Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Олон Улсын Парламентын Холбооны ассамблейн 138 дугаар чуулган болж өнгөрлөө. Уг холбоо нь анх 1889 онд Франц улсын Парис хотноо байгуулагдсан бөгөөд 171 жинхэнэ, 11 бүс нутгийн парламент гишүүнтэй. Улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ОУ-ын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж зөвлөмж тогтоол гаргах хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилготой юм.
Энэ удаагийн чуулганд 140 гаруй орноос 1600 орчим парламентын гишүүн оролцсоноос 69 Их хурлын дарга, 216 эмэгтэй гишүүн оролцсон байна. Чуулганд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ дахь МАН-н бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар оролцлоо.
Чуулганы хоёр дахь өдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-н бүлгийн дэд дарга Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны гишүүнээр Ази, Номхон далайн орнуудын бүлгээс албан ёсоор нэр дэвшиж, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. ОУПХ нь Ассaмблeйн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий дөрвөн байнгын хороо, хоёр хороотой бөгөөд байнгын хороо бүрд 10 гаруй гишүүн сонгогддог байна.