Амь “баригч” | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Амь “баригч”

Хагалгааны өрөөнд өвчтөний хяналтын мониторын гонгинох чимээ ноёлно. Энэ чимээ, хэлбэлзлийг даган хагалгааны багийнхан сэтгэл түгшинэ. Түгшүүрт энэ байдалтай өрсөлдөн эмч өөрийн мэддэг, чаддаг бүхнээ хамаг хурдаараа хийнэ.

Өөрөөр хэлбэл, эмч нар өвчтөний алтан амийг “эрлэгийн элч”-тэй булаалдан уртаас урт, бас нарийн дээсэн дээгүүр өвчтөнг чирсээр дэнжигнэнэ. Дээсэн дээрх тулаан хэрхэн өрнөдөг нь зарим нэгэнд айдас төрүүлэм.

Хэд хоногийн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн /УНТЭ/ элэг шилжүүлэн суулгах багийнхны хийсэн 44 дэх хагалгаа боллоо. Энэ үеэр тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн гишүүдтэй уулзах хүсэлт тавихаар очсон юм. Хагалгааны өрөөний үүдэнд зогсож байтал эмч ногоон өнгийн хослол гялалзуулсаар гарч ирэв. Өрөөний хаалга хаагдахтай зэрэгцэн эмч малгайгаа авч, хамар даган бурзайсан хөлсөө арчлаа. Түүнд хэрэг зоригоо дуулгав. Тэрбээр донорын хагалгаа 05.00 цагт эхлээд 17.00 цагт дуусч буйг дуулгаад, донороос авсан элгийг өвчтөнд суулгах хагалгаа эхлэх гэж байгааг хэллээ. Хагалгаа хэдэн цаг үргэлжлэхийг таашгүй тул маргааш нь уулзахаар тохиров.

Маргааш нь бидний яриа өчигдрийн хагалгаа 01.00 цагт дууссан гэдгээс эхэллээ. Энэ эмчийг Д.Чулуунбаатар гэдэг. Мэргэжлээрээ 30 жил ажиллаж, сум, аймгийн эмчээс эхлээд УНТЭ-ийн мэдээгүйжүүлгийн, олны хэлдгээр наркозны эмч, эмнэлзүй эрхэлсэн захирал хүртэл хийж байгаа нэгэн. Элэг шилжүүлэн суулгах 44 дэх хагалгаа болон тус эмнэлгийн бусад хагалгаанд мэдээгүйжүүлгийн эмчээр ажилласан эрхэм. Мэдээгүйжүүлгийн эмч нь өвчтөнийг унтуулах эмийн тунг тааруулж, хагалгааны явцад өвчтөний бүх эрхтэн системийг хянаж, амь насыг “барьж”, мэс заслын эмчийг айдасгүйгээр хагалгаа хийх нөхцөлөөр хангадаг. Олон цаг үргэлжлэх хагалгааны турш өвчтөний зүрхний цохилт түргэсэхэд түүнийх ч бас түргэсч, түгшдэг. Хагалгааны өрөөнд буюу хаалттай орчинд ажилладаг эмчийн гавьяаг хүмүүс тэр бүр мэддэггүй. Түүнээс хаалттай орчинд, тулааны үйл явц хэрхэн өрнөдөгийг лавлалаа.

Хагалгааны өрөөн дэх үйл явц, зүрхний бичлэг, артерын даралт зэргийг хянах монитор, пульс, зэрэг тоног төхөөрөмжүүдээ зөв байрлуулах, өвчтөнийг зөв хэвтүүлэхээс эхэлдэг гэнэ. Ингээд олон жил суралцсан мэргэжлийн хүмүүсийн арга барил, ур чадвараа сорьсон дээсэн дээрх тулаан эхэлдэг юм байна.

Баг нь мэс заслын эмч нар, мэдээгүйжүүлэх эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, хагалгааны сувилагч, цэвэрлэгээ, ариутгал хариуцсан үйлчлэгч, инженер техникийн ажилчид зэрэг 30 орчим хүнээс бүрддэг байна. Хагалгаанаас шалтгаалан багийн бүрэлдэхүүн өөр байх бөгөөд ердийн хагалгаа нь мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлэх эмч, хагалгаа, мэдээгүйжүүлэгч сувилагч зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй байдаг аж. Өвчтөний аюулгүй байдлыг бодолцон дээд зэргийн цэвэр орчинд хагалгааг хийдэг. Тиймээс өрөөнд хэн дуртай нь орж болдоггүй.

Өндөр хөгжилтэй оронд тэднийг өвчтөний амь ‘ баригч” гэдэг

Энэ орчинд тулааныг удирддаг, өвчтөний амийг “барьж” буй гол хүн нь мэдээгүйжүүлэгч эмч. Мэргэжлийн онцлогийг өөрөөс нь лавлахад “Циркчид тэнцвэрийн утсан дээр яваад байдаг даа. Мэдээгүйжүүлэгч эмчийн ажил үүнтэй адил. Алдах эрхгүй, нэг алдаа гаргахад л өвчтөний амь нас эрсэднэ. Мэдээгүйжүүлэгчид хагалгааны туршид олс дээгүүр явдаг. Хагалгааны явцад хүний биед их олон өөрчлөлт гардаг. Зүрхний хэм алдагдана, даралт унана. Энэ бүхэнд тохирсон шийдвэрийг богино хугацаанд гаргаж, зөв оншилох, өндөр ур чадвар шаарддаг, нарийн мэргэжил. Мэдээгүйжүүлж, унтуулах эмийн тунг тааруулж, өвчтөний хийн солилцоо, цусны хөдлөл зүй, бүх эрхтэн системийг хянаж, өөрчлөлт гарсан тохиолдолд тохирсон арга хэмжээ авах үүрэгтэй. Дэлхий нийтэд анестезиологч /мэдээгүйжүүлэгч эмч/ нь хамгийн чухал мэргэжилд тооцогддог. Өндөр хөгжилтэй оронд өвчтөний “амь насыг баригч” гэж ойлгодог.

Манайд энэ мэргэжлийн ач холбогдлыг төдийлөн сайн мэддэггүй. Дотор, мэдрэлийн эмч ч юм уу бусад эмч нар өдөр бүр шахам өвчтөний ар гэрийнхэнтэй уулздаг болохоор хүмүүс тэднийг сайн мэддэг. Мэдээгүйжүүлэгч эмч нь хагалгааны өрөөнд, хаалттай орчинд ажилладаг болоод ч тэр үү, бидний ажлыг хүмүүс тэр бүр мэддэггүй, ойлгодоггүй. Мэдээгүйжүүлэгч эмч нь өвчтөний биеийн онцлог, хагалгааны цар хүрээ зэргээс шалтгаалан нугасны, нугасны гадна зайн мэдээ алдуулга хийх үү, ерөнхий унтуулгатай хийх үү зэргийг шийддэг. Энэ шийдвэрээ тайлбарлах л гэж ховорхон уулздаг болохоор тэгдэг байх” гэж тодотгосон юм.

Өвчтөний зүрхний цохилт түргэсэхэд дагаад л зүрх түргэн цохилдог

Хагалгааны туршид түүний сэтгэлзүй ямар байдгийг асуухад

“Мэдээгүйжүүлгийн эмч нь түгшүүртэй, стресстэй ажил. Яах бол гэж их айдаг, түгшдэг. Хүндрэл гарахад ямар арга хэмжээ авахыг хурдан шийддэг. Өвчтөний зүрхний цохилт түргэсэхэд дагаад л зүрх түргэн цохилдог, сэтгэл хямардаг. 15-20 цаг хүний амийг “барина” хамгаална шүү дээ. Хагалгааны явцад цус алдах зэрэг ямар ч эрсдэл учирч болно. Энэ бүхэнд тохирсон шийдвэр гаргах, нарийн ур чадвар шаарддаг” гэсэн юм.

30 жил ажиллаж байгаа түүнийг хамгийн их сандаргаж байсан хагалгааг сонирхоход тэрбээр цонх руу хэсэг ширтсэнээ “Санаанд орж байгаа нэгэн үйл явдлыг ярья” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Олон жилийн өмнө Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд  дуудлагаар очсон юм. Очтол сум алдаад эрүүгээ буудуулсан хүн байсан. Эрүү нь хугарч, нүүр нь битүү хавантсан байлаа. Ингээд газар дээр нь хагалгаа хийх шаардлага тулгарсан. Тэр хүнийг унтуулаад, цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс хийх их хүнд байсан. Нүүр нь хавагнаад зуурсан гурил шиг болсон тул эрүү нь өргөгдөхгүй, амнаас нь цус асгараад л байсан. Тиймээс эрүүн дороос цагаан мөгөөрсөн хоолойг баримжаагаар олж, амьсгалыг нь түр зогсоож, цагаан мөгөөрсөн хоолойд гуурс хийх болсон. Нүдэнд харагдах зүйл байгаагүй ч баримжаагаар цагаан мөгөөрс суулгаж, хагалгаа амжилттай болсон” гэлээ.

Харин энэ олон жил ажиллахад алдаа гаргаж байсан уу гэхэд тэрбээр “Эмч хүн алдах эрхгүй. Ноцтой алдаа гаргаад, хүний амь эрсдүүлсэн зүйл байхгүй” гэв.

13 хоног гэртээ ч очилгүй амралтгүй ажиллаж байсан

Хагалгааны туршид өвчтөнөөс алхам ч холдоогүй мэдээгүйжүүлэгч эмчийн ажил тухайн хагалгаа дууссанаар өндөрлөхгүй. Мэс заслын баг солигдох ч дараагийн хагалгааг хүлээн авдаг. Заримдаа нэг өдөр 10 хагалгаа дээр ажилладаг бол заримдаа нэг хагалгаанд 15-20 цаг ажилладаг. Ингэж ажиллалаа гээд ажлаасаа буухгүй. Жижүүрийн ээлж таарвал ээлжээ хүлээж авна. Жижүүрээс буугаад шаардлага гарвал заримдаа үргэлжлүүлэн хагалгаанд ордог гэнэ. Хүнд хагалгааг 05.00 цагт эхлэх бол ердийн хагалгаатай үед 08.30 цагт түүний ажил эхэлдэг ажээ. Тэр ч бүү хэл Говь-Алтай аймагт мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж байхдаа гэртээ очилгүй 13 хоног амралтгүй ажиллаж байсан удаатай. Эндээс орон нутгийн эмч нар хэрхэн ажилладгийг харж болно.

Аймгийн эмнэлэгт ажиллахаасаа өмнө тэрбээр Завхан аймгийн Шилүүстэй суманд долоон жил ажиллажээ. Эндээс түүний ажлын гараа эхэлж байж. Сумын эмнэлэгт ганцхан их эмч ажилладаг тул эмэгтэйчүүд, шүд, хүүхэд, халдварт, мэс засал, гэмтэл зэрэг бүх төрлийн эмчийн ажил хийдэг байсан гэнэ. Мөн хөдөө ажиллахад, мэдээгүйжүүлэгчээр орон нутагт очиж хагалгаа хийхэд ч монитор, эмийн дутагдал гардаг тухай ярьсан юм. Түүнчлэн одоо элэг шилжүүлэн суулгах багт ажиллахад ч мэс заслын багаж хангалтгүй байгааг хэлж байлаа.

Хагалгааны дараа түүнд ямар мэдрэмж төрдөг нь сонин. Тэрбээр “Хагалгаа эхлэхтэй зэрэгцэн яаж эрсдэлгүй ажиллах вэ л гэж бодогддог. Ингэсээр тасралтгүй 20 цаг ажилласан байх нь бий. Хагалгаа амжилттай болоод хагалгааны ширээ сулрахад, өвчтөнийг оронд нь хэвтүүлээд, сэргэхийг нь, юм ярихыг нь харахаар үүрч явсан тун хүнд ачаанаас авсан мэт болдог. Тэр үед л ямар их ядарснаа анзаардаг” гэж байлаа.

Бусдын амийг эрлэгтэй булаалдан тэмцсэн энэ ажилд би дуртай

Дутуу нойртой, ачаалал ихтэй түүний ажлын юу нь түүнд эрч хүч өгдгийг асуухад тэрбээр “Хүнд буян үйлдэж, эрлэгтэй булаалдан тэмцсэн энэ ажилд би дуртай. Үүнээс илүү сайхан мэргэжил байхгүй. Гэхдээ зах зээлийн нийгэмд эмч, эрүүл мэндийн салбарынхны амьжиргаа, амьдрал гундуу байна шүү дээ. Сувилагч олдохоо болилоо.  Хамгийн хүнд ажил мөртлөө цалин багатай болохоор тэр. Хааяа ажлын завсраар эмч, сувилагчидтай ярихад бүгд л энэ тухай ярьдаг. Хүний төлөө, ачаалалтай хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин нь амьдрал нь хүрэлцдэггүй. Хэрэв миний үеийн эмч нар барилга, уул уурхайн инженерээр ажилласан бол өдийд байрны зээлгүй, сайхан амьдрах байсан. Манай салбарынхан ажилдаа дуртай болохоороо л энэ ажлаа хийцгээж байгаа юм” гэлээ.

Эмчийн өрөөний хаалга минут бүрд нээгдэж, хэн нэгний “Эмч ээ, …..” гэх сонсогдоно. Түүнийг олон хүн хүлээж байгаа бололтой. Тиймээс энд хүрээд яриагаа өндөрлөв. Монголын олон мянган мундаг эмч нарын төлөөлөл Д.Чулуунбаатар мэргэжлийнхээ хүнд хэцүү бүхнийг мэдэх ч охин нь түүний мэргэжлийг өвлөх гэж байгаад тун баяртай байна лээ.

Мөн хагалгааны ширээн дээр хэвтэхгүйн тулд өвдөхгүй байх, өвдөхгүй байхын тулд ажил, амралтаа зөв хуваарилан, зөв хооллож, тогтмол хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэвшилтэй байхыг зөвлөсөн юм. Түүнчлэн өвдсөн бол эмчид хандаж, заавал эмчийн зааврын дагуу төгс эмчлэх хэрэгтэй, дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг онцлон сануулж байлаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мэдээгүйжүүлэгч эмч 2018-03-28 66.181.183.230

Мэргэжлийн минь тухай түмэн олонд цухас дурдсан сэтгүүлч танд баярлалаа. Та бүхэн мэдээгүйжүүлгийн эмчийн нэг өдрийг дагаж сурвалжлага хийгээд эмнэлэг дээр, хагалгааны өрөөнд, эрчимт эмчилгээний тасагт хоноод үз дээ. Яагаад энэ хүмүүс хувийн эмнэлгийн үйлчлэгчийн цалингаас бага мөнгөөр ийм ажил хийгээд байгааг ойлгоно. Энэ чинь л жинхэнэ сурвалжлага болно.

Avatar

Дэмбэрэл 2018-03-28 112.72.11.114

Эмч хүний ажил их хүнд шүү чуka эмчдээ Ажлын өндөр амжилт хүсие

Avatar

Зочин 2018-03-28 202.9.41.139

Хэцүү нэртэйм бэ?гэхдээ үнэн шүү

Avatar

PUNTSAG 2018-03-28 103.229.120.251

АНХАН ШАТНААС НЬ ЭХЛЭЭД 3 ДАХЬ ШАТЛАЛД АЖИЛЛАСАН МИНИЙ ХҮНДЭТГЭДЭГ ЭМЧ ДЭЭ
АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

зочин 2018-03-28 103.10.22.210

Мэдээгүйжүүлэгч эмчийг ямар ажил хийдэг гэдгийг тодруулах гэсэн танд баярлалаа. Хагалгаа хийлгэнэ гэдэг хүн бүрд өөрт хүнд тусдаг. тийм ч учраас хагалаад л өвчнийг нь авлаа гэж боддог. Гэтэл тэр "хагалдаг" гэдгийн цаан 7 ч биш 70 хүний хөдөлмөр байдаг. Түүний дотор мэдээгүйжүүлэгч эмчийн хариуцлага ямар их байдгийг эндээс цухас ойлгож болохоор болжээ. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд байнга зогсдог эмнэлгийнхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Ард түмэн минь эмнэлгийнхнээ хүндэлж хайрлаж байгаарай.

Avatar

emch 2018-03-28 103.242.46.36

Chuluunbaatar emchdee bayarlaj yavdag shu bayariin mend hurgei

Avatar

Эмч 2018-03-28 103.10.22.210

Хөөе Энхцэцэг эмчийг ингэж бичсэн хүн тоглосон байлгүй дээ. Тэр хүн чинь ажилдаа сайн. архи уух нь байтугай сайн чанар нь дэндсэн, эмэгтэй эмч байдаг юм

Avatar

зочин 2018-03-28 27.123.212.142

2-р эмлэгийн мэдээгүйжүүлгийн эмч Энхцэцэг нь ажил дээрээ архидаад. палат хэсээд заваараад явдаг авгай байдаг ш дээ

Avatar

Зочин 2018-03-28 202.70.43.218

Эмч нар үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг шүү

Avatar

Зочин 2018-03-28 74.96.154.56

Bid emch suvilagch asragch huniig hairlaj yavdag daa

Avatar

Зочин 2018-03-28 202.70.42.158

Ёстой үнэн анeстeзиолгоч эмч гэдэг бол хамгийн их хариуцлагыг үүрэгч юм шүү дээ.мэс засалч гэдэг бол гарын ур ухаан мэдрэмжид тулгужрлах бол мэдээгүйжүүлэгч бол хүний амийг гартаа атгасан бурхан гэж боддог.энэ эмч сайн бол мэс засал амжилттай болдог.харамсалтай нь хүмүүс мэс засалч хийсэн эмчээ л илүү мэддэг

Avatar

Irgen 2018-03-28 122.201.25.130

Emch narin ajlin eyreg talig ni bichij baikh kheregtei, tuunii khajuugaar khariutslagin asuudlig davkhar yarikh, yostoi, minii shishee deer buruu onsh tavij amidralig orongoor ni erguulekh khemjeend khurch baisan, sain emch nar khunii amidralig avragch nar, zarim emch nar undsen emnelgeesee ganda khuviin emnelegt uzleg, emchilgee bicheed nemelt orlogo olj baigaa, bagsh narin khuvid ch mun adil, bugd 500 000 tugrugiin tsalin avdag gej buruu medeelel, EBS-in 1 100 000 tugrugiin tsalintai zakhiral, jild 2 udaa tsalingiin 40 khuviar uramshuulal olgokh tokhioldol bna

Avatar

ganbaa 2018-03-28 103.229.177.50

Narkoznii emch uneheer heregte. Ted nartaa amjilt hyseye

Avatar

Зочин 2018-03-28

Цагаан нөмрөгтэй бурхдадаа болон түүний гэр бүл үр хүүхдүүдэд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Энэ цагийн эгэлгүй баатрууд минь урагшаа

Avatar

иргэн 2018-03-28 122.201.22.162

Яг үнэн энэ эмч нар хот хөдөөд ингэж л ажилладаг. Сумын эмч өвчлөл их үед сар ч гэртээ харьж чаддаггүй дуудлагаар явж эмнэлэгт ирсэн хүнтэйгээ ноцолдсоор хоног өнгөрөөдөг. Энэ дунд үхэл хагацалд сэтгэл өвдөж хямарч, эдгэрэхэд нь баярлаж байдаг. Ийм л хүмүүс байдаг юмдаа.

Avatar

Зочин 2018-03-28 27.123.214.120

Зөв сайхан нийтлэл байна, өвдвөл эмч, асуудалд орвол цагдаа гээд гүйнэ, тэд нарынхаа төлөө дуугарч байгаа нь цөөхөн.

Avatar

ЗОЧИН 2018-03-28 59.153.113.86

АЛЬ Ч ЭМНЭЛЭГТ ОЧИХОД ОЧЕР , НОМЕР АВАХ , ХҮЛЭЭЛТ ГЭЭД АЧААЛАЛ НЬ ДИЙЛДЭХИЙН АРГАГҮЙ ,ЭМНЭЛЭГТ ХЭВТЬЕ -ХЭВТЭХ ОР ХҮЛЭЭЖ НЭГ ХОЁР ХОНОХ НЬ ЭНҮҮХЭНД . ТЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САЯ АЙМАГ ОРОН НУТГААР ЯВААД ЯМАРАРХУУ ГЭДГИЙГ НҮДЭЭР ХАРАА БИЗДЭЭ – ГАМШГИЙН ИРМЭГТ ТУЛААД БАЙНА …ЖАРГАЛАН ЖАРГАЛАН ЭНЭ ЕРТӨНЦИЙН ЖАРГАЛАН ,ЭРҮҮЛ ЯВАХЫН ТҮМЭН ЖАРГАЛАН – ГЭДЭГСЭН … АЛТАН ГАРТАЙ ЭМЧ НАРАА АВАРЪЯ …

Avatar

G 2018-03-28 202.9.43.54

Yun hurdan hewttiin.. solongost hewtey gwl 1-3 sar huleedeg.

Avatar

emch 2018-03-28 124.158.113.3

Emchiin hudulmur hamgiin undur unelgeetei baih.Emch hun yaj stress amidardagiig hen ch medehgui dee
Emch nariig hariutslagatai bolgohiin tuld
tsalin niigmiin halamj undur bailgah
hariutslaga sahilga bat undurjuuleh
medleg chadbariin surgalt ,dabtan surgaltuudiig chanarjuulah
es zui hunleg chanar zergiig anhaarah heregtei dee.

Avatar

зочин 2018-03-28 182.160.2.146

Эмч сувилагч, эмнэлгийн ажилтны ажил хүнд. зөв ойлголт өгөх ярилцлага болж. уул уурхай, шүүгч нартай ойролцоо хөдөлмөрийн хөлсний үнэлгээтэй болохсон доо.

Avatar

Зочин 2018-03-28 202.4.248.67

Үнэхээр мэдээжүүлэгч эмчийн ажил маш чухал хариуцлагатай хүнд ажил. Хүмүүс тэр бүр мэддэггүй. Сайн эмч сувилагч ер нь эмнэлгийн өвчтэнтэй шууд харьцдаг ажилтнуудын цалинг нэмэх хэрэгтэй.

Avatar

Ийм л байгаа юмдаа 2018-03-28 202.72.245.220

АРД ИРГЭД ТА НАРЫН АМИЙГ АВРАГЧ ЭМЧ НАР АРАВ ТАВХАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БАЙТАЛ АЙЛГАЖ СҮР ДҮҮЛЖШО РОНД ИЛГЭЭГЧИД АРАВ ХОРИН САЯААР НЬ АВДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ? ЯАГААД ГЭВЭЛ МАНАЙ ДАРГАНЦАРУУДЫН ХЭН НЬ Ч МОНГОЛД ЭМЧЛҮҮЛДЭГГҮЙ УЧИР МОНГОЛЫН ЭМНЭЛЭГ САЙН БАЙХ ШААРДЛАГАГҮЙ, ХАРИН ТЭД БҮГД ШО РОНД ОРОХ ШААНСТАЙ ТУЛ ӨӨРСНИЙГЭЭ АВРАХЫН ТУЛ ТЭДНИЙ ЦАЛИНГ НЭМЭЭД Л БАЙДАГ ЮМ ДАА, БАГШ ЭМЧ НАР ШААРДЛАГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЦГЭЭ

Avatar

Зочин 2018-03-28 66.181.183.57

Hunii tuluu uhelte temtsed 700.000 tugrugni tsalintai.hunii huuhdiin tuluu zudertlee ajlaad 600.000 tsalin awdag emch bagsh nariin amidral hund murtuu mur tsagaan yum da.getel shuugch.bankni zahirluud niigemd yu buteew……

00

Avatar

Уншигч 2018-03-28 103.9.90.98

Тийм ш дээ, эмчийн ажил хүнд, ялангуяа мэс заслын эмч, сэтгэл зүйн хувьд хэцүү зам туулна, ийм олон цаг ажиллахаар тухайн эмч, сувилагчийн хөдөлмөрийн бүтээмж ямар байх вэ, хэт ядарсан хүн жолоо барихыг хориглож, алдаа гаргавал шийтгүүлдэг биз дээ. Үүнтэй адил эмч нарыг ч гэсэн хэт ядраахгүй байх арга зам, бодлогыг тодорхойлж, ямар нэг арга хэмжээ аваасай. Хүний амь, цус нөжтэй хутгалдаад, амыг нь авраад байхад ядахдаа ар амьдралыг нь санаа зовохооргүй цалин хангамжаар хангах хэрэгтэй, энэ төр барьж байгаа их мэдэлтэнгүүд, Монголын баялгийг өөрсдөө идэж ууж, хулгайлж, нууж, гадныхны идэш болгож байхаар.

Avatar

эмч 2018-03-28 27.123.215.222

баярлалаа эмч нарын минь тухай нэг ч гэсэн ингэж бичиж хүмүүст ойлгуулж эмч нарт урам өгч байгаад баярлалаа бурхнаас илгээсэн буянтан нь эмч, буянтанг гийгүүлсэн илч нь сэтгүүлч та болой баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж