“Phishing” буюу цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

“Phishing” буюу цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье

“Phishing” буюу цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Сүүлийн үед техник технологи, кибер ертөнцийн хурдтай хөгжлийг дагаад хуурамч хаягаар цахим харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах тохиолдолдууд  нэмэгдэж байна. 

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийн тулд та бүхэн өөрийн хувийн мэдээллийг бусдад алдахгүй байх, танихгүй иргэд, ялангуяа гадаад орны хэрэглэгчидтэй найз болохдоо болгоомжтой хандах нь зүйтэй. Дэлхийн олон оронд энэ төрлийн гэмт хэрэг ихэд дэлгэрсэн байдгийг санахад илүүдэхгүй.

Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж маш том санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг.  Тиймээс:

  • Вэб камер болон гар утасны нүүрний камерууд нь кибер тагнуулд ашиглагдах өндөр эрсдэлтэй
  • Аппликейшн суулгахдаа ашиглах нөхцөлийг нь анхааралтай уншиж танилцах хэрэгтэй
  • Өөрийн хувийн мэдээллээ өөр газар давхар хуулж хадгалах хэрэгтэй
  • Цаасан хэвлэмэл материал, бичиг баримт зэрэг хэрэгцээгүй мэдээллүүдээ зориулалтын устгагч ашиглан устгах хэрэгтэй
  • Ажлын байрнаасаа холдохдоо компьютерээ түгжиж занших хэрэгтэй
  • Хувийн бичиг баримтыг интернэтэд байршуулахгүй байх
  • Таны компьютер вирустсан байна гэх интернэт сайтын хуурамч мэдээлэлд итгэх хэрэггүй
  • Зээлийн картыг ашиглах эрхтэй гар утас болон таблетаа байнга түгжиж, алдахаас сэргийлэх
  • И-мэйлээр ирсэн сэжигтэй файлыг нээх хэрэггүй
  • Интернэт нууцлалдаа давхар хамгаалалтын код ашиглаарай

Мөн иргэд, харилцагчид дараах тохиолдолд гадаад гуйвуулгын гүйлгээнүүд нь эрсдэл өндөртэй болохыг анхаарч, онцгой сонор сэрэмжтэй байхыг бид зөвлөж байна.

Хэрэв та интернэтээр дамжуулан холбогдсон этгээд /хувь хүн эсвэл бүлэглэл/ рүү мөнгөн гуйвуулга илгээх гэж буй бол дараах зүйлст итгэх хэрэггүйг анхаарна уу:

  • Их хэмжээний хөрөнгө оруулалт хийх тухай дурдаж танд урамшуулал санал болгосон бөгөөд энэхүү урамшууллыг авахын тулд та мөнгөн гуйвуулгын шимтгэл эсвэл татварын тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлагатай болсон
  • Та сугалаанд мөнгө хожсон эсвэл их хэмжээний мөнгө өвлөн авсан тухай танд хэн нэгэн мэдэгдсэн ба мөнгөө авахын тулд та урьдчилгаа мөнгө шилжүүлэх шаардлагатай болсон
  • Өөр улсын иргэншил бүхий хүнтэй сошиал сүлжээгээр урт хугацаанд харилцаж,  гэр бүл болж хамтран амьдраад тухайн орны иргэншилтэй болгох тул барьцаа болох тодорхой хэмжээний мөнгө дансанд байршуулах шаардлагатай болсон
  • Таны хүүхдийг эсвэл таныг гадаад оронд амьдрах визтэй болгох бөгөөд  үүний хариуд та мөнгө шилжүүлэх шаардлагатай болсон гэх мэт зүйлсийг мөнгө шилжүүлэхдээ анхаарч үзэх хэрэгтэй.

Хэрэв та анх удаа харилцагч байгууллагадаа мөнгө шилжүүлэх гэж буй бол:

  • Харилцагч байгууллагаа сайтар судлах /цахим хуудас, сошиал хуудас, харилцагч нарын сэтгэгдэл/
  • Төлбөр хүлээн авах байгууллага эсвэл иргэний дансны мэдээллийг сайтар тулгах
  • Хүлээн авагч нь мөнгө хүлээн авч байгаа улс орондоо тодорхой үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нягталж шалгах

Цахим гэмт хэрэг буюу “Phishing” хэмээх эрсдэлээс сэргийлэх гол арга бол хянуур байж, хуурамч мэдээлэлд итгэхгүй байх юм. Мөн өөрийн цахим орчин дахь аюулгүй байдлыг ханган ажиллаж, цахим шуудангийн нууц үгээ хамгаалах, үнэгүй домэйн бүхий и-мэйл хэрэглэхгүй байх, найдваргүй компьютер, сүлжээ ашиглан цахим хаягтаа нэвтрэхгүй байх, өөрийн компьютерт вируснаас хамгаалах шийдлүүдийг ашиглаж хэвшихийг зөвлөж байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж