Жулиан Ассанжийг интернет ашиглахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Жулиан Ассанжийг интернет ашиглахыг хориглов

Жулиан Ассанжийг интернет ашиглахыг хориглов

Лондон дахь Эквадорын Элчин сайдын яам Жулиан Ассанжийн гадаад ертөнцтэй холбогдоход нь саад хийх зорилгоор интернет ашиглахыг нь хориглосон гэнэ. Учир нь Жулиан Ассанжийг бусад улс орны дотоод хэрэгт оролцож, улс төрийн утга агуулгатай зүйл нийтлэхгүй байх гэрээг зөрчсөн гэж үзжээ.

Баривчлагдахаас зугтаж, Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд зургаан жил орогнож буй Викиликс сайтыг үндэслэгч Жулиан Ассанж  интернет чөлөөтэй ашиглаж, нийгмийн сүлжээнд холбогддог байжээ. Гэвч Эквадорын Элчин сайдын яам дээр дурдсан шалтгааны улмаас түүний интернет ашиглахыг түр хориглоод байгаа юм байна. Элчин сайдын яам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр дахь удаагаа ийм арга хэмжээ авч буй нь энэ ажээ.

Элчин сайдын яам мэдэгдэлдээ ‘Эквадорын Засгийн газар тус улсын Элчин сайдын яаманд орогнол хүсэн амьдарч буй Жулиан Ассанжийн гадаад ертөнцтэй интернетээр дамжуулан холбогдохыг түр хориглосон” гэжээ.

Эквадорын Засгийн газар Жулиан Ассанжид түүний нийгмийн сүлжээгээр тарааж буй улс төрийн утга агуулгатай мессежүүд  Эквадорын Их Британи болон Европын холбооны гишүүн бусад оронтой харилцах харилцаанд эрсдэл учруулж байгааг анхааруулсан ажээ.

Жулиан Ассанж 2012 онд хүчингийн хэрэгт буруутгагдан, Шведийн прокурорын газрын баривчлах тухай шийдвэрээс зугтаж, Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаа билээ.

Тэрбээр энэ хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн мэдүүлсэн. Шведийн прокурорын газар энэ хэргийг 2017 оны тавдугаар сард хаасан боловч Их Британийн шүүх түүнийг шүүх хуралд ирээгүй гэдэг шалтгаанаар баривчлахад бэлэн байгаа билээ.

Жулиан Ассанжи сүүлд Их Британид Оросын экс тагнуулч  химийн хортой бодисын халдлагад өртсөн хэрэгт явдлын талаар твиттерт жиргэсэн ажээ.

Жулиан Ассанж Эквадорын Элчин сайдын яамнаас хамраа цухуйлгах л юм бол Их Британийн цагдаа нар түүнийг баривчилж, АНУ-ын талд шилжүүлнэ гэхээс эмээж байгаа ажээ. АНУ-д түүнийг улсын нууц материалыг Викиликс сайтаар цацсан хэргээр эх орноосоо урвасан ял хүлээж байгаа юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Эквадор түүнд улс төрийн орогнол олгосон юм. Эквадорын Элчин сайдын яам одоо түүнийг Эквадор руу аюулгүй хүргэх асуудлаар Их Британийн талтай хэлэлцээ явуулж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж