“Монгол ур чадвар” тэмцээний мужааны шалгаруулалт эхэллээ | News.MN

“Монгол ур чадвар” тэмцээний мужааны шалгаруулалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

“Монгол ур чадвар” тэмцээний мужааны шалгаруулалт эхэллээ

“Монгол ур чадвар” тэмцээний мужааны шалгаруулалт эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан зохион байгуулж буй “Монгол ур чадвар 2018” тэмцээний мужааны хэсгийн эхний шалгаруулалт өнөөдөр /2018.03.29/ Техник технологийн политехникийн коллежийн байранд эхэллээ. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Түншлэлд суурилсан Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн санхүүжилтээр bэргэжлийн сургуулиудын сургалтын орчинг олон улсын түвшинд тоноглож бэлтгэy, мэргэжлийн зөвлөхүүдийг ажиллуулан тус сургууль дээр олон улсын тэмцээний орчин нөхцлийг бүрдүүлэн тэмцээнийг зохион байгуулж байгаа аж.

Мужааны тэмцээнд орон нутаг болон Улаанбаатар хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 19 төвийн 27 оролцогч оролцож байна. Энэхүү тэмцээнд ур чадвараараа өрсөлдөхөөр Говь-Алтай, Орхон, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод, Завхан, Ховд, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгуудаас оролцогчид иржээ.

Мужааны тэмцээний даалгавар болон үнэлгээний систем нь олон улсын тэмцээний стандарт шаардлагын хүрээнд үндэсний мэргэжлийн баг боловсруулан бэлтгэжээ. Оролцогчид мужааны ур чадвар шаардсан 3D модон хийцийг есөн цагийн хугацаанд гүйцэтгэх юм. Нийт 27 оролцогчоос шилдэг таван оролцогч шалгарч, хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхийг авах аж. Шалгаруулалтын нэгдсэн дүн маргааш гарна. Харин дараагийн шатанд шалгарч шилдгийн шилдэг мужааныг шалгаруулах шалгаруулалт ирэх тавдугаар сард зохион байгуулагдах юм байна.

Мужааны тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, МБС-ын үнэлгээний төв, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалтын төсөл болон  Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын ой модны үйлдвэрүүдийн ассоциацийн хамтарсан баг ажиллаж байна. Мөн энэ удаагийн тэмцээний ивээн тэтгэгч болон хамтран оролцогчоор “Best buidan” ХХК ажиллаж байгаа юм.

Мужааны тэмцээний даалгавар хүнд, ур чадвар шаардсан байгаа учраас оролцогчид бэлтгэл сургуулилтыг сайтар хангасан байна. Мөн сургуулиад болон багш нар шалгуур өндөртэй олон улсын тэмцээнд хүүхдээ өрсөлдүүлж байгаа гэдгээрээ хариуцлага өндөртэй, ач холбогдол өгсөн хандлагаар тэмцээний бэлтгэл болон үйл явцад хандаж байгааг зохион байгуулагчид хэлж байв. Энэхүү тэмцээнээр оролцогч хүүхдүүдийн ур чадвараас гадна багшийн ажлын үр дүн үнэлэгдэж байгаа учраас оролцогч бүрийн бэлтгэл сайн хангагдсаныг харж болох юм.

Шилдэг таван оролцогчоос нэг нь шалгарч 2019 оны наймдугаар сард ОХУ-ын Казан хотод болох Дэлхийн ур чадварын 45 дэх удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авна.

Монгол улс дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд 2015 онд Бразиль улсад зохион байгуулагдахад есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан бол 2017 онд зургаан мэргэжлээр амжилттай оролцжээ.

2019 онд ОХУ-ын Казанд болох тэмцээнд гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч, үсчин, рестораны үйлчилгээ гэсэн найман мэргэжлээр оролцохоор бэлтгэж байна. Энэхүү тэмцээнд оролцох үндэсний ялагчийг хоёр үе шаттай зохион байгуулахаар болсон бөгөөд одоогоор тогооч, гагнуур, өрөг угсралт, сантехник гэсэн төрөлд шилдэг таван оролцогчид шалгарчээ. Өнөөдөр, маргааш мужааны шалгаруулалт болж, хоёрдугаар шатанд оролцогчид тодрох юм. Ирэх дөрөвдүгээр сард цахилгаан, рестораны үйлчилгээ, үсчиний үндэсний ялагчийг тодруулах шалгаруулалт эхлэх юм байна.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-29 202.9.43.208

Энэ мужааны ажил чигь их сонирхолтой стресс тайлдаг ажил байна лээ

Avatar

7777777 2018-03-29 202.55.191.205

иймэрхүү тэмцээн олныг зохион байгуулах хэрэгтэй шүү …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж