Нэг оюутанд 491960 төгрөгийн санхүүжилт хийхээр болов

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Нэг оюутанд 491960 төгрөгийн санхүүжилт хийхээр болов

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Оюутнуудын сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай авч хэлэлцээд, их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад Хүний хөгжлийн сангаас олгож буй 500 мянган төгрөгийг Төрийн сангаар дамжуулан олгох шийдвэрийг гаргалаа. Энэ асуудлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраас дараах асуултад хариулт авав.


-Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тодруулахгүй юу?

-Хуульд Хүний хөгжил сангаас иргэнд олгох хувь хишгийг  бэлэн бус хэлбэрээр боловсролын үйлчилгээгээр олгож болно гэсэн заалт байдаг. Энэ хүрээнд өнгөрсөн жил Хүний хөгжлийн сангийн  500 мянган төгрөгийг их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа өдрийн ангийн оюутанд олгох шийдвэр гарч хэрэгжсэн. Нийтдээ 133 мянган оюутан энэ мөнгийг авч 66 тэрбум төгрөгийн санхүүжилт Хүний хөгжил сангаас хийгдсэн байдаг. Үүнийгээ ирэх онд мөн хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Нэг оюутанд 491960 төгрөгийн санхүүжилт хийхээр болсон. Учир нь оюутнуудын Эрүүл мэндийн даатгалыг Хүний хөгжил сангаас төлж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын  8040 төгрөгийг хасаад 491960 төгрөг Хүний хөгжил сангаас олгох шийдвэр гаргалаа.

-491 мянган төгрөгийг оюутанд олгохоор төсөвт хэдий хэмжээний хөрөнгө суулгах шаардлагатай болж байгаа вэ?

-Энэ жилийн хувьд  85 тэрбум төгрөг төсөвлөсөн. Бодитойгоор зарцуулчихаад байгаа нь 66 тэрбум төгрөг. Хүний хөгжил санд хөрөнгө төвлөрөх үеэр энэ эх үүсвэрийг нэмж тусгахаар болоод байна. Хичээлийн шинэ жил эхлээд сургуулиуд жигдэрхээр суралцах оюутны тоо илүү бодитой гарна. Тэр үед Хүний хөгжил сангаас сургалтын төлбөрт зориулж бэлэн бусаар хэдий хэмжээний мөнгийг их, дээд сургуулийн дансанд шилжүүлэх вэ гэдэг тоо илүү тодорхой бодитой болно.

-Оюутнуудад ирэх оноос 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгоод эхлэхээр Төрийн сангаас олгож ирсэн сургалтын төлбөрийн тэтгэлгийг зогсоож болзошгүй гэсэн мэдээлэл  гараад байгаа. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү?

-Хэлэлцээгүй байгаа. Улсын төсөв бүрдээд хөрөнгө суусан цагт энэ асуудлыг ярина. Хэлэлцээгүй асуудлаар мэдэгдэл хийж болохгүй.

-Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гээд байдаг. Гэтэл Сургалтын төрийн сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр төлбөрөө хийлгэж ирсэн бүтэн өнчин хүүхэд, төрийн албан хаагч нарын хүүхдүүд төлбөрөө яах вэ гэдэг асуудал тавигдаад байгаа. Үүнийг яах вэ?

-Сургалтын төрийн сангаас буцалтгүй тусламж зээл авах эрх бүхий ангиллын оюутнууд байгаа. Тэдний хичээлийн жилийн эхний дөрвөн сарын сургалтын төлбөрийг Төрийн сангаар хийлгэнэ. Он гараад Хүний хөгжлийн сангийн 491 мянган төгрөгөө энэ жил авсан шигээ авна гэж ойлгож болно.

-Шинээр оюутан болж байгаа залуус яах вэ, адилхан Сургалтын төрийн сангаас эхний дөрвөн сарын төлбөрөө хийлгүүлэх бололцоо нээлттэй юу?

-Сургалтын төрийн сангаас авдаг журмынхаа дагуу бичиг баримтаа бүрдүүлээд хамрагдана.

-Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр хэдэн хувиар нэмэгдэх бол гэсэн асуулт их байна. Инфляцитай сургалтын төлбөрийн нэмэгдлийг уяж ирсэн ч сургуулиудад дур зоргоороо түүнээс давуулж нэмдэг? 

-Долдугаар сарын дундуур төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад сургалтын төлбөрийг 9.4 хувиас дээгүүр нэмж болохгүй гэсэн чиглэл өгсөн. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс энэ оны зургадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд инфляцийн төвшин 9.4 хувь байна гэсэн тооцоог гаргасан учраас түүнээс илүү нэмэх шаардлагагүй гэж үзсэн. Би УБИС-ийн ТУЗ-ийн дарга. УБИС энэ намар сургалтын төлбөрөө 9.4 хувиар л нэмэх шийдвэр гаргачихсан байгаа. Маргааш бид төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, энэ шийдвэрийн хэрэгжилт ямар байгаатай танилцана.

-Гэхдээ МУИС сургалтын төлбөрөө урьд жилийнхээс 30 хувиар нэмчихээд байна?

-МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, яамнаас өгсөн шийдвэрийг авч хэлэлцээд, сургалтын төлбөрийнхөө үнийг буулгах байх аа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж