй л бол Land Rover, Range Rover ,Toyota Highlander гээд 4 машин, зургаан байр” авахад хоол идэхгүй, хувцас авахгүйгээр дор хаяж 40 жилийнхээ цалинг хураана гэдэг бол оргүй ч хардлага бас биш юм. Жирийн нэг багш, эмчийн хувьд насаараа хоол идэхгүй, хувцас авахгүй яваад ч ийм хөрөнгө цуглуулж чадахгүй нь гашуун үнэн. Ийм болохоор л шүүгчдийг хардах эрхтэй. Зөвхөн 400 сая төгрөгөөс дээш байртай 44 шүүгч байна гээд бодоод үз дээ. Хадгаламжиндаа хамгийн багадаа 10 оронтой, бүр 12 оронтой мөнгөн дүнтэй шүүгч байна, Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал.
Энэ бүхнээс зөвхөн шүүгч Иксийн авлигын гэх асуудал хөндөгдөж байгаа юм биш, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр 22 шүүгчийн асуудалтай зэрэгцээд Монголын 522 шүүгчийн чин шударгад нийгэм бүхэлдээ эргэлзэж эхэлсэн нь хамгийн хортой. Тэгэхээр асуудлын гол нь компанийн захирлаас ч баян шүүгч биш шүүхийн тогтолцоо нь өөрөө. Үүнийг үндсээр нь өөрчлөхгүйгээр өнөөдөр яригдаж байгаа 22 шүүгчийн асуудал маргааш дахиад л давтагдана.
Адаглаад л шүүгчид яагаад бусад төрийн албан хаагчид шиг Хөрөнгө орлогын мэдүүлгээ жил болгон өгч болдоггүй юм бэ? Гэвч, хариулт нь бэлэн, ‘Авлигад өртөж болзошгүй учраас’ гэх үгээр ам таглах байх. Гэхдээ хөрөнгө орлого нь нуугдмал байх тусмаа шүүгчдыг хардах нь их, тиймээс тэдний орлого “шилэн” байж яагаад болохгүй вэ?.
Мэдээж, өнөөдрийн яригдаж эхэлсэн шүүгчийн асуудал, Монголын шүүхийн тогтолцоо гажуудал, шүүгч бизнесменээс ч илүү баян байж болдог үндэс байж магадгүй бөгөөд энэ нь гуравдагч засаглалын нэр хүнд шалаар нэг болох шалтгаан нь. Тиймээс шүүгчид ‘Шүүгчдийн халдашгүй эрхэнд халдлаа’ гэж хашгирахаас илүү хууль батлагчдад хандаж, ‘Тэгвэл хардах шалтгаан үүсгээд байгаа шүүхийн тогтолцоогоо өөрчлөөд өг’ гэж шаардах ёстой биш үү.
Холбоотой мэдээ