Г.Занданшатар: Монголын эдийн засагт урин хавар ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.28-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Монголын эдийн засагт урин хавар ирлээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл баримтлал, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар танилцуулж,

  • Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийг реформ
  • Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шудрага ёсыг сахиулах засаглалын реформ
  •  Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ бол Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур юм гэдгийг онцоллоо. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сайн байцгаана уу,  Сайхан хаваржиж байна уу.

Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол хүний хувьд хавар цаг нь өвлийг өнтэй давсан баяр, сайн эхлэл, бүтээлч үйлсийн эхэн байдаг. Үүнтэй адил Монголын эдийн засагт ч урин хавар ирлээ.

Эдийн засаг сэргэж байна. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувь болж буурч байсан бол 2017 онд 5.1 хувь болж өслөө.

Төсвийн алдагдал буурч төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа. Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг 2 дахин буурууллаа. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 2016 онд  ДНБ-ний 18.0 хувьтай тэнцэж байсан. 2017 онд ДНБ-ний 9.5 хувь байхаар батлагдсан боловч урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 хувьтай  гарч  төсвийн суурь үзүүлэлт эрс сайжирлаа.

Гадаад худалдааны ашиг түүхэндээ анх удаа 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Засгийн газар олон улсын  хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлсний үр дүнд валютын орох урсгал 2017 оны сүүлийн 2 сард 583 сая ам доллараар нэмэгдэж төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарлаа.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэж байгаагийн илэрхийлэл юм.

Зээлжих зэрэглэлийн шат ахиснаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн ерөнхий чадамж сайжирч цаашдын чиг хандлага тогтвортой байна гэдгийг олон улсад харууллаа.

Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч ам.долларын ханшийг тогтворжуулж, буулгалаа. Төгрөгт итгэх итгэл сэргэснээр Монголбанк бодлогын хүүгээ буулгаж 10 хувь, заавал байлгах нөөцийн шаардлагаа ч бууруулж эдийн засаг тэлэх, хөгжих нөхцөлийг бүрдүүллээ.

Өрийн удирдлагыг сайжруулж Чингис бондын эхний хугацаатай өрийг бүрэн төллөө.

Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсанаас хойш Засгийн газрын дотоод үнэт цаасны өрийн хэмжээг 1.4 их наяд төгрөг, ирэх онуудад төлөх хүүгийн зардлыг 120.0 тэрбум төгрөгөөр буурууллаа.

Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр Монгол Улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг эрдэс, түүхий эдийн үнэ 2017 оноос тогтворжиж, цаашид зарим бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна.

Хэдийгээр эдийн засагт эерэг сайн үр дүн гарч байгаа боловч  өрийн дарамтыг бууруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох шаардлагатай байна. Том төслүүдээ эхлүүлэх тал дээр нэгдсэн ойлголцолд ч хүрээгүй явна. Монгол Улс нутаг дэвсгэр, баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг орон. Нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ 3 хүний нэг нь ядуу амьдарч байна.

1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрөхөд монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас өрийн гүнзгий хямралд нэрвэгдлээ. Хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг ямагт санаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж аюулгүй байдал, хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг  цаг үе биднээс шаардаж байна.

Иргэдийн дунд сонгосон замдаа эргэлзэх, ардчилал, зах зээлийн үнэлэмж буурч, үгүйсгэх, буруутгах үзэгдэл нийгэмд тархаж байна.

Өнгөрсөн хугацаанд бидний гол алдаа юу байсныг эргэцүүлж үзвэл бидэнд сайтар төлөвлөсөн, нэгдмэл зорилт бүхий төлөвлөгөө байсангүй! Хамгийн гол нь төлөвлөгөөг хэрэгжүүлэх сэтгэл зүрх, нэгдмэл зориг эрмэлзлэл огт байсангүй.

Иймд манай Засгийн газар нэгэнт хэлэлцэгдэн батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн зам” хөтөлбөр гэх зэрэг бодлого, зорилт хөтөлбөрийг ахин дахин шүүж, нэгтгэх, уялдуулан нэгдмэл зорилго, шийдэл бүхий хөгжлийн төлөвлөгөө болгон боловсрууллаа. Бас 2030 он хүртэлх дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай ч нийцүүллээ. Дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн боломж, сорилтыг олон улсын стандарт индексүүдэд тулгуурлан тодорхойллоо.

Үүнийгээ бид ”Гурван тулгуурт хөгжлийн бодлого” хэмээн тунхаглаж, та бүхэнд танилцуулж байна. ЭДИЙН ЗАСГИЙН ТҮШИГ ТУЛГУУР НЬ САЙН ТӨЛӨВЛӨЛТ, САЙН ТӨЛӨВЛӨЛТ НЬ ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ ЮМ.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл баримтлал ба төлөвлөлт

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь бүхэлдээ бол 3 зорилт, 9 бүлэг, 27 шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсыг 2018-2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн суурь баримт бичиг бөгөөд 2015 онд батлагдсан Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу боловсруулсан юм.

“Шинэ зүйл гэдэг нь сайтар мартагдсан хуучин зүйл байдаг” гэх хэлц үг бий. Эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөгөө тооцоотой 1958-1990 оны бүтээн байгуулалттай, 1990 оноос хойших 28 жилийн эдийн засгийн дүр зургийг 32 жилтэй харьцуулбал өөр дүр зураг харагдаж байна.

Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх найман таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тэр үед Эрдэнэт, Дархан, төмөр зам, хөдөө аж ахуй, атар газар эзэмшиж, ноос ноолуурын үйлдвэр зэрэг олон салбарт том бүтээн байгуулалтууд хэрэгжсэн байна. Үүнийг эргээд харахаар төлөвлөгөөтэй, зорилттойгоор зүтгэл шаардаж, хариуцлага нэхэж, тооцож байсан үе юм. Энэ үед Монгол Улс орчин цагийн хөгжилд ойртсон, иргэншсэн улс болон төлөвшсөн билээ.

Энэ бол хуучныг санагалзаж байгаа хэрэг биш. Дэлхийн эдийн засгийн бодлого тодорхойлогчид энэ зуунд Ази тивд эдийн засгийн үсрэнгүй өсөлт, дэвшил гарна гэдгийг хэлсээр байгаа. БНХАУ, БНСУ, Япон, Сингапур, Хонгконг, Тайвань тогтвортой хөгжлийн бодлого, нэгдсэн төлөвлөлт зохион байгуулалтаар хурдацтай хөгжсөн. Бид энэ туршлага, загвараар хөгжиж Азийн шинэ хөгжлийн төв болж хөгжих боломжтой гэж үзэж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг баталсан.

Манай Засгийн газрын зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгон, өрсөлдөх чадвараа эрс дээшлүүлж, цаашдын үсрэнгүй хөгжлийн суурийг бэлтгэж үүнийгээ шударга ёс, сахилга хариуцлагатай, төрийн тогтолцоогоо бэхжүүлж, улмаар хуримтлагдсан нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж, иргэдээ ажлын байраар бүрэн хангаж, амьдралын түвшинг нь эрс сайжруулахад оршино.

Өөрөөр хэлбэл:

– Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийн реформ

– Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах засаглалын реформ

– Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ бол Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур юм.

Нэгдмэл төлөвлөлт бол “Гурван тулгуурт бодлого”-ын суурь юм. Хөгжлийн 162 бодлого, хөтөлбөр, баримт бичгийг шүүж, цэгцэлж нэгтгэсэн гэдгээрээ үнэ цэнэтэй, бодитой төлөвлөгөө болж байна. Салбар хоорондын уялдаа холбоог хангахад онцгой анхаарснаар нэгдмэл байдал хангагдаж, хөрөнгө хүчээ үр ашигтай зарцуулж, хүрэх амжилт тодорхой болно.

Сахилга, хариуцлага бол “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын амин сүнс юм. Төлөвлөгөө гаргаж, зорилт дэвшүүлсэн бол түүнийг бүрэн хариуцах эздийг тохоон томилж, үүрэг, хариуцлагыг шаардах ёстой. Албан тушаалтнууд тавигдсан зорилтыг хариуцлага, сахилга баттайгаар гүйцэтгэж чадвал шагнал, урамшууллаа хүртэн, эс чадваас хариуцлагаа хүлээдэг зарчмыг нэвтрүүлж байж л хөгжил ирнэ

Одоо манай Засгийн газраас хэрэгжүүлэх “Гурван тулгуурт бодлого” багцалж дурдъя!

1.  Эдийн засгийн реформ

Эдийн засгийн реформ татварын реформоор эхэлж байна. УИХ-ын хаврын  чуулганаар Татварын багц хуулинд нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлнэ. Бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, тодорхой бус ойлгомжгүй заалтуудыг цэгцлэх, татварын албыг чадавхжуулахын тулд энэ өөрчлөлтийг хэрэгжүүлж байна. Ганц жишээ дурдахад, 50 сая төгрөгөөс бага жилийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд орлогынхоо 1 хувьтай тэнцэх хэмжээгээр татвар төлж, санхүүгийн тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болгохоор хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан.

Ер нь Татварын гурван хуулинд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт хийх болно.

Уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий, тогтворгүй эдийн засгаа олон тулгуурт эдийн засаг болгон хувиргах бодлогыг тууштай баримтлан хэрэгжүүлнэ.

Үүний тулд байгаа нөөц, боломждоо тулгуурлан:

·  Хүнсний экспорт, хөдөө аж ахуй;

·  Аялал жуулчлал;

·  Аж үйлдвэр, дэд бүтэц

гэсэн салбарыг хөгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлнэ.

Стратегийн ордуудаа ашиглаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар орлогоо эрс нэмэгдүүлж, “Ирээдүйн өв” сан, “Баялгийн сан”-гуудад хуримтлал үүсгэн, бий болсон хөрөнгөнөөс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг салбарт эн тэргүүнд хөрөнгө оруулах шаардлагатай байна.

Хоёр. Засаглалын реформ

Засаглалын реформын хүрээнд эн тэргүүнд дараах шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзэж байна.

·  ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

·  ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ

·  ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахыг зорьж байна.

Иргэд төр, засгаас шударга ёс, хариуцлагын тогтолцоог хатуу нэхэж шаардах болсон. Энэ шаардлага, хүлээлтэд нийцүүлж хууль, шүүх засаглалыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсэн.

Хууль хэрэгждэггүй, тунхаг төдий байх юм бол дотоод гадаадгүй хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй болж, нийгмийн бүтээлч хэсэг цөхрөн дайждаг жамтай. Монгол Улс авлига, хээл хахуультай тууштай тэмцэж байж л гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, зээлжих зэрэглэл гэх мэт бусад үзүүлэлтээ өөд татна. Ингэж байж л гадаад нэр хүнд өснө.

Төрийн албаны шинэчлэлийг нь “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Ёс зүйтэй, шударга, ил тод төрийн албыг төлөвшүүлэх” гэсэн гурван чиглэлээр хийхээр бэлтгэж байна.

Төрийн албаны шинэчлэлийн үр дүнд төрийн хяналт, шалгалт сайжран, шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай, тогтвортой засаглалын зарчим тууштай хэрэгжих болно. Үүний зэрэгцээ санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдалгүй болгох, Төрийн албаны хариуцлагын тухай хууль боловсруулан хэрэгжүүлж, төрийн албаны ёс зүйн  дүрмийг шинэчилнэ.

Гурав. Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ

Нийгмийн бодлогын шинэчлэлээр баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль, “Монгол хүний хөгжлийн хөтөлбөр”, “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Манай Засгийн газар энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлээ сонсож, хамтарч ажиллана. Хөгжлийн бодлого, татвар, нийгмийн даатгал, авилга, хүнд суртал, тэгш бус харилцааг зохицуулах зорилготой Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулан ажиллаж байна.

Манай нийгмийн тулгамдсан асуудал болох “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын үндэсний хөтөлбөр” удахгүй хэрэгжиж эхэлнэ.

Баялгийн шударга хуваарилалт нь нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх хамгийн зөв гарц гэж бид үзнэ. Ядуурлыг арилгаж, иргэдийн амьдралыг сайжруулахын тулд юуны өмнө ядуурлыг хяналтдаа авах ёстой. 250 мянгад хүрээд байгаа ядуу өрхийг мэдээллийн цахим сүлжээнд бүрэн бүртгэж оруулахаар ажиллаж байна.

Ядуурлыг бүртгэж чадвал хянаж чадна. Бүртгэл, судалгаандаа үндэслэн ядуурлыг шалтгаанаар нь ангилж, ангилал бүрт таарах хэрэгслүүдийг ажиллуулна. Заримд нь ажлын байр хэрэгтэй байгаа бол, нөгөө хэсэг нь мэргэжилтэй болох шаардлагатай байгаа. Үнэхээр халамж шаардлагатай хэсэг ч бий. Тэр бүхэнд тохирсон арга хэрэгслүүдийг ашиглан орлогыг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авахаар Засгийн газар ажиллаж байна.

Засгийн газрын хөтөлбөрүүд, салбарын төлөвлөлт зэрэгт ядуурлыг бууруулахтай холбоотой зорилтуудыг заавал оруулж, аж ахуйн нэгжүүдийг нйигмийн хариуцлагынхаа хүрээнд ядуу өрхүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр гаргахыг уриалж, шаардах болно.

Эцэст нь хэлэхэд: Шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгаа тогтвортой хөгжүүлэн, иргэдийнхээ амьдралын түвшинг эрс сайжруулахад манай Засгийн газрын ойрын хугацааны бодлого, зорилго чиглэж байна.

Энэ хүрээнд:

·  “Утаагүй Улаанбаатар-2020” төсөл

·  “Шинэ хөдөө” төсөл

·  “ХАА-н үйлдвэрлэл технологийн парк” төсөл;

·  Газрын тос боловсруулах үйлдвэр, түүний дэд бүтцийн төсөл

·  Төв цэвэрлэх байгууламжийн төсөл

·  Усыг дахин ашиглах төсөл

·  Хог хаягдлыг дахин боловсруулах төсөл;

·  Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төсөл;

·  Тээвэр, логистик,  дэд бүтцийн багц төслүүд;

·  Эрчим хүчний багц төслүүд;

·  Таван толгойн төсөл, түүний дэд бүтцийн багц төслийг хэрэгжүүжлнэ.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж