“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э
Ерэн гуравдугаар бүлэг
ЖЭНЬ ОВОГТНЫ ГЭРИЙН БООЛ ЖЯ ЖИНЬ ҮҮДЭНД ШУРГАЖ, ШҮЙ ЮЭ АНЬ СҮМД ХУРЬЦЛЫН ГАЛ ӨРВӨСХИЙВ
Өгүүлэх нь: зочноо явсны дараа Жя Жөн хаалгачийг дуудаж: “Өнөөдөр Линь Ань настаны тэндээс хүн ирж найрт залжээ. Ямар явдал болохыг мэдэв үү” гэж асуусанд хаалгач: “Боол би сая асуув. Баяр хуримын явдал үгүй гэнээ. Өмнөдийг амаржуулах вангийн ордноос нэг анги шийний хүмүүс иржээ. Цөм алдартай дуучин гэх тул авга Лао е баярлаж хоёр өдөр ший дуулуулан найр талтай Лао е нарыг залж наргих гэжээ. Бэлэг тал хүргэх хэрэггүй бололтой” гэж ярилцаж байтал Жя Шө орж ирээд: “Маргааш Эр Лао е очих уу” гэж асуув. Жя Жөн “Төдий халуун дотноор залж байхад яаж очихгүй байхав” гэв. Хаалгачин: “Яамны бичээч, Лао ег маргааш яамалтугай гэж залахаар иржээ. Тушаах чухал учир байх тул эртхэн очтугай гэжээ” гэж мэдүүлэв. Жя Жөн: “Мэдлээ” гэтэл тосгоны түрээс хамаарагч хоёр хүн орж ирээд амар эрэн мөргөөд зогсоцгоов. Жя Жөн: “Та нар Хоа Жя тосгоных байхаа” гэсэнд цаадуул нь: “Тиймээ” гэв. Жя Жөн дахиж юм асуулгүй Жя Шөтэй хэдэн үг солиод гаргасанд гэрийн зарц дэнлүү барин орж ирээд түүнийг хүргэв. Жя Лянь, тэр хоёр түрээс хамаарагчийг: “За юү гэж яваагаа мэдүүл” гэв. Цаадуул нь:
-Арван сарын түрээсийг боол нэгэнт хураан авчирлаа. Чухамдаа маргааш ирэх байлаа. Харин нийслэлийн гадаа тэргийг маань барьж, ялган тайлбарлахыг сонсолгүйгээр тэргэн дээрх ачааг буулгалаа. Бид: “Энэ бол фогийн түрээс хураах тэрэг. Наймааны тэрэг биш гэсэн боловч тэд тоохгүй байна. Боол би, тэрэгчинд эднийг хайхралгүй явагтүн гэвэл албаны хэдэн зарлага тэрэгчнийг нэвширтэл занчаад, хоёр тэргийг хүчээр барьж аваад явлаа. Ийм учраас боол бид яаран ирж мэдүүлж байна. Лао е яаманд хүн явуулж авчируулбал сайнсан. Бас тэр хууль ёсгүй албаны хүмүүсийг баахан номготговол зохино. Лао е бас мэдэхгүй байна. Ялангуяа тэр наймааны тэрэг, арилжааны юмыг үзмэгц буулгаж хаяад барьж аваачна. Тэдгээр тэрэгчин нь өчүүхэн төдий хариу дуугарвал үхтэл занчина гэцгээв. Жя Лянь сонсоод: “Энэ яаж болох вэ” гээд уурлаж, тэр даруй нэг хуудас бичиг бичээд гэрийн зарцыг дуудаж: “Үүнийг аваачиж, тэргийг барьсан яаманд өгч, тэргийг цөмийг буцаан авчиртугай. Тэргэн дээрх юмнаас нэгийг ч дутааж болохгүй. Жөү Рүйг түргэн дууд” гэв. Тэрбээр эзгүй тул Ван Эрийг дуудав. Бас эзгүй, өглөө гэрээс гараад ирээгүй байв. Жя Лянь уурлаж: “Энэ малнууд гэртээ нэг ч тогтохгүй шүү. Будаа хороохыг мэдэхээс ажил явдалд өчүүхэн ч нэмэргүй” гээд нэг зарцыг дуудаж: “Тэднийг хурдан олж ир” гэж тушаагаад харьж унтсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Авга Линь Ань хүн явуулж тэднийг залжээ. Жя Жөн, Жя Шөд: “Би яаманд ажилтай. Жя Лянь гэртээ байж тэрэг барьсан явдлыг хөөцөлдөх тул тийш очиж чадахгүй. Харин их Лао е, Бао Юйг дагуулж очоод аргалчих” гэсэнд цаадах нь толгой дохиод: “Болноо” гэв. Жя Жөн Бао Юйг дуудуулж: “Чи өнөөдөр да е г дагаж Линь Ань настаны тэнд очиж ший үз” гэв. Бао Юй баярлан дэвхэрч, тэр дор нь хувцсаа солиод Бэй Мин, Сао Хун, Цуёа гурван хүүг дагуулан Жя Шөтэй уулзаж мэндлээд, тэргэнд сууж Линь Аний ордонд очив. Хаалгач дотогш мэдүүлээд гарч ирж: “Лао е залж байна” гэв. Тэднийг дотогш ороход газар бүрийн зочид үйлмэлдэн их л хөгжөөнтэй байв. Жя Шө, Бао Юй нар, настантай уулзаад дараа нь олон зочидтой золгов. Энэ хэр, шийний зарлагч нэг хуудас шийний нэрс, нэг зааны ясан савх барин гарч ирээд, дээш нэгэнтээ мөргөн ёслоод: “Лао е нар ший үзэж хайрлах болов уу” гэв. Дээд суудлаас эхлэн ший нэрлэж, Жя Шөг хүртэл бас нэг ший нэрлэв. Тэр хүн, Бао Юйг хармагц очиж мөргөөд: “Эр Е хоёр ший нэрлэх болов уу” гэв. Бао Юй түүнийг ажин харвал, царай нь оо түрхсэн шиг уруул нь энгэсэг тавьсан шиг зөөлөн булбарай бөгөөд уснаас гарсан лянхуаг санагдуулна. Түүний нахилзан алхах нь салхинд ганхах уд мод адил. Сайн ажиглавал, хэн нэгэн биш, Жян Юйхань байлаа. Түүнийг шийний жүжигчид аваад нийслэлд ирсэн гэж сонссон боловч уулзаагүй билээ. Одоо уулзахаар босох эвгүй тул инээн: “Чи хэзээ ирсэн бэ” гэж асуув. Цаадах нь нүдээ эргэлдүүлсэнээ үл мэдэг инээмсэглээд: “Эр Е мэдээгүй юм уу” гэсэнд Бао Юй олны дунд дуугарч чадалгүй, хааш яашхан нэг шийний нэр заав. Түүнийг явсны дараа хүмүүс: “Энэ хэн гэгч вэ” гэхчилэн сураглаж зарим нь: “Энэ чинь дандаа бүсгүйд тоглодог шүү дээ. Одоо нас нь ахиж том болчихоод бүсгүйд дуулахаа болиод зарлагч болжээ” гэж байв. Тэгтэл нэг мэдэмхий нь: “Энэ чинь анхандаа залуу хөвгүүн болж тоглодог байсан. Бас нилээд мөнгөтэй болоод хоёр гурван пүүс эрхэлсэн боловч сурсан ажлаа орхиж чадахгүй, шийний анги удирдсаар байгаа юм” гэж байв. Бас нэг нь: “Хэдийн гэрлэсэн байхаа” гэнэ. Тэгтэл нэг нь: “Бас тогтоогүй байсаар… Тэр өөрөө эр эм болно гэгч энэ насны чухал явдал болох тул хайш яйш үйлдэж ер болохгүй. Эрхэм дээд, эгэл мунхаг алин болсон ч эрхбиш түүн лүгээ тэнцвэл сая болно хэмээн баримталсаар одоо хүртэл гэрлээгүй байгаа” гэж мэдэмгийрхэв. Харин Бао Юй дотроо: “Хожим хэний охин түүнд таарахыг яаж мэдэх вэ. Ийм хүнд очвол үнэхээр талаар биш болой” гэж бодов.
Энэ үед ший эхэлж, олон газрын ховор сайхан аялгууг ээлж дараалан дуулж наргиан хөгжөөн үргэлжилнэ. Үдийн алдад ширээ засаж ууж идэцгээв. Дараа нь бас ший үзэхэд Жя Шө босож: “Харья” гэж чөлөө эрсэнд Линь Ань настан: “Эрт байна. Эдний хамгийн сайн ший “Хуа Гүйг эзэлсэнд: “Чи Гуань дуулна” гэв. Бао Юй сонсоод, Жя Шөг битгий яваасай гэж хүсэж байтал арга буюу суув. Үнэхээр тэр Жиян Юйхань Чинь Шиюа Гуанийг тоглож, согтуу Хуа Гүйг алган дээрээ тавибал бөмбөрүүзэй, амандаа үмхвэл хайлуузай хэмээн нигүүлсэх сэтгэлийг нүдэнд үзэгдтэл илтгэжээ. Дараа нь хоёул архи ууж дуулан, амраглан найлинхайтав. Бао Юй Хуа Гүйг ер хараагүй юм байжээ. Тэгээд Чинь Шиюа гуанийг хоёр нүдээрээ цоргитол ширтлээ. Тэр дундаа Жиян Юйханий дуу нь цуурай тунгалаг, үг нь хурц тодорхой, айзам цохилгод аятай тохирсныг сонссоор Бао Юйгийн сэтгэл хөвхөлзөн хөөрчээ. Ший дууссаны дараа Жян Юйханийг энгийн дуучинтай адилгүй, нөр хорхой хэмээн таньжээ. Тэгээд дотроо: “Сэтгэл хөдөлбөл дуун болно. Дуун боловсорвол эгшиг болно”. Тийнхүү дуун, эгшиг ба хөгжлийг мэдэхэд маш их учир байна. Дуу ба эгшигийн үндсийг эс нягталбал цааш явахгүй. Шүлэг дуулал нь сэтгэлийг уламжлах боловч ясанд нэвтэрч үл чадна. Хойшид эгшигийн ёсыг л нягталъя” гэж бодов. Түүнийг ийнхүү бодлогошрон байтал Жя Шө гэнэт явъя гээд боссонд гэрийн эзэн шалж чадсангүй. Бао Юй ч арга буюу дагаж явав. Жя Шө гэр рүүгээ явж Бао Юй Жя Жэнтэй уулзав. Тэрбээр яамнаас ирээд Жя Ляньтай уулзан тэрэг барьсан учрыг лавлаж байв. Цаадах нь:
-Өнөөдөр нэг хүнд мэндийн бичиг бариулан явуулбал хошууны мэдэгч гэртээ байсангүй. Үүдний хүн нь үүнийг тэр ноён мэдэхгүй, тэр бариулахаар томилсон явдал үгүй. Тэр самуурсан этгээд хээр гадаа зэрлэг аашилж хүчирхийлээд явжээ. Нэн ч Лао егийн ордных бол би даруй хүн томилж, нэхүүлэн шийтгэе. Маргааш лавтай тэргийг эд юмны хамт хүргэж очно. Өчүүхэн төдий осолдвол даруй тус ноёнд мэдүүлж чандлан шийтгүүлсүгэй. Одоо ноёнтон гэртээ байхгүй тул Лао е уучлах болов уу. Тус ноёнд мэдүүлэхгүй бол бүр сайн болой гэлээ гэв. Жя Жөн:
-Албаны тэмдэггүй бол чухам ямар зэргийн хүмүүс энэ мэт аашилж байна гэж асуув. Жя Лянь:
-Лао е мэдэхгүй байна. Гадна цөм ийм байдаг. Маргааш эрхэтгүй хүргээд ирэх байгаа… гэж хэлээд гарч ирсэнд Бао Юй зөрж ороод мэндлэв. Жя Жөн хэдэн үг асуугаад Лао тайтайтай уулзуулахаар явуулав.
Жя Лянь өчигдөр гэрийн зарц нарыг дуудуулахад тэд алга байсан бол өнөө өглөө бүгд ирээд хүлээж байв. Тэднийг харуут Жя Лянь хараагаад их мэдээчин Лай Дагийн зүг: “Бичиг данс дотроос нэрсийн бүртгэл авчирч бүртгэн үзээд нэг заавар зар бичиж тэдэнд мэдэгдтүгэй. Чөлөө хэлэхгүй дураараа гарч яваад дуудахад ирэхгүй, албаны хэргийг саатуулсаныг даруй түргэн занчаад хөөн явуултугай” гэсэнд цаадах нь сандран “За” гэж гарч ирээд нэгэнт мэдэгдсэнд гэрийн зарц нар тус бүрдээ хичээцгээв.
Төдий л удсангүй, эсгий малгайтай, хар даавуун дээлтэй, ширмэл шаахайтай хүн үүдэнд хүрч ирээд, ёслон золгов. Бүгд түүнийг нарийн ажиглаад: “Хаанаас ирэв” гэж асуусанд тэр хүн: “Би өмнөх Жэнь ордноос ирлээ. Манай Лао егийн гарын бичиг энд байна. Дээш хүндэт Лао ед өргөн барихыг гуйсугай” гэв. Түүнийг Жэнь ордоноос ирэв гэж сонсоод бүгд босон найр тавин суулгаад: “Та ядарсан биз. Сууж амар. Бид очиж бария” гээд бичгийг Жя Жэнд барив. Тэрбээр захидлыг задлан үзвэл:
-Удаан өдөр, зузаан хоног санаа сэтгэлээ мэдэлцэж, сайхан ханилж ирсэн таныхаа сүйхний лавирыг алсаас бараалахуйяа сэтгэл мөрөөдөөд барахгүй байна. Дүү нь эрдэм мөхөсдөж эс болсондоо түмэнтээ гэмшин гашуудаж атал завшаанаар уучлал хүртэж хязгаарын оронд ялаа хүлээж байна. Одоо гэр орон нь бууран доройтож боол зарц нар бутран сарнижээ. Манай гэрт зарагдсаар ирсэн боол Бао Юун бол хэдий гайхамшиг чадваргүй боловч номхон шударга хүн тул хуучин найрсаг байдлаа бодож авч хэрэглэн аман хүнсийг нь залгавал үнэхээр баярлаад барахгүй! Үүний тул тусгайлан барив. Бусад зүйлийг дараагаар мэдүүлсүгэй. Энд дурдахгүй.
Хуучин найз, төрлийн дүү Жэнь Инжя сөгдөн мөргөв гэжээ.
Бичгийг уншиж дуусаад Жя Жөн инээж: “Энд хүн илүүдэж байхад Жэнь овогт бас хүн явуулж байдаг. Цааш түлхвэл бас эвгүй юм даа” гээд хаалгачид: “Би түүнтэй уулзъя. Энд байлгаж хэр чадлыг нь үзэж хэрэглэвэл болох л юм” гэж хэлэв. Хаалгач яваад тэр хүнийг дагуулан ирж Жя Жэнтэй уулзуулбал тэрбээр гурвантаа мөргөн босоод: “Манай Лао е их Лао е таны амрыг эрж байна” гээд дахин мэхийн ёсолж: “Бао Юн их Лао е таны амрыг эрж байна” гэв.
Жя Жөн түүнээс Жэнь Лао егийн биеийг асуугаад, энэ хүнийг лавлан ажиглавал, алд илүү биетэй, өргөн зузаан мөртэй, өтгөн хар хөмсөгтэй, уужим магнайтай, урт сахалтай, бараавтар нүүртэй дорвилог эр гараа унжуулан зогсож байв. Жя Жөн:
-Чи угаасаа Жэнь овогтны гэрт байв уу. Ирээд хэдэн жил суув гэж асуусанд Бао Юн:
-Өчүүхэн хүн би угаасаа Жэнь овогтны гэрт байсаан гэв.
-Одоо чи юү гэж гарч ирэв?
-Өчүүхэн би, гарч ирэх дургүй байлаа. Манай Лао е өчүүхэн намайг дахин давтан шалж, чи өөр газар очих дургүй боловч тэндэх Лао егийн гэр, өөрийн нь гэрээс өөргүй гэсэн тул өчүүхэн би ирлээ.
-Танай Лао е, чухам нь энэ зэрэгт хүрч болохгүй болой.
-Өчүүхэн би, чухамдаа аюумшиггүй өгүүлж болохгүй. Манай Лао е бол хэтэрхий сайн хүн болой. Өөр бусдыг үнэнхүү сайн авч явсаар харин уршиг татжээ.
-Үнэн гэгч маш сайн болой.
Хэтэрхий үнэнч тул хүн бүхэн тоохгүй байсаар хүнд гологдох нь мөн байна.
Үнэхээр тийм юм бол хаан эзэн харж үзэх цаг байна. Танай агийг бас Бао Юй гэдэг үү?
Ингэж асуугаад Жя Жөн инээв. Бао Юнь бодолхийлээд: “Тиймээ” гэсэнд зөрүүлээд: “Тэр бас шамдан хичээх дуртай юү” гэж асуув.
-Манай агийн тухай ярьвал хачин үлгэр болноо. Агийн зан нь бас манай Лао етай адил хүнд их үнэнч бөгөөд багаасаа эгч дүү нартайгаа хамт наадаж тоглох дуртай юм. Лао е, тайтай нар хэдэнтээ сүрхий занчсан ч тус болоогүй. Тэр жил дайдааг нийслэлд ирэх үед агь сүрхий өвдөөд бараг амьсгал нь тасраад хагас өдөр болсон юм. Лао е ухаан алдтал айгаад хөдөөлүүлэхэд хүртэл бэлтгэсэн. Золоор гэнэт өнөөх чинь сэргээд, би явсаар нэг пайлуурын дэргэд очтол нэг хүүхэн хүрч ирээд дагуулаад нэг сүмд очлоо. Тэр доторнь баахан ном дэвтэр хийсэн авдар үзүүллээ. Гэрт орвол, тоолж барашгүй олон охин сууж байна. Харж байтал маш олон чөтгөр болоод зарим нь хохимой толгойтой болчихлоо. Би айхын ихээр айгаад чанга дуугаар хашгирлаа… гэж ярив. Лао е түүний сэхсэнийг мэдээд санд мэнд эмч залж эмчилсэнээр эдгэрсэн. Лао е түүнийг мөн хэвээр нь эгч дүүстэй нь тоглуулъя гэсэн чинь харин угийн зангаа гэнэт өөрчлөөд, өвдөхийн өмнө тоглодог байсан бүх тоглоом наадамдаа дургүй болоод гагцхүү ном бичигтээ л хичээсэн. Ямар ч хүн ирж өдөөсөн тоохгүй ном бичгээ үздэг болсон. Одоо бол бүр бузгай, Лао етай хавсраад гэрийн хэргийг шийдэлцэх болсон.
Түүний яриаг сонсоод Жя Жөн жаахан бодлогошроод: “Чи явж амар. Би чамд нэг ажил олж даалгана. Тэгээд хэрэглэх эсэхийгээ шийднээ” гэсэнд цаадах “За” гэж хүлээгээд амрахаар явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Нэгэн өдөр Жя Жөн эрт босож, яамлахаар гарвал үүдний хүмүүс чих хоншоор холбож, дээш мэдүүлье гэвч чадахгүй мэт хоор хоорондоо шивнэлдэнэ. Жя Жөн тэднийг дуудаж: “Та нар ямар юм нууж хавчина вэ” гэж асуувал хаалгач: “Боолууд хэлж чадахгүй байгаа юмаа” гэсэнд Жя Жөн: “Хэлж болохгүй юм гэж юү байдаг юм бэ” гэж асуув. Хаалгач “Нэг боол өглөө эрт босоод үүд нээвэл хаалганд нэг цаас наасан байжээ. Дээр нь их муухай олон үг бичсэн байна гэнээ” гэв. Жя Жөн, “Тийм юм чинь хаана байна вэ. Юү гэж бичсэн юм бэ” гэсэнд хаалгач: “Сүй Юэ Аний бузар завхай үг байсан” гэв. Жя Жөн: “Алив, би үзье” гэсэнд хаалгач: “Наасан нь бат тул арга буюу хуулж аваад угаачихсан. Сая Ли Э нэгийг хуулж авчирсан нь даруй үүдэн дээрх үг юм. Боол бид аймшиггүй нууж чадахгүй” гэсээр тэр хуудсыг барив. Жя Жөн үзвэл ийм ажээ.
Жя Чинь гэгч энэ залуу хөвгүүн Шүй Юэ Ань сүмд чавганц охидыг захирч нэг эр, олон охидтой үжид самуунаар цэнгэл болгожээ. Олиггүй үр уршиг татсанаар төр бадруулагч ордны нэр төр улам мандав гэжээ.
Түүнийг Жя Жөн үзээд, нүднээсээ гал бутартал уурлан хаалгач нарыг үг гаргаж болохгүй гэж захиад сэмхэн хүн явуулж Нин, Рун хоёр ордны хавийн замын хоёр хажуугийн хэрмийг шалгуулав. Тэр дороо Жя Лянийг дуудуулав. Цаадах нь санд мэнд ирэв. Жя Жөн
-Чи, Шүй Юэ Ань сүмд сууж байгаа охид, чавганц, бумба нарыг шалгаж үзсэн үү гэж асуув. Жя Лянь:
-Үгүй, тэднийг Чинь Эр хариуцсаар ирсээн… гэсэнд
-Тэр Чинь Эл чинь хариуцаж чадах эсэхийг чи мэдэх үү гэж Жя Жөн асуув.
-Лао егийн ингэж хэлэхийг сонсвол, Чинь Эрд лавтай зохисгүй газар байхаа.
-Чи энэ хуудас дээрх юү гэж бичсэнийг үзтүгэй!
Жя Жөн шүүрс алдав. Жя Лянь: “Бас ийм учир байжээ” гэв. Тэднийг ийн ярилцаж байтал Жя Рүн нэг дугтуйтай бичиг авчирав. Дээр нь “Лао е далд задалму” гэжээ. Задлаад үзвэл, бас нэг нэргүй илчлэл байх бөгөөд дээр наасантай адил үгтэй байв. Жя Жэн:
-Даруй түргэн Лай Дад гурав дөрвөн тэрэг өгөөд Шүй Юэ Ань сүм рүү явуулж тэр чавганц, охин, бумба нарыг ордонд дуудлаа гээд цөмийг аваад ир. Гадагш үг задруулж болохгүй гэсэнд Лай Да хэлсэн ёсоор тийш явав.
Энэ Шүй Юэ Ань сүмийн бяцхан чавганц бумба нарыг энх энд ирэх үед, тэднийг хөгшин чавганц хариуцдаг байв. Тэд их ном зааж чадахгүй тул маани, мэгзэм зааж сургах төдий байв. Хожим Юань Фэй хатан хэрэгсэхгүй болсон тул улам цалгарджээ. Тэдгээр охидын нас нь аажмаар ахиж, орчлонгийн явдлыг ч ухаж мэдэх болов. Түүний хажуугаар тэр Жя Чинь гэгч баахан сул задгай хүн тул Фан Гуань нар дээр нүд унагаж, хүүхдийн зан гарган тэднийг үймүүлдэг болов. Тэр Фан Гуаний сүсэг, зориг хатуу, санаагаар болж өгсөнгүй тул, өөрийнхөө бодлыг бусад охид руу шилжүүлжээ. Бяцхан банди нарын доторх Чинь Шян гэгч ба бумба нарын доторх Хао Хиань гэгч цөм цэвэр сайхан төрсөн тул Жя Чинь даруй эд нартай хөл нийлүүлээд зав чөлөө таарвал хуур хөгжмөөр оролдож дуу дуулан явдаг болов. Тэр хэр яг арван сарын дунд үе байсан бөгөөд Жя Чинь, чавганцын сүмийн хүмүүст сарын мөнгө хүргэж очихдоо нэг арга бодож олоод тэдний зүг: “Би та нарт сарын мөнгө авчраад, хотод орж чадахгүй болсон тул энд хоноход хүрлээ. Одоо тэнгэр ч хүйтэн байна. Би баахан архи жимс авчирсан тул цөмөөр ууж нэг шөнө жаргавал ямар вэ” гэж асуужээ. Бяцхан охид цөм баярлаж тэр дороо ширээ засаж, сүмийн чавганцыг хүртэл дуудаж ирүүлэв. Фан Гуань л ирсэнгүй. Жя Чинь хэдэн хундага уугаад, архины дүрэм явуулъя гэвэл: “Чинь Шян нар “Бид цөм чадахгүй тул хуруу жимэлцэе.Хэн хожигдсон нь нэг хундага ууя. Энэ дээр юм бишүү” гэж санал гаргав. Сүмийн чавганц: “Одоо үд өнгөрч байгаа тул дэмий л бархиралдан ууцгаавал дэндүү дүрсгүй хэрэг болно. Харин хэдэн хундага ууцгаагаад тарцгаая. Хэн нь Чинь да е д хань болох дуртай бол буцаж ирээд үдэш ханатлаа уувч би зэмлэхгүй” гэв.
Яг л ийн ярилцаж байтал хөгшин бумба санд мэнд шогшин орж ирээд: “Түргэн тарцгаа. Ордны Лай да е иржээ” гэсэнд олон чавганц балаг алдан сандарч юм хумаа хураагаад Жя Чинийг нуусугай гэцгээв. Жя Чинь бусдаас илүү уусан тул “Би сарын мөнгө хүргэж ирсэн тул айх юү байна вэ” гэж байтал Лай Да хэдийн ороод иржээ. Энэ байдлыг хараад дотроо уурласан боловч Жя Жөн: “Чимээ гаргаж болохгүй” гэсэн тул арга буюу инээмсэрээд, “Чинь да е энд байна уу” гэж асуув. Цаадах нь яаран босож: “Лай Да е чи юу хийж яваа юм бэ” гэсэнд Лай Да: “Да е энд байсан нь их сайн боллоо. Банди, бумба нарыг хурдан бэлтгүүлж, тэргэнд суулган хот орсугай. Ордон дуудсаан” гэв.Жя Чинь нар учрыг мэдэхгүй тул лавлан асуув. Лай Да: “Орой болж байна. Хурдалцгаа. Харанхуй болохоос өмнө амжиж хот оръё” гээд бүх охидыг тэргэнд суулгав. Лай Дай бүдүүн жороо луус унаад тэргийг дагаж явсныг үл өгүүлэн өгүүлэх нь:
Тэрхүү бичиг бий болсон учрыг мэдээд Жя Жөн яамлаагүйгээр барахгүй шүүрс алдан сууна. Жя Лянь ч холдсонгүй. Гэнэт хаалгачин ирж “Яамны энэ үдшийн жасаа Жан Лао е өвдсөн тул Лао е очиж нөхөх болов уу” гэж залжээ гэж мэдүүлэв. Энэ хэр Жя Жэн, Лай Даг ирэхээр Жя Чинийг шийтгэнэ гээд хүлээж байтал яамнаас ээлжийн сахиулд оч гэсэн тул гайхширан сууна. Жя Лянь хүрч ирээд: “Лай Да хоолны дараа гарсан бөгөөд Шүй Юэ Ань сүм хотоос хорин газар зайтай тул хичнээн хурдаллаа ч хотод орж иртэл хоёр жин болно. Энэ өдөр мөн Лао егийн жасаа таарсан тул та очсондоо оч. Лай Даг ирсэн хойно дуу чимээ гаргалгүй тэднийг түүгээр харуулж байя. Маргааш Лао е хүрч ирээд шийтгэтүгэй. Чинь Элийг ирсэн ч хэлэх хэрэггүй. Маргааш тэр Лао етай уулзаад юу хэлэхийг нь үзье” гэв.
Жя Жөн зүйтэй юм гэж бодоод яам руугаа явав. Жя Лянь гэр рүүгээ явж байхдаа Фөн Жегийн гаргасан ухааны уршиг хэмээн бодож зэмлэе гэж бодсон боловч түүний бие сайнгүй болохоор хүлцэн тэсвэрлэсээр аажуухан алхана.
Зарц нарын дунднэгээс аравт уламжилсаар ордны дотор тархсанд эн тэргүүнд Пин Эр олж сонсоод Фөн Жед хэлжээ. Тэрбээр шөнө нь яг Те Жян Сө сүмийн явдалд санаа болж бие нь муудан тамиргүй хэвтэж байтал “Гадаа нэргүй хуудас наажээ” гэсэн үгийг сонсоод цочиж: “Юу гэж нааж вэ” гэж асуусанд Пин Эр амны аяар санаандгүй: “Ман Ань сүмийн явдал юмаа” гэж буруу хэлжээ. Фөн Же уулын гэмтэй хүн тул тэр сүмийн нэрийг сонсмогц ухаан алдталаа айж, нэг ч үг хэлж чадахгүй, зүрхний нь гал дээш хөөрч нүд нь харлан ханиагаад муужран унаад хоёр нүд нь хөдөлгөөнгүй болов. Пин Эр балгардан сандарч: “Шүй Юэ Ань сүмийн охид, бумба, банди нарын учир байхаа. Найнай сандрах юун” гэсэнд Фөн Же энэ сүмийн нэрийг сонсоод, жаахан сэргэж: “Ай эргүү амьтан бол. Чухамдаа Шүй Юэ Ань буюу” гэв. Пин Эр: “Би Мань Төү Ань гэж буруу сонсчээ. Дахиад сонсвол миний сонссон буруу Шүй Юэ Ань гэжээ. Миний ам эндэж нэрийг нь буруу хэлсэн юм байна” гэсэнд Фөн Же: “Тийм байхаа тэр. Би тэгж бодож байсан юм. Тэр Мань Төү Ань бол надад ямар хамаа байхав даа. Харин би тэр Шүй Юэ Анийг Жя Чиньд хариуцуулсан юм шүү. Тэр лав сарын мөнгөнөөс тоноо биз” гэв. Пин Эр: “Сарын мөнгөнд хамаагүй бололтой юмаа. Бас ийм тийм бузар муухай үг байна лээ” гэсэнд Фөн Же: “За тэр над ямар хамаа байхав. Эр Е чинь хаашаа явчих вэ” гэж асуусанд цаадах нь: “Лао е уурласан тул тэр тэндээс гарч ирж чадахгүй байна. Би явдал муухайг мэдээд охидыг үймж болохгүй гэж захисаан. Дайдаа нар мэдсэн эсэхийг мэдэхгүй. Сонсвол Лао е тэр охидыг авчируулахаар Лай Даг явуулсан гэнээ. Та хүн явуулж сураглуулахгүй юү. Найнай одоо өвчтэй байгаа тул тэдний золбин явдлыг хайхрах хэрэггүй гэж би бодож байна” гэв.
Тэднийг энэ мэтийн ярилцаж байтал Жя Лянь орж ирэв. Фөн Же юм асууя гэж бодовч түүний их ууртай байхыг үзээд үл мэдэгч болон өнгөрөөв. Жя Лянийг хоолоо идэж дуусаагүй байтал Ван Эл ирж: “Таныг гадаа залж байна. Лай Да иржээ” гэв.
-Чинь Эл ирсэн байна уу.
-Тэр ирэлгүй яахав.
-Чи яваад Лай Дад ингэж хэл. Лао е жасаанд явжээ. Тэднийг хүрээлэнд түр байлгаад, маргааш Лао ег ирэхээр ордонд хүргэж өг гэж хэлээрэй. Харин Чин Элийг дотоод бичгийн гэрт намайг хүлээж бай гэж хэлээрэй.
Ван Эр энэ даалгаврыг хүлээн аваад гарав. Жя Чинь бичгийн гэрт орсонд, зарц нар юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй, бие биеэ зааж шивэр авир гэлцэнэ. Энэ байдлыг харвал ордонд дуудсан маяггүй тул асууя гээд бас асууж чадсангүй. Түүнийг ийн гайхширч байтал Жя Лянь орж ирэв. Жя Чинь мэндлээд гараа унжуулан зогсоод: “Хатны ордноос тэдгээр охидыг юунд дуудсаныг мэдэхгүй. Өчүүхэн ач би үнэхээр яарчихжээ. Ач би тэнд сарын мөнгө хүргэхээр очоод буцаагүй байсан тул даруй Лай Дагийн хамт ирлээ. Бодвол, хоёрдугаар авга мэдэж байгаа байхаа’ гэв. Жя Лянь: ‘Би юугаа мэдэх юм. Харин чи мэдэхгүй юмуу’ гэж асуув.
Жя Чинь учир ухааныг нь олохгүй л байв. Дахиад асуусан ч гүй. Жя Лянь: “Чи тэнд их сайхан явдал үйлджээ дээ. Лао е уурлаж байдаг шүү” гэсэнд Жя Чинь: “Ач хөвгүүн нь ямар ч юм үйлдээгүй шүү. Сарын мөнгийг л сар бүрд хүргэдэг. Тэндхийн охид маани мэгзэмд хичээж харагддаг” гэв. Жя Лянь, түүний сэжиггүй байгааг хараад инээж наадаж байснаа гэнэт шүүрс алдаж, “Насаа алдсан амьтан чи өөрөө үзтүгэй” гээд хэтэвчнээсээ гадаа наасан хуудсыг гаргаад өөдөөс нь хаяв. Жя Чинь авч үзээд, айн дагжиж царай нь үнс мэт зэвийв.
-Аяа, энэ чинь, хэний хийсэн хэрэг вэ, Би харин хүнд осолдсон газаргүй болой. Намайг яагаад ингэж хорлож байгаа юм бэ? Би бол сард нэг удаа, сарын мөнгийг хүргэснээс өөр энэ мэтийн явдал ер үйлдсэнгүй. Лао е мөд ирээд намайг занчвал ач хөвгүүн үнэхээр хилсдэнэ шүү. Миний ээж мэдвэл, намайг цохиж ална гээд дэргэд нь хүн байхгүй тул даруй сөгдөж, ачит авга минь өчүүхэн ач намайг энэ удаа аврах болов уу гэсээр нүүр дүүрэн нулимас асгаруулж дахин дахин мөргөж гуйв. Жя Лянь дотроо: “Лао е ийм явдлыг хамгаас илүү жигшдэг тул үнэнхүү ийм явдал байсныг асууж мэдвэл энэ хилэн харин ч бага биш. Үг задарвал нүүрт муухай бөгөөд бас тэр хуудас наасан хүнийг омогшуулахад хүрнэ. Хожим манай гэрийн явдал маш их байна. Харин Лао егийн яамалсан энэ далимаар Лай Датай зөвлөж аргацаан өнгөрөөвөл дээр болно. Одоо тулгаж, тодруулаагүй байгаа шүү дээ” гэж бодож тогтоод: “Чи битгий надаас нуу. Чи намайг мэдэхгүй гэж санаж байна! Зүйл дуусгая гэвэл, Лао е чамайг мөд занчин өчиг авахад, чи үгүй гэж шүдээ тас зуувал сая болно. Нүүргүй амьтан бос” гээд хүн явуулж Лай Даг дуудуулав. Төдөлгүй түүнийг ирэхээр Жя Лянь түүнтэй зөвлөв. Лай Да:
-Энэ Чинь да е үнэхээр авашгүй болжээ. Боол би, чавганцын сүмд очвол, тэд тэнд архи ууцгааж байлаа. Бичиж наасан хуудасны юм лавтай үнэн байна гэсэнд Жя Лянь:
-Чинь Эл чи сонсов уу. Лай Дай чамайг гүжирдэж байна уу гэж асуув. Жя Чиний царай час улайж, үг хэлж чадахаа болив. Жя Лянь, Лай Дагийн ханцуйнаас татан гуйв.
-Өмгөөлөн өнгөрөөе. Чин Элийг гэрээс нь олж ирээд надтай уулзуулалгүй дагуулан аваачив гэж хэлтүгэй! Маргааш чи Лао егаас гуйж тэдгээр охидыг шүүхийг болиул. Зүгээр л зууч авчирч дагуулж аваачаад худалдвал барав. Хатан үнэхээр дахиад авахад хүрвэл бид дахиад л худалдаад авчиръя гэв. Лай Да, хэргийг ихэтгээд тусгүй, нэр нүүрт ч муу гэж бодоод үгийг нь дагав. Жя Лянь, Жя Чинийг дуудаж: “Лай Да е гаа дагаж очоод, түүний зааснаар явтугай” гэж хэлэв. Жя Чинь нэг мөргөөд Лай Даг даган гарч одов. Хүнгүй газар хүрээд бас Лай Дад мөргөв. Лай Да:
-За агь минь, чи даанч хэтэрчээ. Чи хэнтэй өстэй болоод ийм уршиг татаж байгаа юм бэ. Чи бодож үзээч. Хэн чамтай таарахгүй байгаа юм бэ… гэж асуусанд Жя Чинь бодоод, таарахгүй хүн үгүй тул арга буюу гонсойсоор Лай Даг даган явав. Яаж гүжирмэглэхийг мэдье хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!
Холбоотой мэдээ