Засгийн газар реформ хийж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.29-нд нийтлэгдсэн

Засгийн газар реформ хийж чадах уу?

Засгийн газар реформ хийж чадах уу?

У.Хүрэлсүхийн танхим эдийн засагт реформ хийх болсноо зарлалаа.

180 мянган төрийн албан хаагчийг 200 мянган татвар төлөгч тэжээж байгаа энэ үед эдийн засагт хийх реформ хөрөнгө оруулагчдад хамгийн их хамаатай мэдээ. Учир нь Засгийн газар Татварын хуулийн шинэчлэлээр дамжуулж хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн ээлтэй орчин бий болгохыг зорьж байна.

Монголын нийгмийг туйлдуулж байгаа хамгийн том бэрхшээл бол шантааж. Үйл тамаа үзэн байж хэдэн хүнийг ажлын байраар ханган, татвараа дөнгөн данган төлж чадан явахад ялих шалихгүй шалтгаанаар татварын акт тавьж, нэрэмдэг.  Зарим тохиолдолд үндэслэлгүй акт тавьж, бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа  зогсоохоос аргагүй болох нь бий. Яг ийм шалтгаанаар хэчнээн хөрөнгө оруулагч хаалга үүдээ түгжин Монголыг орхин гарсныг хэлэхэд бэрхтэй.

Харин Монголд  орж ирсэн хөрөнгө оруулалтыг зогсоосныхоо төлөө, дотоодынхоо бизнес эрхлэгчийг дарамталсныхаа төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Татварын энэхүү шинэчилсэн төсөлд  татварын байцаагч үндэслэлгүй акт тавибал 10 жилийн турш төрийн албанд ажиллахгүй байх шийтгэл оноохоор заасан нь хариуцлагатай байх ёстойг хууль эрх зүйн тогтолцоогоор дамжуулан дархлах нь. Товчхондоо бол энэ заалт бизнесийг гарах гарцгүй болгон аж ахуйн нэгж бизнесийг дампуурахад хүргэдэг гол сувгийг хаана гэсэн үг юм.

Үүнээс гадна жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг салбар харгалзахгүй буцаан олгох, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, иргэн өөрөө хүсвэл борлуулалтын орлогын 1 хувиар албан татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан татварын тайлан гаргах сонголтыг олгох зэрэг заалтыг Татварын шинэчилсэн төсөлд тусгасан нь бизнес эрхлэгчдэд хамгийн таатай мэдээ болж буулаа.

Бас нэг сайн мэдээ нь эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан явдал.

Жил бүрийн хаварт болдог эдийн засгийн чуулга уулзалтаар төсвийн орлого тасарсан, гадаад худалдааны алдагдал өндөр авсан, валютын орлого багассан, ханшийн алдагдал хэрээс хэтэрсэн тухай хэдэн жилийн турш үргэлжлүүлэн сонсож, гарах гарцын тухай хайж байсан бол энэ удаад сэргэлт ирсэн таатай мэдээг дуулгалаа.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувь болж буурч байсан бол 2017 онд 5.1 хувь болж өсчээ. Төсвийн алдагдлыг хоёр дахин бууруулж,  төлбөрийн тэнцэл ашигтай гарсан байна.

Нэгдсэн төсвийн нийт алдагдал 2016 онд ДНБ-ний 18.0 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд ДНБ-ний 9.5 хувь байхаар батлагдсан ч урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 хувьтай гарч төсвийн суурь үзүүлэлт эрс сайжирчээ. Гадаад худалдааны ашиг түүхэндээ анх удаа 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Засгийн газар олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлсний үр дүнд валютын орох урсгал 2017 оны сүүлийн 2 сард 583 сая ам доллараар нэмэгдэж төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарчээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрсэн нь хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл сэргэж буйн илрэл болов уу.  

Үүнд Олон улсын валютын сантай байгуулсан гэрээ үр дүнгээ өгч байгаагаас гадна Сангийн сайдын зүгээс хийсэн ажил олон аж. Тухайлбал, төр гадаадын зээл тусламж авдаг ч түүнийгээ арилжааны банкинд хямд хүүтэй байршуулчихаад эргээд өндөр хүүтэй зээл авдаг байсан гажиг тогтолцоог халжээ. Засгийн газар мөн өндөр хүүтэй бонд гаргаж, төсвийн алдагдал дээр ачаа үүрүүлдэг байсныг ч зогсоосон байна. Энэ бүхний хүчинд төсөв сахилга баттай болж, төсөвт ирдэг ачаалал буурчээ. Одоо гол нь эдийн засагт гарсан энэхүү эерэг үзүүлэлтүүдийг хэрхэн иргэн бүрийн хэтэвчинд хүргэж, аж амьдралыг нь дээшлүүлж, орлоготой болгох вэ гэдэг нь мөн л Сангийн сайдын хийх ажлаас ихээхэн хамаарах болж байна.

 

Нэг үгээр хэлбэл, Татварын хуулийн шинэчлэлээ бүрэн утгаар нь хэрэгжүүлж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж чадвал бизнес эрхлэгчдээр дамжуулан 263 000 иргэнийг ажилтай болгож амлалт хэрэгжиж чадна. Үүнд том төслүүдийг хөдөлгөхөөр тусгасан эдийн засгийн гурван талт бодлого ч чухал. Аж үйлдвэрлэлээ хөгжүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг эрчимжүүлж, нэмүү өртөг шингээж чадвал У.Хүрэлсүхийн танхим хананд бус түүхэнд үлдэнэ. 

Харин одоо амласан реформоо ажил хэрэг болгож ажиллаж чадах эсэхийг ард түмэн, бизнес эрхлэгчид хүлээх л үлдлээ.  

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж