Шадар сайд төмөр замын төсөлтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Шадар сайд төмөр замын төсөлтэй танилцав

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өчигдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага болон “Мак Кинсей энд Компани”-аар ахлуулсан зөвлөхийн багийг хүлээн авч уулзан, шинээр барих төмөр замын төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийн төсөлтэй урьдчилсан байдлаар танилцлаа.

Монгол Улсад шинээр барихаар төлөвлөсөн төмөр замын бодлого нь дэд бүтцийн салбарт төдийгүй, уул уурхайн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулахын зэрэгцээ экспортыг нэмэгдүүлж, Монгол Улсад олборлож байгаа ашигт малтмалыг олон улсын зах зээлд хүргэх гүүр нь болох эдийн засгийн үр ашигтай төсөл болохыг зөвлөхүүд онцоллоо. Шинээр барих төмөр замын техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгааны дүнд Монгол Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-оор эхний шатанд барихаар төлөвлөсөн Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг уг бодлогын 2 дугаар үе шаттай хамтатган нэг төсөл болгож хэрэгжүүлэх нь төслийн хөрөнгө оруулалтыг татах, суурь бүтэц барих зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэх зэрэг эерэг талуудыг бий болгож байгааг танилцууллаа.

Шинээр барих төмөр замын төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь дунджаар 5.5 тэрбум орчим ам.доллар байх бөгөөд хамрах хүрээ болон хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ уг төсөл нь дэлхийд томоохонд тооцогдох төсөл болохыг уг техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан зөвлөхүүд дурьдаж байв.

Танилцуулгын төгсгөлд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг лавлахад Монгол Улсын эдийн засагт бодит үр ашигаа өгч чадах энэ төслийн ажилд 2011 онд 50 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг зөвлөхүүд хэлсэн юм. Үүний хариуд Тэргүүн шадар сайд санхүүжилтэд шаардлагатай байгаа хөрөнгийг нааштайгаар шийдэхэд анхаарч, уг асуудлыг Засгийн газарт уламжилж, бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.       
 
Техник-эдийн засгийн үндэслэлийн төслийг танилцуулахад Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж