Ургамал сумын сурагчид тохилог, дулаан орчинд сурч боловсорно

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Ургамал сумын сурагчид тохилог, дулаан орчинд сурч боловсорно

Ургамал сумын сурагчид тохилог, дулаан орчинд сурч боловсорно

Завхан аймгийн Ургамал сумын сумын ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны барилгад 1976 оноос хойш 40 гаруй жил засвар шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Тэгвэл Япон улсын Засгийн газрын ‘Өвсний үндэс’ буцалтгүй тусламжийн 206 сая төгрөгийн санхүүжилтээр хөдөөгийн хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулахаар боллоо. 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн ‘Өвсний үндэс’ хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт, тэр дундаа Завхан аймагт олон төрлийн буцалтгүй тусламж үзүүлсээр ирсэн билээ. Өнгөрсөн жил Түдэвтэй сумын сургуулийн дотуур байрны засварын ажлыг хийсэн бол энэ жил Ургамал сумын ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны засварын ажлыг гүйцэтгэхээр боллоо. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ургамал сумын сургуулийн захирал Ц.Лхагвасүрэн, гүйцэтгэгч ‘Их найман баганат’ ХХК-ийн захирал Б.Наранхүү нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Элчин сайд Масато Такаока хэлэхдээ: Манай хөтөлбөрт олон аймаг, сумаас хүсэлт ирдэг. Хүсэлтийн дагуу газар дээр нь очиж бодит нөхцөл байдал, хүүхдийн сурч боловсрох орчинтой танилцсанаар энэ удаад Ургамал сум сонгогдлоо. 10-аад жилийн өмнө ‘Өвсний үндэс’ хөтөлбөрийн хүрээнд засвар хийсэн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн байртай танилцлаа. Тус сургуулиас олон шилдэг боловсон хүчин төрснийг сонсоод их сэтгэл хөдөллөө. Тиймээс цаашид улс, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах иргэдийн боловсролыг дэмжихэд Япон улс хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Япон улсын Засгийн газраас Завхан аймгийн Ургамал сумын ЕБС-д оруулж буй энэ хөрөнгө оруулалтаас гадна хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг ‘Өвсний үндэс’ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 1 жилийн хугацаанд 18 төсөлд 3 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Эх сурвалж: ЗАВХАН АЙМАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж