З.Нина Чежү, Пусаны тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

З.Нина Чежү, Пусаны тэмцээнд түрүүлэв

З.Нина Чежү, Пусаны тэмцээнд түрүүлэв

Монголын хэт холын марафон гүйлтийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд эрс сайжирлаа.

С.Өнөрбаяр дасгалжуулагчийн удирдлагад Д.Бадамхатан, Ж.Батцоож, З.Нина, Р.Эрдэнэ-Оргил нарын тамирчид бэлтгэл сургуулилт хийж байна. Хэт холын марафоны тамирчид 50 км-с дээш зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог юм.

2018 он гарсаар тамирчид олон улсын тэмцээнд оролцож өндөр амжилтыг үзүүлээд байна. Залуу тамирчин Д.Бадамхатан Rotary Hong Kong Ultra Marathon 50 km олон улсын тэмцээнд амжилттай оролцож аваргын алтан медалийг 03:49:52. цагийн амжилтыг үзүүлэн хүртсэн. Энэхүү тэмцээнд дэлхийн олон орны тамирчид уралдсанаас Хятад, Кенийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. 

Мөн ахмад тамирчин З.Нина амжилтаа ахиулсаар байна. Тэрбээр гуравдугаар эхээр БНСУ-ын Пусан, Чэжү хотуудад болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, нэгдүгээр байрыг эзэлжээ. Мөн залуу тамирчин Р.Эрдэнэ-Оргил хоёрдугаар байрт орсон байна.

БНСУ-ын Пусан хотод зохиогдсон Далайн эргийн 14 дэх удаагийн 50 км-ын аварга шалгаруулах тэмцээнд З.Нина мастеруудын ангилалд 1-р байр эзэлсэн юм. Мөн тэрбээр энэхүү тэмцээнээс долоон хоногийн дараа Чежү хотод болсон 100 км-ын уралдаанд мөн нэгдүгээр байр, цом хүртсэн.

Монголын хэт холын марафоны тамирчин, энэ жил 59 настай З.Нинатай ярилцлаа. 

-Юуны өмнө таньд олон улсын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэ удаагийн БНСУ-д болсон тэмцээний талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Баярлалаа. 2018 онд бэлтгэл сайн байгаа. Оны анхны олон улсын тэмцээн БНСУ-ын Пусан болон Чежү хотуудад болсон тэмцээнээр эхэллээ. Би 50 км болон 100 км-ын зайд уралдаж, аль алинд нь нэгдүгээр байрт орсон. Мөн надаас гадна залуу тамирчин Р.Эрдэнэ-Оргил оролцож, дэд аварга болсон.

Энэтхэг, Малайз, БНХАУ зэрэг 32 орны баг тамирчид оролцсон. Чежү олон улсын тэмцээн бол их алдартай юм билээ. Миний хувьд энэ тэмцээнд анх удаа оролцсон ч бүх өрсөлдөгчөө ялан тэргүүлсэн байгаа. Энэ тэмцээнээс маш том урам зориг авлаа. Бид С.Өнөрбаяр дасгалжуулагчийн удирдлагад оролцсон. Багийн ахлагчаар холбооны гадаад харилцааны дарга Б.Анухатан ажилласан байгаа.

-Та гадаадын тамирчидтай бэлтгэл хийж байв уу?

-Энэ удаа БНСУ-д болсон тэмцээний өмнө бэлтгэл хийх боломж гарсан. БНСУ-ын хэт холын марафоны тамирчидтай хамтарсан бэлтгэлийг хийсэн.

-Гүйлтийн тамирчдын хувьд өвөл бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг талаар олон тамирчид ярьдаг. Та нар бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?

-Өвлийн цагт бэлтгэл хийх нөхцөл боломж нь бага байдаг ч бэлтгэлийг аль болох таслахгүй байсан. Долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэлтэй байдаг. Бэлтгэлээ гол төлөв Дүнжингарав төвийн дугуйн замд хийдэг. Одоо зуны бэлтгэлд орсон болохоор ачаалал нэмэгдсэн. Энэ жилийн олон улсын эхний тэмцээнд амжилттай оролцсон болохоор цаашид улам их хичээж байна.

-Энэ удаагийн олон улсын тэмцээнд оролцох зардлаа хэрхэн олсон бэ?

-Тэтгэвэрийн хүний хувьд олон улсын тэмцээнд оролцох зардлын асуудал хүнд байдаг. Энэ удаа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон тус дүүргийн хамт олны дэмжлэгтэйгээр яваад ирлээ. Энэ дашрамд надад тусалсан бүгдэд талархаж байна. Мөн байнга дэмжиж тусалдаг Монголын хэт холын марафоны хамт олондоо баярлалаа.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж