Хоёр компанийн хооронд үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй | News.MN

Хоёр компанийн хооронд үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Хоёр компанийн хооронд үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй

Хоёр компанийн хооронд үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлаар “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигээс тодруулга авлаа.


-‘Тавантолгой’ ХК үнэхээр хил давж нүүрс олборлосон асуудал байгаа юм уу?

-Манай компани нь 1966 оноос өнөөдрийг хүртэл нүүрсний олборлолт явуулж буй компани. Харин “ЭрдэнэсТавантолгойн’ хувьд 2011 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Мөн нэг зүйлийг анхааруулахад “Эрдэнэс-Тавантолгой” нь манай уурхайг бүх талаараа тойроод байрладаг ашиглалтын том талбайтай. Өөрөөр хэлбэл, баруун зүүн урд хойд бүхий л талаараа бүсэлдэг гэсэн үг. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг ажлаа эхлээгүй байхад баруун, зүүн, хойд талаас нь манай компани нүүрс олборлосон тал бий. Гэхдээ энэ нь 2011 онд “Эрдэнэс-Тавантолгой” үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө гэсэн үг. Харин ажлаа эхэлсэнээс хойш хоёр компани албан ёсоор хоёр талаасаа комисс гаргаад тусгай зөвшөөрлийн хилээ тогтоосон. Ингээд нийт 268,3 мянган тонн нүүрсний асуудалд хоёр компаниас комисс гарч акт үйлдсэн. Түүнээс бус хэвлэлүүдээр бичээд байгаа шиг манай компани илтэд дээрэм хийгээд, эсвэл улсыг хохироогоод байгаа юм байхгүй.  2016 онд гарсан өмнөх жилийн актыг одоогийн буюу 2017 онд олборлосон мэтээр бичээд байна. Тусгай зөвшөөрлийн  хилийн асуудал тун нарийн хэмжилттэй байдаг. Манайх өөрийн эзэмшлийн талбайн нүүрсээ олборлохын тулд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талбай руу орж болзошгүй тул энэ бүхнийг зохицуулж, хоёр компани хамтран ажиллах гэрээний дагуу байнга хэмжилт хийж хяналттай ажилладаг. Тэгэхээр манай хоёр компанийн хооронд ямар нэгэн үл ойлголцол болон өглөг авлагын асуудал байхгүй.

-Их хэмжээний өрөнд орууллаа гэсэн мэдээлэл нь ямар учиртай юм бол?

-Энэ нь мэргэжлийн бус, эсвэл улстөрийн агуулгаар ийм ташаа мэдээлэл нийгэмд түгээж байгаа нь харамсалтай байна. Ердөө энэ яригдаад байгаа 260 мянган тонн нүүрсний асуудлыг улстөржүүлж, шууд л өнөөдрийн үнэ ханшаар бодоод байгаа нь эцэстээ ийм олон тэрбум төгрөгөөр хохироосон юмшиг нийгэмд хүрч байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх хил давсан асуудлаар танилцуулга үйлдсэн байдаг юм. Гэтэл төрийн албан хаагч хоёр компанийн асуудлыг ингэж дэлгэж, ёс зүйгээ зөрчиж болмооргүй л санагдах юм.

-Хятад компанид давуу эрх олгосон юм уу?

-Манай компанитай нүүрс худалдаж авах олон компани хамтран ажилладаг. Тэр компаниудын нэг нь л нэр дурьдагдаад байгаа “Хуалан Тянь Жин” гэдэг компани. Гэрээнийхээ дагуу нүүрс олборлолтод оролцоод явж байгаа. Түүнээс бус давуу эрх эдэлж, үнэ өртөггүйгээр нүүрс олборлоод ачаад явах ямар ч боломж байхгүй. Гэрээт компаниуд урьдчилж мөнгөө байршуулдаг, одоогоор тус компанийн байршуулсан мөнгөнөөс тэрбум гаруй төгрөгийн үлдэгдэл байгаа.

-Тавантолгой ХК өнгөрсөн жил хэр үр ашигтай ажилласан бэ?

– Манай компани өнгөрсөн жил татварт нийт 184,0 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Гэхдээ манайх шиг гурван газар татвар төлдөг байгууллага байдаггүй болов уу. Цогтцэций сумынхаа төсвийн 90 хувийг бүрдүүлэхээс гадна аймагтаа 51 хувийн ногдол ашгаа өгдөг. Мөн агаарын бохирдлын татвар гэж 1 тонн нүүрс тутмаас 1000 төгрөгийг улсын татварт өгдөг. Уг нь агаар бохирдож буй газар нь энэ нутаг орон байхад улсын төсөв рүү авчихдаг. Өнгөрсөн жил манай компани агаарын бохирдолын татварт 4.1 тэрбум төгрөг улсад төлсөн. 2017 оны эцсийн байдлаар манай компани 141 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Одоо удахгүй хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж ногдол ашгаа хуваарилна. Эцэст нь хэлэхэд орон нутагт үр ашигтай ажиллаж буй компани руу байн байн улстөржүүлж хэл ам хийдгээ болимоор байна. Мэдээж, тусгай зөвшөөрлийн хилээр зааглагдаж буй хоёр компанийн хооронд жижиг сажиг маргаан гарна. Энэ бүхнийг дор нь шийдвэрлэж одоо ямар ч маргаангүй ажиллаад явж байгаа.

Б.Баяр

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2018-03-29 202.9.40.91

shalguulaad unen hudlaa togtoolgochihvol boloo yum bish uu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж