Улаан асрын зүүд (94-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (94-р бүлэг)

Улаан асрын зүүд (94-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Ерэн дөрөвдүгээр бүлэг

ХАЙТАН ЦЭЦГИЙН НАЙР ХИЙЖ ЖЯ МҮ ЦЭЦГИЙН ШИДИЙГ БАХАРХАН, ХАШ ЭРДЭНЭ ЮҮГЭЭ АЛДАЖ, БАРУУН ОРДОНД ГАЙ БАРЦАД ЗӨГНӨВ

Өгүүлэх нь: мэдээчин Лай Да Жя Чинийг дагуулж гараад, Лао егийн буцаж ирэхийг хүлээн нэг шөнийг өнгөрөөв. Тэдгээр охид, чавганц, бумба нар хүрээлэнд дахин орж ирсэндээ баярлахын ихээр баярлаж, хүрээн дотуур нэг сайн тойроод, маргааш ордонд орно хэмээн хүснэ. Гэтэл Лай Да хүрээлэн сахигч эмгэд, зарц нарт эдэнд бага сага хоол идүүлээд, хаашаа ч явуулалгүй, харгалзаж бай гэж захижээ. Тэдгээр охид ухаан хөлийг нь олохгүй, арга буюу үүр цайтал сууцгаажээ. Хүрээлэн доторх инж нар, охид, чавганц нарыг ордонд хэрэгтэй хэмээн авчирсныг мэдэж байвч цаад нарийн учрыг нь мэдсэнгүй.

Маргааш өглөө нь Жя Жөнг жасааны ажлаасаа буух гэж байтал дээрээс хоёр мужийн хотын барилгын данс бууж ирээд, тэр даруй байцаан шалгах хэрэгтэй болсон тул харьж чадалгүй Жя Ляньд хүн явуулж “Лай Даг ирсэн хойно чи эрхбиш байцаан тодорхойлоод зохих ёсоор шийтгэсүгэй. Намайг хүлээх хэрэггүй” гэж хэлүүлэв. Жя Лянь энэ тушаалыг сонсоод Жя Чиний өмнөөс баярлаж бас дотроо, хэрэв ямар ч явдалгүй өнгөрөөвөл Жя Жөн сэжиглэж мэдэх тул “Эл дайдаад мэдүүлээд нэг арга олж гүйцэтгэвэл, Лао егийн санаанд тааламжгүй болсон ч миний толгой дээр хэрэг ирэхгүй” гэж бодоод дотогш орж Ван Фүрэньтэй уулзаад: “Өчигдөр Лао е, хаалганд наасан хуудсыг үзэж уурлаад, Жя Чинь, сүмийн чавганц, бумба нарыг байцаан шийтгэхээр цөмийг дуудан авчирсан юмаа. Өнөөдөр Лао е энэ нүүргүй явдлыг асуух завгүй тул намайг дайдаад мэдүүлээд зохих ёсоор гүйцэтгэ гэлээ. Тийнхүү би энэ явдлыг яаж шийтгэх тухай дайдаагаас лавлая гэж ирлээ” гэв. Ван Фүрэнь сонсоод гайхаж:

-Энэ яаж болох вэ, Чинь эл ийнхүү аашилсан бол яалаа гэж манай гэрийн хүн байж болох вэ. Тэр хуудсыг наасан хүн ч үнэхээр жигшүүртэй юм. Ийм үгийг дураар чалчиж болох уу? Чи, Чинь элээс ийм явдал байх эсэхийг асуув уу гэсэнд Жя Лянь:

-Сая асуулаа. Дайдаа бодож үзтүгэй. Тэр энэ явдлыг үйлдсэн ба үгүйг хэлэхгүй. Ийм бузар явдлыг үйлдсэнээр бодсон ч тийм амархан хүлээх үү. Миний бодож байгаагаар Чинь Эл бас арай ч ингэж аашилж чадахгүй ээ. Тэдгээр охидыг хатан, хэзээ нэг цагт дуудахыг мэдэж байх тул хэрэг учир дэгдэхэд хүрвэл ямар болох вэ. Ач миний бодохоор, асуувч бэрх зүйлгүй. Асууж гаргавал одоо яаж шийтгэх вэ дайдаа? гэж асуув. Ван Фүрэнь: “Одоо тэр охид хаана байна вэ” гэсэнд Жя Лянь: “Бүгдийг хүрээлэнд хорьж байгаа” гэв. Ван ФүРэнь: “Охид мэдэж байгаа юү” гэсэнд Жя Лянь: “Тэд ордонд оруулна гэж мэдэхгүй байгаа байхаа. Гадна өөр зүйлийг ярьсангүй” гэв. Ван Фүрэнь:

-Зүйтэй. Тэдгээр амьтадыг энд түр зуур ч байлгаж болохгүй. Анх би тэднийг явуулъя гэхэд та нар байлгана гээд байсан. Одоо тэд чинь уршиг тарьж байна. Чи Лай Дад хэлээд тэдний гэр орныхон, төрлийнхөн байгаа эсэхийг судлуулаад, хуучин гэрээ бичгийг нь олоод, мөнгөөр нэг онгоц хөлслөөд, зохистой хүнээр нутагт нь хүргүүл. Гэрээ бичгийн хамт тэднийг буцааж өгөөд энэ явдлыг зүйл дуусга. Ганц нэг муугаас болж бусдыг нь дарж эгэл хүмүүс болговол арай нүгэл болно. Хэрэв энд албаны дуучинд тушаавал, бид хэдий үнэ өртөг авахгүй боловч тэд аваачаад хүн үхэж унахыг ч хайхрахгүй, мөнгө төгрөгөөр худалдаж хаяна. Чинь Элийг чи нэг сайн донгодоод, мөргөл тахилга, баяр найраас бусад цаг гойдын хэрэггүй бол энд бүү ир гэж хэлэгтүн. Лао ег ууртай үед таарвал тэр үзээгүйгээ үзнэ шүү. Энэ нэг зүйлийн цалин хөлсний зардлыг данснаас хас гэж дансны гэрийхэнд хэлж өг. Бас тэр чавганцын сүмд хүн илгээж. Лао егийн зарлиг, шарилын онгод туян түлш өргөхөөс бусад цагт тус угсааны эрчүүд тэнд очвол хүлээн авч зочилж болохгүй гэж хэлүүл. Хойшид дахин муу муухай ажиг мэдэгдвэл тэр хөгшин чавганцын хамт цөмийг хөөж явуулна гэж хэл гэв.

Жя Лянь түүний хэлэхийг анхааралтай сонсоод Лай Дад хэлснийг нь ёсоор дамжуулав. Жя Лянь:

-Энэ бүхэн дайдаагийн санаа. Чамайг үүнийг гүйцэтгэ гэж байна. Дараа нь надад хэлээрэй. Би дайдаад хариу мэдэгдэнэ. Одоо чи явж хурдан гүйцэтгээд, Лао ег ирсэн хойно мэдүүлнэ… гэсэнд Лай Да:

-Манай дайдаа үнэхээр бурхан сэтгэлтэй хүн. Энэ амьтадыг бас хүн олж хүргүүлнэ гэнээ. Дайдаа ийм ариун сэтгэлтэй байхад нэг сайн хүн олох хэрэгтэй. Тэр Чинь Элийг та өөрөө сургаж хүмүүжүүлээрэй. Тэр хуудас наасан хүнийг эрж олоод сайн залхаана гэж хэлэв. Жя Лянь толгой дохиод тэр даруй Жя Чинийг шийтгэв. Лай Да ч яарч тэр охид, чавганц нарыг гарган авч хэлсэн ёсоор гүйцэтгэхээр явжээ.

Жя Жөн оройхон ирэв. Болсон явдлыг Жя Лянь, Лай Да хоёр түүнд мэдүүлэв. Тэрбээр угийн хойрго хүн тул сонсоод тэр явдалд гар дүрэлгүй орхив. Хоёр ордоноос хорин дөрвөн охиныг суллан гаргана гэхийг ичих нүүргүй амьтад сонсоод юу эс бодох вэ? Чухам аль алин нь гэртээ харьж чадсан үгүйг олж мэдсэнгүй тул дураар таамаглах аргагүй болсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Дай Юйгийн бие улам засрав. Түүний шивэгчин Зы Жюань сүмийн охид чавганц нарыг ордонд дуудаж гэдгийг сонсоод ямар юм болсныг мэдэхээр Жя Мүгийн тэнд очиж сураглав. Юань Ян сул чөлөөтэй таарсан тул сууж жаахан ярилцав. Тэгэхдээ түүнээс чавганц нарын учрыг лавлавал цаадах нь гайхаж “Би сонсоогүй. Харин Эр найнайгаас асуувал мэдэж болно” гэв.

Тэднийг ийн ярьж суутал Фү Шигийн хоёр бүсгүй Жя Мүгийн амрыг эрэхээр ирсэн тул Юань Ян дагаж дотогш оров. Энэ үед Жя Мүөдрийн нойр авч байсан тул мөнөөх хоёр хүүхэн, хэлэх үгээ Юань Янд хэлээд буцав. Зы Жюань: “Хэнийхээс ирсэн хүн бэ” гэж асуусанд цаадах нь: “Юутай яршигтай хүн бэ. Гэр доторх зөгий шиг дүнгэнээд л, төрсөн охиноо эрдэнэ мэт энхрийлж, Лао тайтайгийн дэргэд сайхан төрсөн, сайн сэтгэлтэй, ном мэддэг, үг хэл уран, ханба торго хайчилж чаддаг, судар бичиг дууддаг, халиу булга эсгэж чаддаг, зурхай зурдаг… юу юү гэнэ вэ, олон сайхан үг овоолоод л магтаад байна. Би түүний яриаг сонссоор нэгмөсөн халширчээ. Энэ хэдэн хөгшин үнэхээр яршигтай. Манай Лао тайтай, тэдний үгийг их дуртай сонсоно. Дайдаа ч яахав, Бао Юй хөгшдөд дургүй мөртөө тэр хөгшдөөс жигшихгүй. Энэ сонин шүү. Тэр өдөр ирээд бас л, тэдний охиныг өчнөөн олон айл гуйж байхад, Лао е нь манай мэтийн айлд өгөх санаатай тул ер өгч өгөхгүй байна гэжээ. Нэг баахан магтаал бас баахан долдойлсоор байгаад Лао тайтайгийн зүрхийг оволзуулжээ гэв. Зы Жюань гайхсанаа худлаагаар “Лао тайдай дуртай бол юунд Бао Юйд гуйж өгөхгүй байна вэ” гэж асуув. Цаадах нь учир шалтгааныг гарган хэлэх гэтэл “Лао тайдай сэрсэн” гэж дуудсан тул сандран явсан учир Зы Жюань буцахаас аргагүй болж явав. Хүрээлэнгээдээ явж байхдаа дотроо: “Энэ дэлхий дээр Бао Юйгээс өөр хүн байдаггүй юм болов уу. Энэ нь хүстэл тэр нь дурлаад… Манай гэрийн тэр нэн их шунажээ. Түүний байдлаас үзвэл, лавтай Бао Юйд лавтай дурлажээ. Ахин дахин өвдөж хавдаад байсан нь үүний учир биш өөр юуных байхав. Энэ гэрт “Алт” гэтэл “Мөнгө” гэж зууран хутгаад зүг гарахгүй байтал одоо дээр нь Фү охин орж ирвэл бүр ч амаргүй болно доо. Бао Юйгийн сэтгэл ч манай тэр хүнээр байгаа бололтой. Юань Янгийн ярихыг сонсвол, улааныг үзэн урваж, шарыг үзвэл шарвадаг хүний төлөвтэй. Тийм бол манай авхайн санасан сэтгэл хайран бишүү” хэмээн бодов.

Тэгээд Дай Юйгийн тухай бодсоор, сүүлдээ арга алдарч тэсгэлгүй сэтгэл төөрөгдөв. Түүнийг сэтгэлээ битгий зовоо гэж ятгахаар гуньж гутрахаас нь зовно. Бас хайхралгүй орхивол хөөрхий болно. Энэ мэтээр эргүүлэн тойруулан бодсоор, гэнэт уйтгарлан биеэ зэмлэж хий нулимаад “Чи хүний өмнөөс зовох юу юм бэ. Линь авхайг үнэхээр Бао Юйтэй холбосон ч, түүний зан тун хэцүү. Бао Юй хэдий зан сайтай гэх боловч ханашгүй ховдог сэтгэлтэй, хүнийг битгий дэмий сэтгэл зов гэж ятгахыг нь санаад өөрөө харин дэмий сэтгэл зовжээ. Үүнээс хойш би авхайг сэтгэлээ гүйцтэл асарвал л боллоо. Өөр явдал нь над огт хамаагүй” гэж бодтол дотор нь баахан уужрав. Шяо Шян Гуаньд ирвэл, Дай Юй ганцаараа ханзан дээр урьдын зохиосон шүлэг дууллын эхээ засаж байв. Тэрбээр Зы Жюаний орж ирэхийг хараад: “Чи хаачив” гэж асуув. Цаадах нь түүгээр явж эгч дүүстэй уулзлаа гэж хэлэв. Дай Юй: “Ши Рэнь эгчийнд очив уу” гэсэнд Зы Жюань: “Би түүнийг эрж юү хийнэ” гэв. Дай Юй дотроо: “Энэ үгийг яагаад амны аяар хэлэв” гэж бодтол харин эвгүй санагдаад, түй гэснээ “Чи эрнэ үү, байна уу над ямар хамаатай билээ. Цай авчир” гэв. Зы Жюань дотроо сэмхэн инээд нь хүрээд цай аягалж ирэв. Гадаа хүрээлэнд хүмүүс үймэлдсэнд Зы Жюань цай аяглах зуураа хүн явуулж асуулгав. Явсан хүн буцаж ирээд

-Эй Хүэн Юаний хайтан цэцгийн хэд нь гэмтээд байтал очиж усалсан хүнгүй гэнэ. Өчигдөр Бао Юй очиж үзэхэд намаан дээр нь хэдэн товч суусан мэт харагджээ. Хүмүүс сонсоод итгэсэнгүй. Өнөөдөр гэнэт үзвэл, сайхан хайтан цэцэг дэлгэрсэн тул бүгдээр гайхаад гүйлдэн очиж үзэцгээжээ. Лао тайтай, дайдаа нар ч ирээд цэцэг үзэж байна. Тиймийн тулд да найнай хүрээлэн доторх модны навчийг цэвэрлүүлэн, тэд тэнд хүн дуудаж байна гэж ярив.

Түүнийг сонсоод Дай Юй, Лао тайтай ирэх нь гэж бодоод хувцсаа солиод, Шюэ Яньд “Лао тайтайг ирмэгц надад хэлээрэй” гэв. Цаадах нь явж хүрээлэнд очсоноо гүйж ирээд: “Лао тайтай их дайдаа нар баахан улсын хамт иржээ. Авхай одоо очно уу” гэсэнд Дай Юй толинд нүүрээ харуут, гэзэг үсээ засаад Зы Жюанийг сугадан хүрээлэнд очвол Жя Мү, Бао Юйгийн хэвтдэг орон дээр сууж байв. Дай Юй: “Лао тайтайгийн амрыг айлтгая” гээд хойш ухарч Шин Фүрэнь Ван Фүрэнь хоёртой мэндлээд, цаашлан Ли Вань, Тань Чүнь, Ши Чүнь, Ши Шюэ Янь нартай мэндлэв. Өвчтэй учир Фөн Же л ирээгүй байв. Ши Шиү Яний авга нийслэлд алба шилжиж ирсэн тул гэрээс нь хүн ирж авчирчээ. Шюэ Бао Чинь эгчтэйгээ хоёул гэртээ харьсан ажээ. Бас Ли овогт эгч дүү хоёрыг энэ хүрээлэнд яршиг ярвиг их удсан тул авга бэргэн нь авч гадуур суужээ. Тийм болохоор Дай Юй өнөөдөр цөөхөн хүнтэй уулзав.

Хүмүүс хоорондоо инээлдэн ярилцаж байснаа нэг цэцгийн этгээд сонин дэлгэрснийг шүүмжлэв. Жя Мү:

-Энэ цэцэг гурван сард дэлгэрдэг бөлгөө. Одоо хэдий арван нэгэн сар боловч цагийн угтамж орой тул мөн арван сараар бодож болно. Өвлийн тэргүүн сард тэнгэр дулаан болбол цэцэг дэлгэрэх нь мөн байна гэсэнд Ван Фүрэнь:

-Лао тайтайгийн үзсэн, мэдсэн арвин. Үнэхээр тийм шүү. Хачин сонин зүйл ер биш гэв. Шин Фүрэнь:

-Энэ цэцэг нэг жил гэмтээд, одоо бас яахин цагаасаа өмнө дэлгэрэх нь энэ вэ? Лав нэг учир бий байх… гэсэнд Ли Вань инээж:

-Лао тайтай болон бусад дайдаа нарын хэлж байгаа цөм зөв. Миний мунхаг бодлоор бол Бао Юйд эрхэтгүй нэг баяр тохиолдоно. Энэ цэцэг баярыг мэдээлэн дэлгэрсэн байхаа гэв. Тань Чүнь юм яриагүй боловч дотроо: “Баярын совин ч биш байхаа. Ихэвчлэн таавал мандаж, сөргөөвөл мөхнө. Өвс мод учралыг мэдэх тул цаг бусаар дэлгэрэх нь ёр нүгэл” гэж бодсон боловч хэлж чадсангүй. Харин Дай Юй баярын совин гэхийг сонсоод дотроо баярлаж:

-Тэр Тиян овогтны гэрт байсан нэг туйван мод, ах дүү гурав өмчөө хуваасанд хувхайран хатжээ. Нөгөөх гурав сэтгэл уярч дахин нийлж амьдарсанд мөнөөх туйван дахиад ургажээ. Үүнээс үзвэл, мод ч хүнийг дагана. Одоо хоёрдугаар ах бичиг эрдмийг сурч, нагац ч баярлаж байгаа тул энэ мод даруй бадарсан байхаа… гэсэнд Жя Мү, Ван Фүрэнь хоёр баярлаж: “Линь авхай тун зүйтэй жишээ авлаа. Үнэхээр болно” гэв.

Ийн ярилцаж байтал Жя Шө, Жя Жөн, Жя Хуань, Жя Лань бүгдээр ирж цэцэг үзэв. Жя Шө “Би бол үүнийг цавчиж хаяна. Лавтай цэцгийн шулмас ёрлож байна” гэсэнд Жя Жөн: “Ерыг ёрлохгүй бол ёр аяндаа үгүй болно.Цавчих хэрэггүй. Аяар нь байлга” гэв. Жя Мү: “Хэн энд дэмий чалчиж байна? Хүнд сайны зүг, баярын совин мэдэгдэж байхад бас юуны ёр, нүгэл гэнэ вэ. Сайн буян дэлгэрвэл та нар эдэлтүгэй. Нүглийн үр боловсорвол би ганцаараа хүлээе. Дэмий ярих хэрэггүй” гэсэнд Жя Жөн дуугарч чадсангүй. Жя Шө нарыг дагаад эвгүйрхэн гарч явав.

Жя Мү баярлаад гал тогооны гэрт архины ширээ засуулав. Тэгээд Бао Юй, Хуань Эл, Лань Эл нар тус тус бүрдээ шүлэг зохион бэлгэдтүгэй. Линь авхайн өвчин эдгэсэн тул сэтгэлээ зүдээх хэрэггүй. Дуртай бол та нарт засаж туслаг гэснээ, Ли Ваньд: “Та нар надтай цуг архи ууцгаа” гэв. Тэгээд Тань Чүнийг хараад: “Цөм чиний уршиг” гэсэнд цаадах нь: “Биднээр шүлэг бичүүлэхгүй байтлаа яагаад бидний уршиг гэж байгаа юм бэ” гэсэнд Ли Вань “Хайтангийн цуглааныг чи сэдсэн биш үү. Одоо тэр хайтан ч ирж цуглаанд нэмэрлэх болжээ” гэв. Төдөлгүй ширээ засаж архи зууш тавив. Цөм л Лао тайтайг баярлуулах бэлгэтэй сайхан үг эрж ярилцана. Бао Юй босож, дөрвөн мөр шүлэг зохиосноо Жя Мү-д уншиж өгөв.

Өнгөт хайтан чи гэнэт яагаад хорчийв?

Өнөөдөр бас яагаад дахин бадарч дэлгэрэв?

Өндөр настны өлзий хутаг батажсанаар

Өвлийн туйлд тэргүүлэгч цэцгээс урьтаж дэлгэрэв үү?

Дараа нь Жя Хуань босов. Тэр шүлгээ уншив.

Өвс мод хавар цагт хөврөн нахиалдаг атал

Өнөөдөр хайтан эрин цагаас баахан зөржээ

Энэ ертөнцөд сонин явдал үнэхээр олон гарна

Өвлийн цагт цэцэг дэлгэрүүлдэг нь ганц манайх.

Жя Лань хичээнгүйлэн сийрүүлээд, эвтэйхэн бариад их ахайтанд өргөн дэвшүүлэв. Жя Мү: “Унш унш” гэв.

Хамаг бодис амилан бадрах хаврын цагт хярвайгаад

Хяруу шүүдрийн чийгээр чи цасны дараа дэлгэрэв

Хайтан цэцгийг хөдөх хэмээн битгий дэмий өгүүл

Хамт олноор хуран цэнгэлдэх найрын чимэг болой.

Дээрх шүлгүүдийг сонсоод Жя Мү: “Би шүлэг төдий л мэдэхгүй. Сонсож байвал, Лань Элийн шүлэг сайн. Хунь элийн шүлэг муу болжээ. Одоо бүгдээр хоолоо идэцгээ” гэв. Бао Юй их ахайтны баяртай байхыг хараад дотроо жигтэйхэн баярлаж: “Чин Вэнийг үгүй болсон тэр жил хайтан хатсан. Өнөөдөр хайтан дахин дэлгэрсэн тул манай хүрээлэнгийн хүмүүст цөм сайн болно. Гэвч цэцэг үхсэн ч Чин Вэнь дахин босож чадахгүй” хэмээн бодсон тэр агшинд баяр нь гуниг болж хувирав. Тэгснээ, тэр өдөр Фөн Же, Ү Эрийг И Хун Юаньд өгнө гэснийг Чяо Жэгээс сонссоноо санаад дотроо: “Энэ цэцэг эсвэл түүнийг бэлгэдсэн ч байж мэднэ” хэмээн бодонгуут гуниг нь арилаад бусадтайгаа инээлдэн наадав. Жя Мү баахан сууснаа гэр рүүгээ явсанд Ван Фүрэнь даган явав. Тэгтэл Пин Эр инээсээр хүрч ирээд: “Манай найнай, Лао тайтайг энд цэцэг сонирхож байхыг мэдээд, өөрөө ирж чадахгүй учир дайдаа нарыг асруулахаар боол намайг явууллаа. Бас энэ хоёр толгой улаан торгоор цэцгээ ороотугай гэж Бао Элд бэлэглэлээ” гэв. Ши Рэнь ирж түүнийг тосон аваад Жя Мүд үзүүлэв. Жя Мү инээж: “Энэ Фэн охин, алив явдлыг үнэхээр сайхан үйлдэнэ. Бас сонин сэвүүн дээрээ эв хавтай” гэв. Ши Рэнь, Пин Эрийг харж инээгээд: “Хариад Бао Эрийн өмнөөс Эл найнайд талархтугай. Баяр болбол бүгдээр баярлатугай” гэсэнд Жя Мү сонсоод инээж: “Хэ би бас мартжээ. Фэн охин хэдий өвчтэй байвч хаашдаа л тэр бодож олоод сайхан бэлэг илгээжээ” гээд цааш явав. Пин Эр, Ши Рэньд сэм “Найнай энэ цэцгийн дэлгэрсэн нь жигтэй. Чи улаан торго хайчлаад өлгөвөл баяр баясгалангийн зөн совин болно гэдэг юм. Хойшид битгий сонин хачин гэж хэлэлцэгтүн” гэсэнд цаадах нь толгой дохин зөвшөөрөөд Пин Эрийг үдэж явуулав.

***

Тэр өдөр Бао Юй гэртээ хажуу оноотой зувцаа нөмрөн амран байтал цэцэг дэлгэснийг үзээд гарч үзээд, бахархан дурлаж, санаа алдан шагшран гайхаж, хамаг л уйтгар гуниг, уцаар бухимдлаа энэ цэцэгт төвлөрүүлжээ. Жя Мүг ирнэ гэж сонсоод суман ханцуйтай үнэгэн хөөмий зувцаа сольж өмсөн, гадуураа хар үнэгэн дотортой хүрэм давхарлаад гарч эмээгээ угтжээ. Санд мэнд хувцсаа сольсон тул “Билиг төгс эрдэнийн хашаа” зүүхээ мартжээ. Жя Мүг явуулаад дээлээ сольтол Ши Рэнь хараад: “Чи хашаан яасан бэ” гэж асуусанд Бао Юй: “Сая би дээл солих гэж яараад, ханзны ширээн дээр тавиад зүүхээ мартсан байна” гэв. Ши Рэнь очиж үзвэл, хэлсэн газар нь үгүй учир энүүгээр тэнүүгээр эрээд олсонгүй. Айхдаа, хамаг биеийн нь хүйтэн хөлс асгарчээ. Бао Юй: “Битгий сандар. Гэрт байсан юм хаачих вэ. Тэднээс асуу” гэв. Ши Рэнь энэ Шө Юэ энэ тэр тоглоод нуусан юм болов уу гэж бодоод: “Муусайн өлөгчингүүдээ, тогловол учиртай тоглоно шүү. Тэр юмыг хаана нуусан бэ? Үнэхээр алга болсон бол бид цөмөөрөө амьд явахыг санах хэрэггүй болно” гэсэнд Шө Юэ нар төв царайлж: “Энэ юү гэсэн үг вэ. Энэ бол хүүхдийн тоглоом биш, чи битгий чалч. Ухаан чинь ширгэжээ. Хаана тавьснаа сайн бодохгүйгээр, хүн гүжирдэх хэрэггүй шүү” гэв. Ши Рэнь тоглосон янзгүйг хараад ихэд бахардан “Эзэн дээд тэнгэр минь! Өвөг эцэг минь! Чи чухам хаана тавьчих вэ?” гэсэнд Бао Юй: “Тэр ханзны ширээн дээр тавьсан. Та нар сайн эрцгээ” гэв. Хүнд мэдэгдэхээс айгаад цөмөөр эрцгээв. Эрж, эрж сүүдэр ч олж харсангүй тул авдар хоргоо хүртэл уудалж, сүүлдээ онгичих савгүй болж мухардахдаа, саяын орж ирсэн хүмүүсийн нэг нь л авч гэж сэжиглэв. Ши Рэнь:

-Орж ирсэн хүмүүсийн хэн нь тэр хашийг амь гол лугаа адил гэгчийг мэдэхгүй вэ? Хэн аймшиггүй түүнийг шүүрч чадах вэ? Юу ч болсон та нар цуу чимээ гаргалгүйгээр явж сураглагтун. Эгч дүү нар олоод бидэнтэй тоглож байвал нэг мөргөөд олж ирэгтүн. Бяцхан инж нар хулгайлсныг олж мэдвэл, дээш мэдүүлэлгүй, юухан хээхэн өгөөд сольж авсан ч болно. Энэ бол бага явдал биш шүү! Үүнийг үнэн гэвэл, Бао Эр Ег гээснээс бас хэцүү болно гэв. Шө Юэ, Чю Вэнь хоёрыг гармагц Ши Рэнь хойноос нь гарав. Тэгээд “Сая энд ирж хоол идэгсдээс асуух хэрэггүй. Эрж олохгүй мөртөө хэрүүл дэгдээвэл бүр муухай юм болно” гэж тэдэнд захив. Цаадуул нь зүг зүгт явж сураглав. Хүн бүр цочин гайхаж, мэдэхгүй гэцгээнэ. Тэд юу ч ололгүй буцаж ирэв. Бао Юй айн гөлрөөд, Ши Рэнь сандрахдаа уйлахаас өөр юм мэдэхээ болив. Сүүлдээ хайх ч газар олдохоо болив. Мэдүүлж ч чадахгүй болов. Эй Хүэн Юаний хүмүүс цөм баримал шуумал мэт айн гөлөрчээ.

Эднийг ийнхүү айн сандарч байтал сураг сонссон хүмүүс хүрч ирэв. Тань Чүнь хүрээлэнгийн үүдийг хаалгаад, урьдаар хоёр эмгэнийг хоёр бяцхан охины хамт явуулж эрүүлэв. Хүмүүст: “Олсон хүнд их шан хүртээнэ” гэж зарлав. Бүгд л нэгд хэргээс мултрах, хоёрт их шан авах гэж үхтлээ эрээд, жорлонгийн нүх хүртэл ухаж үзлээ. Тэр цэцгийн зүү мэт жаахан хашийг яаж олох вэ. Бүгдээр нэг өдөр дэмий л үймэлдэв. Ли Вань сандарч: “Энэ явдал тоглоом биш шүү. Би нэг дэмий үг хэлье” гээд хэрэг нэгэнт энэ хэмжээнд хүрсэн тул болгоож тунгаах цаггүй болжээ. Энэ хүрээлэнд Бао Юйгээс бусад нь цөм эмэгтэй хүн байна. Эгч дүү нар, авхайнууд дагуулж ирсэн инж нарын хувцсыг тайлуулаад нэгж. Тэгээд олохгүй бол инж нараар эмгэд, хар бор ажлын инж нарыг нэгжүүл. Болох уу гэсэнд цаадуул нь: “Энэ болох л зүйл. Одоо амьтан хүн олон. Сайн муу хутгалдсан тул ингэвэл үнэн цагаандаа гарах байхаа” гэцгээв. Харин Тань Чүнь дуугарсангүй. Тэдгээр шивэгчид ч нэр цэвэр болохыг бодно. Хамгийн түрүүнд Пин Эр: “Надаас эхлээд нэгжицгээ” гэж уриалсанд хүн бүр энгэр товчоо тайлав. Ли Вань хэлснээрээ дэс дараалан нэгжиж үзэв. Тань Чүнь гэнэт Ли Ваньд ундууцаж: “Их бэргээн чи үл бүтэх юм үйлдэж байна. Тэр хулгайч авсан юмаа биедээ аваад явж байх юм уу? Тэр эд чинь гэртээ эрдэнэ боловч гадны мэдэхгүй хүнд бол хэрэггүй л юм шүү дээ. Тийм юмыг яалаа гэж хулгайлж авах юм бэ? Харин мэдэх хүн, хорлох гэж л авсан даа” гэв.

Тэднийг ийнхүү ярилцаж байхад Хуань Эр л ирээгүй байв. Түүнийг өчигдөр энүүгээр тэнүүгээр хэсэж байхыг харсан хүн сэжиглэсэн боловч хэн ч дуугарсангүй. Тэгтэл Тань Чүнь: “Хүн хэрэв хорлох гэж авсан бол Хуань Эр л авах байх. Та нар түүнийг сэмхэн дуудуулж авчраад далд газар аргадаж, хэрэв тэр авсан байвал, гадагш тарааж болохгүй гэж айлгаж болох юм” гэсэнд цаадуул нь толгой дохицгоов. Ли Вань Пин Эрийг хараад: “Энэ учирт чи л явбал тодорхойлж чадна” гэсэнд цаадах нь: “За” гээд гарав. Төдөлгүй Хуань Элийн хамт хүрч ирсэнд бүгдээрээ зүгээр л байгаа мэт оволж, цай аягалаад дотор өрөөнд тавив. Бүгдээрээ эвгүйрхсэн мэт зориуд гарч яваад Пин Эрээр түүнийг аргадуулав. Пин Эр Жя Хуанийг харж инээгээд: “Хоёрдугаар авга чинь хашаан гээчихжээ. Чи үзээгүй биз” гэж асуусанд, цаадах нь уурлаж царай нь зэвхийн нүд нь бүлтийгээд: “Хүн юмаа алдсаны төлөө чи юунд надаас асууж байгаа юм бэ. Би юм хулгайлдаг хулгайч юм уу” гэж асуув. Пин Эр дахин юм асууж чадалгүй царайчлан инээмсэглэж: “Тэгсэн юм биш ээ. Сань Е тэднийг айлгая гэж авч нуусан байх вэ гэж зүгээр асуусан юм. Үгүй бол тэднээр эрүүлнэ” гэсэнд Жя Хуань: “Түүний хаш биед нь байдаг. Олж үзсэн үү, үгүй юү гэдгийг түүнээс асууж болно. Харин яагаад надаас асууж байгаа юм бэ? Та нар цөмөөр түүнийг өргөж магтдаг. Юм олбол надаас асуудаггүй мөртөө юм алга болбол надаас асуудаг нь ямар учиртай вэ” гэж хэлээд гараад явав. Хэн ч хориглож чадсангүй. Харин Бао Юй их сандарч: “Цөм л тэр муу эдийн уршиг. Би түүнийг олсон ч авахгүй. Та нар ч үймэх хэрэггүй. Хуань Эр гараад хүрээ дүүртэл хашгирч хэрэг тарихгүй юү” гэсэнд Ши Рэнь сандарч: “Өвөг эцэг минь, тэр хашийг гээх ч бас гайгүй. Дээр мэдвэл, бидний толгой хүзүүн дээрээ тогтож чадах уу” гэсээр цурхиран уйлав. Цөм л сандарч, энэ явдлыг нууж чадахгүй болсон тул арга буюу Жя Мү нарт мэдүүлэхээр зөвлөн тогтов. Бао Юй: “Та нар зөвлөлдөх хэрэггүй. Намайг хэмхлээд хаячихсан гэж хэл” гэсэнд Пин Эр: “Өвөг эцэг минь, Чи яасан амархан айлдана вэ! Ямар учраас хэмхчив гэвэл тэд мөн үхэхээс зайлж чадахгүй. Хэмхрэхийг нь аваад ир гэвэл яах юм бэ” гэсэнд Бао Юй: “Тэгвэл намайг гадуур явж байгаад гээжээ гэхгүй юү” гэв. Зарим хүнд: “Энэ ч бас аргалж болох л үг мэт санагдавч саяын хоёр өдөр сургуульдаа очоогүй. Өөр газраар ч яваагүй болохоор бас ч итгэлтэй биш” гэж бодогдоод түүнээ нуусангүй. Тэгтэл Бао Юй уржигдар Линь Ань настаны ордонд очиж ший үзсэн. Тэр өдөр гээжээ гэж болно гэсэнд Тань Чүнь: “Наадах чинь болохгүй. Тэр өдөр гээсэн бол тэр дор нь хэлэхгүй яасан юм бэ гэнэ” гэв.

Бүгдээр энэхэн тэрхнийг эргэцүүлэн бодож, эвлүүлэн хуурах арга юү байна хэмээн зөвлөлдөж байтал Зао бага эхнэр уйлан хашгирсаар орж ирээд:

-Та нар юмаа хаяад өөрсдөө эрэхгүй, яагаад Хуань Элийг далд газар байцааж өчиг авав. Одоо энэ шилэнд авирсан шилбэний бөөс Хуань Элийг та нарт нэгмөсөн тушаая. Ална уу, шулна уу та нар өөрсдөө мэдэцгээ… гэсээр хүүгээ түлхээд: “Хар хулгайч чи, хурдан өчгөө өг” гэсэнд Хуань Эр урхиран цурхирав. Ли Вань хориглохыг завдтал инж ирж: “Дайдаа ирлээ” гэсэнд Ши Рэнь нар орох газраа олохгүй сандрав. Бао Юй л санд мэнд гарч угтав. Жао бага эхнэр ч юм хэлэлгүй гарав. Тэд цөм айж хэлмэгдсэн байдалтай тул Ван Фүрэнь: “Тэр хашийг үнэхээр хаясан юм уу” гэж асуув. Бүгдээр дуугарч чадахгүй байв. Ван Фүрэнь дотогш орж суугаад Ши Рэнийг дуудав. Цаадах нь санд мэнд айн сөгдөж нулимс мэлтэлзүүлэн айлтгах гэв. Ван Фүрэнь:

-Чи бос! Хурдхан нарийн сайн эрүүл. Төвөгтөн балгардвал бүтэхгүй шүү гэсэнд Ши Рэнь дуугарч чадахгүй багтран хахна. Ши Рэнийг шууд үнэнээр хэлүүзэй гээд Бао Юй:

-Дайдаа, энэ явдал Ши Рэньд огт хамаагүй юм шүү. Тэр өдөр би Линь Ань настны ордонд ший үзэхээр явах замдаа гээжээ гэсэнд Ван Фүрэнь:

-Тэр өдөр нь яагаад эрүүлээгүй юм бэ? гэсэнд Бао Юй:

-Би тэднийг олж мэдүүзэй гээд хэлээгүй юм. Би Бэй Мин нараар гадуур эрүүлсэн л дээ гэв. Ван Фүрэнь:

-Битгий худлаа хэл! Тэр үед Ши Рэнь тэнд дээл хувцсыг чинь сольж байх бишүү. Агь нарыг гаднаас ирэхэд, алчуур хавтага дутавч ихэвчлэн асууж лавладаг байтал тэр хаш алга болсон байхад асуухгүй байж болох уу? гэв. Бао Юй хэлэх үгээ олохгүй байсанд Зао бага эхнэр сонсуут бах нь ханаж

-Эд нар чинь гадаа юмаа гээчихээд Хуань Элийг гүжирдэж байгаа шүү… гэтэл Ван Фүрэнь:

-Чи бас энд тэр хэрэггүй үгийг хэлж яана вэ гэж зандарсанд бага эхнэр айгаад дахиж ам ангайсангүй. Ли Вань, Тань Чүнь хоёр Ван Фүрэньд үнэнээр нь ярив. Ван Фүрэнь сандрахдаа нулимс унаган нэгмөсөн Жя Мүд мэдүүлээд Шин Фүрэний тэндээс ирсэн улсаас асуухаар явав. Өвчтэй байсан Фөн Же, Бао Юйг хашаа гээснийг сонсож бас Ван Фүрэнь очсоныг мэдээд зайлж чадахгүй болсон тул Пин Эрийг түшсээр хүрээлэнд хүрч очив. Ван Фүрэнийг босоод гарах гэж байхад Фөн Же бишүүрхэн ширвээдсэн байдалтай: “Дайдаагийн амрыг эрье” гэсэнд Бао Юй нар очиж мэндлэв. Ван Фүрэнь:

-Чи бас сонсов уу? Энэ харин сонин учир боллоо. Түр зуур нүд ирмэх хооронд үгүй болоод олдохгүй болжээ. Лао тайтайгийн дэргэдэх инж нараас эхлээд чиний тэр Пин Эрийг хүртэл хэн нь хуруу хумстай вэ. Хэн нь хар сэтгэлтэй вэ, чи сайн бодож үз. Чи очиж Лао тайтайд мэдүүлээд, сайтар шалгавал сайн байна. Үгүй бол Бао Юйгийн улаан голыг тасалсан явдал болох нээ гэв. Фөн Же:

-Манайх үнэхээр олон хүнтэй юм. Эртний үгэнд “Зүсийг нь танивч зүрхийг нь танихгүй” гэдэгчлэн хэн алины сайн мууг хэрхэн ялгаж чадах вэ дээ. Цөмөөр нэгэн зэрэг хөдөлбөл олж мэднэ. Хаш хулгайлсан хүн дайдаад байцаагдвал үхсэн хойноо ч ясаа тавих газаргүй болно гэдгийг сайн мэдэх тул сандрахдаа эвдэж хаяад гэрчээ баллавал тэрнийг яах юм бэ. Миний мунхаг бодлоор бол Бао Юй тэр хашид дургүй тул хаяж үгүй хийжээ. Тийм ч чухал зүйл биш гэсэн үг гаргаад Лао тайтай, Лао е нарт мэдүүлэлгүй нууж байгаад гадуур сэм шалгаж, элдэвлэж байгаад олбол тэр цагт хашаан ч олоод ялнаас ч мултарч чадна. Дайдаагийн санаанд ямар байна вэ гэж асуув. Ван Фүрэнь хэсэг зуур бодоод:

-Чиний энэ үг зүйтэй боловч Лао егаас яаж нуух юм бэ? гээд Хуань Элийг дуудаж, хоёрдугаар ах чинь хашаа гээгээд чамаас зүгээр асууж байхад чи тэгж бархирах хэрэг юү байна вэ? Бархирсаар улсад мэдэгдээд, авсан хүн түүнийг хэмхэлж хаявал, амьтай явахыг чинь үзнэ шүү… гэсэнд Жя Хунаь айгаад: “Би дахиж бархирахгүй” гээд уйлав. Зао бага эхнэр сонсоод яаж дуугарч чадах вэ. Ван Фүрэнь олонд хандаж

 

-Бас эрж үзээгүй газар байна. Гэртээ сав сайхан байсан эд гэнэт жигүүр ургах уу? Цуу чимээ гаргаж болохгүй! Ши Рэнь гурван өдрийн дотор олж авчрагтун! Гурван өдрийн дотор олохгүй бол одоо дахин нууж чадахгүй болно… гэж хэлээд Фөн Жег дагуулан Шин Фүрэнийд очиж, хулгайчийг яаж барихыг зөвлөхөөр явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Энд Ли Вань нар үймэлдэн ярилцаж, хүрээлэнгийн шивэгчдийг дуудуулж, хүрээний үүдийг оньслуулаад Линь Хэшиюагийн эхнэрийг дуудуулж, түүнд баахан үг сэм захив.

-Ар, өврийн хаалганы хүмүүст хэлж өг. Дотроос юм алдсан тул гурван өдрийн дотор эр эм, албат доорд ялгалгүй, цөмийг гадагш гаргаж болохгүй. Алдсан юмаа олсон хойноо л гаргана гэсэнд эхнэр: “Мэдлээ” гэж хүлээн аваад: “Тэр өдөр боол миний гэр нэг чухал юмаа алдсанд Линь Хэшиюа явж нэг хүнээр төлгө буулгуулжээ. Тэр мэргэн Лю гэгч төлгөч үнэхээр зөв заажээ. Ирээд хэлснээр нь яваад юмаа олсон шүү” гэж ярив. Ши Рэнь сонсоод тэр эхнэрт: “Линь найнай минь ээ, яваад Линь да е-г гуйгаад түргэхэн шиг төлгөдүүлээд өгөөч” гэж гуйв. Мөнөөх эхнэр ч “За” гэж хүлээн авав. Шин Шюянь: “Тэр гаднын төлөгчин бэлгэчин тусгүй. Би өмнө байхдаа Мяо Юйг сахиус урьдаг гэж сонссон тул түүнийг гуйж бодуулбал болохгүй юү. Бас тэр хаш бол хувилгаан шидтэй гэж сонссон тул лав олдоно” гэсэнд бүгдээр гайхаж “Бид үргэлж уулзаж байтлаа, түүний ярихыг ер сонсоогүй” гэв. Шө Юэ санд мэнд Шин Шюянь игаас: “Өөр хүн түүнийг гуйгаад тусгүй. Сайн охин минь, би чамд мөргөсүгэй. Охин очиж гуйх болов уу. Олж чадвал би энэ насандаа охины ачийг мартахгүй” гэсээр мөргөх гэсэнд цаадах нь хориглон зогсоов. Дай Юй нар ч Шю Янийг Лун Цүй сүмд оч гэж шаардав.

Линь Жыишяогийн эхнэр орж ирээд: “Охидоо бөөн баяр! Линь Жышяо төлгөдүүлж ирээд: “Тэр хаш хаягдаагүй. Хожим хүн авчирч өгнө гэв” гэжээ. Бүгдээр сонсоод бас баахан итгэж ядав. Ши Рэнь, Шө Юэ хоёр л баярлахын ихээр баярлав. Тань Чүнь: “Төлөгчин яаж шинжсэн бэ” гэж асуусанд Линь Жышяогийн эхнэр: “Түүний хэлсэн олон үгийг боол би тогтоож чадаагүй ээ. Тэр хүн шоогоо хаяад л, юм асуусан ч үгүй “Юм хаяа юү” гэж асуусан гэнээ” гэв. Ли Вань “Болж байна хөөе” гэсэнд мөнөөх эхнэр “Тэр мэргэн Лиү гэгч шоогоо шившиж, шившиж орхисноо, дөрөв, тав, зургаа нийлээд арван тав буужээ. Тэрбээр авч үзээд “Арван тав буусан тул аманд багтах тана сувд буюу” гэжээ гэсэнд бүгдээр “За мөн мэргэн айлджээ” гэж магтацгаав. Линь эхнэр “Тэр төлөгчин шоогоо дахин авч шившээд орхисонд гурван зургаа буужээ. Төлгөч “Гурван зургаа арван найм буусан тул ар өврийн наймаачнаар явж эрвэл баттай сураг олно” гэсэн гэнэ гэв. Бүгдээр “За тийм бол ойр орчмоосоо эрье. Хавь орчмын хэдэн барьцаалан зээлдэх пүүсээр явбал олж мэднэ. Юмаа олж авбал лавшруулахад хялбар болно. Линь бэргэн та түргэн явж төлгөчний үгийг Эл найнайд хэлээд, цааш нь дайдаад хэлүүлж санааг нь амраа! Тэгээд Эл найнайг хурдхан хүн явуулж эрүүл гэж хэлэгтүн” гэсэнд мөнөөх эхнэр “За” гээд яаран гарав.

Тэд бүгдээр санаа амарч таг дуугүй Шю Янийг хүлээн сууцгаав. Ийн сууж байтал Бао Юйгийн бараа бологч Бэй Мин үүдэн дээр бяцхан инжийг хурдан ир гэж даллав. Охин гүйсээр очвол цаадах нь: “Чи хурдан яваад манай Эр Е болон дайдаа, найнай, авхай нарт ингэж хэл, цаглашгүй их баяр боллоо шүү…” гэсэнд, Тэр охин: “Ямар яршигтай юм бэ. Хурдан хэлээч дээ” гэвэл Бэй Мин алгаа ташин хөхөрч: “Би охинд хэлж өгье. Охин дотогш орж мэдүүлбэл, чи бид хоёр шан авна. Чи бараглаж байна уу, ямар явдал вэ? Бао Эр Егийн тэр хашны баттай сургийг би олж ирсэн…” гэв. Ямар сураг олж ирснийг сонирхвоос дараах бүлэгт үзтүгэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж