Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Миныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Пусан хотод суугаа Консул Д.Баямбадорж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Пусаны Эрүүл мэндийн газрын дарга Ём Дун Соб, Пусаны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн хотын брэнд хэлтсийн дарга Хуан Ён Ха болон бусад албаныхан оролцов. Тэд хоёр хотын хамтын ажиллагаа ялангуяа аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцож, тус салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх санамж бичгийг байгуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хотуудын нягт, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар, Пусан хот 2016 онд “Найрамдалт харилцааг хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш хоёр хотын харилцаа бүхий л салбарт тэр дундаа аялал жуулчлалын салбарт эрчимтэй өргөжин хөгжиж байна.
Улаанбаатар хотын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх үүднээс бид өнгөрсөн хугацаанд хот орчмын уулын явган аяллын чиглэлийг хөгжүүлж байгаа. Тиймээс энэхүү чиглэлээр Пусан хотын аялагчдыг Улаанбаатар хот орчмын уулаар жилийн 4 улиралд аялахыг урьж хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Солонгос улс эрүүл мэндийн аялал жуулчлалыг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр сүүлийн 2 жилд эрчимтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн. Бидний зүгээс энэхүү эрүүл мэндийн аялал жуулчлалын хамтын ажиллагаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Энэхүү хамтын ажиллагаа маань бодит биеллээ олж таны энэ удаагийн айлчлалаар Улаанбаатар хотод “Пусаны Эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих газар” нээлтээ хийх гэж байна. Түүнчлэн өнөөдөр хоёр хотын хооронд аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх санамж бичгийг байгуулснаар манай хоёр хотын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо жилээс жилд байнгын өсөлттэй байгаа бөгөөд тэдгээр жуулчдын 90 хувь нь Улаанбаатар хотоор дамжиж ирдэг. Өнгөрсөн оны судалгаагаар 471.094 мянган жуулчин Монгол Улсад аялал жуулчлалаар ирсэн. Үүнээс БНСУ-с ирж байгаа жуулчдын тоо 74.985 мянгад хүрч өмнөх онтой харьцуулахад 23 хувийн өсөлттэй тоо гарсан байна.
Мөн “Air Busan” ХХК Улаанбаатар-Пусаны чиглэлд шууд нислэг долоо хоног бүрийн мягмар баасан гаригт явуулж байна. МИАТ ХК мөн адил пүрэв, ням гаригуудад шууд нислэг үйлдэж 7 хоногт 4 удаагийн шууд нислэгтэй болсон нь дээрх хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хамгийн том боломж гэж харж байгаагаа хоёр тал онцолж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.